| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0060/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/132 |
| Огноо | 2025-04-24 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | М.Өлзийбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч М.Өлзийбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, охины хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр баг ******* гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* /РД:*******/.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө 23 цагийн орчимд тус сумын 6 дугаар баг "Цагаан цоорхой" гэх газраас Бонго-3 маркийн дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан мод бэлтгэх эрхийн бичиггүй 101 ширхэг бөөрөнхий нарс мод хууль бусаар тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид 3,186,318 /гурван сая нэг зуун наян зургаан мянга гурван зуун арван найм/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 29-ний орой 20 цагаас хойш экологийн цагдаа, ойн инженер, байгаль хамгаалагч нарын хамтаар хоёр хэсэгт хуваагдан би байгаль хамгаалагч хамт сумын төвөөс хойш 5 км орчим зайтай газарт эргүүл хяналт шалгалтаар ажилласан. Харин гэтэл тус сумын 1 дүгээр багийн иргэн ******* нь шөнийн 23 цагийн орчимд ганцаараа өөрийн эзэмшлийн Бонго-3 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон дээр нь 3 метр орчим урттай 101 ширхэг нарийн нарсан шургааг модыг ямар ч мод бэлтгэх эрхийн бичиггүй бэлтгэж тээвэрлэн явж байсан тул журамлаж экологийн цагдаад хүлээлгэн өгсөн. Баян-Уул сумын 1 дүгээр багийн иргэн *******ы хууль бусаар 3 метр орчим урттай 101 ширхэг буюу 3.8444м³ нарс мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан 3,186,318 /гурван сая нэг зуун наян зургаан мянга гурван зуун арван найм/ төгрөгийн модны экологи-эдийн засгийн хохирлыг нэхэмжилж байна. Уг хохирлыг нөхөн төлбөрийг Баян-Уул сумын Байгаль хамгаалах сангийн Төрийн банкны дугаарт дансанд төвлөрүүлэх бөгөөд өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй... *******ы мод бэлтгэсэн Баян-Уул сум 6 дугаар баг "Цагаан цоорхой" гэх нэртэй ой мод бүхий газар нь сумын төвөөс 50 км орчим зайд байрладаг 2 дугаар мужлал, ашиглалтын бүсийн ойд хамаардаг боловч дээрх газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Уг газарт ойн ангийн зүгээс аж ахуй нэгж болон иргэнд мод бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй газар юм...” гэжээ. /хх-ийн 16-18 /
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 29-ний орой 20 цагаас хойш экологийн цагдаа, ойн инженер, байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын хамтаар хоёр хэсэгт хуваагдан сумаас төвөөс хойш 5 км орчим зайтай газарт эргүүл хяналт шалгалтаар ажилласан. Харин гэтэл тус сумын 1 дүгээр багийн иргэн ******* нь шөнө 23 цагийн орчимд ганцаараа өөрийн эзэмшлийн Бонго-3 маркийн дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон дээр нь 3 метр орчим урттай 101 ширхэг нарийн нарсан шургааг модыг ямар ч мод бэлтгэх эрхийн бичиггүй бэлтгэж тээвэрлэн явж байсан тул сумын төв рүү дагуулан ирж экологийн цагдаад хүлээлгэн өгсөн юм... ******* нь ойгоос ямар ч мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан. Ер нь сумын хэмжээнд 2025 он гараад иргэн, аж ахуй нэгжид мод бэлтгэх ямар ч зөвшөөрөл олгогдоогүй байгаа...” гэжээ. /хх-ийн 19-20/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-13 тал/
DAMNO үнэлгээний ХХК-ний үнэлгээ /хх-ийн 35-43 тал/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 65-73 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний шөнийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар баг "Цагаан цоорхой" гэх газраас “KIA Bongo”-3 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан мод бэлтгэх эрхийн бичиггүй 101 ширхэг бөөрөнхий нарс мод хууль бусаар тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид 3,186,318 /гурван сая нэг зуун наян зургаан мянга гурван зуун арван найм/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч , гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн хүрээлэн буй орчны шинжилгээ хариуцсан шинжээч 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ДОР0325/0016 дугаартай шинжээчийн дүгнэлт, Дамно хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн РЦ-25-47 дугаартай дүгнэлтээр “Хөх өнгөтэй Киа бонго3 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон бензин моторт хөрөө нь нийт 12,350,000 (арван хоёр сая гурван зуун тавин мянга) төгрөгөөр үнэлэгдсэн /хх-ийн 33-43хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн хувийн байдал, ойн санд учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр баг ******* гэх газарт оршин суудаг болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааны тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг 3 сарын хугацаанд Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь ургаж байсан нойтон нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгэж тээвэрлэсэн болох нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ДОР0325/0016 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж зааснаар шүүгдэгч *******аас хууль бусаар бэлтгэсэн 101 ширхэг нойтон нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 3,186,318 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,558,954 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгох нь зүйтэй байна
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 101 ширхэг нойтон нарс мод, *******ы өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 12,250,000 төгрөгийн үнэлгээ бүхий “KIA Bongo”-3 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 100,000 төгрөгийн үнэлгээ бүхий бензин моторт хөрөө зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч ойн экологид учруулсан 9,558,954 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “KIA Bongo”-3 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 101 ширхэг нойтон нарс модыг битүүмжилсэн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 101 ширхэг нойтон нарс мод, “KIA Bongo”-3 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын тамгын газарт хадгалагдаж байгаа болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн /их бие нь ногоон, улаан тагтай/ бензин моторт хөрөө зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 3 сарын хугацаанд Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан хохиролд 9,558,954 / ойн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 3,186,318 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн орлого болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 101 ширхэг нойтон нарс мод, *******ы өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 12,250,000 төгрөгийн үнэлгээ бүхий “KIA Bongo”-3 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 100,000 төгрөгийн үнэлгээ бүхий бензин моторт хөрөө зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч ойн экологид учруулсан 9,558,954 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “KIA Bongo”-3 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 101 ширхэг нойтон нарс модыг битүүмжилсэн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.
8. Шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 101 ширхэг нойтон нарс мод, “KIA Bongo”-3 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын тамгын газарт хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.
9. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн /их бие нь ногоон, улаан тагтай/ бензин моторт хөрөө зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