Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/129

 

        2025          03            31                                             2025/ШЦТ/129

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг,

Улсын яллагч Г.Халиун /томилолтоор/,

Иргэний хариуцагч Д.О,

Гэрч Ж.Д,

Шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.О түүний өмгөөлөгч Г.Энхжавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Д-ийн Ц-д холбогдох эрүүгийн 2034****** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б Д-ийн Ц, 1996 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр **** аймгийн *** суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, газрын тосны инженер мэргэжилтэй, “****” ХХК-д Борлуулалт, импортын албанд салбар хариуцсан менежер ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн  хамт Улаанбаатар хот *** дүүрэг **** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ****** регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/:

Шүүгдэгч Д.Ц нь Төв аймгийн ***** нутаг *** гүүр гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “****” ХХК-ийн *** дүгээр салбарт эрхлэгчээр 2019 оны 5 дугаар сард ажиллаж байхдаа 12.000 литр, нэг литр нь 2400 төгрөгийн үнэ бүхий 28.800.000 төгрөгийн түлшийг хувийн дансаар авч дутагдуулан итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Ц: “Би шүүх, прокурорын дуудсан цагт ирдэг байсан. Би бага насны хүүхэдтэй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү?” гэв.

 

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.О: “Манай тосолгооны материалын *** тайланг шалгахад 7,996,800 төгрөгийн үлдэгдэл үүссэн. Үүнээс 5,300,000 төгрөгийг төлсөн мэт тайлагнасан. *** 2,466,000 төгрөгийн тооцоо нийлсэн акт үйлдсэн байсан. Тос тосолгооны материалын дутагдал үүссэн, төлөгдөөгүй гэх шалтгаанаар Цагдаагийн байгууллагад хандаад шалгуулах явцад аудитын байгууллагаас шинжээч томилогдсон. Гэтэл тос тосолгооны дутагдлаас гадна 12 тонн түлшний асуудал байна гэж дүгнэлт гарсан. Одоо энэ мөнгө  7,996,800 төгрөгөөс бага багаар төлөгдөж байгаад 1,436,800 төгрөг гаран үлдсэн. Шинжээчийн зардал 1,000,000 төгрөгийг нэмээд 2,436,800 төгрөгийг нэхэмжилж байгаа. Шүүгдэгч нь *** дэх салбарыг хариуцан ажиллаж байсан. Ажлын байрны тодорхойлолт, дотоод журам байгаа. Ноцтой зөрчил гэдгийг мэдэж байх  ёстой. Цалингаа нэмэгдүүлэх зорилгоор шатахуун өгсөн гэдгээ зөвшөөрч байна. “Дархан анч” компанитай гэрээтэй байсан нь үнэн, “***” гэх компанитай гэрээний үндсэнд үүссэн харилцаа байгаагүй” гэв.

 

Иргэний хариуцагч Д.О: “Би хүнд хүндрэл учруулснаа ойлгож байна. 1,436,800 төгрөгийг төлнө.” гэв.

 

Гэрч Ж.Д: “2019 оны 5 эсвэл 6 дугаар сард Д.О шатахуун авах гэж ирсэн. Шатахуун 4 савтай, аль савнаас авснаа мартсан байна. Миний ээлжинд 12 тонн шатахуун авсан. Эрхлэгчээс авч болох уу гэж байна гэж асуухад өгчихөө гэж надад хэлсэн. Утсаар яриулсан. Ямар хүн юм бэ гэж асуухад нь энд уурхай ажиллуулдаг хүн гэж хэлсэн.” гэв.

 

Улсын яллагч Г.Халиунаас: “Шүүгдэгч Д.Ц-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Төлбөрийн үлдэгдэл 1,436,800 төгрөгийг иргэний хариуцагч Д.О-оос, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал болох аудитын шинжээчийн зардал 1,000,000 төгрөгийг шүүгдэгч Д.Ц-иас тус тус гаргуулах саналтай байна”... гэсэн саналыг,

 

 Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Энхжавхлангаас: “ ...Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна. Шүүгдэгч өөрийн албан тушаалаа урвуулан ашигласан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог...Гэм буруугаа тодорхой зөвшөөрч байгаа үйлдэл харагдаж байгаа. Хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна...” гэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгаас: “Яллах дүгнэлт болон хэргийн зүйлчлэл дээр маргаж байгаа“ гэх саналыг гаргав.

