Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/311

 

 

 

 

 

 2021             03             25                                         2021/ДШМ/311                                                                                        Т  M 546                                  МАЛАЛ

Н.Г-, Ц.Ж- нарт                                                                                           холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,  

цагаатгагдсан этгээд Н.Г-, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр  даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 17ы өдрийн 2020/ШЦТ/903 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Мөнгөншагайн бичсэн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Н.Г-, Ц.Жаргалсайахан нарт холбогдох 2002000650122 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26ы өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн Н-ийн Н.Г-, Улаанбаатар хотод 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, инженер, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн мэргэжлийн хяналт газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Данзангийн гудамжны 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

Б овгийн Ц-ын Ц.Ж-, Улаанбаатар хотод 1963 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 000 байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 0000000000/

2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 110 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4,400,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.  

Н.Г- нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ц.Ж-ы хилээр гаргах малын гаралтай түүхий эдэд хяналт шалгалт хийлгэх, байцаагч томилуулж дүгнэлт гаргуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 800,000 төгрөгийн хахууль авсан,

дээрх цаг хугацаанд Ц.Ж- нь хилээр гаргах малын гаралтай түүхий эдэд хяналт шалгалт хийлгэх, байцаагч томилуулж дүгнэлт гаргуулах гэсэн өөрийн ашиг сонирхлын үүднээс давуу байдал олж авах зорилгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Г-од албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 800,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ц.Ж-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Г-, Ц.Ж- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “CD”-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Мөнгөншагай бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан ...” үйлдлийг, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн эсхүл эдгээрийг амласан, санал болгосон ...” үйлдлийг тус тус хамааруулан ойлгоно. Хэрэгт авагдсан нотлох баримтаар ... ХХК нь ямааны сэв, хялгас адууны сүүл, хонь болон тэмээний угаасан ноос, адууны шир зэрэг түүхий эдийг экспортлох зорилгоор 2017-2020 оны хооронд байнга Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дээж авах, хяналт тавьж ажиллах байцаагч томилуулах хүсэлт ирүүлдэг байсан. Уг хүсэлтийг үндэслэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын улсын байцаагч нар хяналт тавьж ажилладаг байсан болох нь нотлогдсон. Түүнчлэн гэрч Ц.Ж-ы мэдүүлэг болон ... ХХК-ийн гаргаж байсан хүсэлт, ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт зэргээс үзэхэд мөнгө өгсөн цаг хугацаанд дээрх зорилгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт байцаагч томилуулах хүсэлт гарган шийдвэрлүүлсэн байдаг. ... ХХК нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2017 онд 16 удаа, 2018 онд 20 удаа, 2019 онд 10 удаа, 2020 онд 1 удаа хүсэлт гаргасныг Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагч С.Нямдорж, Б.Батбаатар, С.Ариунхүү, Ц.Жаргал, Д.Пүрэвсүрэн нар хянан шалгаж шийдвэрлэж байсан.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Г-, ... ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ж- нарын хооронд арилжаа, наймаа, худалдаатай холбоотой өр авлагын асуудал үүсээгүй, хэн хэндээ эд хөрөнгө өгөх, авах шаардлага байгаагүй нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон ба энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Иймд ... ХХК-ийн захирал Ц.Ж- нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хэлтэст хяналт шалгалт хийлгэхэд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Н.Г-од албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 800,000 төгрөг өгсөн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Г- нь ... ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс малын гаралтай түүхий эдийн дээжинд шинжилгээ хийх ажилд хяналт шалгалт хийж ажилласны хариуд, цаашид тус компанийн ашиг сонирхлын үүднээс хяналт шалгалтын ажлыг хийхийн тулд Ц.Ж-аас 800,000 төгрөг авсан гэж дүгнэх үндэслэлтэй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Цагаатгагдсан этгээд Н.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь аж ахуй нэгж байгууллагад гэрчилгээ, мэдэгдэл, экспортын холбогдолтой дүгнэлт гаргаж өгдөггүй. Хүсэлт ирсэний дагуу манай байцаагч нар экспортод гаргаж байгаа бараа бүтээгдэхүүнээс дээж авч лабораторид өгдөг. Ямар нэгэн дүгнэлт гардаггүй. Эерэг, сөрөг дүгнэлт гарсны дараа манай байцаагч нар ачилтанд хяналт тавьж ажилладаг. Ингэж экспортод бараа бүтээгдэхүүн гардаг. Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Д.Амаржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Н.Гэрэл-Одын ажилладаг байгууллага дүгнэлт гаргадаггүй, дээж авч цааш нь мэргэжлийн хяналтын байгууллагад явуулдаг. Ц.Ж- 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 800,000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг авлига өгсөн мэтээр мушгиж тайлбарласан. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Н.Г-, Ц.Ж- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Н.Г- нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ц.Ж-ы хилээр гаргах малын гаралтай түүхий эдэд хяналт шалгалт хийлгэх, байцаагч томилуулж дүгнэлт гаргуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 800,000 төгрөгийн хахууль авсан, Ц.Ж- нь өөрийн ашиг сонирхлын үүднээс давуу байдал олж авах зорилгоор хэлтсийн дарга Н.Г-од албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 800,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар Н.Г-, Ц.Ж- нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, нэмж шалгах зүйлгүй байх тул анхан шатны шүүх яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхээр тогтсон нь зөв гэж үзэв.

Харин Н.Г-, Ц.Ж- нарын үйлдлийг хахууль өгөх, авах гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, цагаатгах тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Цагаатгах тогтоолд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд тодорхойлон хуульчилсан ба энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, өөрчлөх үндэслэл болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад тус тус зохицуулжээ.

Тухайлбал: цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга; 1.2 дахь заалтад “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж заасан хүрээнд тус тус дүгнэлт хийх шаардлагыг хуулиар тогтоосон.

Гэтэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/903 дугаартай цагаатгах тогтоол нь ямар нотлох баримтаар хэргийн байдал хэрхэн тогтоогдсон талаар дүгнээгүй, нотлох баримтын агуулга тусгагдаагүй, улсын яллагчийн дүгнэлтэд үндэслэл бүхий няцаалт хийгээгүй зэргээр хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж гараагүй байна.

Мөн, Н.Г-, Ц.Ж- нарын үйлдлийг гэмт хэрэг биш гэж үзсэн үндэслэлээ шүүх “... Хахууль өгөгч өөртөө ямар ашиг сонирхлын үүднээс хахууль авагчийн ямар албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариу, цаашид ямар чиг үүрэг хэрэгжүүлэхийн тулд мөнгө өгсөн, авсан болох нь тодорхойгүй байна. Энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй, прокурор яллах дүгнэлтдээ тодорхойлж дүгнээгүй байна ... давуу байдал бий болох нөхцөл байдал үүсээгүй ...” гэх зэргээр тоймлох байдлаар тодорхойлсон байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах, өгөх гэмт хэргийн шинжийг хэрхэн ойлгож хэрэглэснээ тайлбарлаагүйгээс давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй байдалд хүргэлээ.  

Шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “... Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Авилгатай тэмцэх газрын мөрдөгч “Н.Г- авилга авч Ц.Ж- авилга өгсөн” гэсэн тодорхой нэр зааж бичсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсанаас хойш хэрэгт холбогдон сэжиглэгдэж буй этгээдүүд болох Н.Г-, Ц.Ж- нарт хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, эс тэгвэл хариуцлага хүлээлгэхийг сануулж гэрчээр удаа дараа /1-хх 27-44/ мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина.” Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно.” гэсэн заалтыг ноцтой зөрчих тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх мэдүүлгүүдийг нотлох баримтад тооцоогүй...” гэсэн дүгнэлт хийжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучдугаар бүлэгт зааснаар хэрэг бүртгэлийн ажиллагааг хэн нэгэн рүү чиглүүлэн явуулахгүй бөгөөд гагцхүү гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор хийгдэх ажиллагаа юм. Энэ агуулгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” хэмээн тодорхойлсон байна.

Хэрэгт бүртгэлтийн шатанд Ц.Ж-д хуульд заасан гэрчийн эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлан, сануулж мэдүүлэг өгөх эсэхийг асууж тодруулсны үндсэн дээр гэрчийн мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна. /1-р хх 28-34/ Тухайлбал, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу өөрийнх нь эсрэг, эсхүл гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг Ц.Ж-д танилцуулж, мэдүүлэг өгөх эсэхийг нь асууж, зөвшөөрсний дагуу мэдүүлэг өгсөн талаар байцаалтын тэмдэглэлд тусгасан байх тул хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж үзнэ.  

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэрэгт холбогдсон хүнээс хэрэг бүртгэлтийн шатанд гэрчийн мэдүүлэг авах зохицуулалт оруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг зөрчиж байна гэж үзвэл хэн боловч Үндсэн хуулийн цэцэд мэдүүлэх эрхтэй, хуулиар зохицуулсан тусгай журамтай болохыг дурдах нь зүйтэй.  

            Дээрх үндэсллэлүүдээр улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон Н.Г-, Ц.Ж- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцааж, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцтэл тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17ы өдрийн 2020/ШЦТ/903 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Н.Г-, Ц.Ж- нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Н.Г-, Ц.Ж- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН