Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/65

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга О.Билгүүн    

Улсын яллагч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,,,,,,,,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн орчимд Дундговь аймгийн сумын 7 дугаар баг сумын Засаг даргын тамгын газрын гадна байх автомашины зогсоолд хохирогч өөрийн гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа алгадах, үснээс нь татаж унагах, газар унах үед толгойгоор нь газар мөргүүлэх зэргээр биед нь халдан эрүүл мэндэд нь “тархи доргилт, дагз, баруун, зүүн зулай хэсгийн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт зулгаралт, зүүн хацар, баруун бугалга, сарвуу, гуя, шилбэ, зүүн өгзөг, шилбэнд зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                  Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:  

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******д зодуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч “2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн үед ажлынхаа , гэх хоёр хүнтэй гадуур явж байгаад өөрийн ажил болох сумын засаг даргын Тамгын газрын гадна тэр хоёрыг буулгаад тэр хоёр ажил руу орсон. Би өөрийнхөө машинтай ажлын гадна зогсоолоос хөдөлтөл миний машины хаалгыг татаад нээсэн. Тэгээд намайг шууд үсдээд машинаас буулгах гээд татсан. Би “хүүе ээ чи яаж байна би машинаа зогсооё” гэж хэлсэн. Тэгээд би машинаа зогсоотол намайг машинаас татаж буулгаад үгийн зөрүүгүй намайг үснээс зулгааж хэвтүүлээд газар толгойгоор маань мөргүүлээд, нүүр рүү гараараа цохиж, самардсан мөн өшиглөсөн. Тэгтэл манай ажлын жижүүр ах ирж салгаад намайг өөрийнхөө машин руу суулгасан... Намайг машинаас үсдэж буулгаж унагаад цемент мөргүүлж нүүр рүү гараараа цохиж самардсан, бас бөгс нуруу хэсэг рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 05-06, 08-р хуудас/

Гэрч “... эгч “энд машин зогсож байна уулзчихаад ирье” гээд буусан. Тэгээд эгч машины хаалгыг нээсэн чинь Уранжаргал машинтайгаа хөдөлсөн. эгч машины хаалганаас чирэгдсэн. Тэгээд бид 2 эгч, Уранжаргал хоёрын хажууд нь очтол тэр 2 зууралцаад Уранжаргал болиоч гээд 2 гар нь сарвалзаад эгч, үснээс нь баруун гараараа зуурчихсан хандаж “би чамайг больчих гэж гуйсан биз дээ” гээд хашхираад байж байсан. Тэгээд бид хоёр тэр хоёрыг салгасан. Бас 1 танихгүй ах ирж салгалцсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11-р хуудас/

Гэрч Ц.ын “... үснээс нь тавихгүй татаад байж байсан чинь 1 танихгүй ах ирээд бид хэдийг салгаад аваад явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16-р хуудас/

Гэрч “2025 оны 02 дугаарын сарын 06-ны өдөр би сумын тамгын газарт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан ба би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй гадуур явчихаад буцаад сумын тамгын газрын урд талын зогсоол дээр ирээд зогсох үед тус зогсоолын зүүн үзүүрт тээврийн хэрэгслийн урд хоёр дугуй явган хүний зам дээр гараад зогссон байдалтай байсан. Тээврийн хэрэгслийн хажуу талд Б.Уранжаргал хэвтсэн дээр нь нэг******* суучихсан үснээс зулгаагаад газар мөргүүлж байсан. Хажуу талд нь хоёр******* зогсож байсан. Тэгээд би очиж Б.Уранжаргал болон нөгөө******* хоёрыг салгаад машиндаа суулгасан. Тэр хүмүүсийг явсны дараа би машинаасаа буулгасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-р хуудас/

Гэрч А.гийн “... Өглөө болон өдөр хамт явах үед биед гэмтэл шарх байхгүй байсан. Тэгээд ажил руу өрөөндөө ороод цонхоор хартал 1******* хүн зодож байсан. Тэгээд ажлаас буцаад гараад очих үед манай жижүүр ах машиндаа суулгасан байсан. Очих үед Уранжаргал уйлаад нүүр нь урагдсан, хавдсан мөн үс нь унасан байсан. ... Манай нягтлан бодогч эхнэр гэдэг хүнд зодуулсан гэж манай ажлын хүмүүс хэлж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р хуудас/

Гэрч Ц. “...Манай эхнэр нь надтай хардаад цохиж зодсон байх...” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-р хуудас/

Шүүгдэгч *******гийн талаархи лавлагаа, /хх-ийн 36-р хуудас/

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаартай “ биед тархи доргилт, дагз, баруун, зүүн зулай хэсгийн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт зулгаралт, зүүн хацар, баруун бугалга, сарвуу, гуя, шилбэ, зүүн өгзөг, шилбэнд зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийсэн өдрөөс 1-2 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Тархи доргилт гэмтэл нь дангаараа бусад гэмтлүүд нь бүрдэл байдлаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 23-25-р хуудас/ нотлогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч хардалтын улмаас нүүрэн тус газарт нь гараараа алгадах, үснээс нь татаж газар унагах, унах үед нь толгойгоор нь газар мөргүүлэх зэргээр биед нь халдан зодсон байх ба уг үйлдэл хийхэд биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой.

Ийнхүү ухамсарлаж байгаа боловч уг зүйлийг шууд хүсэж хийн үйлдлээрээ хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч ******* нь хохирогч биед халдаж байгаа үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч биед шууд санаатай халдсан үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч *******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Уранжаргал нь “Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” талаархи тэмдэглэл /хх-ийн 94-р хуудаст авагдсан/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            Прокуророос шүүгдэгч *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй, цаашид хохирогч хохирол нэхэмжилсэн тохиолдолд нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлсэн болно.

            Улсын яллагч шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдаанд оролцогч нар уг саналыг дэмжиж байна.

            Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүхээс шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч овогтой г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүйг дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ТӨРБОЛД