Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар   2025/ШЦТ/158

 

 

 

 

 

 2025     04        23                                            2025/ШЦТ/158

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

улсын яллагч Б.Лувсанцэрэн,

шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан, Г.Батбаяр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нарыг оролцуулан,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Ц,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Э нарт холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авснаар энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Ц.Ц, 

Монгол Улсын иргэн, Х овогт Д.Э, 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

-шүүгдэгч Ц.Ц нь Төв аймгийн Баянцагаан сум Алтат 4 дүгээр баг "Цагаан ширээ" гэх газар 2024 оны 5 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө хохирогч Д.Э-тай урьдын таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан;

-шүүгдэгч Д.Э нь Төв аймгийн Баянцагаан сум Алтат 4 дүгээр баг "Цагаан ширээ" гэх газар 2024 оны 5 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө хохирогч Ц.Ц-тай урьдын таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн:

Шүүгдэгч Ц.Ц нь Төв аймгийн Баянцагаан сум Алтат 4 дүгээр баг "Цагаан ширээ" гэх газар 2024 оны 5 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө хохирогч Д.Э-тай тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Э нь Төв аймгийн Баянцагаан сум Алтат 4 дүгээр баг "Цагаан ширээ" гэх газар 2024 оны 5 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө хохирогч Ц.Ц-тай тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-Д.Э-ы хохирогчоор өгсөн: ".... Төв аймгийн Баянцагаан суманд 2024 оны 5 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Б-ын гэрийн гадаа Ц, П гэх ах дүү хоёрт зодуулсан. Энэ зодооны улмаас миний бие муу ярихад хүндрэлтэй байна. Ц гадаа байхад учир зүггүй олон удаа балбаж, цохисон.  Яг хэдэн удаа цохисон болохыг тоолох боломжгүй байсан. Би Ц-ын нүүр хэсэг рүү 1 удаа цохисон өөр зодож цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-23-24/

-Д.Э-ы хохирогчоор дахин өгсөн: “...Ц ах аа би сумынхаа наадамд нэг морь оруулчмаар байна гэхээр нь ах дээрээ морио аваад ир тэгвэл би түрүүлгээд өгнө гэж хэлсэн чинь яасан онгироо пизда вэ гээд надтай маргалдаж эхэлсэн улмаар Б-ын гэрийн гадаа намайг цохиод байхаар нь зөрүүлээд нэг удаа нүүр хавьцаа цохисон тэгтэл Б, нөгөө хоёр эмэгтэй гарч ирээд салгасан. ...Б-ын гэрт ороод унтаад өгчихсөн байж байтал гэнэт л харанхуйд намайг юмаар цохиод гэрээс гаргаж ирээд Ц хөл гараараа нүдээд эхэлсэн. Нэг удаа зугтсан чинь араас гүйж ирээд барьж аваад эргүүлж хоёр хөлнөөс чирээд машины гэрэлд оруулж байгаад дахин зодсон. Ах нь үхэх гээд байна гэсэн чинь чи муу үхэх болоогүй бос пизда минь гээд байсан. Би ухаан алдаад унасан байсан. Тэр хооронд манай туслахыг ална гээд миний машиныг Ц-ын дүү нь унаад манай уяан дээр очоод ирсэн байсан. Тэр үед нь манай туслах Н машины багаж дотор нуугдсан байсныг олоогүй эргээд ирсэн гэсэн. Би ухаан ороод гялс зугтах зорилгоор машин руугаа ортол машин асаалттай Н ах аа гайгүй юу гээд араас багажин дотроос даваад ороод ирсэн. Би ах нь үхлээ гээд шууд Төв аймаг руу ирсэн байгаа. ...Өөр хүн намайг зодоогүй Ц мөн түүний дүү байсан дүү нь намайг цохисон талаар мэдэхгүй байна. Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй" гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27/

-Д.Э-ны яллагдагчаар өгсөн: “Би өмнө өгсөн мэдүүлэгт хэргийн талаар үнэн зөвөөр ярьсан байгаа. Одоо нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-86-87/,

-Ц.Ц-ын хохирогчоор өгсөн:  “Э дээр очоод хоёр туслах чинь хаана байна гээд зодож цохисон харин манай дүү намайг болиулах гээд зууралдаад байсан. Энэ зодоон бол Э бид хоёрын дунд л болсон асуудал байгаа юм. Өөр ямар нэгэн хүн оролцож зодолдсон зүйл байхгүй. Би Э-ыг гэмтээсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг /хх-31-32/

-Ц.Ц-ын гэрчээр өгсөн: “...би эхлээд Э-ыг гараараа цохиход газар унасан тэгээд босч ирээд хоорондоо бие биенийгээ хөлөөрөө 1-2 удаа өшиглөсөн. Тэгээд Б ах дундуур ороод бид гурав давхралдаж газар унасан. Газар унасан байхдаа босох хооронд би Э-ы нүүр шанаа хэсэг рүү гараараа цохисон. Э яваад туслах уяач залуугаа дагуулаад ирэхэд гэр дотор нилээн зодолдсон тэгэхэд Э туслах залуугаараа намайг бариулж байгаад нүүр нүдгүй зодсон. Би Э-ыг зүүн гараараа нүдээ аниад зөрүүлээд цохисон. Манай дүү Ж болон надтай ирсэн залуучууд Э-ыг зодож цохисон зүйл байхгүй. ...Бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон өр авлагын асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-41-42/

-Ц.Ц-ын яллагдагчаар өгсөн: “...энэ зодоон Э бид хоёрын дунд л болсон асуудал байгаа юм. Өөр ямар нэгэн хүн оролцож зодолдсон зүйл байхгүй. Би Э-ыг гэмтээсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг /хх-94-95/,

-иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-ийн өгсөн “...хохирогч Д.Э нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2,586,931 төгрөгийн зардал, мөн иргэн Ц.Ц нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 371,098 төгрөгийн зардал гарсан болох нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 23/08 дугаартай Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр тогтоогдож байх дээрх зардлыг яллагдагч Д.Э, Ц.Ц нараас гаргуулж өгнө үү" гэх мэдүүлэг /хх-38-39/,

-гэрч Ц.Ж-ийн өгсөн: "Намайг шөнө Б ахынд ирэхэд Э, Ц хоёр зодолдоогүй хоорондоо хэрэлдээд заамдалцаж аваад байсан бие биеэ цохисон зүйл байхгүй... Тэр шөнө Э ахын хоёр туслах уяач залууг олоогүй тэр хоёр туслах уяач залууг зодож цохисон зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-44-45/

-гэрч Ц.Ж-ийн дахин өгсөн: “...Б ахын гэрт нь ороход Э орон дээр нь хэвтэж байсан. Би та яахаараа хүн зоддог юм бэ гэж хэлтэл босож ирээд намайг цохих гэж байгаад өөрөө унасан. Тэгээд л ах Ц гаднаас татаж аваад л зодолдоод эхэлсэн” гэх мэдүүлэг /хх-64/

-гэрч Ц.Э-ий өгсөн"... Би тэр хоёрыг зодолдсон эсэхийг хараагүй Ж-ийн гэрт байхад Ц зодуулчихлаа гээд ирсэн..." гэх мэдүүлэг /хх-47-48/

-гэрч Т.Л-гийн өгсөн: “Би тэр хоёрын зодолдсон эсэхийг хараагүй. Ж-ийн гэрт байхад Ц зодуулчихлаа гээд ирсэн. Бид нар Б ахын гэрийн гадна очиход Ц, Э нар зодолдоогүй маргалдаад байсан. Ж хориод байсан” гэх мэдүүлэг /хх-50-51/

-гэрч Б.Б-ын өгсөн "... Ц Э-ы шанаа хэсэг рүү цохиж аваад тэр хоёр муудалцаад гэрээс гарсан. Гэрээс гараад хоорондоо барилцаж аваад зодолдоод байхаар нь би дундуур нь орж салгатал дахиж зодолдоод бие бие рүү гээ дайраад зодолдоод байсан би дахиж салгасан... Ц, Э хоёр дээр доороо ороод зодолдоод байсан харанхуй байсан болохоор хэн нэгнийгээ хэдэн удаа цохисон эсэхийг мэдэхгүй байна. Э нэлээд зодуулсан нүүр амнаас нь цус гарсан байсан мөн Ц-ын нүүр ам нь бага зэрэг шалбарсан байсан... Ж, Э-ыг зодож цохисон талаар би мэдэхгүй миний нүдэн дээр лав зодож цохиогүй..." гэх мэдүүлэг /хх-53-55/

-гэрч Б.О-гийн өгсөн "... Шөнө 02 цагийн үед унтаж байхад чимээ гараад байхаар нь гараад ирэхэд Э газар доошоо хараад хэвтсэн Ц ах дээрээс хөлөөрөө нэлээн олон удаа дэвслээд байсан. Тэгээд би хүн аллаа гээд аав, И эгчийн хамт салгасан. Ц ах машинаа унаад гэр рүүгээ яваад Ж-ийн хамт буцаж ирсэн. Буцаж ирээд Ж, Ц хоёр Э-ыг гэрээс өргөж гаргаж ирээд машиныхаа гэрэлд нийлж байгаад зодсон" гэх мэдүүлэг /хх-55-57/,

-гэрч О.И-гийн өгсөн: “...эхлээд Ц Э-ыг ганцаараа зодож байгаад гэр рүүгээ яваад дүү болох Ж-той ирээд Ц, Ж хоёр хамт нийлж байгаад Э-ыг зодсон. ...Э-ыг ганцаараа зодож байгаад гэрт оруулаад байж байтал Э гараад үүдэнд Ц-ыг цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-59-60/,

-Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 318 дугаартай "... Д.Э-ы биед дэлүүний холбоос, давсгийн ар ханын урагдал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, зүүн 11 дүгээр хавирганы зөрүүтэй хугарал, зүүн зулайны хуйх, баруун хөмсөг, дээд уруулын салстад няцарсан шарх, цээжинд цус хуралт, дух, зүүн шанаа, өвдөг, хоёр хацар, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт /хх-67-69/

-Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 295 дугаартай Ц.Ц-ын биед хамар ясны зөрүү багатай, зүүн ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, баруун, зүүн эгэм, өвчүү, аюулхайд цус хуралт, дух, баруун дээд, доод зовхи, хамрын нуруу, ооч, зүүн бугалга, гуянд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дагзны төвгөр, баруун сарвууны ар хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-72-73/,

шүүгдэгч Д.Э-ы гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-101-106, 113/,

шүүгдэгч Ц.Ц-ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,  иргэний үнэмлэхийн лавлагаа, хаягийн бүртгэлийн лавлагаа,  жолоочийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-107-111, 114/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт болно.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Л “...Ц.Ц нь хохирогчтой урьдын таарамжгүй байдлын улмаас маргалдаж, зодолдож түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Д.Э мөн орон зай, цаг хугацаанд хохирогч Ц.Ц-тай урьдын таарамжгүй байдлын улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдсон. Хохирогч Д.Э, Ц.Ц нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна. Шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, мөн Ц-ыг зодоон цохионд өдөөн хатгасан зодоон эхлүүлсэн үйлдлийн улмаас энэ хоёр хүн хоорондоо зодолдсон гэж гэрч нар мэдүүлсэн. ...Тухайн зодооны хувьд энэ хоёр хүн хоорондоо зодоон хийсэн. Өөр хүмүүс энэ үйл баримтад хамааралгүй юм гэдгийг гэрч нар мэдүүлж байгаа. Д.Э-ы өмгөөлөгч нар нотлох баримт шинжлэн судлуулж байхад зөвхөн Ц.Ц-ын буруутай үйлдлийн улмаас энэ гэмт хэрэг гарсан гээд байна. Гэрч нарын мэдүүлгийг харвал Д.Э, Ц.Ц нар хоорондоо зодолдоод, бие бие рүүгээ дайраад байсан гэдгийг мэдүүлсэн байгаа. ...Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн дүгнэлтээр тухайн цаг хугацаанд хохирогч Д.Э-ны биед хүнд хохирол, мөн хэрэг учрал болсон цаг хугацаанд хохирогч Ц.Ц-ын биед хөнгөн хохирол учирсан гэдэг давхар нотлогдож байгаа. Шинжээчийн дүгнэлт болон гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Ц.Ц, шүүгдэгч Д.Э нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.Ц-ын өмгөөлөгч О.Оюунчимэг “...Хэргийг нотлох баримтын хүрээнд шийдэх боломжтой, зүйлчлэл тохирсон. Ц.Ц-ын тухайд мөрдөн шалгах ажиллагааны үед анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж байсан. Гэм буруу дээрээ маргаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа нэг хэлбэр. Хохирол төлбөрийг сайн дураараа төлсөн. Сэтгэцэд учирсан хохирлын талаар аль аль нь, ялангуяа манайх төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ анхнаасаа хэлж ирсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Э-тай уулзаж, хохирол төлбөрийн асуудал болон биеийн байдалд нь санаа тавьж уулзсан. Нөхөн төлбөрийн тухайд хэдийгээр шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд учирсан хохирол гараагүй ч гэсэн сайн дураараа төлсөн учир төлөх төлбөргүй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.Э-ы өмгөөлөгч Г.Батбаяр: “Гэм буруу дээр маргаагүй учир хэлэх зүйлгүй. Хохирлын хувьд Ц.Ц хохирол төлбөр дээр маргаагүй учир манайд 15 сая төгрөгийг өгсөн. Ц.Ц-ын хувьд төлбөргүй. Харин эрүүл мэндийн даатгалын санд учирсан 398,000 төгрөгийг Д.Э төлөхөө илэрхийлж байгаа” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.Э-ы өмгөөлөгч Э.Үнэнсайхан: Миний үйлчлүүлэгч шүүгдэгч, хохирогч гэдэг хоёр хуулийн нэршлээр оролцож байна. Хохирогчийн байр сууринаас хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс бол миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг өнөөдрийг хүртэл үргэлжилсэн хэвээр байгаа. Эмчилгээ, үйлчилгээ, сувилгаанаас хамаарч цаашид эдгэх эсэхэд багагүй цаг хугацаа зарцуулна гэдгийг харуулсан Эрүүл мэндийн байгууллагын эмчийн магадлагаа байдаг. Цаашид эмчилгээ хийлгэж явна. Хэдий хохирлын мөнгийг төлсөн боловч цаашид гарах эмчилгээний зардалд хүрэлцэхгүй байх нөхцөл байдал үүсэж болох учраас цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.Ц “гэм буруугаа хүлээн зөвшөөрч” гэх тайлбарыг,

Шүүгдэгч Д.Э “хэлэх зүйл байхгүй” гэх тайлбарыг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж

Мөн хуулийн  2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар Төв аймгийн Баянцагаан сум Алтат 4 дүгээр баг "Цагаан ширээ" гэх газар 2024 оны 5 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Д.Э болон Ц.Ц нар нь тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодолдсоны улмаас Д.Э-ы эрүүл мэндэд хүнд хохирол, Ц.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь нотлогдон тогтоогдсон.

Уг үйл баримтаас дүгнэхэд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байх ба гэмт үйлдэл, хохирол хоёр шалтгаант холбоотой байдаг. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг, материаллаг бүрэлдэхүүнтэй.

Иймд Ц.Ц нь Төв аймгийн Баянцагаан сум Алтат 4 дүгээр баг "Цагаан ширээ" гэх газар 2024 оны 5 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө хохирогч Д.Э-тай тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул Ц.Ц-ыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.  

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байх ба гэмт үйлдэл, хохирол хоёр шалтгаант холбоотой байдаг. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг, материаллаг бүрэлдэхүүнтэй.

Иймд шүүгдэгч Д.Э нь Төв аймгийн Баянцагаан сум Алтат 4 дүгээр баг "Цагаан ширээ" гэх газар 2024 оны 5 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө хохирогч Ц.Ц-тай тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул Д.Э-ыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад:

-2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор Д.Э-ыг хохирогчоор,

-2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор Ц.Ц-ыг хохирогчоор тус тус тогтоожээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй.

Шүүгдэгч Ц.Ц-ын гэм буруутай, санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Э-ы эрүүл мэндийн халдашгүй байх эрх зөрчигдөж, эрүүл мэндэд хүнд хохирол учирсан,

шүүгдэгч Д.Э-ы гэм буруутай, санаатай үйлдлийн улмаас хохирогч Ц.Ц-ын эрүүл мэндийн халдашгүй байх эрх зөрчигдөж, эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан болох нь дээр нотлогдон тогтоогдсон.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ...ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.  

Шүүгчдэгч нар нь харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хохирлоо шаардахгүй гэх ба талууд өмгөөлөгч нарын туслалцаатайгаар хохирлын хэмжээг харилцан тооцож тохиролцсон байна.

Хохирогч Д.Э-д хохирогч Ц.Ц нь 15,000,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан, харилцан тооцож хохирол төлбөрийг төлсөн, гомдол саналгүй талаар хэн аль нь шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул уг тогтоолоор гаргах хохирол төлбөргүй гэж дүгнэв. /хх-74, 75/  

Харин шүүгдэгч Д.Э-д тус гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой цаашид зайлшгүй эмчилгээ шаардлагатай болбол уг зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх тухай түүний өмгөөлөгч нарын саналыг шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч нар зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосныг үндэслэлтэй гэж үзэв. (хх-12)

Хохирогч Д.Э-ыг эмчлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2,586,931 төгрөгийн зардал гаргасныг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Ц сайн дураараа хүлээн зөвшөөрч, 2025 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн сангийн дансанд төлж барагдуулсан байна.

Хохирогч Ц.Ц-ыг эмчлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 371,098 төгрөгийн зардал гаргасныг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Э сайн дураараа хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлсэн болно.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 заасныг баримтлан шүүгдэгч Д.Э-аас  371,098 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.Ц, Д.Э нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Улсын яллагч Б.Л: “Шүүгдэгч Ц.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан сонгох санкцаас “хэрэг бүртгэл мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, хохирогчид болон эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлоо барагдуулсан” учир торгох ялыг сонгож, 14 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх;

Шүүгдэгч Д.Э-ы хувьд шалтгаан нөхцөлийг буруутай үйлдлийн улмаас үйлдэгдсэн нь хэргийн материалаас харагдаж байна. Нотлох баримтаар нотлогдсон учир 550 нэгжээр торгох саналыг гаргаж байна. Эрүүл мэндийн даагалын санд учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг төлсөн гэж үзэхгүй. Д.Э-ыг ялаас чөлөөлөхөд татгалзах зүйлгүй.

Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргах саналтай” гэх дүгнэлтийг;

-Шүүгдэгч Ц.Ц-ын өмгөөлөгч О.Оюунчимэг “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дэмжлэг үзүүлэх асуудал хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих зүйл байдаг. Анхнаасаа шударгаар мэдүүлэг өгч байсан. Ц.Ц анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мал маллаж амжиргаагаа болгож явдаг. Төлөвшин амьдарч байгаа залуу, ар гэрийн тухайд 4 хүүхэдтэй, хамгийн бага хүүхэд тухайн үед жирэмсэн байсан одоо төрсөн. Эхнэр  нь хүүхдээ хараад гэртээ байдаг. Торгуулийн ялыг дэмжиж байна. Тийм учраас 10 сая төгрөгийн торгуулиын ял оногдуулж өгнө үү. Сар болгоны орлогогүй учир хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг;

-Шүүгдэгч Д.Э-ны өмгөөлөгч Г.Батбаяр: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Э-ы холбогдсон хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна. Улсын яллагчийн зүгээс торгох санкцыг санал болгож байна. Д.Э ямар нэг хориглосон үйлдэл хийгээгүй. Шинжлэн судлуулсан мэдүүлгээр нотлогдоно. Өөрөөр хэлбэл, хохирогч Ц.Ц-ын үйлдлээс гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдож байна гэж үзэж байна.

Гэм буруугаа аль ч үе шатанд хүлээн зөвшөөрч болно. Иргэний нэхэмжлэлийн асуудлыг төлнө. Өглөө эрт хурал эхэлсэн тул төлж амжсангүй. Гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл нь нотлогдож байгаа. Д.Э тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн энэ нь тогтоогдож байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Хохирогчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн учир гомдол саналгүй” гэх дүгнэлтийг;

-Шүүгдэгч Д.Э-ы өмгөөлөгч Э.Үнэнсайхан: “Хохирогчоор тогтоогдсон. Санал хэлэх эрхтэй. 14 сая төгрөгийн торгуулийн ялын саналд хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс тусгайлан гаргах  саналгүй. Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хор уршгийн шинж чанарыг харгалзан үзнэ гэдэг. Монгол Улсын алдарт уяач гэдгээр давуу байдал үүсгэж, илүү байдал үүсгэж, дарамт учруулаагүй. Тухайн үеийн таарамжгүй харьцааны улмаас маргаан үүссэн. Нэг удаа цохисон гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Бага насны 4 хүүхэдтэй. Тодорхой хэмжээний орлоготой. 550 нэгжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, буруутай гэдэг нь тогтоогдож байгаа хэдий ч хөнгөрүүлэх чөлөөлөх гэдэг дээр эрх зүйн байдлыг шүүгдэгчид ашигтай шийдэх үүднээс эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтийг;

Шүүгдэгч Ц.Ц: “Өмгөөлөгчтэй санал нэг байна” гэж,

Шүүгдэгч Э: “Өмгөөлөгчийн саналтай нэг байна” гэж мэдүүлэв.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

Эрүүгийн хариуцлага нь “тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2.”хохирол төлбөрийг барагдуулсан” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж сонгох ялтайгаар хуульчилсан.

Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд, шүүгдэгч Ц.Ц-ын хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-т 14,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн шүүгдэгч Ц.Ц-т оногдуулсан торгох ялыг биелүүлбэл зохих хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоох саналыг үндэслэн, шүүгдэгч Ц.Ц-ын хувийн байдал, орлогын эх үүсвэр зэргийг харгалзан торгуулын ялыг биелүүлэх хугацааг 2 жилд хэсэгчлэн төлөхөөр шүүх тогтоов.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтХүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн зүйлийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан.  

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбулганыг ялаас чөлөөлөх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ. 

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн *************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

шүүгдэгч Ц.Ц, Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8., 36.10., 36.13., 37.1., 38.1., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Ц.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

шүүгдэгч Х овогт Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-д 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ыг ялаас чөлөөлсүгэй. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-д оногдуулсан 14,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6.Шүүгдэгч Ц.Ц-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7.Шүүгдэгч Ц.Ц нь хохирогч Д.Э-д гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 15,000,000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 2,586,931 төгрөгийг тус тус төлж барагдуулсан, энэ тогтоолоор нь бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Э-аас хохирогч Ц.Ц-ын эмчилгээний зардалд Эрүүл мэндийн сангаас зарцуулсан 371,098 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төвлөрүүлсүгэй.

9.Эрүүгийн ************** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Ц, Д.Э нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор тооцон гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ************* дугаартай эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

11.Хохирогч Д.Э нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан хохиролд хамаарах эмчилгээний зардал гарсан бол гэм хороо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

12.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц, Д.Э нарт урьд авсан баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

13.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах /*/-д үүрэг болгосугай.

14.Шүүхийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

15.Шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.МӨНХБҮРЭН