2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1213

 

   

                                                           

 

 

 

   

   2025       05         09                                     2025/ШЦТ/1213

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч С.Сүрэнхорол,

хохирогч Х.Э,

шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш нарыг оролцуулан,

           Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ** холбогдох эрүүгийн “**” дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Л.Н

Монгол Улсын иргэн*

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр *дүүргийн *дүгээр хороо *оотод шалтгаангүйгээр Х.Эр-ний баруун хөл хэсэгт нь хөлөөрөө дэвсэж улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны *дугаар сарын 17-ны өдрийн *дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар тус тус оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Л.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр *дүүргийн *дүгээр хороо * тоотод шалтгаангүйгээр Х.Э-ний баруун хөл хэсэгт нь хөлөөрөө дэвсэж улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь  хохирогч Х.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Тухайн шөнө унтаж байхад үүрийн 04:00 цагийн орчим гаднаас Н орж ирээд манай нөхөр бид хоёрыг хамт гэр рүүгээ явъя гээд дуудаад байхаар нь бид хоёр “Явахгүй” гэж хэлээд буцаад унтах гэхэд Н нь миний хөл дээр хөлөөрөө дэвсчихээд гараад явсан. Н-ыг гарсны миний хөл хавдаад өвчин ороод байхаар нь би нөхрөө явуулж Н-ыг дуудуулж бид нар хамт Гэмтлийн эмнэлэг орж зураг авхуулахад шагайны савх яс сэтэрсэн байна гээд хөлийг маань гипсдсэн. Би гэмтлийн эмнэлэг дээр байхад Н-т би гэмтлийн цагдаад хэлнэ гэхэд Н надаас “Гуйж битгий цагдаад өгөөч, би таныг ойглоно, та цагдаад битгий өгөөч” гэж гуйгаад байсан. Тэгээд эмнэлэгээс явж байхдаа Н картнаасаа 500,000 төгрөг аваад 100,000 төгрөгөөр эм тариа аваад үлдэгдлээр нь Н буцаад архи авахуулж уусаар байгаад дууссан. Тэгээд архины мөнгө дууссанаас хойш утсаа авахгүй гэрээр орж ирэхгүй алга болчихоор нь би хүлээж байгаад ирэхгүй утсаа авахгүй болохоор нь цагдаад хандаж байна. Үгүй бид хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Зүгээр нөхөр бид хоёрыг явахгүй гэхэд хөл рүү минь дэвсэж гэмтээчихээд гараад явсан. Би мэдэхгүй байна. Санаатай санамсаргүй байсныг нь мэдэхгүй миний хөл дээр дэвсэж гэмтээснээс өөр цохиж зодоогүй. Гомдолтой байна. Одоо хүртэл хөл эдгээгүй эмчилгээтэй байгаа..." гэх /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны *дугаар зарын 05-ны өдрийн №*дугаартай “...Х.Э-ийн биед баруун хөлийн тавхай, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн надварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн **дугаартай “...Хохирогч Х.Э-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт,

Хохирогч Х.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнөх шүүх хурал дээр мэдүүлэг өгсөн. Би амьдралгүй хүн биш. Би лангуун дээр суудаг мөн гэрээт инженер хийдэг. Энэ хүнд хүн чанар байхгүй тэр чигтээ алга болсон. Би хүрээд ирэх болов уу? гэж зөндөө харсан. Тэр өдөр дуудаагүй бол ийм зүйл болохгүй байсан. Сэтгэл санааны хувьд хүндрэлтэй байна. Манай нөхөр ажлаа хийж чадахгүй намайг сахиж байгаа. Сайхан уран цэцэн үгтэй хэр нь хүн чанаргүй. Удаан явж чадахгүй. Байнгын машинтай явж байгаа. Хөл хугараагүй байсан бол зүгээр байх байсан. Гипсээ авсны дараа зовуурь ихтэй байгаа. Үр хүүхдээ давхар зовоож байна...” гэх,

Шүүгдэгч Л.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр Д эгчийнд архи ууж байгаад Х.Э эгчтэй гар утсаар ярьсан. Х.Э эгч ирээд бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглээд ийм зүйл болсон...” гэх, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт агуулгын хувьд нийцсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримт зэргээр нотлогдож байна.

            Иймд шүүгдэгч Л.Н-рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялаас шүүгдэгчийг чөлөөлж шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн талаар: 

Хохирогч Х.Э-ийн сэтгэцэд учирсан хор уршиг нь 1 дүгээр зэрэглэлд хамаарч байх тул Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,980,000 төгрөгийг шүүгдэгч Л.Н-аас гаргуулан хохирогч --*****-****-*-д олгуулхаар шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар: 

Эрүүгийн хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Л.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялаас  шүүгдэгчийг чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Л.Н-аас 1,980,000 төгрөгийг гаргуулан хохирогч *********-д олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД