| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 307/2025/0140/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/178 |
| Огноо | 2025-04-03 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Улаанаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/178
2025 04 08 2025/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0140/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Э.Улаанаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн 2403002870640 дугаартай эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 13-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар багийн нутаг дэвсгэр, Дархан, Шарын гол хоорондын төмөр замын 11 дүгээр километрийн 5 дугаар зуутад байрлах төмөр замын гармаар ******* улсын дугаартай Subaru Forester загварын тээврийн хэрэгслийг жолоодож нэвтрэхдээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 17.2. Төмөр замын гарамд ойртон ирсэн жолооч хурдаа хасах ба зайлшгүй тохиолдолд гармын өмнө зогсож, аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, гэрэл болон дуут дохио (хонх), тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгоно, 17.3. Төмөр замын гармын хаалт хаалттай буюу хаагдаж эхэлж байвал, мөн анивчсан улаан гэрэл ассан, эсвэл дуут дохио (хонх) ажиллаж байхад, түүнчлэн гармын жижүүр хориглосон дохио өгөх үед гарам руу орохыг хориглоно, 17.4. Үзэгдэх хүрээнд галт тэрэг ойртон ирж байвал гармын жижүүр, хаалт, гэрэл буюу дуут дохио ажиллаж байгаа эсэхээс үл хамааран гарам руу орохыг хориглоно, мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/153 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Төмөр замын гарам ашиглах журам”-ын 3.8-д “Авто тээврийн хэрэгслийн жолооч, явган зорчигч дараах үүргийг хүлээнэ. 3.8.4. Төмөр замын гарамд ойртон ирсэн тээврийн хэрэгслийн жолооч нь хурдаа сааруулан, гармын өмнө зогсолт хийж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатаж болзошгүй түгжрэл, саадтай үед гарам руу нэвтрэхгүй байх; 3.8.5. Төмөр замын гармаар нэвтрэхдээ галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүн ба тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж, сонсгол болон харааны эрхтнийг хязгаарласан, анхаарал сарниулсан эд зүйл (гар утас, чихэвч гэх мэт) хэрэглэхээс түр татгалзан, өөрийн аюулгүй байдлыг хангах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2ТЭ116-1128 дугаартай зүтгүүрийн 3105 дугаартай галт тэрэгтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан ******* амь нас хохирсон болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 5/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 18-30/,
Ослын газарт хэмжилт хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 31-32/,
Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 37-38/,
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /1-р хавтаст хэргийн 40/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 41-46/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хавтаст хэргийн 47/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... бол миний төрсөн охин байгаа юм. ... ХХК-д гадаад харилцааны менежерээр ажиллаж байгаад 2011 онд гэх залуутай гэр бүл болоод 3 хүүхэдтэй байсан. 2024 оны 04 дүгээр сарын 13-ны орой 21:30 минутын орчим манай зээ охин ээжийнхээ утсаар над руу залгаад осолд орчихлоо гээд уйлаад тасалсан. Тэгээд нөхөр бид хоёр манай хүргэн н ах руу залгаад замдаа осолд орсон талаар нь хэлээд ын эхнэр бид 4 Орхон аймгаас Дархан-Уул аймаг руу гарсан. Бид хэдийг замд явж байхад үзэгдэх орчин муутай цасаар шуураад зам ч харагдахгүй байсан. Бид хэд явсаар байгаад 23:00 цагийн орчим Дархан-Уул аймагт ирээд шууд эмнэлэг дээр очих үед болон манай зээ , нар эмнэлэгт байсан. Талийгаач ухаангүй сэхээнд байсан. Тэгээд манай охин Баярмаа хоёр хоног эмнэлэгт ухаангүй байж байгаад нас барсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 51/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 1996 онд төмөр замын сургууль төгсөөд Орхон аймагт илчит тэрэгний туслах машинч хийж байгаад Дархан депод 1997 оноос ажилласан. Тэгээд 2003 онд машинч болоод одоог хүртэл ажиллаж байна. Үндсэн зааварлагч нь 2024 оны 04 дүгээр сарын 01-нд сургалтад яваад би орлож ажиллаж байна. Машинч туслах машинч нар ажилд дуудагдаад эмчийн үзлэгт ороод депон жижүүрээр тухайн галт тэргэнд ажиллах зааварчилгаа аваад илчит тэргээ хүлээж аваад галт тэргэндээ явна. “...