| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2002005260339 |
| Дугаар | 2021/ДШМ/317 |
| Огноо | 2021-03-30 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2021/ДШМ/317
2021 3 30 2021/ДШМ/317
Н.Э-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Батбямба,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/123 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Батсайханы бичсэн 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 15 дугаартай эсэргүүцлээр Н.Эад холбогдох 2002005260339 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Хэрээдээ овгийн Н-ийн Э, 2001 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:/,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 942 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;
Шүүгдэгч Н.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах ногооны талбайн орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 398 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан, улмаар 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтайн 2 дугаар гудамжинд 09-46 УНП улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд сууж байхдаа биедээ 192 грамм жинтэй болон Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр Хамбын 8 дугаар гудамжны 33 тоотод оршин суух гэртээ 206 грамм жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 398 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ хадгалсан гэмт хэрэг холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Н.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Эыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Эыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Н.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 942 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон нийт 15 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 15 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Н.Эын эдлэх 1 жил 15 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан, Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд байгаа: “Voyge” гэх бичиглэлтэй 1,5 литрийн хуванцар сав, дотроо өнгөгүй шингэн зүйлтэй, 220 мл савлагаатай, Blue Flams Gas гэх бичиглэл бүхий газ 2 ширхэг, хужирт нэртэй шил мэт зүйл 1 ширхэг, шар өнгийн асаагуур 1 ширхэг, мөнгөлөг тугалган мэт цаас 1 ширхэг, газны улаан өнгийн таг 1 ширхэг, цагаан цэнхэр өнгийн ууттай Сэтгэцэд нөлөөт бодис буюу Дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис зэргийг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, Н.Эад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тооцож, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Батсайхан бичсэн эсэргүүцэлдээ: “Шийтгэх тогтоолын үндэслэл болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах тухай хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний зохицуулалт юм. Харин хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасан ба уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх талаар тусгасан бөгөөд уг журмын дагуу шийдвэрлэхээр байна. Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэжээ.
Прокурор Ц.Батбямба тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Н.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр, ногооны талбайн орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 398 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан, улмаар 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр, Алтайн 2 дугаар гудамжинд 09-46 УНП улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд сууж байхдаа биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 192 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ хадгалсан,
мөн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хамбын 8 дугаар гудамжны 33 тоотод оршин суух гэртээ 206 грамм жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 398 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэрч Л.Дэмбэрэлдоржийн “2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гэрээсээ гараад 800 метр орчим явж байтал Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн 2 дугаар гудамжны 167 тоот орчим саарал өнгийн 09-46 УНП улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгсэл дотор хоёр эрэгтэй хүн сууж байхаар нь сэжигтэй харагдаад шалгах гээд өөрийн унаж явсан машинаасаа бууж очоод уг тээврийн хэрэгслийн жолоочийн хаалгыг онгойлгоод бичиг баримтыг нь шалгаж үзэх гэхэд машин дотроос газ их хэмжээгээр үнэртэж байсан бөгөөд 2 ширхэг ахуйн хэрэглээний газ, 2 ширхэг ахуйн хэрэглээний гялгар уут, 400 орчим грамм цэнхэр өнгийн гялгар уутанд хийсэн өвс мэт зүйл машины хойд сандал дээр байхаар нь 102 дугаарын утас руу холбогдож дуудлага өгсөн. ...” /хх 46-47/,
гэрч Г.Бадамсүрэнгийн “2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 16 цагийн орчим Н.Эрхбаяр нь миний 89988902 гэсэн гар утас руу залгаад уулзъя гэж дуудахаар нь би эхнэр болох Гантулгын эзэмшлийн 09-46 УНП улсын дугаартай саарал өнгийн Тоёота Приус загварын машиныг унаж яваад Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Эрхбаяртай уулзаад тухайн хорооны газар нутагт байрлах гэр хороолол дунд автомашинтай зогсож юм ярьж сууж байгаад “ахуйн газ сорж үзье” гэж ярилцаад машин дотор байсан газан плетканаас газыг нь авч уутанд хийж шахаж байгаад сороод байж байтал нэг цагдаа хүрч ирсэн. ...” /хх 56/,
“Шинжилгээнд ирүүлсэн “Нямдаваа Э ПК01312110” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Нямдаваа Э ПК01312110” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5294 шинжээчийн дүгнэлт /хх 78-80/,
“Шинжилгээнд ирүүлсэн “Э 18/эр” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Э 18/эр” гэж цуснаас тетрагидроканнабинол илэрч байна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5292 шинжээчийн дүгнэлт /хх 82-84/,
“Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “09.19-нд СХД-н 30-р хороо, Алтайн 2 дугаар гудамжинд 09-46 УНП дугаартай саарал өнгийн Приус-30 загварын машинд хар тамхи, газ хэрэглэн мансуурсан гэх хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн ургамал мэт зүйл Шинжээч: д/ч Ч.Гантогтох” гэсэн хаягтай гаялгар уутанд хийсэн нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйл, “09.19-нд СХД-н 30-р хороо, Хамбын 8-33 тоотод хийж үзлэгээр бэхжүүлэн авсан ургамал мэт зүйл Шинжээч: д/ч Ч.Гантогтох” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн № 5339 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 86-89/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-16/, Н.Эын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 23-26/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгч Н.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах ногооны талбайн орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 398 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан, улмаар 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтайн 2 дугаар гудамжинд 09-46 УНП улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд сууж байхдаа биедээ 192 грамм жинтэй, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр Хамбын 8 дугаар гудамжны 33 тоотод оршин суух гэртээ 206 грамм жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 398 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ тус тус хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж үзэв.
Прокурор Б.Батсайханы бичсэн “...хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасан ба уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх талаар тусгасан бөгөөд уг журмын дагуу шийдвэрлэхээр байна. Иймд шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.
Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүнд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахыг хэлнэ.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн ауюлгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устах ...эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй ...гэж үзвэл шүүх дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж болно”, 1.4 дэх заалтад “устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх” гэж тус тус заажээ.
Шүүх, Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлүүдийг устгуулахаар заахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэсэн нь буруу байх тул магадлалаар зөвтгөж, шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Түүнчлэн, анхан шатны шүүх Н.Эад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 942 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагар хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж тухайн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно.” гэж заасан байхад 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 942 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч Н.Э болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гардаж авсан тул 14 хоногийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэж давж заалдах гомдол гаргах хугацаатай адилтган хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгов.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд ...газан плитка зэрэг эд зүйлсийг гэрэл зургаар бэхжүүлэн тэмдэглэлд тусгав /хх 5/, цагдаагийн ахмад Н.Мөнхдаваа нь ахлах мөрдөгч Д.Бат-Эрдэнээс “хар өнгийн хайрцагтай /Pottable Gas Stove/ гэсэн бичигтэй гаазан плитка 1 ширхэг, зиплок түгжээ бүхий гялгар уутанд боосон Mevius нэртэй тамхины хайрцаг гэх зүйлийг хүлээн авав” гэсэн эд мөрийн баримт хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 43/ тус тус хэрэгт цугларсан байхад эдгээр зүйлсийг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, яллах дүгнэлтэд дурдагдаагүй болохыг анхааруулж байна.
Иймд прокурор Б.Батсайханы бичсэн 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 15 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, магадлалд дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 6 дахь заалтад өөрчлөлт оруулж, 3 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Э 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 60 /жар/ хоног цагдан хоригдсон хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/123 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.
2. Шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Эын эдлэх 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,
- 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар...” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эын 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 60 /жар/ хоног цагдан хоригдсон хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