| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 194/2025/0926/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1141 |
| Огноо | 2025-05-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Баасанбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1141
2025 05 05 2025/ШЦТ/1141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Б.Баасанбаяр /томилолтоор/,
хохирогч Б.Б,
шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч И.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 04 цагийн орчимд ********* дүүргийн *** дүгээр хороо **** дугаар байрны *** дугаар орцныүүдэнд Б.Бтэй нус цэрээ хаялаа гэх шалтгааны улмаас маргалдаж түүний халдан цохиж, зодон хохирогчийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хацар яс, хамар яс цөмөрсөн хугарал, зовхи, хамар, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус хуралт, зулгаралт, хэвлийд цус хуралт гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн хэрэг гардаг өдөр хохирогч Б.Б гэнэт хөлөө тат гээд гараад ирсэн. Цаагуураа явчих гэсэн чинь орцонд нус цэрээ хаясан гээд хөл рүү цохисон. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч өөрийгөө хянах чадвартай байсан. Хэрэг гарах үед цагдаа дуудсан. Хохирогч эхлээд намайг цохиход би цагдаа дуудаагүй. Цагдаа дуудна ч гэж бодоогүй. Би хохирол төлөх гээд зээл авахаар хүсэлт гаргасан байгаа. Төлөхөө илэрхийлж байна. Тухайн үед биеэ хянаж чадаагүй миний буруу. Цаашид ийм үйлдэл гаргахгүй” гэв.
Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “******* дугаар байрны 2 дугаар орцод манай хадмынх байдаг. Тухайн өдөр манай эхнэр хүүхэд тэнд байсан. Би үүрээр орж явсан. Орцны үүдэнд сууж байсан. Харанхуй байсан би учраас хараагүй. Тамхи татаад орцны үүдэнд шүлсээ хаяад байсан. Би шаардлага тавихад босож ирээд намайг сандал дээр хавсарч цохисон. Би ухаан алдаж сэргэсэн. Цагдаа ирэн иртэл намайг зодсон. Цагдаа ирээгүй бол намайг үргэлжлүүлж зодоод алах байсан. Нүүр ам танигдахын араггүй болсон байсан. Зарим зүйлээ санахгүй ухаан алдсан байсан. Тухайн үедээ цагдаа нарыг хүртэл олуулаа байна гэж харсан. Эхнэр хүүхдээ дуудаад ир гээд орилоод байсан. Нүдний шил унаж нүдний доор цохисон байсан. Би өс хонзонтой биш биз дээ яагаад намайг ингэтэл нь зодож байгаа юм бэ гэж хэлсэн. Шүүх хуралдаан боллоо гэхэд 7 хоногийн өмнө мөнгө шилжүүлсэн. Тухайн үед согтолттой байсан ч өөрийгөө хянах чадвартай байсан. Хэрэг гарснаас хойш Гэмтлийн эмнэлэг хувийн эмнэлэг, 1 дүгээр эмнэлгүүд дээр үзүүлээд карт дээр бүртгээд явсан. Сэтгэл санааны хохирол 8.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны 6.000.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн хагалгааны зардлаа нэхэмжилж байна. Хагалгааны зардал одоо эмнэлгээс өгөх боломжгүй. Хагалгаанд орсны дараа өгнө гэсэн. С.Б намайг хагалгаанд орсны дараа хохирол төлбөр өгнө гэж хэлсэн. Одоо миний хамар битүүрч шөнө унтаж чадахгүй байгаа. Нэг талын хамар унжсан байдалтай байгаа нүүр далий болох магадлалтай гэсэн. Тухайн үед гэмтлийн эмнэлгээс 1 дүгээр эмнэлэгт очиж үзүүл гэхээр нь очиж үзүүлсэн. Дараа нь дүүргийн эмнэлэгт бүртгүүлэх ёстой байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Бийн "... Би 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр найз болох Д-тэй хамт ******* гэх бааранд орж сууж ууцгаасан. Найз Д-өөс салаад би 01 дүгээр сарын 18-ны үүрээр 04 цагийн орчимд хадам болох Ч-нд очих зорилгоор ******** дүүргийн *** дүгээр хороо ****** дугаар байр луу явсан. Тус байрны 2 дугаар орцны үүдэнд явж байхад үл таних хүнд зодуулсан, би орцны үүдэнд ирэхэд үл таних залуу шүлс, нус цэрээ хаяаад байсан тэгэхээр нь би "чи болиоч" гэж хэлэхэд тэр залуу "чамд ямар хамаатай юм" гэж хэлсэн мөн хараалын үг их ашиглаж байсан тэгээд үл ялих маргаанаас болж муудалцаж намайг тэр залуу орцны үүдэнд байрлах сандал дээр унагааж байгаад миний нүүрний зүүн хэсэгт маш олон удаа гараараа цохисон. Би сүүлд ухаан балартаад ухаан алдсан цагдаа нар ирсэн үгүйг сайн анзаараагүй, цагдаа нар иртэл намайг цохисон, цагдаагаас ирээд тэр залууг болиулсан....... 