Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 133/ШШ2022/00293

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжэгч: ................ оршин суух, З овогт И-ын Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ЕБС-ын ЕБ-ын 0 дүгээр сургуульд

холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Б, түүний өмгөөлөгч Н.Чимэдрэгзэн, М.Цэрэндаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, гэрч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бямбадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч И.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие И.Б 2005 оноос Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуульд англи хэлний багшаар тасралтгүй 14 жил ажиллаж байгаад 2019 оны 05 сард эрүүл мэндийн шалтгааны улмаас нэг жилийн чөлөө авсан юм. Гэрэл 0 дүгээр сургуулийн захирал С нь намайг ажлын ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй байхад 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0 дүгээр сургуулийн захирлын Б/29 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлснийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа ороод 7 хоног цаг бүртгүүлж ажлаа хийж байгаад 08 дугаар сарын 25-нд ажлаас чөлөөлөх тушаал гарсныг мэдсэн. Надад уг тушаалыг хүлээлгэн өгсөн албан ёсны мэдэгдэл, баримт олгоогүй болно. Иймд дээр дурьдсан нөхцөл байдлуудыг харгалзан 0 дүгээр сургуулийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/29 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийж өгнө үү. Миний бие нь ерөнхий боловсролын 3-р сургуульд англи хэлний багшаар ажилладаг байсан ба 2019 оны 00 дүгээр сард ерөнхий боловсролын 4-р сургуульд шилжин ирээд сар гаруй хугацаанд ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас жилийн чөлөө авсан. Тэгээд нэг жил хотод амьдарч байгаад 2020 оны 03 дугаар сарын сүүлээр хотоос ирсэн. Чөлөөний хугацаа дуусах үед өргөдлөө өгөх гээд нэг удаа сургууль дээр очсон боловч сургууль цоожтой байсан ба тухайн үед ковид гарсан байсан ба сургууль танхимаар ажиллахгүй байсан. Түүний дараа сургуулийн захиралтай таараад тухайн үед уулзахад амралттай байсан бүх багш нарыг намраас 08 дугаар сараас ажилд нь буцааж авна одоо бол ажилд авах боломжгүй цахимаар орж байгаа гэж хэлсэн учраас миний бие нь 08 дугаар сард хүсэлтэй бариад сургууль дээр очсон. Намайг ирэх үед захирал маань ажилдаа ирээгүй амралттай байсан. Би 2-3 хоног ажилдаа явж байгаад захирлыг ирэхийг хүлээгээд 08 дугаар сарын 25-нд захирлыг ирэхээр нь уулзсан чинь танийг ажлаас халсан тушаал чинь 06 дугаар сарын 10-нд гарсан гэж хэлсэн. Түүний хариуд миний бие нь ажлаас халсан юм бол тушаалаа авъя шүүхээр явъя гэхэд миний тушаалыг өгөөгүй ба би шүүхэд хандаад шүүхээр ажлаас гарсан тушаалаа гаргуулж авсан. Миний бие нь ажилгүй байсан хугацааны цалин, төлбөрийг гаргуулахаар шүүхэд хандсан гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч Ч.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сургуулийн англи хэлний багш ажилтай И.Б-ын нэхэмжлэлтэй ерөнхий боловсролын 0 дүгээр сургуулийн захирал хариуцагч Ч.С миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд дараах тайлбарыг гаргаж байна. И.Б багш 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр жилийн чөлөө авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн өргөдөл өгөөд, шийдвэрлэгдээгүй байхад ажлаа таслаад явсан. 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр сургалтын менежер С.М холбогдох гэж оролдсон ч утсаа салгасан байсан. 2020 оны 05 дугаар сарын 10-аас сургалтын менежер Ё.Б, нийгмийн ажилтан С.М, бичиг хэргийн ажилтан А.О нар утас руу нь залгаж холбогдох гэхэд холбогдохгүй, хаягаар нь хайгаад олоогүй. Ажил тасалсан И.Быг сургуулийн англи хэлний багшийн ажлаас 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/29 тоот тушаалаар чөлөөлсөн. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүн ажилдаа оръё гэж ирээгүй, уулзаагүй. Нэг жилийн чөлөө нь өнгөрсөн байхад оръё гэж ямар нэгэн өргөдөл өгөөгүй. Энэ ажилтны жилийн чөлөөний хугацаа нь болсон байна гээд утас руу нь залгаад холбогдоогүй, манай бичиг хэрэгч хаягаар нь гэрт нь очиход өөр айл байсан гэдэг мэдээллийг өгсөн. Миний тухайд өмнөх хуралд нь орж байгаагүй захирлын зөвлөлийн дэргэдэх удирдлагууд нийлээд суухад энэ багшийн жилийн чөлөөний хугацаа дууссан байна гэдэг талаар ярьсан. Чөлөө хүссэн өргөдөл дээрээ өвчтэй гэдгийг нь тодорхойлсон ямар нэгэн нотлох баримт бичиг байгаагүй. Явсны дараа маргааш нь боловсролын газраас сургалтын чанарыг сайжруулах албаны маш том шалгалт ирдэг өдөр байхгүй байсан ба яг өмнөх өдөр нь чөлөө шийдвэрлэсэн хариу баримт авалгүй ширээн дээр өргөдөл үлдээгээд явсан байсан. Тэр чөлөөг нь шийдвэрлэх байсан юм уу, яах байсан юм маргааш нь шалгалт ороход анги удирдсан багш нь байхгүй анги удирдсан багшийн дэвтэр, журнал дээр цэг үсэг тавиагүй ангиа хүлээлгэж өгөлгүй ширээн дээр өргөдөл үлдээгээд явсан байсан. Жилийн дараа хугацаа нь дуусахад өөрөө ирээгүй. Ажилдаа орох уу гээд хэлэх гэхээр утас нь холбогдохгүй, гэртэй ч байгаагүй учраас нэг сар хүлээгээд ажлаас чөлөөлсөн тушаал нь гарсан гэв.

