Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/157

 

2025       04            23                                        2025/ШЦТ/157

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

улсын яллагчаар Г.Халиун,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Д-ийн Б-т холбогдох эрүүгийн 2534******* дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 34 настай эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, “*****" ХХК-д үйлдвэрийн менежер ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ам бүл 5 нөхөр 3 хүүхдийн хамт Төв аймгийн Угтаалцайдам сумын ***** тоотод оршин суух хаягтай,

Урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. ***** регистрийн дугаартай Б овгийн Д-ийн Б.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/:

Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн **** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Н.Л-тэй маргалдан зодож, түүний биед тархи доргилт, эрүү баруун тохой, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгч шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн **** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Н.Л-тэй маргалдан зодож, түүний биед тархи доргилт, эрүү баруун тохой, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

1.2 Шүүхийн шийдвэрийн үндэслэл болон нотлох баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

-Хохирогч Н.Л-гийн мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

-Насанд хүрээгүй гэрч Б.Ж-ийн мэдүүлэг /хх-ийн 36 тал/,

-Гэрч Д.З-ын мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

-Хохирогч Н.Л, яллагдагч Д.Б нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 28-29 тал/,

-2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Төв аймгийн Угтаалцайдам сумын нэгдсэн эмнэлгийн эмч Т.Нэргүйгийн "...Н.Л-ийн биед 2025 оны 01 дүгээр сарын 01-нд 03:30 минутад дуудлагаар ирж үзэхэд: БЕБ дунд, арьс салст цэвэр, ил шарх байхгүй. АД баруунд 140/100, зүүнд 150/100, пульс 1 минутад 116 удаа, олширсон. Толгойн баруун талын хэсэгт үс зулгаагдсан шинжтэй, улайсан, амьсгал 1 минутад 17 удаа, цулцангийн амьсгалтай. Зовуурь: толгой өвдөнө, шилэн хүзүү хөшнө..." гэх үзлэг хийсэн тэмдэглэл, дүрс оношилгооны шинжилгээний хариу.." /хх- ийн 50 тал/,

-Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 76 дугаартай "...1. Н.Л-ийн биед тархи доргилт, эрүү, баруун тохой, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь үзлэг хийгдэхээс 5-10 хоногийн өмнө үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Халиун нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 50 дугаартай 254000700129 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Д.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулснаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Д.Б-т холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Б-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцсэн гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн хүсэлтийг прокурор хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Д.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлаар:

Шүүгдэгч Д.Б нь Д.Б нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн 3-246 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Н.Л-тэй маргалдан зодож, түүний биед тархи доргилт, эрүү баруун тохой, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Б нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 282.658 төгрөгийг төлсөн баримт /хх-ийн 102 тал/,

хохирогч Н.Л нь “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 92 тал/ авагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Д.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2534******* дугаартай хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч Д.Б нь Эрүүл мэндийн даатгалын санд 282.658 /хоёр зуун наян хоёр мянга зургаан зуун тавин найм/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Д-ийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овгийн Д-ийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д-ийн Б-т шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Шүүгдэгч Д.Б-т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн 2534******* дугаартай хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч Д.Б нь Эрүүл мэндийн даатгалын санд 282.658 /хоёр зуун наян хоёр мянга зургаан зуун тавин найм/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ОТГОНЖАРГАЛ