Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 0373

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

улсын яллагч: А.Сайнбаяр

шүүгдэгчийн    өмгөөлөгч:  Ц.Гэнэндулам

хохирогчийн  өмгөөлөгч : Д.Наранцэцэг

шүүгдэгч:  Ж.Сүхцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бүргэд овогт Жамсранжавын Сүхцэрэнд  холбогдуулж яллагдагчаар татах тогтоол  үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725011320  дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Бүргэд овогт Жамсранжавын Сүхцэрэн, 1975  оны  12 дугаар сарын 21-ний өдөр Баян Өлгий аймгийн Өлгий  суманд төрсөн, 42 настай, эрэгтэй,  дээд боловсролтой, бизнес судлаач, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 2, охины  хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын  12 дугаар баг 6 дугаар хороолол 24 дүгээр байрын 48 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:ЙЮ75122190,

Холбогдсон хэргийн талаар:

          Ж.Сүхцэрэн нь 2017 оны  3 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 73 дугаар байрны 46 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас өөрийн төрсөн охин С.Солонгыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:    

        Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч  С.Сүхцэрэн  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг болохоос өмнө гэр бүлийн маргаантай асуудал Дархан-уул аймгийн иргэний хэргийн шүүхээс анх эхэлсэн. 2017 оны 3 сарын 28-ны өдөр төрсөн охин Солонго надаас эд хөрөнгө нэхэмжилж шүүхэд хандсан байсан. Би Дархан-Уул аймгийн иргэний хэргийн шүүхээс нэхэмжлэлийг гардаж байсан. 2017 оны 3 сарын 29-нй өдөр Улаанбаатар хотод ирсэн. Өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүрэгт байрлах байрандаа очсон. Би гэртээ ороод буйдан дээр суугаад том охин Солонгоосоо чи шүүхэд нэхэмжлэл өгсөн юм уу, чиний бичгийн хэв биш байна, ээж чинь бичиж өгсөн юм байна гэж хэлэхэд охин маань тийм гэж хэлсэн. Би тэгээд эцгээсээ эд хөрөнгө нэхдэг ямар сонин юм бэ амьдралдаа ийм зүйл үзсэнгүй гэж хэлсэн. Тэгэхэд гаднаас миний хуучин эхнэр Оюунбаяр, бага охинтой хамт орж ирсэн. Эхнэр ууттай зүйлээ тавиад намайг юундаа ирсэн юм бэ гэж хэлсэн. Би тэгээд шүүхэд өгсөн нэхэмжлэлийн харуулахад гэнэт том охин маань үсээ зулгааж орилсон. Тэгээд шууд над руу дайраад цамцны захнаас зуурсан. Би гарыг нь тавиулах гээд чадаагүй. Бид хоёрын дундуур Оюунбаяр орж салгах гэж оролдсон. Би гарыг нь тавиулж чадахгүй болохоор нь эрүү рүү нь түлхаж тавиулсан. Солонго тэр үедээ энгэр задгай подволк, унтлагын өмдтэй байсан. Би тэгээд жижиг өрөөндөө ороход бага охин маань хөшигний ар талд уйлж байсан. Намайг бага охиноо аргадаж байхад том охин над руу дайраад ээж Оюунбаяр хориглож байсан. Би гэрийн түлхүүр өг гэж шаардахад надад өгөөгүй. Бага охин цагдаа ирэх талаар хэлсэн. Тухайн үед би уурласан байсан учраас хувцасны өлгүүрт байсан хувцасыг гаргасан. Гаднаас цагдаа ирэхэд би шууд гэртээ оруулсан. Цагдаа нар орж ирээд энэ хэрэг биш байна. Та нар өөрсдөө учраа олж гэж хэлсэн. Тэгэхэд Оюунбаяр та нарыг явахаар энэ хүн бидний зодно шдээ гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар бид нарыг бүгдийг авч явсан. Цагдаа дээр очоод энэ болсон явдлыг бүгдийг ярьсан. Тэгээд Оюунбаярыг мэдүүлэг өгч байхад хажуунаас нь миний бага охин та яагаад худлаа яриад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд Батцэнгэл байцаагч бидний гаргаж байгаад бага охиноос  маань мэдүүлэг авсан. Би Солонгоог цохиогүй түлхсэн. Солонгоо багаасаа улаанхоолойн өвчтэй байсан. Энэ өвчнөөсөө болоод арван жилдээ биеийн тамирын хичээлээс чөлөөлөгдсөн. Энэ бол энэ хүүхдийн архаг өвчин гэв.

         Шүүгдэгч С.Сүхцэрэн хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн өглөө Дарханаас орж ирээд гадуур ажил хөөцөлдөж байгаад 20.00 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоон төгөл хотхоны 73 дугаар байрны 46 тоот гэртээ ирсэн. Гэртээ очиход манай том охин Солонго хаалга онгойлгож өгсөн. Гэрт Солонго, Мөнхсувд нар байсан. Би том өрөөнд ороод буйдан дээр суугаад охин Солонгоос шүүхэд гаргасан эд хөрөнгө нэхэмжилсэн нэхэмжлэлийн тухай чи энэ нэхэмжлэлийг шүүхэд гаргаж өгсөн нь үнэн үү гэж асуухад Солонго үнэн гэж хариулсан. Тэгэхээр нь би Солонгод эцэг эхээсээ хөрөнгө нэхдэг ийм хүүхдийг амьдралдаа анх удаа харж байна гэж хэлээд байж байтал гаднаас эхнэр Оюунбаяр, бага охин Нарантай тортой юм барьчихсан орж ирсэн. Орж ирээд тортой хүнсний зүйлээ миний сууж байсан буйдангийн хажууд тавьсан. Тэгтэл гэнэт том охин Солонго хоёр гараараа өөрийнхөө үсийг зулгааж орилж хашгираад над руу дайрч ирээд би гадуур хувцастайгаа сууж байхад заамдаж аваад татаж босгосон. Яг энэ үед Оюунбаяр бид хоёрын дундуур орсон. Оюунбаяр Солонгийн гарыг тавиулах гэж оролдсон ба би ч бас Солонгийн гарыг тавиулах гэж оролдоод чадахгүй болохоор нь эрүү, хүзүү хэсэг рүү нь гараараа түлхсэн. Тэгээд ноцолдоод салцгаасан. Энэ үйлдлийг харж байсан бага охин Наран уйлаад жижиг өрөө рүү гүйж ороод хөшигний араар нуугдсан. Тэгэхээр нь би бага охиныг аргадах гээд араас нь орсон. Бага охин Наран над дээр ирээд би түүнийг аргадаж чимээгүй болгосон. Наран ааваа миний үгэнд ороорой гэхээр нь би охиныхоо үгэнд орно гэж хэлсэн. Энэ үед миний хажууд Мөнхсувд байсан. Солонгот нь жижиг өрөөний хаалганы цаанаас над руу дайрч байхад Оюунбаяр халхлаад зогсож байсан. Оюунбаяр хаагаад Солонгийг надад ойртуулаагүй. Тэгээд би Оюунбаяр, Солонго, Мөнхсувд нараас гэрийн түлхүүр авмаар байна, гэрийн түлхүүр өг гэж шаардсан. Хэн нь ч түлхүүр өгөөгүй бөгөөд  Солонго гарч яваад араас нь Мөнхсувд гарсан. Оюунбаяр бага охин Наран нарын хамт үлдсэн. Би Оюунбаярт чи охин Солонгийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл өгсөн байна гэж уурласан. Тухайн өдөр би Дарханаас ирж байхад Дарханы шүүхээс над руу яриад охин Солонгоос чинь дахин нэхэмжлэл ирсэн байна та ирж гардаж аваач гэсэн. Би замд явж байна маргааш авья гэж хэлсэн. Солонгийн гаргасан эхний нэхэмжлэлийг барьж явсан ба Солонгоос өнөөдөр чи дахиж нэхэмжлэл өгсөн юм уу гэхэд өгөөгүй гэж хэлж байсан. Тэгээд Оюунбаярт уурлаад нуруу руу нь гараараа нэг удаа цохьсон. Тэгээд байж байхад бага охин Наран аав цагдаа ирнэ гэж байна гэсэн. Тэгэхээр нь би миний охин битгий ай гэж хэлсэн. Тэгээд уур хүрээд коридорын шүүгээнээс хувцаснуудыг нь гаргаад та нар явцгаа гэж хэлсэн. Гэрийн хаалга онгорхой байхад 2 цагдаа ирсэн. Тэр хоёр цагдаад болсон асуудлын талаар хэлсэн. Би Оюунбаяртай 1995 онд гэр бүл болсон 22 настай нэг охин, 8 настай нэг охинтой. Манай гэр Дарханд байдаг. 2006 онд гэр бүлийн маргааны асуудлаас болоод Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан боловч эвлэрч үргэлжлүүлэн 2015 оны 8 дугаар сарыг дуустал хамт амьдарсан. Гэрлэлт цуцлуулах болсон гол шалтгаан гэвэл итгэлцэл, хардалтын асуудлаас болсон. 2011 оны 5 дугаар сараас би Улаанбаатар хотод ажиллах болсон. Амралтын өдрүүдэд нь гэртээ очдог юм. 2012 оны 9 дүгээр сард том охин Солонго оюутан болоод Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоон төгөл хотхонд байр худалдаж авсан. Тэрнээс хойш Солонго бид хоёр тухайн байрандаа 2015 оны 5 дугаар сар хүртэл хамт амьдарсан. 2015 оны 4 дүгээр сараас Оюунбаяр нь худлаа ярьж миний итгэлийг алдсан асуудал байсан учир маргаан үүсч эхэлсэн. Тэгээд 2015 оны 6 дугаар сард эвлэрч хамт амьдарч байгаад 2015 оны 8 дугаар сараас тусдаа амьдарч эхэлсэн. Солонго, Наран нар бид хоёрын дунд байдаг юм. 2016 оны 4 дүгээр сард Оюунбаяр нь дундын өмчлөлийн эд хөрөнгө нэхэмжлээд Дархан-Уул аймгийн шүүхэд хандсан. Энэ асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа. Гэтэл Солонго нэмж нэхэмжлэл гаргасан байсан./хх-н 22-24/

      Хохирогч С.Солонго хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ:  2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 20.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 73 дугаар байрны 46 тоотод гэртээ байж байтал аав Сүхцэрэн гаднаас орж ирсэн. Тэгээд шүүхэд өгсөн нэхэмжлэлийн зургийг авчихсан, охин нь байж шүүхэд миний өмнөөс ийм зүйл өглөө, гэрээс яв, зайлцгаа, ээжийн талын хүмүүсийн гэрт орууллаа гэж уурласан. Тэгээд аав Сүхцэрэн буйдан дээр суугаад байж байхад ээж Оюунбаяр, дүү Нарангийн хамт гаднаас орж ирсэн. Ээж Оюунбаяр хүүхэд битгий дарамтлаад бай, яах гэж ирсэн юм гэж хэлсэн. Тэгтэл аав Сүхцэрэн урдаас нь хэрэлдээд маргалдсан. Аав Сүхцэрэн хувцаснуудыг шкафнаас гаргаж юмнуудаа аваад зайлцгаа гээд байсан. Би уурлаад яахаараа бид нар гэрээсээ явах ёстой юм гэж хэлээд хувцас гаргаад байхаар нь болиулах гээд гарыг нь түлхэхэд аав Сүхцэрэн уурлаж толгой руу цохиж, хоолой боож хана руу түлхэж, буйдан рүү түлхсэн. Гэтэл ээж Оюунбаяр болиулах гэж гарыг нь салгахад гарыг нь нугалж хойш нь түлхээд цохиж аваад байсан. Ээж Оюунбаяр бид хоёр бие биенээ цохиулчихвий гэж хамгаалаад байсан. Аав Сүхцэрэн ээж Оюунбаярыг хана руу түлхэж, толгой нуруу руу нь цохиод байсан. Тэгээд аав Сүхцэрэн чи 2006 оноос хойш миний хүүхэд байхаа больсон, шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудлыг яриад хэрүүл хийгээд орилоод байсан. Тэр үед бага дүү Наран уйлаад байсан. Тэгээд ээж Оюунбаяр хурдан гарч цагдаа дууд гэсэн. Гэрээс гараад ээжийн төрсөн дүү Батбаяр руу ярьж цагдаа дуудсан. Тухайн үед аав Сүхцэрэн, ээж Оюунбаяр, 17 настай үеэл Мөнхсувд, 7 настай дүү Наран нар байсан. Миний хүзүү улайж шалбарсан, хоолой өвдөөд толгой өвдөөд байсан. Миний биед хийсэн ШШҮХ-ийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 4502 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Уг гэмтлийг аав Сүхцэрэн учруулсан. Намайг 12 настай байхад тавчикаар цохиж байсан. Ээж Оюунбаярыг бол зодож байсан. Тухайн үед аав Сүхцэрэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Гомдолтой байна нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 22-24/  /хх-н 12-15/

