Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2022/00197

 

 

 

 

2022 оны 01 сарын 20 өдөр

       Дугаар 183/ШШ2022/00197                              Улаанбаатар хот

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 УДИРТГАЛ ХЭСЭГ           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, шүүгч Д.Мөнгөнтуул, Да.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Боржигон овогтой, Ж.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Цэцэн сартуул овогтой, Т.Т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйлгуулахыг даалгах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Т.Т, иргэдийн төлөөлөгч Г.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Болормаа нь Т.Тд холбогдуулан нэр төр сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйлгуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний хуучин нөхөр Т.Тын дүү Т.Т нь цахим сүлжээнд буюу фейсбүүк хуудсаар болон шүүх хуралдаан дээр миний талаар илт худал, үндэслэлгүй мэдээ тарааж, миний нэр төр, алдар хүндэд удаа дараа халдаж, гутаан доромжиллоо. Тухайлбал: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд Т.Т нь “...миний хоёр хүүхдийг нөхөр байсан Т.Тын хүүхдүүд биш” гэж тайлбар гаргасан. Мөн Т.Т нь өөрийн “Аз жаргалтай ээж” нэртэй фэйсбүүк цахим хуудсанд 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “...энэ нөгөө хүний нөхөртэй яваад тэмбүү тараасан гээд байсан хүүхэн байна шдээ, балиар юм эдний салонд нь орчилгүй явах юмсан бурхан минь” гэж бичсэн. Т.Т өөрийн “Хөх чоно” нэртэй фэйсбүүк царим хуудсанд “...баримт нотолгоо гэдэг чинь ийм л байдаг юм. Баримтгүй улайх ч үгүй хуурамч нулимс гаргаад ичихгүй сайтад ярилцлага өгөөд юу ч авдаггүй хохирсон хүний дүр үзүүлж хумсаа нуусан олон хүнийг луйварддаг ийм л чимээгүй хүчирхийлэгч гэдэг бол жинхэнэ энэ Ж.Б юм. Илүү олон баримт байгаа шүү Болорчимэгээ... настай хүнийг гэрт нь очиж зодсон хэргээ нууж, салаад 5 жил болсон нөхрөө зодсон гэж суухаас ичээч” гэж бичсэн. Мөн Т.Т нь өөрийн Erdkee Erdkee нэртэй фэйсбүүк цахим хуудсанд “...энэ хүн верна машинтай хүнийг 200.000 төгрөгөөр хөлсөлж, хүн дайрч алуулах гэж байсан бичлэг нь байгаа Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн нэр бүхий хүмүүстэй явалдаж хэргээ хаалгуулсан хэрэг” гэж бичсэн нь миний нэр хүндийг гутаасан байна. Иймд миний талаар илт худал, үндэслэлгүй, нэр хүнд гутаасан мэдээ тараасан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч Т.Тд даалгаж, миний нэр төрийг сэргээж өгнө үү гэв.

 

Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.Т би нэхэмжлэлд дурдсан дээрх мэдээллийг бичээгүй юм. Нэхэмжлэлд дурдсан “Аз жаргалтай ээж” нэртэй фэйсбүүк цахим хуудас, “Хөх чоно” нэртэй фэйсбүүк цахим хуудас, Erdkee Erdkee нэртэй фэйсбүүк цахим хуудас нь Т.Тынх биш. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 36 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/02291 дүгээр шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/03276 дүгээр шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2021/01666 дүгээр шийдвэр гэсэн баримтуудыг гаргаж өгсөн.

 

Иргэдийн төлөөлөгч Г.Амаржаргал “...хүний нэр төр гутаан доромжилсон бол хуулийн дагуу шийдвэрлэх ёстой” гэсэн дүгнэлт гаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Бийн нэр төр сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйлгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Т нь өөрийн “Аз жаргалтай ээж” нэртэй фэйсбүүк цахим хаяг, “Хөх чоно” нэртэй фэйсбүүк цахим хаяг, Erdkee Erdkee нэртэй фэйсбүүк цахим хаягаар дамжуулан “...энэ нөгөө хүний нөхөртэй яваад тэмбүү тараасан гээд байсан хүүхэн байна шдээ, балиар юм эдний салонд нь орчилгүй явах юмсан бурхан минь” гэсэн, “...баримт нотолгоо гэдэг чинь ийм л байдаг юм. Баримтгүй улайх ч үгүй хуурамч нулимс гаргаад ичихгүй сайтад ярилцлага өгөөд юу ч авдаггүй хохирсон хүний дүр үзүүлж хумсаа нуусан олон хүнийг луйварддаг ийм л чимээгүй хүчирхийлэгч гэдэг бол жинхэнэ энэ Ж.Б юм. Илүү олон баримт байгаа шүү Болорчимэгээ... настай хүнийг гэрт нь очиж зодсон хэргээ нууж, салаад 5 жил болсон нөхрөө зодсон гэж суухаас ичээч” гэсэн, “...энэ хүн верна машинтай хүнийг 200.000 төгрөгөөр хөлсөлж, хүн дайрч алуулах гэж байсан бичлэг нь байгаа Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн нэр бүхий хүмүүстэй явалдаж хэргээ хаалгуулсан хэрэг” гэсэн мэдээлэл тараасан нь, мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд Т.Т нь “...миний хоёр хүүхдийг нөхөр байсан Т.Тын хүүхдүүд биш” гэж тайлбар гаргасан нь нэхэмжлэгч Ж.Бийн нэр төр, алдар хүнд гутаагдсаныг тогтоож, Ж.Бийн нэр төр, алдар хүндийг сэргээж, мэдээ тараасан уг хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагч Т.Тд даалгах.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Т.Т би нэхэмжлэлд дурдсан дээрх мэдээллийг бичээгүй. Нэхэмжлэлд дурдсан “Аз жаргалтай ээж” нэртэй фэйсбүүк цахим хуудас, “Хөх чоно” нэртэй фэйсбүүк цахим хуудас, Erdkee Erdkee нэртэй фэйсбүүк цахим хуудас нь Т.Тынх биш гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 36 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/02291 дүгээр шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/03276 дүгээр шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2021/01666 дүгээр шийдвэр гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэлд дурдсан “Аз жаргалтай ээж” нэртэй фэйсбүүк цахим хаягийг, “Хөх чоно” нэртэй фэйсбүүк цахим хаягийг, Erdkee Erdkee нэртэй фэйсбүүк цахим хаягийг хариуцагч Т.Т нь эзэмшиж, ашигладаг, мөн уг цахим хаягаар дамжуулан нэхэмжлэлд дурдсан мэдээллийг тараасан болох нь нотлогдохгүй байна. Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тын тайлбарыг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар “...Ж.Бийн нэр, нэр төрийг гутаасан мэдээ тараасан” гэж үзэхгүй юм.

 

Иргэдийн төлөөлөгчийн “...хүний нэр төр гутаан доромжилсон бол хуулийн дагуу шийдвэрлэх ёстой” гэсэн нь үндэслэлтэй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан Ж.Бийн нэхэмжлэлтэй, Т.Тд холбогдох, нэр төр сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйлгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан Ж.Бийн нэхэмжлэлтэй, Т.Тд холбогдох, нэр төр сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйлгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ж.СЭМЖИД

 

                                            ШҮҮГЧИД                                        Д.МӨНГӨНТУУЛ

 

                                                                        Да.ЭНХЦЭЦЭГ