| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 194/2025/0950/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1135 |
| Огноо | 2025-05-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 12.5.2.1, |
| Улсын яллагч | Э.Баасанжаргал |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1135
2025 05 05 2025/ШЦТ/1135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Э.Баасанжаргал,
шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *овогт * холбогдох эрүүгийн “” дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х.М
Монгол Улсын иргэн*
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 24-ний шөнийн 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр ****** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.А үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зүүн нүд рүү нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2022 оны *дугаар сараас эхлэн насанд хүрээгүй хохироч Э.А* арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж ‘Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох" гэмт хэргийг Э.А-ийг 15 нас 11 сартайд нь буюу *оны 05 дугаар сард жирэмсэн болгож хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны *дугаар сарын 28-ны өдрийн *дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Мнь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар тус тус оролцсон болно.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд Х.Мнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 24-ний шөнийн 23 цагийн үед *дүүргийн *дугаар хорооны нутаг дэвсгэр ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.А-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зүүн нүд рүү нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн *оны 12 дугаар сараас эхлэн насанд хүрээгүй Э.А-ийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж ‘Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох" гэмт хэргийг Э.А-ийг 15 нас 11 сартайд нь буюу ** оны 05 дугаар сард жирэмсэн болгож хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дугаар тал/,
Насанд хүрээгүй хохирогч Э.А*ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энэ оны 10 дугаар сарын 25-ны өдөр хамтран амьдрагч Х.М-ийн хамт 20 цагийн үед найз Ө-ын машины гэрлийг солих гээд очсон. Тэгээд 22 цагийн үед Ө-ын хашаанаас гараад “**” гэрийнхээ гадаа ирээд гэртээ орох гэж байхад М*“Уух зүйл авъя” гэж хэлээд намайг машинд үлдээгээд өөрөө дэлгүүр орсон. Тэгээд намайг машинд сууж байхад М* дэлгүүрээс гарч ирэхгүй удаад байсан. Удалгүй М* найз Ө-ыг дуудаад намайг хүлээж байх үед Ө-ын машинд пиво уусан байсан. М* бид хоёр 23 цаг өнгөрч байхад гэрт ороод өрөөндөө ороод унтах гэж байх үед би М-ийг “Чи найзуудтайгаа нийлж пиво уугаад байх юм, найз нар чинь чамайг гэдэггүй биз дээ?” гэж хэлсэн чинь М* уурлаж миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би М-ийн мөр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Би нүдээ цохиулчихаад толинд харахад миний нүд хавдаад хөхөрсөн байхаар нь өрөөнөөс гараад ээж Цогзолмаагийн өрөөнд очоод М* миний нүд рүү цохичихлоо гэж хэлсэн чинь ээж цагдаад дуудлага өгсөн. М* бид хоёр хамтран амьдрагч, хамт амьдраад 2 жил орчим болж байна...М* миний зүүн нүд хэсэгт гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-21 дүгээр тал/,
Насанд хүрээгүй хохирогч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Намайг А* гэдэг одоо 17 настай настай, *дүүргийн *дүгээр сургуулийн *ангид сурдаг. Би 2022 онд хамтран амьдрагч Х.М-тэй танилцаад үерхэж эхэлсэн бөгөөд 2022 оны 12 дугаар сараас М-ийн хамт манай гэрт буюу *дүүргийн *дугаар хороо ****тоотод амьдрах болсон. Тэгээд М* бид хоёр 2023 оны 06 дугаар сард жирэмсэн болсноо мэдсэн бөгөөд хүүхдээ гаргахаар шийдсэн. Тэгээд 2024 оны 03 дугаар сард охинтой болсон юм. М-тэй хамт амьдарснаас хойш хэрүүл маргаантай байдаг байсан бөгөөд надад 2-3 удаа гар хүрч байсан. Би тухайн үед нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй бөгөөд сүүлд 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нийг шилжих шөнө М* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд гэртээ орж ирээд хэрэлдэж маргалдаж байгаад миний зүүн нүд хэсэг рүү нэг удаа цохихоор нь би цагдаагийн байгууллагад хандсан юм. Би М-тэй 2022 онд танилцаад хамтран амьдарч байгаа юм. Бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. М* нь одоо 20 настай. Аав ээж нь манай хажуу байранд амьдардаг. Айлын том хүүхэд байгаа юм. 2022 оны 12 дугаар сарын сүүлээр хамтран амьдарч эхлээд бэлгийн харилцаанд орсон. Би тухайн үед 15 настай байсан бөгөөд намайг 15 настай гэдгийг М* мэдэж байсан. Бид хоёр харилцан тохиролцон ярилцаж байгаад бэлгийн харилцаанд орж байсан...' гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-25 дугаар тал/,