        С.Солонго,Х.Оюунбаяр,Ж.Сүхцэрэн нараас асууж авсан тайлбарууд /хх-н 6-11/

          Аюулын зэргийн үнэлгээний маягт /ххн 12-17/

         Гэрч Х.Оюунбаяр хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: 1993 онд Сүхцэрэнтэй танилцаад 1994 оноос хамт амьдарч эхэлсэн. 1995 онд том охин Солонгийг төрүүлээд гэрлэлтээ батлуулсан. 2009 онд бага охин Наран гарсан. Одоо 22 болон 8 настай 2 охинтой. Хамт амьдарч байх хугацаандаа Сүхцэрэн нь түргэн ууртай, огцом зантай, хартай. Үүнээс болж таарамжгүй харилцаа үүсдэг байсан. 2005 онд Дархан-Уул аймгийн шүүхэд гэр бүл цуцлуулах хүсэлт гаргаж эвлэрлийн хугацаа 3 сараар өгч байсан. Эвлэрлийн хугацаандаа эвлэрч хамт амьдрах болсон. 2006 онд Сүхцэрэн өөрөө ажлынхаа эмэгтэйтэй харилцаа үүсгэж өөрөө хүсэлтэй гаргаж шүүхээр гэр бүлээ цуцлуулсан. Сүхцэрэн миний буруу гэж уучлалт гуйгаад эргээд хамт амьдрах болсон. Хамт амьдарч байгаад 2009 онд бага охиноо төрүүлсэн. Гэр бүлийн маргаан байнга байдаг байсан. 2015 оны 4 дүгээр сард Сүхцэрэн нь хөдөө ажиллаж байсан ба намайг хардаж чи өөр хүнтэй болсон байна гэж маргаан үүсгэх болсон. 2015 оны 5 дугаар сард Сүхцэрэн нь Дархан-Уул аймагт байрлах гэрээсээ намайг хөөгөөд байхаар нь би дүүгээ дуудаад ээжийндээ очсон.  Сүхцэрэн нь охин Солонгийг амьдарч байсан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 73 дугаар байрны 46 тоот гэрээсээ мөн хөөж намайг очиход явсан байгаарай гэж байсан. 2015 оны 6 дугаар сараас уучлалт гуйхаар нь 2015 оны 8 дугаар сар хүртэл хамт амьдарсан.  Тэгээд 2015 оны 8 дугаар сард Сүхцэрэн нь дахин намайг гэрээсээ хөөж, охин Солонгийг мөн Улаанбаатар хотын гэрээс хөөсөн. 2015 оны 8 дугаар сараас өдийг хүртэл би ээжийндээ амьдарч, Солонго байр түрээслэн амьдрах болсон. 2017 оны 1 дүгээр сараас Сүхцэрэн би дахин ямар нэгэн асуудал гаргахгүй гээд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 73-46 тоотод Солонго, манай эгчийн хүүхэд Мөнхсувдтай хамт амьдрах болсон. 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Дархан-Уул аймгийн шүүхэд бага охин Нарангийн тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваах асуудлаар хандсан. Энэ асуудал шийдэгдээгүй байгаа. 2017 оны 3 дугаар сарын 29-ны өдөр би Дарханаас бага охин Наранг дагуулаад  Улаанбаатар хотын гэрт ирсэн. Би Нарангийн хамт дэлгүүр орох үеэр 20.00 цагийн орчим хаалга нүдэхээр нь Солонго бид хоёрыг  гэж бодоод хаалга онгойлгож өгсөн байсан. Над руу наанаасаа зайлаарай гээд дарамтлаад мессэж бичээд байсан. Дэлгүүрээс орж ирэхэд Сүхцэрэн орж ирээд том өрөөндөө суучихсан охин Солонгийг аавынхаа өөдөөс шүүхэд дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваах нэхэмжлэл гаргалаа гээд загнаж байсан. Шүүхэд би  охины хамт нэхэмжлэл гаргасан байсан ба Солонгийг насанд хүрсэн гээд бие даан  нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн учир тусдаа нэхэмжлэл гаргасан байсан юм. Би орж ирээд хүүхэд битгий дарамтлаад бай чиний өмгөөлөгч  Солонгийг бие даан нэхэмжлэл гаргах ёстой гэсэн тайлбар өгсөн байсан. Өөрсдөө ийм асуудал ярьсан байж яагаад ингээд байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл Сүхцэрэн  миний байрнаас зайл, ах дүү нараа миний гэр рүү орууллаа гэж маргалдаж бид нарын хувцаснуудыг хаалга онгойлгоод коридор, орц руу гаргаж шидсэн. Тэгээд Сүхцэрэн том өрөөнд миний толгой, нуруу руу 1-2 удаа цохиод маргалдаад жижиг өрөө рүү орсон. Жижиг өрөөнд ороод толгой нуруу хэсэг рүү 1-2 удаа цохиход Солонго намайг хамгаалаад урдуур нь ороод байсан. Би Солонгийг цохих гэхээр нь хамгаалаад урдуур нь орсон. Бага охин Наран айгаад хөшигний цаагуур орсон байсан. Жижиг өрөөнд байхад 2006 онд гэрлэлтээ цуцлуулахад чи миний асрамжаас гарсан, миний хүүхэд байхаа больсон чи надтай хөрөнгө булаацалдаад байгаа юм уу гэж байсан. Солонго та намайг дандаа элдэв янзаар хэлдэг, хөөдөг гэж хэлсэн. Жижиг өрөөнд байхад Сүхцэрэн Солонгийг өөдөөс юм хэлэнгүүт барьж аваад хоолойг нь боож хана руу шахаж орон дээр унагаасан.  Тэгээд би хүүхэд аллаа гэж Сүхцэрэнгийн гарыг салгасан. Солонгийг гарч цагдаа дууд гээд гаргасан. Солонго манай эрэгтэй дүү Батбаяр луу ярьж цагдаа дуудсан байсан. Удалгүй цагдаа ирсэн. Сүхцэрэн Солонгийн хоолойг боож хана руу шахаж ор руу унагаасан. Бас цохиод байсан. Урд нь Сүхцэрэн Солонгийг гэрээсээ 3 удаа хөөж байсан. Намайг байхгүйд нэг удаа цохисон гэж хэлж байсан. Гэмтэл бол учраагүй. Цагдаагийн байгууллагад хандаж байсан. Тухайн үед Сүхцэрэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэжээ. /хх-ийн 25-27/

      Гэрч М.Мөнхсувд хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ:  2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 18-19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 73 дугаар байрны 46 тоотод эгч Солонгийн хамт байсан. Тэгтэл гаднаас хаалга тогшихоор нь Солонго эгч хаалга онгойлгоход Сүхцэрэн ах орж ирсэн. Орж ирээд Солонго эгчээс нэг цаас барьчихсан чи шүүхэд нэхэмжлэл өгсөн юмуу, эцгийгээ шүүхэд өгдөг юм уу гэхэд Солонго эгч тийм гэж хэлсэн. Тэгээд Сүхцэрэн ах том өрөө ороод сууж байхад Оюунбаяр эгч дүү Нарангийн хамт орж ирсэн. Наран жижиг өрөөнд орж ирээд надтай хамт байсан. Оюунбаяр эгч том өрөө рүү орсон. Яг юу ярьсаныг нь сайн сонсоогүй. Гэнэт орилолдоод Оюунбаяр эгч хүүхэд аллаа гээд байсан. Тэгээд Сүхцэрэн ах Солонго эгчийн цээж, мөр, гар хэсгээс нь барьсан, фудволокноос нь заамдчихсан, Оюунбаяр эгч голоор нь ороод ноцолдоод жижиг өрөөнд орж ирсэн. Сүхцэрэн ах Солонго эгчийг чи миний хүүхэд биш гэхэд Солонго эгч та тэгээд л лалар, гичийгээр минь дууддаг байсан юм уу гэж хэлсэн. Тэгээд Оюунбаяр эгч Солонго эгчийг гэрээс гаргах хаалга руу явахад Сүхцэрэн ах үүдний шүүгээнд байсан бүх хувцаснуудыг гаргаж  орж шидсэн. Тэгээд Сүхцэрэн ах надаас түлхүүр нэхээд байхаар нь би гараад гүйчихсэн. Оюунбаяр эгч Сүхцэрэн ахтай зууралдаад үлдсэн яасан эсэхийг нь  мэдэхгүй байна. Намайг жижиг өрөөнд байхад Оюунбаяр эгч хүүхэд аллаа гээд хашгираад байсан. Би яг юу болсоныг мэдээгүй. Жижиг өрөөнд орж ирэхдээ Солонго эгчийг фудволкноос нь заамдаад барьчихсан байсан. Голоор нь Оюунбаяр эгч ороод тавиулах гээд байсан. Би 12 настайгаасаа Сүхцэрэн ахынд хамт амьдарч байсан. Сүхцэрэн Солонгийг урьд нь миний хажууд цохиж, зодсон асуудал байгаагүй. Загнасан асуудал бол гарч байсан. Тухайн үед Сүхцэрэн ах, Оюунбаяр эгч хоёр хэрэлдээд байсан. Би гараад гүйчихсэн гэжээ. /хх-ийн 28-29/