 

4. Нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар: -Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ц.Дашдоржийн нэрэмжит Говь-Алтай аймгийн ЕБС-ын ЕБ-ын 0 дүгээр сургуульд захирлын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/29 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, №000013822 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг ирүүлсэн байна.

Шүүхийн журмаар -Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ц.Дашдоржийн нэрэмжит Говь-Алтай аймгийн ЕБС-ын ЕБ-ын 0 дүгээр сургуульд захирлын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/29 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын эх хувь,

-Сургуулийн дотоод журам,

- 58 дугаартай ажилтан гарын үсэг зураагүй хөдөлмөрийн гэрээ зэргийг хариуцагч талаас нотлох баримтаар гаргуулсан байна.

 

5. Хариуцагч талаас нотлох баримтаар: Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ц.Дашдоржийн нэрэмжит Говь-Алтай аймгийн ЕБС-ын ЕБ-ын 0 дүгээр сургуульд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 146 дугаартай албан бичиг, Ажлаас чөлөөлөх тухай гэх хар өнгийн бэхээр засвар хийсэн бичиг зэргийг ирүүлсэн байна.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

6. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч И.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

7. Нэхэмжлэгч И.Б нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 0 дүгээр сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч И.Б нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 0 дүгээр сургуулийн захирлын 2019 оны 0 дүгээр сарын 01-ний өдрийн Б/28 дугаартай тушаалаар англи хэлний багшаар томилогдсон болох нь нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул хөдөлмөрийн харилцааны явцад үүссэн, шүүхэд харъяалагдах асуудлаар шүүхэд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

 

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр заасан байх тул нэхэмжлэгч И.Б нь уг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хэргийн харъяалал зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч И.Б нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/29 ажлаас чөлөөлөх тухай тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргахдаа 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ажилд ороод 7 хоног цаг бүртгүүлж ажлаа хийж байгаад 08 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гарсныг мэдсэн гэж тайлбарлаж, хариуцагч нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/29 дугаар тушаалыг хэзээ гардуулсан талаарх байдлаа нотлох баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийг шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзэв.

 

9. Нэхэмжлэлийн шаардлагын талаархи үйл баримт буюу ажилтанг ажлаас чөлөөлсөн үйл явц, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хууль зүйн үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл ажил олгогч ажилтанг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөрийн Б/29 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцлан дуусгавар болгож, ажлаас чөлөөлжээ.

 

Ажил олгогч ажлаас чөлөөлөх үндэслэлээ тодорхойлж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Монгол Улсын Бага боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2.17 дахь заалт, захирлын зөвлөлийн хурлын 2020 оны 08 дугаар хурлын шийдвэрийг тус тус баримтлан бичиж ажлаас чөлөөлсөн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол... ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ. Ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг авч үзэхийн тулд талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэх, гэрээндээ энэ талаар тухайлан заасан эсэх зэрэг нөхцөл байдлуудыг судлан тогтоох шаардлагатай болдог.

 

Хөдөлмөрийн гэрээ нь хоёр талт гэрээний нэг төрөл бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 24.1-д ...ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж,

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэж тус тус зааснаас үзэхэд гэрээг бичгийн хэлбэрээр байгуулахаар хуульчилсан байх ба бичгийн гэрээнд тавигдах стандарт шаардлага нь талууд гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон болох илэрхийлж гарын үсэг зурж баталгаажуулснаар байгуулагдсанд тооцдог.

Гэвч ажилд авах тушаал гаргасан, тодорхой хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн, ажил олгогчоос цалин, хөлс олгож байсан зэрэг байдлаар хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

10. Мөн ажлаас чөлөөлөх тухай тушаалд Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий боловсролын 0 дүгээр сургуулийн багш, ажилчдын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн нэгдсэн хурлаар хэлэлцэн баталсан сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2.17 дахь заалтыг үндэслэсэн байх ба 5.2.17-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 болон түүнээс дээш хоног ажил тасалвал ажлаас чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авна гэж заажээ.

 

11. Талуудын маргааны зүйл нь чөлөө олгосон эсэх дээр маргажээ. Нэхэмжлэгч нь ...2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр жилийн чөлөө авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн өргөдөл гаргасан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мгийн шүүх хуралдаанд гаргасан ...2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр жилийн чөлөө авах хүсэлтэй байгаа илэрхийлэн өргөдөл өгсөн гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий боловсролын 0 дүгээр сургуулийн багш, ажилчдын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн нэгдсэн хурлаар хэлэлцэн баталсан сургуулийн дотоод журамд чөлөө хүссэн өргөдлийг хэрхэн гаргах, хэнд хүлээлгэн өгөх талаар зохицуулаагүй байна. Мөн дотоод журамд өргөдлийг ямар хугацаанд, хэн хэрхэн шийдвэрлэж, ямар хэлбэрээр хариу өгөх талаар мөн журамлан зохицуулаагүй байна.

 

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд И.Б-ын чөлөө хүссэн өргөдлийг хэрхэн шийдвэрлэж, хариу өгсөн эсэх нь тодорхойгүй атлаа жилийн дараа 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна. Үүнд ажилтныг чөлөөгүй явсан, ажил тасалсан, сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах үндэслэлгүй юм.

 

12. Хуулийн шаардлагад нийцсэн байдлаар хөдөлмөрийн гэрээг ажилтантай байгуулаагүй, чөлөө хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлээр мөн хуулийн 40.1.4, сургуулийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2.17 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн И.Быг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй буюу ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

13. Иймд З овогт И-ын Б-ыг урьд эрхэлж байсан ажил болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багшийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх үндэслэлтэй байна.

 

14. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах шаардлага нь өөрөө хууль зүйн ойлголт бөгөөд нэхэмжлэгч олговрын дүнг хэргэх тодорхойлсноос хамаарахгүй бие даасан шаардлагын ойлголт буюу энэ хугацааны олговор авах хүсэл зоригоор нэхэмжлэлийн энэхүү шаардлага тодорхойлогддог. Шүүх ажилгүй байсан хугацааг тодорхойлохдоо ажилгүй байсан бүхий л хугацаагаар тодорхойлдог бөгөөд 2020 оны 6 сарын 10-нд чөлөөлөх тушаал гарсныг мөн оны 8 сарын 18-ны өдөр ажилдаа очоод ажиллаж байхдаа 8 сарын 25-ны өдөр мэдсэн гэснээс уг ажилласан хугацааг оролцуулан цалинг 8 сарын 18-ны өдрөөс тооцлоо. Мөн уг хэрэг нь шат шатны шүүхээр хянагдаад тодорхой хугацаа өнгөрсөн энэ хугацаа нэхэмжлэгчээс шалтгаалаагүй бөгөөд хариуцагчийн ажлаас чөлөөлөх шийдвэрийн үр дагавар үргэлжсэн байх тул энэ шүүх хуралдаан хүртлэх хугацаагаар тооцох нь зүйтэй юм.

 

Цалинг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрээс сүүлийн 3 сарын буюу 2019 оны 5, 7, 8 саруудад ажиллаж авсан цалингаас1сарынцалингийндундажийгтооцоход 262.742 + 935.623 + 935.623 = 2.133.988 / 3 = 711.329 төгрөг байх бөгөөд үүнээс нэг өдрийн цалинг тооцоход 711.329/21.5=33.085 төгрөг байх ба ажилгүй байсан хугацааг ажлаас чөлөөлөх тушаал гарсныг мэдсэн гэх хугацаа буюу 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс тодорхойлж 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажилгүй байсан  460 өдрийн цалинг тооцоход 15,219,100 төгрөг байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 15,219,100 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч И.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 0 дүгээр сургуульд даалгах нь зүйтэй байна.

 

15. Энэхүү иргэний хэргийн маргааны үйл баримт нь цаг хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө буюу 2020 онд болсон харилцаа байх тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлан хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Мөн шинэчилэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж  заасан байх тул өмнөх хууль болон түүний зорилго, үзэл санаанд нийцүүлэн гаргасан журмыг баримтлан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

16. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 15,219,100 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 234,045 төгрөг, нийт 304,245 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

 

Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 0-р сургуулийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, З овогт Ин Б-ыг урьд эрхэлж байсан ажил буюу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 0 дүгээр сургуулийн англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.Б-д 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 15,219,100 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 0 дүгээр сургуулиас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх ажилгүй байсан хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, И.Б-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 0 дүгээр сургуульд даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 15,219,100 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 234,045 төгрөг, нийт 304,245 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ц.ҮЙТҮМЭН