Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2022/01400

 

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2022/01400

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ”С” ХХК,

 

Хариуцагч: Р.А-д холбогдох, 

 

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 8,044,635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

    

1.  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ”С” ХХКнь хариуцагч Р.Ат холбогдуулан Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, .............. тоот, 53,59м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны түрээсийн төлбөрт нийт 8,044,635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хариуцагч Р.А нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сарын 900,000 төгрөгөөр, нэг жилийн хугацаатай түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээг дахин нэг удаа нэг жилээр сунгасан боловч байрны түлхүүрийг бусдад дамжуулан өгсөн. Байранд амьдарч байсан Д гэх хүн нь түлхүүрээ бусдаар дамжуулж хүлээлгэж өгөөд явсан. Иймд хариуцагч Р.Ааас 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 7,083,870 төгрөг, алдангийн төлбөрт 960,765 төгрөг, нийт 8,044,635 төгрөгийг гаргуулна.

2.  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн найз С болон түүний найз С хоёрын гуйлтаар 2018 онд түрээсийн гэрээг хийж өгсөн. Гэрээнд гарын үсэг очиж зурах газартай нь манай гэр ойрхон байсан тул намайг төлөөлж зурахыг гуйсан. Тус байранд нэг ч удаа амьдарч үзээгүй, ямар нэгэн ашиг сонирхол байхгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн маргаж байна.  

3.  Зохигчид дараах баримтуудыг бүрдүүлэн мэтгэлцэж байна. Үүнд:

 

Нэхэмжлэгч талаас дор дурдсан баримтыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлжээ:

“С” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №80 дугаартай ”С” ХХК-аас А.Сд 2 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, орчуулгын хамт, 2018 оны 12 дугаар сарын 14ий өдрийн Байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 14ий өдрийн Байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн, 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн, 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн, 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдэх хуудсууд, Байр хүлээн авсан, хүлээлгэн өгсөн акт, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороны Засаг даргын тодорхойлолт, Улсын бүртгэлийн Ү-................., гэрчилгээний ................. дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 203 тоот байрны түрээсийн төлбөрийн тооцоолол зэрэг нотлох баримтыг,

 

Хариуцагч талаас 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хариу тайлбар ирүүлжээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5.  Нэхэмжлэгч “С” ХХКнь хариуцагч Р.Ат холбогдуулан Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, ...................... тоот, 53,59м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хөлсөлсний төлбөрт тооцон гэрээний дагуу төлбөл зохих 11 сар 27 хоног буюу 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны хөлс 7,083,870 төгрөг, алдангийн төлбөрт 960,765 төгрөг, нийт 8,044,635 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин орон сууц хөлслөх гэрээг Р.Атай байгуулсан, Р.А өөрөө амьдарсан эсэхээс үл хамааран гэрээний нөгөө тал учир орон сууцны хөлсийг төлөх ёстой гэх агуулгаар мэтгэлцэж байна.

 

6.  Хариуцагч Р.А нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, гоо сайхны үйлчилгээ эрхлэдэг байх үед нь С гэгч эмэгтэй ирж үйлчлүүлдэг байсан. С намайг өөрийн нэрийн өмнөөс очиж орон сууц хөлслөх гэрээнд гарын үсэг зурчих гэж гуйсны дагуу гэрээнд гарын үсэг зурсан. Уг байранд амьдарч үзээгүй гэж тайлбарлаж байна.

 

7.  Зохигчид нэг талаас түрээслэгч гэх Р.А, нөгөө талаас түрээслүүлэгч гэх Ч.Болормаа нар нь 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн огноо бүхий Байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ гэх баримт бичигт гарын үсэг зурсан үл баримтын тухайд харилцан маргаагүй байна. Тус баримт бичгийн ерөнхий нөхцөлд дурдсаны дагуу Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн ........................ тоот, нийт 53,95 мкв талбайтай орон сууцыг иргэн Уд түрээслүүлэх зорилготой талаар дурджээ.

Хариуцагч Р.А уг гэрээг орон сууц хөлслөх гэрээ болох талаар маргаагүй боловч уг орон сууцыг өөрөө амьдран суух зориулалтаар хөлслөөгүй, өөрийн танил н.С гэх эмэгтэй хүсэлтээр гарын үсэг зурсан талаар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа дуржээ. Нэхэмжлэгч уг баримт бичиг нь “С” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн .................. тоот, нийт 53,95 мкв талбайтай орон сууцыг Р.Ат хөлслүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан орон сууц хөлслөх гэрээ мөн гэж үзэж байх ба гэрээний ерөнхий нөхцөлд У гэж тэмдэглэсэн нь техникийн алдаа болсон талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Маргаан бүхий 203 тоот орон сууцны өмчлөх эрхийг “С” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-.................... дугаарт бүртгэн олгосон гэрчилгээний хуулбар хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан байх ба тус гэрчилгээ нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн огноотой байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн маргаж байгаачлан 203 тоот орон сууцыг хөлслүүлэх талаар Р.Атай 2018 онд анх гэрээ байгуулсан этгээд нь “С” ХХКгэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Нэг талаас Р.А, нөгөө талаас Ч.Б нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан байна. Тус гэрээг 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дахин нэг жилийн хугацаагаар сунгасан байх ба энэ удаад гэрээний хөлслүүлэгч талыг “С” ХХКгэж тэмдэглэн, түүнийг төлөөлж Ч.Б гэрээ байгуулж байгааг дурджээ. Ийнхүү сунгагдсан хугацаа 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болохоор байна.

Ийнхүү Р.Атай байгуулсан гэрээний харилцаа 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болох хугацаа тохирсон хэдий ч нэхэмжлэгч “С” ХХКнь хариуцагчид холбогдуулан 2021 оны 03 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх 7 сар 27 хоногийн хөлс нэхэмжилжээ. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4-т орон сууц хөлслөх гэрээний харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээний нийтлэг зохицуулалт үйлчлэхээр заасан байх ба мөн хуулийн 296.1 дэх хэсэгт эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгагдсанд тооцно гэжээ. Маргаан бүхий тохиолдолд орон сууц хөлслөгч гэх Р.А нь гэрээний зүйлийг бодитой ашиглахгүй байгаа үйл баримт, орон сууц хөлслөх гэрээний төлбөр Р.А бус, бусад этгээдээс нэхэмжлэгчид төлдөг байсан зэрэг гэрээний харилцаанд Р.А оролцоогүй үйл баримтуудыг зохигчид тус тус хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч энэ талаар шүүх хуралдааны явцад тайлбарлаж н.Солонго зэрэг нэр бүхий хүмүүсийн хууль бус байж болох зарим үйлдлээр орон сууц хөлслөх гэрээний явцад гэрээ байгуулах бодит хүсэл зориггүй этгээдүүдийг хэрхэн ашиглаж байсан талаар дурдаж байна. Иймд 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэг жилээр сунгагдсан гэх гэрээний харилцаа 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш “С” ХХКболон Р.А нарын хооронд тодорхой бус хугацаагаар сунгагдан үргэлжилсэн гэж дүгнэх хууль зүйн боломжгүй юм.

Хариуцагч Р.А болон нэхэмжлэгч “С” ХХК-ийн хооронд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хугацаанд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагч Р.Ааас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 8,044,635 төгрөг гаргуулах тухай “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч ”С” ХХК-ийн хариуцагч Р.Ад холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, ..................... тоот орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 8,044,635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч ”С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,665 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАЯРМАА