| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/0124/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/150 |
| Огноо | 2025-04-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Түмэндэмбэрэл |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/150
2025 4 07 2025/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг,
-улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Түмэндэмбэрэл,
-шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Д.Содномдаржаа /онлайн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ийн Б-д Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2434******** дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Б-ийн Б, регистрийн дугаар *******, 1979 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр **** аймгийн ***** суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, яс үндэс Баяд, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот **** дүүрэг, ***** тоот оршин суух хаягтай боловч, одоогоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар Нээлттэй хаалттай хорих байгууллагад хорих ял биеэр эдэлж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд
-***** аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ****дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, "Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон,
-**** аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
-***** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтэн, нийт эдлэх ялыг 1 жил, 6 сар, 22 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж ялаа эдэлж байгаа гэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь иргэн Х.Х-р дамжуулан хохирогч Д.А-д газар худалдан авч байгаа хэмээн итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Улаанбаатар хотын ***** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Төрийн банкны салбараас 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 5,560,841 төгрөгийн тэтгэврийн зээлийг авхуулж өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан, мөн үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн *** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Төрийн банкны салбараас 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 5,185,520 төгрөгийн тэтгэврийн зээл авхуулж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч 10,746,361 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр хохирогч М.О-ыг "татвар төлөх гэсэн мөнгөгүй болчихлоо" хэмээн итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож ***** багийн нутаг дэвсгэр *** гадна 2023 оны 5 дугаар сард иргэн М.О-ыг "үхрээ зарчихаа" гэж хязаалан насны 2 үнээг тугалтай нь хамт нийт 4 тооны үхэр, мөн "эгчээ татвар төлөх болохоор мөнгө нь хүрэхгүй юм байна, та ахиад 2 үхэр нэмээд өгчхөөч" гэж хэлэн 2 ширхэг шүдлэн насны үхэр залилан авч нийт эзэмшлийн 6 тооны үхрийг худалдаж авахаар тохиролцон өөрийн эзэмшилд авч, залилж 6,833,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хэрээнд, шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч Б.Б нь иргэн Х.Х-р дамжуулан хохирогч Д.А-д газар худалдан авч байгаа хэмээн итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Улаанбаатар хотын **** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Төрийн банкны салбараас 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 5,560,841 төгрөгийн тэтгэврийн зээлийг авхуулж өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан, мөн үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн **** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Төрийн банкны салбараас 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 5,185,520 төгрөгийн тэтгэврийн зээл авхуулж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч 10,746,361 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр хохирогч М.О-ыг "татвар төлөх гэсэн мөнгөгүй болчихлоо" хэмээн итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Төв аймгийн *** багийн нутаг дэвсгэр **** тоотын гадна 2023 оны 5 дугаар сард иргэн М.О-ыг "үхрээ зарчихаа" гэж хязаалан насны 2 үнээг тугалтай нь хамт нийт 4 тооны үхэр, мөн "эгчээ татвар төлөх болохоор мөнгө нь хүрэхгүй юм байна, та ахиад 2 үхэр нэмээд өгчхөөч" гэж хэлэн 2 ширхэг шүдлэн насны үхэр залилан авч нийт эзэмшлийн 6 тооны үхрийг худалдаж авахаар тохиролцон өөрийн эзэмшилд авч, залилж 6,833,400 төгрөгийн хохирол учруулсан бусдыг “залилах” гэмт хэргийн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
1.2 Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь яллах ба өмгөөлөх талаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.
-Хохирогч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 14, 16 тал/,
-Гэрч Х.Х-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 18 тал/,
-мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.А-ээс гаргаж өгсөн Төрийн банкны 201000222180 дугаартай дансны хуулга /1 хавтаст хэргийн 64-65 тал/,
-Төрийн банкны Тэтгэврийн зээлийн өргөдөл, тэтгэврийн зээлийн гэрээ, зээл төлөлтийн хуваарь /1 хавтаст хэргийн 63, 66-70 тал/,
-Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа, прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... Миний биеийн байдал хүнд байгаа өдөр болгон тариа хийлгэж байгаа. Хөхний хавдартай зүрх томорсон, даралт өндөр байнга унаж татаж байгаа өдөр болгон эмчилгээ хийлгэж байгаа” гэсэн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 52-53 тал/,
-Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан М.О-ын гомдол /1 хавтаст хэргийн 137-138 тал/,
-Хохирогч М.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 150-151 тал/,
-Гэрч Ж.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 157-158 тал/,
-Гэрч Н.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 160-161 тал/,
-Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 163-164 тал/,
-Хөрөнгийн үнэлгээчин Г.Амбсэлмаагийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны №07/419 дугаартай...үнэлгээгээр тогтоогдсон дүн 6,833,400..." гэсэн дүгнэлт /1 хавтаст хэргийн 175-189 тал/ зэрэг нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрчилдөхгүй нэг нь нөгөөгөө няцаан үгүйсгэхгүй, харилцан уялдаа холбоотойгоор хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн, бодитой, эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна.
Түүнчлэн, шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа, прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... Миний биеийн байдал хүнд байгаа өдөр болгон тариа хийлгэж байгаа. Хөхний хавдартай зүрх томорсон, даралт өндөр байнга унаж татаж байгаа өдөр болгон эмчилгээ хийлгэж байгаа” гэж /1 хавтаст хэргийн 52-53 тал/ мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд “... мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн хэрэг хүлээсэн шүүгдэгчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгов. Өөрөөр хэлбэл, шүүх шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгийг дангаар нь яллах үндэслэл болгон үнэлээгүй болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтыг мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байхын сацуу хэргийн бодит байдлыг тогтооход хүрэлцээтэй байсан тул анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн 2434******** дугаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь иргэн Х.Х-р дамжуулан хохирогч Д. Алтангэрэлд газар худалдан авч байгаа хэмээн итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Төрийн банкны салбараас 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 5,560,841 төгрөгийн тэтгэврийн зээлийг авхуулж өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан, мөн үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Төрийн банкны салбараас 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 5,185,520 төгрөгийн тэтгэврийн зээл авхуулж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч 10,746,361 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр хохирогч М.О-ыг "татвар төлөх гэсэн мөнгөгүй болчихлоо" хэмээн итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Төв аймгийн ***** багийн нутаг дэвсгэр *** тоотын гадна 2023 оны 5 дугаар сард иргэн М.О-ыг "үхрээ зарчихаа" гэж хязаалан насны 2 үнээг тугалтай нь хамт нийт 4 тооны үхэр, мөн "эгчээ татвар төлөх болохоор мөнгө нь хүрэхгүй юм байна, та ахиад 2 үхэр нэмээд өгчхөөч" гэж хэлэн 2 ширхэг шүдлэн насны үхэр залилан авч нийт эзэмшлийн 6 тооны үхрийг худалдаж авахаар тохиролцон өөрийн эзэмшилд авч, залилж 6,833,400 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтад шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно.” гэж заасныг журамлан,
Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь “Залилах” гэм хэрэг гэдэгт хуурч мэхлэх, ...зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг арга хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд шилжүүлэн авсан шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Бын үйлдэл нь залилах гэмт хэргийн эдгээр үндсэн болон аргыг бүрэн хангасан, төгс үйлдэгдсэн гэмт хэрэг байна.
шүүгдэгч Б.Бын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдаж, хор уршиг зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч /өмчлөгчийн эд хөрөнгө /мөнгө/-ийг шилжүүлэн авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүгдэгч Б.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүхийн мэтгэлцээний хувьд түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаан байхгүй гээд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б нь “залилах” гэмт хэргийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, банк ашиглан бусдын эд хөрөнгө /мөнгө/-ийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5 Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусдын эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлсон.
“...бусдын ...эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс /үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.А-д 10,746,361 төгрөг, хохирогч М.Отгонбаярт 6 тооны үхэр буюу 6,833,400 төгрөгийн хохирол учирсан байна.
Түүнчлэн шүүхээс хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд:
Хохирогч Д.А-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Бие өвдөөд байгаа учир шүүх хуралдаанд оролцохгүй, Б.Б-тай тохирсон байгаа, гомдол санал байхгүй” гэж,
хохирогч М.О-т шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Хохирлоо аваагүй байгаа, шүүх хуралдаанд оролцохгүй. Үнэлгээгээр 6.700.000 төгрөгийн хохирол тогтоогдсон. Надад 1,000,000 төгрөг өгсөн” гэж мэдэгдсэн байна.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.А-д 1.500.000 төгрөг, хохирогч М.О-т 840.000 төгрөг төлсөн байх тул
Шүүгдэгч Б.Б-аас хохирогч Д.А-д 9.246.361 /есөн сая хоёр зуун дөчин зургаан мянга гурван зуун зургаа/ төгрөгийг,
Хохирогч М.О-т 5.993.400 /таван сая есөн зуун мянга ерэн гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Б.Түмэндэмбэрэлээс:
“Шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн ар гэр болон эрүүл мэндийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаан байна гэж харж байна. Түүний насанд хүрээгүй 4 хүүхэд том охин Анарын асрамжид байдаг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ялаас тусад нь эдлүүлж, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт 33 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх 8 цагийг цагдан хоригдсон 1 хоногоор тооцож, биеэр эдлэх ялыг 76 цагаар тооцон оногдуулах саналтай байна. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Шүүгдэгч нь 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хоригдож байгаа. Том охин нь 4 дүүгээ асран хамгаалж, ээжийнхээ төлбөрийг барагдуулж байгаа, мөн шүүгдэгч эрүүл мэндийн асуудалтай байгаа, өндөр настай ээжийгээ асардаг байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна. Цаашид засан хүмүүжих бүрэн боломжтой” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Б.Б:
“Дахин гэмт хэрэг хийхгүй, гэмшиж байна” гэсэн эцсийн үг хэлэв.
Шүүгдэгч Б.Б нь ***** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, урьд *** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ***** дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтэн, нийт эдлэх ялыг 1 жил, 6 сар, 22 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж ялаа эдэлж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Б.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 54 тал/, жолоочийн лавлагаа мэдээлэл /1 хавтаст хэргийн 58 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 59 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хавтаст хэргийн 60 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 61 тал/, Хас банкны “...Б-ний Б нь 5001044600 тоот данстай ба 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 550,503.53 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг энэхүү албан бичгээр мэдэгдэж байна” гэх албан бичиг /1 хавтаст хэргийн 74 тал/, Хаан банкны “...Б-ий Б нь манай банканд ****** тоот харилцах данстай байна” гэх албан бичиг” /1 хавтаст хэргийн 76 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /1 хавтаст хэргийн 84-111, 232-239 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 193 тал/, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар /1 хавтаст хэргийн 225-229 тал/, Б.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хавтаст хэргийн 17 тал/, Б.О, Б.Х, Б.А, Б.А нарын төрсний бүртгэлийн лавлагаа /2 хавтаст хэргийн 18-21 тал/, ялын тооцооны тодорхойлолт /2 хавтаст хэргийн 33, 58-60 тал/, эмнэлгийн баримтууд /2 хавтаст хэргийн 34-40 тал/ эрүүгийн хариуцлага гэсэн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Б.Б шүүхээс оногдуулах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ ...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "...Эрүүгийн хариуцлагыг зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.
Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдэж, зарим хохирлыг нөхөн төлсөн үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Нөгөө талаас шүүгдэгч Б.Б нь 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн Б-ны А, 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Б-ны О, 2019 оны 08 дугаар арын 26-ны өдөр төрсөн Б-ны Х, 2009 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн Б-ны А, 205 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн Б-ны А гэх 6, 10, 15, 16, 20 насны 5 хүүхэдтэй бөгөөд Хүүхэд хамгааллын тухай хуульд заасны бага насны 4 хүүхдийн эрх зөрчигдөж байгааг шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзсан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийн 1 хоногийг 8 цагаар тооцож /33*8=264/ түүний биечлэн эдлэх 350 цаг нийтэд тустай ажил хийх ялаас хасаж түүний нийтэд тустай ажил хийлгэх ялыг 86 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б-ын 86 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 301 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтэн, нийт эдлэх ялыг 1 жил, 6 сар, 22 хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа,
энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 86 /наян зургаа/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж,
Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2434******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ 33 /гучин гурав/ хоног цагдан хоригдсоныг, шүүгдэгч Б.Баас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б-ийн Б-ыг үргэлжилсэн үйлдлээр буюу Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нууц замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийн 1 хоногийг 8 цагаар тооцож /33*8=264/ түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 86 /наян зургаа/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д ***** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа,
энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 86 /наян зургаан/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 3 заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б-ийн Б-д оногдуулсан 86 /наян зургаан/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б овогт Б-ийн Б-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-аас 9.246.361 /есөн сая хоёр зуун дөчин зургаан мянга гурван зуун зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.А-д, 5.993.400 /таван сая есөн зуун мянга ерэн гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч М.О-т тус тус олгосугай.
8.Эрүүгийн 2434******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ 33 /гучин гурав/ хоног цагдан хоригдсоныг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