Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/00446

 

 

 

 

2022 оны 02 сарын 23 өдөр

         Дугаар 183/ШШ2022/00446

                          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 УДИРТГАЛ ХЭСЭГ

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Боржигон овогтой, Гүндсамбуугийн Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй, 

            Хариуцагч: М.Э ХХК-д холбогдох,

 

           Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учралт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б нь М.Э ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Г.Б нь “Метро-Экспресс” хими цэвэрлэгээ, угаалгын газарт 2015 оноос эхлэн ажиллаж байна. Ажиллаж байх хугацаанд өөрийн хариуцсан ажилдаа идэвх санаачилгатай ажиллаж, хими цэвэрлэгээ, угаалгын явцад гэмтсэн үйлчлүүлэгчийн хувцсыг оёж, засаж байсан. Мөн ажилчдын хувцас болон компанид шаардлагатай гэсэн тоног төхөөрөмжийн гадар уут гэх мэт оёж янзлах бүхий л ажилд оролцдог байсан. Гэтэл байгууллагын захирал Г.Учралт нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр намайг өрөөндөө дуудаж, ажлын байрнаас олон удаа эд зүйл буюу “оёдлын утас, 00 цаас” хулгайлсан гэж ажил хэргийн нэр хүндэд халдаж, бичгийн цаасан дээр ажлаас халагдах өргөдлөө бичиж өг гэж дарамталсан. Би тухайн үед буруугүй тухайгаа хэлж, үнэн бодит байдлыг тайлбарлахад “ажлаас халагдах тушаал”-ыг чинь гаргасан гэж хөөсөн. Намайг ажлаас халсан тухай захирлын тушаал гарсан гэж хэлж байсан боловч надад уг тушаалыг танилцуулж, хүлээлгэж өгөөгүй. Энэ талаар би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргасан боловч харьяа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Иймд Г.Б намайг “Метро-Экспресс” хими цэвэрлэгээ, угаалгын газрын оёдолчны ажилд эгүүлэн тогтоож, өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч хариу тайлбартаа: Г.Б нь ажлын байрнаас 2020 он 11 дүгээр сараас хойш оёдол засварын үйлчилгээнд ашигладаг компанийн эд хөрөнгө буюу оёдлын утас, 00 цаасыг өөрийн хувьдаа ашиглахаар ажлын байрнаас нууцаар цүнхэндээ хийж авч гарсан нь камерын бичлэг болон шууд удирдлагын харснаар нотлогдсон. Шууд удирдлагын зүгээс аман сануулга удаа дараа өгч сануулсан боловч Г.Б нь үл тоомсорлон компанийн эд хөрөнгийг завшсаар байсан. Ажлаас чөлөөлж байгаа тухай 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Химийн төвийн менежер С.Энхтуяа, Оёдолчин А.Батбаяр, тооцооны нягтлан бодогч Э.Номинзул, Дэд захирал Г.Учралт нарын хамтаар Борлуулалтын албаны менежер Б.Оюунтунгалаг тушаалыг уншиж танилцуулж, эд зүйлс нууцаар шамшигдуулж буйг харуулсан бичлэгийг өөрт нь харуулсан. Г.Б нь тушаалыг сонсож танилцаад “За ойлголоо, бодож байгаад гарын үсэг зуръя гэж гараад, эргэж ирээгүй. Г.Б нь бусад ажилтанд буруу үлгэрлэл үзүүлж, шууд удирдлагын үгийг үл тоосон, байгууллагын эд зүйлсийг хувьдаа шамшигдуулсан тул түүнийг ажлаас чөлөөлөх нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02-03/164 дүгээр албан бичиг, Г.Бгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хариуцагчаас Г.Бгийн 2020 оны 11 дүгээр сарын ажилласан цагийн мэдээлэл, М.Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13/129 дүгээр “Г.Бг ажлаас халах тухай” тушаал, Г.Б болон М.Э ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 163 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, хөдөлмөрийн дотоод журам, цагийн бүртгэл, СиДи /бичлэг/ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Бгийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Г.Б намайг “Метро-Экспресс” хими цэвэрлэгээ, угаалгын газрын оёдолчны ажилд эгүүлэн тогтоож, өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай гэсэн.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Г.Б нь ажлын байрнаас 2020 он 11 дүгээр сараас хойш оёдол засварын үйлчилгээнд ашигладаг компанийн эд хөрөнгө буюу оёдлын утас, 00 цаасыг удаа дараа өөрийн хувьдаа ашиглахаар авсан нь камерын бичлэг болон шууд удирдлагын харснаар нотлогдсон тул түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зөрчөөгүй гэв..

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02-03/164 дүгээр албан бичиг, Г.Бгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хариуцагчаас Г.Бгийн 2020 оны 11 дүгээр сарын ажилласан цагийн мэдээлэл, М.Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13/129 дүгээр “Г.Бг ажлаас халах тухай” тушаал, Г.Б болон М.Э ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 163 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, хөдөлмөрийн дотоод журам, цагийн бүртгэл болон СиДи /бичлэг/-т үзлэг хийсэн тэмдэглэл гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

М.Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13/129 дүгээр тушаалд “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5, 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.5.1, 5.2.5.4-т зааснаар Химийн төвийн оёдолчин ажилтай Г.Б нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажлын байрнаас ажлын багаж болох утас, зүү, ажилчдын хэрэглээ 00 цаас зэрэг эд хөрөнгийг их хэмжээгээр хулгайлан хувьдаа завшсан ноцтой зөрчил гарган, ажил олгогчийн итгэлийг алдсан, буруутай үйлдэл хийсэн нь тогтоогдсон тул 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэжээ.

 

Ажилтан Г.Б нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажлын байрнаас ажлын багаж болох утас, зүү, ажилчдын хэрэглээ 00 цаас зэрэг эд хөрөнгийг их хэмжээгээр хулгайлан хувьдаа завшсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон СиДи /бичлэг/-т үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдохгүй байна.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар ажилтан Г.Б нь “ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй” гаргасан болох нь эрх бүхий байгууллагын шалгалт, ажил олгогчийн дотоод хяналт, шалгалтаар тогтоогдоогүй болно.

 

Иймд ажил олгогчийн санаачилгаар буюу М.Э ХХК нь “...Г.Б нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажлын байрнаас ажлын багаж болох утас, зүү, ажилчдын хэрэглээ 00 цаас зэрэг эд хөрөнгийг их хэмжээгээр хулгайлан хувьдаа завшсан” гэсэн үндэслэлээр ажилтан Г.Бг ажлаас нь чөлөөлсөн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13/129 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчсөн байх тул Г.Бг М.Э ХХК-ийн Химийн төвийн оёдолчин ажилд эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасныг баримтлан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасныг үндэслэн Г.Бгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 9, 10, 11 дүгээр саруудын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж цалин хөлсний 1 хоногт ногдох 36.345 төгрөгийг /2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны/ ажлын 302 хоногоор тооцож 10.976.190 төгрөгийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч М.Э ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны Г.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нь зохих журмын дагуу шимтгэл, хураамжийг төлүүлэхийг хариуцагч М.Э ХХК-д даалгах нь зүйтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч М.Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 260.769 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бг М.Э ХХК-ийн Химийн төвийн оёдолчин ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч М.Э ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10.976.190 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нь зохих журмын дагуу шимтгэл, хураамжийг төлүүлэхийг хариуцагч М.Э ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч М.Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 260.769 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ж.СЭМЖИД