Саад, осол гарсан тохиолдолд эсвэл саад, осол гарч болзошгүй үед хамгийн түрүүнд богино зайнд зогсоохын яаралтай тоормос хийнэ. Тэгээд элс өгнө, элс өгнө гэдэг нь төмөр зам галт тэрэгний дугуйны хоорондын үрэлтийн хүчийг нэмж богино зайнд зогсоох үүрэгтэй. Гарам ойртох үед дуун дохио өгнө. Гарамд ойртох үед гармын дохиолол автоматаар ажиллаж гармын жижүүрт мэдэгдэж, гармын жижүүр нь гэрлээр дохиолно. Тэгээд осол гарахад яаралтай зогсолт хийсний дараа өртөөний жижүүрээр дамжуулж холбогдох байгууллагуудад мэдэгдэнэ" гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 54/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би ХНН-ийн Замын нэгдүгээр ангид гүүрний инженер ажилтай. Тухайн албан байгууллагад 23 жил ажиллаж байна. Намайг гэртээ амарч байхад буюу 2024 оны 04 дүгээр сарын 13-ны орой 21 цаг өнгөрч байхад Замын нэгдүгээр ангийн жижүүрээс над руу залгаад 11 дүгээр километрийн 5 дугаар зуутад байдаг зохицуулалттай гарам дээр галт тэрэг зогссон байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад 11 дүгээр километрийн 5 дугаар зуутад байдаг зохицуулалттай гарам дээр очиход Шарын голоос Дархан 2 чиглэлд аялж байсан ачааны 3501 дүгээр галт тэрэг гармаас Дархан 2 чиглэлд өнгөрч зогссон байсан ба юу болсон талаар асуухад гарам дээр тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөөд яаралтай тоормос хийж зогссон байсан. Ингээд гарам дээр байх хяналтын камерын бичлэгийг ухрааж үзэхэд 2024 оны 04 дүгээр сарын 13-ны орой 21 цаг 11 минут 25 секундэд Улаанбаатар чиглэлээс ирсэн том оврын чиргүүлтэй авто машин замын нэгдүгээр эгнээнд галт тэрэг ирж байгааг зарлан мэдээлэгчийн анхааруулгаар ослын дохиогоо асаагаад зогсож байхад улаан улаан хүрэн өнгийн суудлын автомашин авто замын зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр хурдтай орж ирээд галт тэргэнд мөргүүлээд гармаас 150 метр газар түрэгдэж явж байгаад замын зүүн тал руу гарч төмөр замын торон хашааг мөргөөд цаашаагаа нэлээн яваад жалганд орж зогссон байсан. Тухайн гарам нь галт тэрэг 1055 метр зайнд ирэхэд автоматаар гэрлэн дохиолол, зарлан мэдээлэгч, УЗП хаалт, ПАШ хаалтууд 8-12 секундийн хугацаанд бүгд хэвийн ажиллагаанд ордог байгаа. Энэ өдөр нь салхи, шуурга ихтэй, цаг агаарын байдлаас шалтгаалж пааш хаалтыг 90 градуст түгжсэнээс болоод ПАШ хаалт болон УЗП хаалтууд галт тэрэг ирэх үед ажиллаагүй. Харин зарлан мэдээлэгч, гэрлэн дохио хоёр хэвийн ажиллаж байсан. Тухайн Паш хаалт болон УЗП хаалтуудыг галт тэрэг ирэх үед байнгын ажиллагаатай байлгах ёстой. Тухайн хаалтуудыг ажиллуулах эрх, үүрэг нь гармын жижүүрт байдаг. Тухайн хаалтууд нь хэвийн ажиллагаатай байгаа" гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 56/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2006 онд төмөр замын сургуулийг төгсөөд 10 сард Дархан татах хэсэгт талбайн үйлчлэгчээр ажилд орсон. Тэгээд 2008 онд туслах машинч болоод 2018 онд машинч болоод одоог хүртэл ажиллаж байна. Машинч нь галт тэргийг жолоодох үндсэн үүрэгтэй. Би туслах машинчийн хамтаар Шарын гол өртөөнөөс хөдлөөд Дархан 2 чиглэлд явж байсан 3501-р галт тэргээр 1607 ачаатай 18 вагонтой тухайн үед 47 км цаг орчим хурдтай хурд тохируулах тоормос хийсэн явж байсан. Тэгээд 11-р км-ийн гарам дээр ирэхэд туслах машинч машин гэж хэлэхэд би яаралтай тоормос хийсэн. Тэгээд юм ирж мөргөж байгаа чимээ надад сонсогдсон. Тэгээд 100-150 метр орчим яваад вагон зогссон. Тэгээд зогсоод би өртөөн жижүүрт станцаар машин ирээд мөргөчихлөө яаралтай тоормос зогсолт хийсэн гэж хэлсэн. Би туслах машинчийг хойшоо яваад үзээдэх гэж хэлсэн. Тэр үед 11-р км-ийн гарам дээр дөхөж ирж байхад үзэгдэх орчин сайн байсан гарам гэрэлтэй байсан. 2 талд машин зогссон байсан. Осол гаргадаг машин ирж байгааг би хараагүй. Манай туслах машинч ойр орчмоо ажиглаж байгаад машин гэж хэлж дуусаагүй байхад юмтай мөргөлдөж байгаа чимээ гарч би яаралтай тоормос хийж зогссон. Тэгээд би туслах машинчаа гаргаж шалгуулсан. Осол гарахаас урьдчилан сэргийлэх боломжгүй байсан. Жолооч нарт анхааруулах гэрэл дохио ажиллаж байсан. Хаалт ажиллаж байсан үгүйг сайн мэдэхгүй байна. Гарам хааж байгаа дохиочин гадаа гармаа хаагаад байж байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 58/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2008 онд Дархан-Уул аймгийн Дархан депод сувгийн цэвэрлэгчээр ажилд ороод засварчин хийсэн. Тэгээд 2011 оноос туслах машинч болж одоог хүртэл ажиллаж байна. Туслах машинч нь зүтгүүр буюу илчит тэрэгний бүрэн бүтэн байдлыг хариуцна машинчийн хажууд машинч-д туслаад ард талын ажлыг хариуцаж хийнэ. Би машинчийн хамт Шарын гол өртөөнөөс Дархан 2 өртөө рүү орох гэж 3501-р галт тэргээр 2тэ116-1128 серийн дугаартай илчит тэрэгтэй 1600 тонн 72 голтой аялж явсан. Тэгээд 11 дэх км-ийн гарам дээр 21 цаг 10 минутын үед дөнгөж гарам дээр явж байхад хажуугаас улаан өнгийн машин ирж мөргөсөн. Машинч яаралтай тоормос хийж барагцаагаар 150 метр явж зогссон байх. Тэгээд би буугаад тэр улаан машин руу очиход эрэгтэй жолоочтой эмэгтэй нь урд суусан, 2 хүүхэдтэй байж байсан. Тэгээд би дөхөөд очиход эрэгтэй, эмэгтэй 2 хүн ухаан алдсан байдалтай, 2 хүүхэд нь машинаас гарч ирээд даараад байна, харимаар байна гэж байсан. Тэгэхээр нь түргэн тусламж 103 дуудаад 2 хүүхдийг гармын путкэнд оруулсан. Тэгээд эргээд очтол жолооч нь гарч ирээд хүүхдүүдээ асуугаад байсан. Удалгүй түргэний машин ирэхэд эмэгтэй ухаан орсон байсан. Тэр үед гарам дээр том ачаатай тэрэг хамгийн урд зогсож байсан. Тэр том тэрэгний ард 2-3 машин зогсож байсан. Тэр осолддог улаан машин нь том тэрэгний цаанаас гэнэт гарч ирээд зүтгүүрийн хажуугаас мөргөсөн харагдах боломжтой байсан. Осол болоход машинч яаралтай бэхэлгээ тоормос хийсэн. Би бууж очиж шалгаад яаралтай түргэн тусламж дуудсан бас удирдлагууд руу машинч мэдэгдсэн. Жолооч нарт анхааруулах гэрэл дохио нь ажиллаж байсан. Хаалт нь салхитай байсан учир ажиллаагүй байсан” гэх мэдүүлэг /1- хавтаст хэргийн 60/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 1996 онд төмөр замд Салхитын замын 6-р ангид замчнаар орсон. 2000 онд Энхталын хэсэгт замчнаар очсон. Тэгээд 2008 оноос одоог хүртэл Замын 1 дүгээр ангийн 14-р хэсгийн 11-км-ийн гармын жижүүр хийж байна. Нийт төмөр замд 28 жил ажиллаж байна. 21 цагийн үед Шарын гол талаас Дархан 2 чиглэлд гарт тэрэг ирж байгаа дохиолол ажиллаад би 15 минутын өмнө гараад хүлээж байсан. 21 цаг 15 минутын үед галт тэргээ авах гээд явж байсан машинуудыг зогсоогоод гар хаалт ажиллуулсан байсан. Салхи ихтэй байсан учир хаалт нь буудаггүй тул хаалтыг би сойсон байсан. Гар хаалт гэдэг нь гараар нээж хаадаг хашааны хаалга шиг хаалт байдаг тэрийг хаасан байсан. Би өөрөө машин замын хажууд ертөнцийн зүгээр баруун талд нь Дарханаас Улаанбаатар явдаг чиглэлийн урсгалд болон галт тэрэг ирж байгааг хяналт тавиад зогсож байсан. Тэгтэл гэнэт улаан өнгийн Subaru маркийн автомашин машинууд дараалаад зогсож байхад хажуугаар нь орж ирээд яг вагон гарам дээр ирэхтэй давхцаж улаан өнгийн Subaru маркийн машин вагоны зүтгүүрийг мөргөсөн. Тэгээд вагон нь 150 метр орчим яваад зогссон. Би тэгээд тусламж үзүүлэх гэж машин дээр гүйж очсон. Тэгэхэд урд суудал дээр жолооч нь эрэгтэй, хажууд нь эмэгтэй хүн байсан. Ард суудалд 2 хүүхэд байсан. Жолооч нь нүүрний баруун талд цус болсон, эмэгтэй нь ухаан алдсан байдалтай байсан. 