2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/93

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн  шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,

Улсын яллагч М.Сэлэнгэ,

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сэлэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 33 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2407004160027 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, тай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрөмчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ийн ******* /РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.******* нь ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* худалдааны төвийн дэргэдэх “*******” сүлжээ дэлгүүрийн урд 2024 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө хохирогч Л.*******тай маргалдан улмаар хохирогчийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж биед нь баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, баруун хацрын дотор салстад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.******* шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Тухайн үед нэг ахтайгаа цуг явж байсан. ын ******* дэлгүүрийн гадаа Л.******* ахтай таарсан. Би энгэртээ электрон тамхи зүүчихсэн явж байсан. Л.******* миний зүүж явсан электрон тамхинаас татаад зулгаасан. Тухайн үедээ би 3,4 пиво уучихсан байсан. Өөрийн мэдэлгүй тийм зүйл болсон.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

Улсын яллагчийн зүгээс: Хохирогч Л.*******ын мэдүүлэг /хх 10-11/, хүний биед хийсэн шүүх шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 523 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 19-20/, камерын бичлэгт 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 34-37/, яаралтай тусламжийн хуудас /хх 48/, яллагдагч Г.*******ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 65-67/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч ...сэтгэцийн хор уршгийн 2 дугаар зэрэг тогтоогдсон учир үүний хүрээнд хохирогчид  3,300,000 төгрөгийг хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол хор уршигт учирсан хохиролд гаргуулах, Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 96,650 төгрөгийг барагдуулсан байна. Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх зүйл тогтоогдохгүй байх тул  240 цаг нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна.” гэх  дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.******* нь ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* худалдааны төвийн дэргэдэх “*******” сүлжээ дэлгүүрийн урд 2024 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө хохирогч Л.*******тай маргалдан улмаар хохирогчийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, баруун хацрын дотор салстад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.*******ийн өгсөн: “...Тухайн үед би электрон тамхи хүзүүнээсээ зүүсэн явж байсан. ******* дэлгүүр орох гэсэн чинь тухайн хүн миний электрон тамхинаас татаж сороод байсан. Тэгээд тухайн үед үл ойлголцож би нүүр хэсэгт нь гараараа 1 удаа, хөлөөрөө 2 удаа шанаа хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг,

/хх 61 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Л.*******ын өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчимд би ******* гэх найзынхаа гэр болох Налайх дүүргийн 1 дүгээр хороонд “Хараа” гэх нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архинаас нэг шилийг хувааж уусан. Тухайн архиа ууж дуусчхаад байж байтал найз маань 22 цагийн орчимд эхнэр, хүүхэд маань гадуур явж байгаа, намайг дуудаад байна хоёулаа манайхаас гаръя гээд хамт гэрээс нь гараад хорооны голын дэлгүүрээс “Нийслэл” гэх нэртэй пивоноос 1 лаазыг авхуулж уусан. 23 цагийн орчимд би 2 дугаар хороо ******* төвийн ******* дэлгүүр лүү ороод “Сэнгүр” гэх нэртэй пивоноос нэг лаазыг авч уусан. Тэгээд тухайн дэлгүүрийн үүдэнд би хоёр залуутай муудалцаад нэг залуу нь миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Би юу болоод байгааг сайн ойлгоогүй. Тэгээд дэлгүүрийн шат налаад зогсож байтал тухайн залуу миний нүүр тус газар хоёр удаа өшиглөсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад тухайн үедээ хандсан. Тухайн залуу нь миний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Дараа нь миний нүүрэн тус газар хоёр удаа өшиглөсөн. Би тухайн үед огт түүний биед халдаагүй, цохиж зодсон зүйл огт байхгүй.” гэх мэдүүлэг,

/хх 10-11 дүгээр тал/

 

3. Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн  2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 523 дугаар: “ын *******ын биед баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт,

/хх 20 дугаар тал/

 

4. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

/хх 34-37 дугаар тал/

 

5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх 63 дугаар тал/

 

6. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд,

 /хх 65-75 дугаар тал/

 

7. Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх 101 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр буюу хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.******* нь хохирогч Л.*******ын биед гэмтэл учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 523 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

 

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Г.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас Л.*******ын биед хөнгөн хохирол учирч улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт “…3,300,000 төгрөгийг хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол хор уршигт учирсан хохиролд гаргуулах” гэх санал гаргасан боловч нотлох баримтаар шинжлэн судлагдаагүй, хохирогч нь “Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн, мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 35,396 төгрөгийг /хх 101 дүгээр тал/ шүүгдэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлж барагдуулсан тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

 

Харин шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Түүнчлэн шүүгдэгч Г.*******т “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зааснаар торгуулийн ял оногдуулах боломжтой гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Г.*******ийн холбогдсон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 4. Шүүгдэгч Г.******* нь эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