Гэрч Р.Ц* мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Манай охин А* нь 2022 онд М* гэх залуутай үерхэж эхэлсэн гэж хэлэхэд нь би эсэргүүцэж байсан. Тэгээд охиноо гэрээс нь гаргахгүй хардаг байсан бөгөөд М* гэх залуу манай гэрээр орж гардаг болсон. Тэгээд манай хадам ээжийн бие муу байсан болохоор би эмнэлэг гэр хоёрын хооронд явж байхад манай гэрт М* байдаг байсан. Тэгээд охиныхоо сарын тэмдэг ирж байгаа эсэхийг шалгах гээд хэрэглэлийг нь шалгаж үзэхэд ирээгүй гэдгийг нь мэдээд жирэмсэн болсон талаар нь мэдсэн бөгөөд М-тэй уулзаад хэлэхэд “Би хариуцлагаа хүлээнэ” гэж байсан. Би тухайн үед жирэмсний хяналтад оруулах гээд эмнэлэг болон цагдаагийн байгууллагаар явж байсан. Тэгээд охин А-ийг жирэмсэн болсон тул сэтгэл санааг нь тайван байлгахын тулд М-ийг гэртээ байлгаж байсан. М* нь манай гэрт байх хугацаандаа намайг хэл амаар доромжилж, манай нөхөр, охин хоёрт гар хүрч хэрүүл маргаантай байдаг байсан. Охиноо төрсөн цагаас хойш М-ийн аав, ээжид хүүхдээ гэртээ аваад амьдраач гэхэд хүүхдээ тоохгүй аавтайгаа таардаггүй гэх зэрэг үг хэлж байсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-33 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн *оны 10 дугаар сарын 30-ны өдрийн "...Э.А-ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх **дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,
Нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 65-69 дүгээр тал/,
“Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч” эрүүл мэндийн дэвтэр /хавтаст хэргийн 75-113 дугаар тал/,
2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн **** төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 70 дугаар тал/,
Шүүгдэгч Х.Мө* шүүхийн хэлэлцүүлэгт: “...2024 оны 10 дугаар сарын 24-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба найз охинтойгоо маргалдсаны улмаас түүний нүд рүү цохьсон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар хөдөлбөргүй нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.М насанд хүрээгүй хохирогч Э.А нар нь 2023 оноос хойш хамтран амьдарч байгаа ба 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр охиноо төрүүлсэн буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.1-д “Эхнэр нөхөр гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж заасан ба шүүгдэгч Х.М*, хохирогч Э.А* нар нь тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд тооцогдохоор байна.
Шүүгдэгч Х.М нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй юм.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Х.М-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 24-ний шөнийн 23 цагийн үед *дүүргийн *дугаар хорооны нутаг дэвсгэр “*” **тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.А-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зүүн нүд рүү нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд. доод зовхи зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Мөн 2022 оны 12 дугаар сараас эхлэн насанд хүрээгүй хохирогч Э.А-ийг 15 настай болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж ‘Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох" гэмт хэргийг Э.А-ийг 15 нас 11 сартайд нь буюу 2023 оны 05 дугаар сард жирэмсэн болгож хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас, шүүгдэгч Х.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт 12 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Х.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Х.М-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн биелүүлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 8 сараар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-ийг эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суугаа *дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Х.М* нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч” /хавтаст хэргийн 75-113 дугаар тал/-ийг хохирогч Э.А-д буцаан олгож, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Х.М*т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Х.Мөнгөнтүлхүүрт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн биелүүлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 8 сараар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-ийг эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суугаа *дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мөнгөнтүлхүүр нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч” эрүүл мэндийн дэвтэр /хавтаст хэргийн 75-113 дугаар тал/-ийг хохирогч Э.А-д буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД