Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/115

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

улсын яллагч Б.Энхтулга,

шүүгдэгч *******,

шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******гийн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ердийн журмаар хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 09-ний орой Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 15-08 тоотод байх өөрийн гэртээ архи согтууруулах, ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******ыг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас буюу "хүүхдүүд хаяж явлаа" гэх шалтгааны улмаас түүний цээж, баруун гар, баруун талын гуя, нуруу хэсэгт нь гараараа цохиж, өшиглөж түүний биед баруун гарын бугалгын дотор дунд хэсгийн цус хуралт, цээжний зүүн дээд хэсгийн цус хуралт, баруун гуяны гадна дунд хэсгийн цус хуралтууд, зулгаралтууд, баруун хөлийн шилбэний булчин хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Хэлэх үг байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

2. ******* дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Зөрчлийн талаар гомдол мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

2.2. Хохирогч *******ын зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн "... Би хувиараа гоо сайхны бүтээгдэхүүн зардаг өөрийн гэсэн лангуу байхгүй болохоор явж зардаг юм. Би 2025 оны 02 дугаар сарын 07-ны орой 18 цагийн үед Манхан сум руу Биотоник, Ирсак, Атоми зэрэг Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн зардаг хүмүүстэйгээ яваад Манхан суманд 2 хоноод өнөөдөр 16 цагийн аймагт буцаж ирээд гэртээ орох гэтэл манай нөхөр ******* гэртээ оруулахгүй болохоор нь цагдаа дуудсан. Тэгтэл цагдаа нар ирэхэд манай нөхөр зугтаад явчихсан байсан. Би гэртээ орсон. Цагдаа нар буцаад явсны дараа 30 орчим минутын дараа манай нөхөр гэртээ орж ирээд намайг гарч зайл гээд миний нуруу луу гараараа цохиод намайг хаалгаар түлхээд гаргахад би газар унасан тэгтэл манай нөхөр миний нуруу болон хөл рүү 2-3 удаа өшиглөж цохисон тэгээд би цагдаа дуудсан юм..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 3-4 дэх тал),

2.3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд ажлаар яваад тэнд хоёр хоноод 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр оройн 17 цагийн үед гэрт иртэл манай нөхөр ******* намайг гэрт оруулахгүй хөөгөөд байхаар нь цагдаа дуудаад цагдаа нар иртэл манай нөхөр ******* хашаа даваад зугтаад явсан. Цагдаа нар яваад 30 минут орчим болтол миний нөхөр ******* гаднаас орж ирээд намайг хаалгаар түлхэж гаргаад миний цээж хэсэг рүү гараараа нэгээс хоёр удаа, баруун гарын булчин хэсэг рүү гараараа хоёр гурван удаа цохиод, баруун талын гуя болон нуруу хэсэг рүү газар унагаж байгаад 2 удаа өшиглөсөн. Тухайн үед бид хоёроос өөр хүн байхгүй байсан. Бид хоёр албан ёсны гэр бүл мөн. 2004 онд анх гэр бүл болж байсан. Дундаасаа 5 хүүхэдтэй, 01-07 насны. Сүүлийн 5 жил манай нөхөр ******* архи уусан үедээ байнга намайг ирж зоддог болсон. Би зодуулсан үедээ байнга цагдаагийн байгууллагад хандаж байсан. Миний нөхөр ******* 2024 оны 06 дугаар сард баривчлах шийтгэл авч байсан юм. Манай нөхөр ******* намайг харсан хүн болгонтой хардаж зоддог юм. Тухайн үед миний цээж хэсэг хөхөрсөн, баруун гарын булчин хэсэг хөхөрсөн, баруун талын гуя хэсэг хөхөрч хавдсан байсан. Одоо миний толгой, нуруу хэсэг өвдөж байна. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),

2.4. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч *******ын 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн ХОВ0725/254 дугаартай "*******ын биед баруун гарын бугалгын дотор дунд хэсгийн цус хуралт, цээжний зүүн дээд хэсгийн цус хуралт, баруун гуяны гадна дунд хэсгийн цус хуралтууд, зулгаралтууд, баруун хөлийн шилбэний булчин хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. *******ын биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, үзлэг хийсэн өдрөөс 2-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. *******ын биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо" шинжээчийн дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-12 дахь тал),

2.5. Хохирогч ******* нь Эрүүл мэнлийн даатгалын ерөнхий газраас 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар тусламж үйлчилгээ авсан талаарх лавлагаа (хаватст хэргийн 56 дахь тал),

2.6. Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би Ховд аймгийн Буянт сумын Норжин хайрхан багт мал дээр байж байгаад Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 15-08 тоот гэртээ иртэл манай эхнэр Манхан суманд байна гэхээр нь за гэж гэртээ байж байтал 2025 оны 02 дугаар сарын 09-ны орой 19 цагийн орчим манай эхнэр Г.Жавзанпагам ирэхээр нь би уурлаад гэрээс түлхээд баруун талын гуя хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөж гэрээс түлэхэд гаргасан юм. Тухайн үед манай гэрт эхнэр бид хоёр байсан өөр хүн байхгүй байсан юм. Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан юм..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал),

2.7. Эрх бүхий албан тушаалтны хөтөлсөн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

2.8. Согтолт тодорхойлсон тэмдэглэл (хавтаст хэргийн 18 дахь тал)

2.9. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 22 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.10. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 20 дахь тал),

- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 21 дэх тал),

- Гэрч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59 дэх тал),

- Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 71 дэх тал),

2.9. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:

- Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "... нөхөр ******* гаднаас орж ирээд намайг хаалгаар түлхэж гаргаад миний цээж хэсэг рүү гараараа нэгээс хоёр удаа, баруун гарын булчин хэсэг рүү гараараа хоёр гурван удаа цохиод, баруун талын гуя болон нуруу хэсэг рүү газар унагаж байгаад 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),

- Зөрчлийн талаар гомдол мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

-Шинжээч, цагдаагийн хошууч *******ын 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн ХОВ0725/254 дугаартай "...1. *******ын биед баруун гарын бугалгын дотор дунд хэсгийн цус хуралт, цээжний зүүн дээд хэсгийн цус хуралт, баруун гуяны гадна дунд хэсгийн цус хуралтууд, зулгаралтууд, баруун хөлийн шилбэний булчин хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. *******ын биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, үзлэг хийсэн өдрөөс 2-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. ..3. *******ын биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

-Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...манай эхнэр Г.Жавзанпагам ирэхээр нь би уурлаад гэрээс түлхээд баруун талын гуя хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөж гэрээс түлэхэд гаргасан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал),

-Эрх бүхий албан тушаалтны хөтөлсөн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

- Согтолтын тодорхойлсон тэмдэглэл (хавтаст хэргийн 18 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд  шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 09-ний орой Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 15-08 тоотод байрлах гэртээ хардалтын улмаас эхнэр буюу хохирогч *******ыг түлхэх, биеийн гар, цээж, хөлийн гуя хэсэгт гараараа болон хөлөөрөө цохих зэргээр зодож, хохирогчийн эрүүл мэндэд хохирлын хөнгөн зэрэгт хамаарах баруун гарын бугалгын дотор дунд хэсгийн цус хуралт, цээжний зүүн дээд хэсгийн цус хуралт, баруун гуяны гадна дунд хэсгийн цус хуралтууд, зулгаралтууд, баруун хөлийн шилбэний булчин хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан үйл баримт эргэлзээгүй тогтоогджээ.

3.2. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлж, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

3.3. Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар  шүүгдэгч *******, хохирогч *******а нар нь 2004 гэрлэсэн нь тогтоогдож байна. (хавтаст хэргийн 22 дахь тал) 

3.4. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт

4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.

4.2. Шинжээчийн хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоож, хохирлын хөнгөн зэрэгт хамааруулсан дүгнэлт нь үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ.

4.3.  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч нарыг энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж зааж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулахаар хуульчилсан.

4.4. Хохирогч *******а, шүүгдэгч ******* нар нь гэрлэсэн, хүүхдүүдийн хамт амьдардаг учраас тэднийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

4.5. Гэр бүлийн харилцаатай хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэлд тооцох ба  хохирогчийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзнэ.

4.6. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн, хохирогч *******ын бие махбодын хүчирхийлэл үйлдэж зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэсэн шинжийг хангаж байна.

          4.7. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан мэдсээр байж хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.8. Иймд шүүгдэгч ******* хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.9. Шүүгдэгч, хохирогч нарын таарамжгүй харилцаа, тэдний хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, хэрэг учрал болох үед шүүгдэгчийн архи, согтууруулах зүйл хэрэглэсэн байсан зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

5.2. Хохирогч *******а мөрдөн шалгах ажиллагааны үед “надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 44 дэх тал) байна.  Иймд хохирогч хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүхээс шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, түүнд үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3.  Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* хувийн байдлын хувьд 45 настай, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, Хөшөөтийн уурхайд оператор ажилтай, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт оршин суух хаягтай, урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

2.4. Шүүгдэгчийн үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан зэрэг хувийн байдал нь хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

2.5. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал, дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс  “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

2.6. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Т.Энхтүвшинийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

2.7. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулав.

Гурав: Бусад асуудлын талаар

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******гээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Энхтүвшинд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д сануулсугай.

5. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.БАХЫТБЕК