         Гэрч Б.Нарантуяа хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ:Солонгийн биед үзлэг хийж  чих хамар хоолойн дурангаар дурандахад залигуур хоолой орчим зөөлөн эдийн гэмтэлтэй дотор талаас нь дурандахад залгиур хоолойн салст бага зэрэг улайсан судас өргөсч бага зэргийн хөндүүр өвчтэй байсан. Залгиур хоолой улайх үрэвсэл нь маш олон шалтгаантай. Үүнд үрэвслийн гаралтай, харшлын гаралтай, гэмтлийн гаралтай байж болно. С.Солонгийн хувьд гадна талын зөөлөн эдийн гэмтэлтэй байгаа нь хоолойг боосон, багалзуурдсаны улмаас судас өргөсч улайх, үрэвсэх шалтгаан байж болно. Үзлэг хийхэд хоолойн маханд ямар нэгэн гэмтлийн шинжтэй өөрчлөлт илрээгүй. Зөвхөн залгиур хоолой өөрчлөлттэй байсан. Хоолойн мах буюу ангин нь үзлэг хийхэд улайж үрэвсээгүй, идээлээгүй, халууралт байгаагүй учир шууд залгиур хоолойдоо  нөлөөлөл байгаагүй гэж үзсэн гэжээ.  /хх-н 32

        Шинжилгээ хийлгэх тогтоол/хх-н 34/

       2017.4.04-ний өдрийн 4502 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.С.Солонгийн биед гэмтлийн гаралтай залгиурын үрэвсэл, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  /хх-н 35/

          Шинжээчийн дүгнэлтийг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл/хх-н 37-38/

          Шинжээч эмч М.Энхтайван хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: С.Солонгийн биед учирсан гэмтлүүд нь хоорондоо хамааралтай бөгөөд залгиурын үрэвсэл гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь боолтоос үүсэх боломжтой. Хүзүүнд хүч үйлчилсэн гэдгийг хүзүүний зулгаралт гэмтэл нотолож байгаа юм. Уг гэмтлүүд хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ.  /хх-н 40-41/

          Шинжилгээ хийлгэх тогтоол/хх-н 43/

          2017.4.03-ны өдрийн 4489 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Х.Оюунбаярын биед зүүн шууны зулгаралт, зүүн сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.6-д зааснаар  эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ.  /хх-н 44/

         Шинжээчийн дүгнэлтийг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-н 45-46/

        С.Сүхцэрэнд гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол  /хх-н 47-48/        

          С.Сүхцэрэнг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-н 51-62/,

         С.Сүхцэрэнгийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 63/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/  зэрэг болно.

         Ж .Сүхцэрэн нь 2017 оны  3 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 73 дугаар байрны 46 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас өөрийн төрсөн охин С.Солонгыг зодож биед нь хөнгөн хохирол  учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна Үүнд:

         Хохирогч С.Солонгийн биед гэмтлийн гаралтай залгиурын үрэвсэл, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт

            Гэрч Б.Нарантуяагийн  хэрэг бүртгэлтэд  өгсөн …мэдүүлэхдээ:Солонгийн биед үзлэг хийж  чих хамар хоолойн дурангаар дурандахад залигуур хоолой орчим зөөлөн эдийн гэмтэлтэй дотор талаас нь дурандахад залгиур хоолойн салст бага зэрэг улайсан судас өргөсч бага зэргийн хөндүүр өвчтэй байсан. Залгиур хоолой улайх үрэвсэл нь маш олон шалтгаантай. Үүнд үрэвслийн гаралтай, харшлын гаралтай, гэмтлийн гаралтай байж болно. С.Солонгийн хувьд гадна талын зөөлөн эдийн гэмтэлтэй байгаа нь хоолойг боосон, багалзуурдсаны улмаас судас өргөсч улайх, үрэвсэх шалтгаан байж болно. Үзлэг хийхэд хоолойн маханд ямар нэгэн гэмтлийн шинжтэй өөрчлөлт илрээгүй. Зөвхөн залгиур хоолой өөрчлөлттэй байсан гэсэн мэдүүлэг /хх-н 32

Хохирогч С.Солонгын  хэрэг бүртгэлтэд өгсөн …. Би уурлаад яахаараа бид нар гэрээсээ явах ёстой юм гэж хэлээд хувцас гаргаад байхаар нь болиулах гээд гарыг нь түлхэхэд аав Сүхцэрэн уурлаж толгой руу цохиж, хоолой боож хана руу түлхэж, буйдан рүү түлхсэн. Гэтэл ээж Оюунбаяр болиулах гэж гарыг нь салгахад гарыг нь нугалж хойш нь түлхээд цохиж аваад байсан. Ээж Оюунбаяр бид хоёр бие биенээ цохиулчихвий гэж хамгаалаад байсан. Аав Сүхцэрэн ээж Оюунбаярыг хана руу түлхэж, толгой нуруу руу нь цохиод байсан гэсэн мэдүүлэг

Гэрч Х.Оюунбаярын хэрэг бүртгэлтэд өгсөн …Сүхцэрэн Солонгийг өөдөөс юм хэлэнгүүт барьж аваад хоолойг нь боож хана руу шахаж орон дээр унагаасан.  Тэгээд би хүүхэд аллаа гэж Сүхцэрэнгийн гарыг салгасан. Солонгийг гарч цагдаа дууд гээд гаргасан. Солонго манай эрэгтэй дүү Батбаяр луу ярьж цагдаа дуудсан байсан. Удалгүй цагдаа ирсэн. Сүхцэрэн Солонгийн хоолойг боож хана руу шахаж ор руу унагаасан. Бас цохиод байсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

Шүүгдэгч Ж.Сүхцэрэн нь өөрийн төрсөн охин С.Солонготой иргэний шүүхэд эд хөрөнгө нэхэмжилсэн талаар маргаан үүсгэж улмаар түүнийг цохиж биед нь  хөнгөн хохирол учруулсан нь хангалттай тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Сүхцэрэн нь би цохиж хөнгөн хохирол учруулаагүй гэж мэдүүлж байх боловч энэ нь шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн, хохирогч С.Солонгын болон гэрч Х.Оюунбаяр нарын өгсөн хоолойг нь боож  хана руу шахаж ор луу унагаасан гэсэн  мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

            2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж байгаа 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон,оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заажээ.

          2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь оногдуулах ялын тухайд баривчлах ялтай байгаа тул  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

           Иймд прокуророос шүүгдэгч Ж.Сүхцэрэнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Ж.Сүхцэрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг   үйлдсэн  гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  Хохирогч С.Солонго нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэгт хавсаргах,  шийдвэрлэвэл зохих  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй байна.

          Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

         Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-36.10 дугаар зүйлүүдэд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Бүргэд овогт Жамсранжавын Сүхцэрэнд прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2.Бүргэд овогт Жамсранжавын Сүхцэрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг   үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Сүхцэрэнг 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн  5.4 дүгээр зүйлийн  4  дэх хэсэгт зааснаар Ж.Сүхцэрэн нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Ж.Сүхцэрэнд  авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлүсгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэгт хавсаргасугай.

7. Энэ хэрэгт  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Ж.Сүхцэрэн нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус   дурьдсугай.

8.  Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН