| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2022/01515/И |
| Дугаар | 182/ШШ2022/01633 |
| Огноо | 2022-05-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 182/ШШ2022/01633
| 2022 05 26 | 182/ШШ2022/01633 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч: “Т” ХХК
Хариуцагч: А.Ж
Хариуцагч: Б.У
зээлийн гэрээний үүрэгт 63,999,359.79 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч А.Ж, хамтран зээлдэгч Б.У нар нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Тны “ШУТИС” тооцооны төвөөс №19 тоот зээлийн гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны №19 тоот барьцааны гэрээний үндсэн дээр 50,000,000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг сарын 2.2 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар авсан зээлийг МN130034106300165098 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлсэн болно.
Эргэлтийн хөрөнгийн зээл авснаас хойш гэрээний үүргээ зөрчиж ирсэн бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 45,789,675 төгрөг, хугацаа хэтэрсэн үндсэн зээлийн хүүгийн төлбөр 17,855,673.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 354,010.94 төгрөг, нийт 63,999,359.79 төгрөгийн зөрчилтэй, 1215 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Зээлдэгч А.Ж, хамтран зээлдэгч Б.У нар нь Ттай байгуулсан гэрээний заалтуудыг зөрчсөн нь зээлийн газар дээрх хяналт, баримтаар нотлогдсон. Тухайлбал:
- Зээлдэгч А.Ж, хамтран зээлдэгч Б.У, “Т” ХХК нарын хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр №19 тоот зээлийн гэрээний гэрээнд ирээдүйд бий болох орлого буюу зээлийн санхүүжилтээр зээлдэгч зээлийг зориулалт бусаар ашигласан.
- Зээлдэгчийн гаргасан дээрх зөрчлүүд нь /зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд эргэн төлөлтийг төлөөгүйгээс зээл, зээлийн хүүний төлбөр хуримтлагдсан нь/ цаашид банкийг эрсдэлд оруулж байна.
Банкнаас зээлдэгч А.Ж, хамтран зээлдэгч Б.Уд зээлийн гэрээний үүргийг биелүүлж, зээлийн зөрчил барагдуулах тухай “Мэдэгдэл”-үүдийг өгч /утсаар, биечлэн, албан бичгээр/ үүргээ гүйцэтгэх хангалттай хугацааг өгөн боловч өнөөг хүртэл үүргээ биелүүлээгүй болно.
Тны “ШУТИС” тооцооны төвийн А.Ж, хамтран зээлдэгч Б.У нартай байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №19 тоот зээлийн гэрээний үүрэг, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №19 тоот барьцааны гэрээнд тодорхойлсон Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчид Г-17 гудамж, А тоот, үл хөдлөх хөрөнгийн ******* дугаартай, 96 м.кв хувийн сууц, мөн тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн ******* дугаартай, 699 м.кв өмчлөх эрхтэй газар зэрэг хөрөнгүүдийг барьцаа болгон барьцаалуулсан болно.
А.Ж, Б.У нь Ттай байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №19 тоот зээлийн гэрээнд заасан тодорхой заалтуудыг зөрчсөн, зээлийн гэрээний үүргээ гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр болох нийт 63,999,359.79 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 477,947 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах 70,200 төгрөгийг хариуцагч А.Ж, Б.У нараар төлүүлэхээр нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч Ж.Жамъянсүрэн, Б.У нар нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.
3. Шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс ирүүлсэн хариуцагч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн дансны харилцагчийн хуулга, А.Жгийн үл хөдлөх эд хөрөнгө болон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч А.Ж, Б.У нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 63,999,359.79 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч А.Ж, Б.У нар нь “Т” ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19 дугаар Зээлийн гэрээ, мөн өдрийн 19 дугаар Барьцааны гэрээг тус тус байгуулан 50,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,2 хувийн хүүтэй, жилийн 26,40 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлийг авсан байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулж, А.Жгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид Г-17 гудамж, А тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ******* дугаартай, 96 м.кв талбайтай үл хөдлөх, мөн газарт байрлах улсын бүртгэлийн ******* дугаартай, 699 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалжээ.
2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19 дугаар Зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг сарын 2,2 хувийн хүүтэй, жилийн 26,40 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлийг авсан байна. Хариуцагч нар зээлийг эргэн бүрэн төлөөгүй ба банкны зүгээс зээлдэгч нарт зээл төлөөгүй хэтэрсэн хугацаанд оногдох төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх, төлөхгүй бол дараагийн шатны арга хэмжээг авна гэсэн мэдэгдлийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүргүүлжээ.
Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч нарыг үндсэн зээлийн үлдэгдэл 45,789,675 төгрөг, хүү 17,855,673.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 354,010.94 төгрөг, нийт 63,999,359.79 төгрөг төлөх ёстой гэж тооцоолжээ.
2. “Т” ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19 дугаар Зээлийн гэрээний дагуу зээл төлсөн баримтыг болон нэхэмжлэлд хариу тайлбарыг хариуцагч А.Ж, Б.У нар шүүхэд ирүүлээгүй.
3. Нэхэмжлэгч “Т” ХХК зээлдэгч нарт зээлийн гэрээний үүргийн зөрчлийг арилгах хугацаа тогтоож өгсөн, үр дүн гараагүй тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн нийт өрийг төлүүлэхээр шаардаж буй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасантай нийцэж байна.
Иймд хариуцагч А.Ж, Б.У нараас үндсэн зээлийн үлдэгдэл 45,789,675 төгрөг, хүү 17,855,673.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 354,010.94 төгрөг, нийт 63,999,359.79 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнийн дүнгээс хангуулахаар шийдвэрлэв.
4. Хариуцагч А.Ж, Б.У нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж мэтгэлцээгүй, шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан А.Ж, Б.У нараас 63,999,359.79 төгрөгийг гаргуулж “Т” ХХК-д олгосугай.
2. А.Ж, Б.У нар зээлийн өрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-ийг баримтлан барьцааны хөрөнгө болох А.Жгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид Г-17 гудамж, А тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ******* дугаартай, 96 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн газарт байрлах улсын бүртгэлийн ******* дугаартай, 699 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 548,147 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 548,147 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ С. БУД