2025.01.22-нд IMR-д үзүүлсэн 400,000 төгрөг, 2025.01.22-нд толгойн томо грапик-д үзүүлсэн 150,000 төгрөг, 2025.01.27-нд нүд үзүүлсэн 400,000 төгрөг, 2025.01.24-нд эм авсан 18,735 төгрөг, 2025.01.20-нд эм авсан 35,960 төгрөг, 2025.01.23-нд цус болсон куртик угаалгасан 30,900 төгрөг, 2025.01.26-нд эм авсан 4,000 төгрөг, 2025.01.29-нд бие үзүүлэх зогсоолд зогссон 14,000 төгрөг, 2025.01.24-нд эм авсан 143,609 төгрөг, 2025.01.27-нд нүд үзүүлсэн 400.000 төгрөг, надад учирсан гэмтэлт холбоотой 2025 оны 01 дүгээр сарын 18-аас 02 дугаар сарын 15-г хүртэл эрүүл мэндээ үзүүлэх гэж бензин авсан 270.000 төгрөг уг мөнгөөр эмнэлэг, эмийн сан, цагдаа дээр очсон, шүүх шинжилгээнд очих гэж явсан. Би одоогоор хагалгаанд ороогүй байгаа, Гранд мед эмнэлэгт очиж үзүүлэхэд дунджаар 4,500,000 төгрөг болно гэж байсан. Мөн би "***********” ХХК-д ажилдаг байсан нийт 25 хоног ажиллаагүй тэдгээр өдрүүдийн өдрийн цалинг нөхөн төлүүлж авах шаардлагатай байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 23-24 дүгээр хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч А.П-ын ".. Би ******** дүүргийн ******* дугаар байрны ****** тоот гэртээ унтаж байсан, тэгтэл гадаа хүмүүс хашиграад муудалцаад байсан. Цонхоор харахад орцны үүдэнд 3 хүн байсан. Тэр 3-н 2 эрэгтэй нь хоорондоо зодолдсон нэг их удалгүй эмэгтэй нь байхгүй болсон байсан. Зодож байсан залуу нөгөө залууд хандаж "Чи намайг зодох уу?" гэж хэлээд цохиод байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Нэг залуу нь сандал дээр унасан, нэг залуу нь дээр зогсоод унагаасан залууг зодож байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн28-30 дугаар хуудас/,
- Гэрч А.Д-ийн "... Би тэр залуутай байрны орцны үүдэнд юм яриад сууж байсан тэгээд байж байтал нэг үл таних ах ирээд хог, нус цэрээ хаялаа гэж хэлсэн, надтай уулзаж байс байсан залуугийн хажуугаар нь гарахдаа тэр ах хөлөө татаач гэж хэлсэн. Тэгтэл надтай уулзаж байсан залуу "цаагуур нь явах зай байгаан биш үү гэж хэлсэн" тэгээд тэр 2 хоорондоо муудалцаж эхэлсэн, тэгээд тэр 2-г хэрүүл хийж байхад нь би гэр лүүгээ гүйгээд орсон. Би сайн хараагүй хоорондоо хэрүүл хийгээд босоод бие бие рүүгээ дайрах мөчид би орц руугаа гүйж орсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн *********** дугаартай "... Б.Б-ийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хацар яс, хамар яс цөмөрсөн хугарал, зовхи, хамар, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус хуралт, зулгаралт, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Х.Хулан, З.Амар-Амгалан нарын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаартай "... Б.Б-ийн сэтгэцэд 2025 оны 01 дүгээр сарын 18-ны үүрээр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна..." гэх дүгнэлт /хх-ийн 55-57 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 04 цагийн орчимд ********* дүүргийн *** дүгээр хороо **** дугаар байрны *** дугаар орцныүүдэнд Б.Бтэй нус цэрээ хаялаа гэх шалтгааны улмаас маргалдаж түүний халдан цохиж, зодон хохирогчийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хацар яс, хамар яс цөмөрсөн хугарал, зовхи, хамар, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус хуралт, зулгаралт, хэвлийд цус хуралт гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн баримтаар нэхэмжилсэн төлбөрийг шүүгдэгч төлсөн байна. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилж байгаа цалин хөлс болон хагалгааны зардлыг өнөөдөр гаргаж өгсөн баримтаар нэхэмжлэх боломжгүй байна. Иймд цалин хөлс болон хагалгааны зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол 2 дугаар зэрэг гэж гарсан байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхээр буюу 4.620.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Ч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид хохирол учруулсандаа уучлалт гуйж байгаа. Залуу хүн уур омгоо дарж чадахгүй ийм зүйлд холбогдсон байна. Хохирогчийн зүгээс хохирлын баримтаа бүгдийг нь аваад ирсэн бол нэг мөр тохирчих боломж байсан. Баримттай гарсан төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Хохирогч талаас хагалгаанд орох мөн цалин хөлстэй холбоотой хангалттай баримтаа гаргаж өгөөгүй, мөнгөн дүн байхгүй байна. Сэтгэл санааны хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа. Бусад хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Сэтгэл санааны хохирлыг улсын яллагчийн саналаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Б шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Хохирлоо барагдуулчихвал гомдол санал байхгүй. Дараагийн шатны шүүхэд баримтаа бүрдүүлэн хандана. Сэтгэл санааны хохирлыг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч С.Б гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 04 цагийн орчимд ********* дүүргийн *** дүгээр хороо **** дугаар байрны *** дугаар орцныүүдэнд Б.Бтэй нус цэрээ хаялаа гэх шалтгааны улмаас маргалдаж шүүгдэгч С.Б нь Б.Бийг цохиж зодон зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хацар яс, хамар яс цөмөрсөн хугарал, зовхи, хамар, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус хуралт, зулгаралт, хэвлийд цус хуралт гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Би 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр найз болох Д-тэй хамт ******** гэх бааранд орж сууж ууцгаасан. Найз Д-өөс салаад би 01 дүгээр сарын 18-ны үүрээр 04 цагийн орчимд хадам болох Ч-нд очих зорилгоор ******* дүүргийн *** дүгээр хороо **** дугаар байр луу явсан. Тус байрны 2 дугаар орцны үүдэнд явж байхад үл таних хүнд зодуулсан, би орцны үүдэнд ирэхэд үл таних залуу шүлс, нус цэрээ хаяаад байсан тэгэхээр нь би "чи болиоч" гэж хэлэхэд тэр залуу "чамд ямар хамаатай юм" гэж хэлсэн мөн хараалын үг их ашиглаж байсан тэгээд үл ялих маргаанаас болж муудалцаж намайг тэр залуу орцны үүдэнд байрлах сандал дээр унагааж байгаад миний нүүрний зүүн хэсэгт маш олон удаа гараараа цохисон…” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ********* дугаартай "... Б.Б-ийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хацар яс, хамар яс цөмөрсөн хугарал, зовхи, хамар, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус хуралт, зулгаралт, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт болон гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч С.Б нь хохирогч Б.Бийн эрүүл мэндэд халдаж зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хацар яс, хамар яс цөмөрсөн хугарал, зовхи, хамар, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус хуралт, зулгаралт, хэвлийд цус хуралт гэмтэл учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч С.Б нь хохирогч Б.Бийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч С.Бын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох торгуулийн ял оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох торгуулийн ял оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Б шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч С.Б эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүх шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж,
511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч С.Б нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Хохирогч Б.Б нь эмчилгээний зардал, ажилгүй байсан үеийн цалин хөлс нийт 14,000,000 төгрөг болон сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилнэ гэсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 1,140,000 өгсөн байна. Хохирогч одоог хүртэл эмчилгээ хийлгэх шаардлагатай, цаашид хагалгаанд орох нөхцөл байдалтай гэх нөхцөл байдлыг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6,600,000 төгрөгөөр тооцож үнэлэн гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгч С.Б болон түүний өмгөөлөгч И.Ч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулж, 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр сэтгэцийн хор уршигийн хохирол, хамрын хагалгааны зардал, ажилгүй хугацааны цалин зэргийг тооцож нийт 17,600,000 төгрөг хохирогчид төлөхөөр тохиролцож 7,600,000 төгрөгийг хохирогч Б.Балжиннямд дансаар шилжүүлж үлдсэн 10,000,000 төгрөгийг 2025 оны 05 сарын 05-ны өдөр шилжүүлэхээр тохиролцсон байх тул шүүгдэгчээс 10,000,000 төгрөгийг гаргуулахаар тогтоолд дурьдаж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт С.Б-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Баас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 10,000,000 төгрөгийг 2025 оны 05 сарын 05-ны өдөр гаргуулж, хохирогч ******** дүүргийн ****** дугаар хороо ********* тоотод оршин суух Б.Б-д олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