| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/0157/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/163 |
| Огноо | 2025-04-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/163
2025 04 28 2025/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шаны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг,
улсын яллагчаар Б.Лувсанцэрэн /томилолтоор/,
шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Т.Батцэцэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Б-ны Ц-т холбогдох эрүүгийн 2534**** дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гааль, татварын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, алдар эхийн 2 дугаар одонтой, ам бүл 6 нөхөр 4 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, **** дүүргийн ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ****** регистрийн дугаартай, Х овгийн Б-ны Ц,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/:
Шүүгдэгч Б.Ц нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 20-22 цагийн үед Төв аймгийн ***** багийн нутаг дэвсгэр "******” гэх газарт иргэн Б.О-ийн хэвлийн тус газар 2 удаа өшиглөн биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн талын 3 дугаар хавирганы хугарал, цээжний баруун тал, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б.Ц нь Б.Ц нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 20-22 цагийн үед Төв аймгийн *** багийн нутаг дэвсгэр "******” гэх газарт иргэн Б.О-гийн хэвлийн тус газар 2 удаа өшиглөн биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн талын 3 дугаар хавирганы хугарал, цээжний баруун тал, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
1.2 Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ:
“Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.О-гийн мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,
-Хохирогч Б.О-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,
-Гэрч Ш.М-гийн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,
-Гэрч Ш.Э-гийн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 77 дугаартай "...1. Б.О-гийн биед зүүн талын 3-р хавирганы хугарал, цээжний баруун тал, баруун гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-51 тал/,
-Шүүгдэгч Б.Ц-ийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 103 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ц нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-н 103 тал/,
Хохирогч Б.О нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй” гэх тайлбар /хх-н 100 тал/ гаргажээ.
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Халиун нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 70 дугаартай 2534**** дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Б.Ц нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулснаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Цт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ц-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцсэн гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цийн хүсэлтийг прокурор хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.Ц гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирол хор уршиг, бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 20-22 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "******” гэх газарт иргэн Б.О-гийн хэвлийн тус газар 2 удаа өшиглөн биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн талын 3 дугаар хавирганы хугарал, цээжний баруун тал, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Хохирогч Б.О “Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй” гэсэн баримт гараараа бичиж шүүхэд ирүүлсэн байна.
Иймд шүүгдэгч Б.Ц нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2534**** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд мөрийн баримт үгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Б-ны Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х овгийн Б-ны Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Б-ны Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.Ц-т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2534**** дугаартай хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