 

 

Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхээс тогтоосон үйл баримт.

       

Шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Д.Ц нь Төв аймгийн **** багийн нутаг *** гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “****” ХХК-ийн *** дүгээр салбарт эрхлэгчээр 2019 оны 5 дугаар сард ажиллаж байхдаа 12.000 литр, нэг литр нь 2400 төгрөгийн үнэ бүхий 28.800.000 төгрөгийн түлшийг хувийн дансаар авч дутагдуулан итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

Яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон болно.

 

Тухайлбал:

-Гэрч Ж.Д-гийн “...2019 оны 04 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэл манай шатахуун түгээх станцын эрхлэгчээр ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /1- хх-ийн 2-3 тал,

-“***” ХХК-ийн гаргасан гомдол /1-хх-ийн 4-тал/,

-Улсын бүртгэлийн **** дугаартай “****” ХХК-ийн гэрчилгээ /1-хх-ийн 5 тал/,

-“****” ХХК-ийн дүрэм /1 хх-ийн 6-7 тал/, 

-“****” ХХК болон “Дархан-Анч” ХХК нарын зээлээр худалдах, худалдан авах гэрээ /1 хх-ийн 8-9 тал/,

-Д.Цэцэгдарийн “...Д.Ц миний бие гэрээгүй тос өгч компанид хохирол учруулсан тул дээрх хохирлыг барагдуулан өгч, одоо хариуцан ажиллаж буй ШТ-85-ын эрхлэгчийн ажлаа өгөхөд гомдолгүй. Учир нь итгэж тос зээлээр өгсөндөө мөн компанид ийм хэмжээний хохирол учруулсандаа харамсаж байна...” гэх тайлбар /1- хх-ийн 10-11 тал/,

-“****” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 94/19 дугаар “Дархан-Анч” ХХК-д “Танай компанитай байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах 2019/97 тоот гэрээний дагуу тос тосолгооны материалыг бид нийлүүлсээр ирсэн, уг тос тосолгооны материалын үлдэгдэл төлбөр өнөөдрийн байдлаар 8.940.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэхүү төлбөрийг 2019 оны 12 дүгээр сарын 13-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахыг хүсье. Дээрхи хугацаанд төлөөгүй тохиолдолд хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх болсныг үүгээр мэдэгдье” гэх албан бичиг /1 хх-ийн 12 тал/,

-Тооцооны үлдэгдлийн баталгаа /1 хх-ийн 13, 31-32 тал/,

-Өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан /1 хх-ийн 14-15 тал/,

-“****” ХХК-ийн “...5000,000... otgonoos...” гэх дансны хуулга /1-хх-ийн 16 тал/,

-“Магнай Трейд” ХХК-д Д.Цэцэгдарийн ажилд орохыг хүсэгчийн анкет /1-хх-ийн  19-21 тал/,

-Хөдөлмөрийн гэрээ /1- хх-ийн 24-27 тал/,

-****-ын эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолт /1-хх-ийн 28-30 тал/,

-“****” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 23/20 дугаар “Эвсэг сайхан ХХК-д “Манай компанийн Төв аймгийн ***** суманд байрлах *****-өөс 2019 оны 08, 09 дүгээр сард худалдан авсан тос, тосолгооны материалын төлбөр өнөөдрийн байдлаар 6,966,800 /Зургаан сая есөн зуун жаран зургаан мянга найман зуу/ төгрөг байна. Иймд дээрх төлбөрийг 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна уу. Дурдсан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хуулийн байгууллагад хандах болсныг үүгээр мэдэгдье.” гэх албан бичиг /1-хх-ийн 36 тал/,

-Хохирогч компанийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ын өгсөн мэдүүлэг  /1 хх 43-44, 180, 2-хх-ийн 43-тал/,

 -Гэрч Р.Л-ын өгсөн гэх мэдүүлэг /1 хх 46-тал/,

-Гэрч Д.Д-гийн өгсөн мэдүүлэг /1-хх-ийн 184- тал/,

-Гэрч Д.О-ы өгсөн мэдүүлэг /1-хх-ийн 83-84-тал/,

-Гэрч Ч.А-гийн өгсөн мэдүүлэг /1-хх-ийн 186-тал/,

-Гэрч П.М-ын өгсөн мэдүүлэг /1-хх-ийн 189-тал/,

-Гэрч Д.О-ийн өгсөн мэдүүлэг /1 -хх -192 тал/,

-Гэрч Д.Б-ын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 192-р тал/,

-Иргэний хариуцагч Д.О-ы өгсөн мэдүүлэг /1-хх-ийн 195-196-тал/,

-“****" ХХК-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-хх-ийн 164-167-тал/,

-Шинжээч Б.Б-ын өгсөн мэдүүлэг /1-хх-ийн 89-тал/,

-Дансанд үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 90-р тал/,

-"МТ" ХХК-ний ***** дээр гарсан шатахууны дутагдлыг эзэнжүүлсэн, "МТ" ХХК-ны ***** дээр гарсан дутагдлыг эзэнжүүлэх шалгалтын комиссын дүгнэлт /1-хх-ийн 14-17-тал/,

-Хөдөлмөрийн гэрээ /2-хх-ийн 88-тал/,

-Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай /2-хх-ийн 90-тал/,

-Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай /2-хх-ийн 91-тал/,

-Сахилгын шийтгэл оногдуулах тухай /2-хх-ийн 92-тал/,

-Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай /2-хх-ийн 93-тал/,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2-хх-ийн 105-тал/ зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн нөхцөл байдлыг сэргээн дүрсэлж байна.

   

Шүүгдэгч Д.Ц-ийн Төв аймгийн ***** сумын **** багийн нутаг Туулын гүүр гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “****” ХХК-ийн ***** дүгээр салбарт эрхлэгчээр 2019 оны 5 дугаар сард ажиллаж байхдаа 12.000 литр, нэг литр нь 2400 төгрөгийн үнэ бүхий 28.800.000 төгрөгийн түлшийг өөрийн хувийн болон өөрийн ээжийн дансаар шилжүүлэн авч “бусдын эд хөрөнгийг завших” гэмт хэргийг ”албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4. Эрх зүйн дүгнэлт

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

“Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

“Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгох бөгөөд түүний “****” ХХК-ийн ***** дүгээр салбарт эрхлэгчээр томилогдон ажиллаад 12 тонн шатахууныг иргэний хариуцагч Д.О-д зээлээр олгохоор амаар зөвшөөрч, Ж.Д олгосон нь албан тушаалын байдлаа ашиглаж,  бусдад хохирол учруулсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Д.Ц нь Төв аймгийн ***** сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Туулын гүүр гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “****” ХХК-ийн ***** дүгээр салбарт эрхлэгчээр 2019 оны 5 дугаар сард ажиллаж байхдаа түгээгч Даваад зөвшөөрөл олгож 12.000 литр, нэг литр нь 2400 төгрөгийн үнэ бүхий 28.800.000 төгрөгийн түлшийг иргэний хариуцагч О өгч, түлшний мөнгийг өөрийн болон төрсөн Д.О-ийн Хаан банк дахь ******** дугаарын хувийн  дансаар шилжүүлэн авч өөрийн хэрэгцээтэй зүйлд зарцуулсан нь хэрэгт түүний ажилд томилсон тушаал,  гэрч нарын мэдүүлэг, түүний болон ээжийнх нь Хаан банкны диспозит дансны хуулгууд, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 Дээрх нотлох баримтаар шүүгдэгч Д.Ц-ийн “хөрөнгө завших” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Ц-ийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Тодруулбал хэрэгт авагдсан баримтаар тэрээр салбарын эрхлэгчээр ажиллаж, албан үүргийн хувьд түгээгч нарын орлогын мөнгийг төвлөрүүлж компанийн нягтлан бодогчтой тооцоо нийлдэг этгээд байгаа нь Эрүүгийн хуульд заасан “...албан тушаалтанд...” хамаарч байна.

 

1.5.Хохирол, хор уршиг.

 

Шүүгдэгч Д.Ц нь Төв аймгийн ***** сумын **** багийн нутаг Туулын гүүр гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “****” ХХК-ийн ***** дүгээр салбарт эрхлэгчээр 2019 оны 5 дугаар сард ажиллаж байхдаа 12.000 литр, нэг литр нь 2400 төгрөгийн үнэ бүхий 28.800.000 төгрөгийн түлшийг өөрийн болон ээжийнхээ хувийн дансаар авч дутагдуулан итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч байгууллагаас 28.800.000 төгрөгийн нэхэмжлэл, гаргаснаас иргэний хариуцагч Д.О нь 27.363.200 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд талууд үүнд маргаагүй бөгөөд иргэний хариуцагч Д.О нь шүүх хуралдаан завсарласан хугацаанд иргэний нэхэмжлэгч байгууллагад 1,436,800 /нэг сая дөрвөн зуун мянга гучин зургаан мянга найман зуу/ төгрөгийг нөхөн төлсөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн байна.

Шүүх шүүгдэгч Д.Ц-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоосон “аудитын шинжилгээний төлбөр” болох 1.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг ,

шүүгдэгч Д.Ц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргаж мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулж, шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Д.Ц нь 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Ц нь бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэж хэмжээг тогтооно” гэсний дагуу иргэний хариуцагч Д.О-оос 1,436,800 /нэг сая дөрвөн зуун мянга гучин зургаан мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч “****” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1.Талуудын санал, дүгнэлт

 

Улсын яллагч Г.Халиунаас: “Шүүхээс шүүгдэгч Д.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 1,000,000 төгрөгийн хохирол төлсөн баримтыг гарган өгсөн тул бусдад төлөх төлбөргүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 15,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгаас: “Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр 1-2 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож өгнө үү ” гэсэн саналыг,

  

Шүүгдэгч Д.Ц: “Миний хувийн байдлыг харгалзан торгуулийн ялыг багаар оногдуулж өгнө үү” гэсэн эцсийн үг хэлэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.Ц анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг байхгүй, гэмт хэрэг гаргахад иргэний нэхэмжлэгч байгууллагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Ц 2019 оны 3 дугаар сарын 01-нд ****-ийн эрхлэгчээр ажилд орж 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн *****-р ***** салбарт эрхлэгчээр ажиллаж эхэлсэн болох нь "****" ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 39/19 дугаартай, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 77/19 дугаартай тушаалуудын хуулбар /2-хх-ийн 90-91-тал/, Хөдөлмөрийн гэрээний хуулбар, ажлын байрны тодорхойлолт /1-хх-ийн 24-30- тал/ зэргээр шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Иймд шүүгдэгч Д.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь,

 Гэмт хэрэг үйлдсэн хүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрх сэргээсэн, гаргуулах хохирол төлбөргүй, учирсан хохирлын хэр хэмжээ, хохирогчийн хувийн байдал зэрэгт тохирно гэж шүүх дүгнэж, оногдуулсан торгох ялыг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг  3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

 тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

 

2.3. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар.

Эрүүгийн 2034****** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний болон бусад баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Д-ийн Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б Д-ийн Ц-ийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4. Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ц-д сануулсугай.

5. Шүүгдэгч Д.Ц-д оногдуулсан торгох ялын биелэлтийн шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч Д.О **** ХХК-д 1.436.800 /нэг сая дөрвөн зуун мянга гучин зургаан мянга найман зуу/ төгрөгийг,

шүүгдэгч Д.Ц 1.000.000 төгрөгийг тус тус төлсөн тул энэ хэрэгт бусдад төлөх, хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн 2034****** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний болон бусад баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт  баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон гэмт хэргийн улмаас гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Даваасүрэнд даалгасугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ОТГОНЖАРГАЛ