Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 972

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/00684 дүгээр шийдвэртэй, Д.Цийн нэхэмжлэлтэй, СДЗТГт холбогдох ажилгүй байсан хугацааны цалинд 29 435 752 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Д.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад СДЗТГ Х.Болормаа нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0/1 тоот захирамжаар хууль бусаар ажлаас халсан. Улмаар 3 шатны шүүхээс “Д.Цийг Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гарсан байтал одоог хүртэл ажилд эгүүлэн томилоогүй байна.

Иймд 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх цалин /412 хоногийг нэг өдрийн 71 446 төгрөг/ 29 435 752 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч СДЗТГас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 29 364 306 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Цид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 71 446 төгрөгийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 129 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч СДЗТГас 304 772 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Цид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Орхонтуул давж заалдах гомдолдоо: Д.Ц нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тул СДЗТГ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад албан бичгээр хандан “уг асуудлыг шийдвэрлэх хүртэл захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг түдгэлзүүлэх” хүсэлт өгсөний дагуу ажилд нь эгүүлэн томилоогүй болно.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн би тус хугацаанд Улсын 3 дугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул анхан шатны шүүх хуралдаанд оролцож чадаагүй учраас нотлох баримт гаргаж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч СДЗТГт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 29 435 752 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1437 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1564 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1384 дүгээр тогтоолоор Д.Цийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны 87 хоногийн цалинд 6 215 802 төгрөгтэй тэнцэх хэмжээний олговрыг тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч СДЗТГт даалгаж шийдвэрлэсэн байх ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэг өдрийн дундаж цалин хөлсийг 71 446 төгрөг, Д.Цийг ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэдэг нь тогтоогдсон ба уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилоогүй эрхийн зөрчил 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжилсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор тогтоогдож байх тул нэхэмжлэгч Д.Ц нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй бол түүнээс үүсэх эрх зүйн үр дагавар болох олговрыг хариуцан арилгах үүрэгтэй. Иймд нэхэмжлэгч Д.Цийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааг 411 хоногоор тогтоож, урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх 29 364 306 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.       

Мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн нь зөв байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/00684 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч СДЗТГ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                          ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                 Ч.ЦЭНД