Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/132

 

 

 

 

 

   2025           03           13                                          2025/ШЦТ/132

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0105/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Э.Улаанаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518000470060 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын *******,******* тоотод амьдардаг, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, ******* ,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруу, үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 19 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 12 дугаар байрны орцонд ******* бусадтай хардаж, улмаар түүний толгойн тус газар цохиж, зодох зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж *******ийн эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, цээж , зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч *******ийн : “...Би 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажлаа тараад 18 цагийн орчимд гэртээ өөрийн найз ******* хамт ирсэн юм, ...гэрийн хаалгыг цохисон би дуугаар нь ******* байна гэдгийг таньсан. Тэгээд хаалгаа тайлтал ******* орж ирээд хаалгаа яагаад тайлахгүй удаад байгаа юм бэ гэхээр нь давхар хаалга хаачихсан болохоор сонссонгүй гэж хэлсэн, би ганцаараа байна гэж хэлтэл намайг түлхээд том өрөө рүү ороход байсан. Ингээд ******* асуухад нь манай найз байгаа юмаа гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу руу дайраад эхлэхээр нь гарцгаахад ******* байрны орцонд намайг гараараа миний нүүр болон толгой руу 2-3 удаа цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36, 71-72/,

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 98 дугаартай “... *******ийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, цээж , зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэгтогтоох журмын 3.1.1- д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 11-13/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хавтаст хэргийн 28-31/,

Аюулын зэргийн үнэлгээний “...нийлбэр оноо 3 буюу бага” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 23/,

 

Яллагдагч *******ийн : “...эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

******* , хохирогч О.Цолмонтуяа нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь өмнө хамтын амьдралтай байсан ******* бусадтай хардаж улмаар түүний толгойн тус газар цохиж, зодсон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

 

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул түүнд холбогдох гэм хортой холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч ******* нь өмнө хохирогч ******* зодож Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 2024/ЗШ/4700 дугаартай шүүхийн шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 10 цагийн албадан сургалтад хамруулж, 8 хоногийн хугацаагаар баривчлагдаж байсан /хавтаст хэргийн 48-51/ боловч гаргасан зөрчилдөө дүгнэлт хийлгүй дахин гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршгийн хэр хэмжээ болон дээр дурдсан нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ял эдлэх бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрвөн/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 04 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч О.Цолмонтуяа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой нэхэмжлэлээ холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ГЭРЭЛТ-ОД