2 хүүхэд хэвийн байсан. Би ангийн жижүүрт хэлээд түргэн тусламж дуудуулсан. Гарам дээр жолооч нарт анхааруулсан гэрэл дохио ирж буй жолоочийн баруун гар талд, дээр шон дээр мөн гэрэл дохио, тэгээд галт тэрэг ирж буйг анхааруулсан зарлан мэдээлэл, цацруулагч дохиотой гар хаалт, гарам ойртож буйг харуулсан замын тэмдэг байдаг. Би осол хурд хэтрүүлснээс болсон гэж бодож байна. Галт тэрэг өнгөрөхийг хүлээж байсан машинуудын хажуугаар улаан өнгийн Subaru маркийн машин ирж байгааг хараад гар чийдэнгээр дохио өгсөн. Салхи ихтэй байсан учраас паш хаалт нь гацаад буудаггүй тэрнээс урьдчилан сэргийлээд паш хаалтыг сойж гар хаалт хийсэн. Паш хаалт нь УЗП хаалттай холбоотой байдаг учир УЗП хаалт нь ажиллах боломжгүй байсан. Паш хаалт, УЗП хаалт гацвал гар аргаар ажиллуулах боломжгүй. Заавал холбоог дуудаж ажиллуулна. Гэрэл дохио, дуут дохио бүгд ажиллаж байсан. Шороон шуурга болж байсан. Шуургатай үед хаалт гацдаг учир би өөрөө хаалтыг сойсон” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 62/,
Дархан-Уул аймгийн бүсийн шүүх шинжилгээний төвийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 54 дугаартай: “...Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай, хөхлөг сэртэн, баруун нүдний ухархай, суурь, дагз ясны хугарал, баруун дух, зулай, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун чамархай, дагз хэсгийн хуйхан доорх цус хуралт, баруун нүдний гадна хажууд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амьд байхад үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Талийгаачид шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь амьдрах боломжгүй гавал тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. Талийгаачийн цусны бүлэг нь АВО системээр АП бүлэг байна. Нас барсан цаг хугацааг тогтоох боломжгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 72-79/,
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 79,80 дугаартай прокурорын тогтоолууд /1-р хавтаст хэргийн 85, 108/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2381 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн 38-эр гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. ...цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 114-116/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын инженер-техникийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1924 дугаартай: “...Subaru Forester маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормос шингэн дамжуулгатай, АВS системээр тоноглогдсон. Тоормосны дөрөөн дээр гишгэхэд системийн поршингууд тэлж ажиллаж байв. Зориулалтын багажгүй тул тоормосны хүчний үзүүлэлтийг тогтоох боломжгүй байна. Жолооны эд ангиудад ил харагдах гэмтэлгүй, асаалтын түлхүүр байхгүй, жолооны хүрд цоожлогдсон байх тул ажиллагааг шалгах боломжгүй байна. Жолоодлогын механизмын ажиллагааг шалгах боломжгүй, хөдөлгүүр асахгүй тул тоормосны системийн ажиллагааг бүрэн ажиллагаатай эсэхийг тогтоох боломжгүй байна. Subaru Forester маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ослын улмаас үүсгэгдсэн эвдрэл гэмтлүүдтэй тул “Осолд орохоос өмнөх техникийн бүрэн бүтэн байдал”-ыг тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1- хавтаст хэргийн 154-170/,
Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Б.Балжиннямын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 934 дугаартай: “...Subaru Forester маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь 17.2. Төмөр замын гарамд ойртон ирсэн жолооч хурдаа хасах ба зайлшгүй тохиолдолд гармын өмнө зогсож, аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, гэрэл болон дуут дохио (хонх), тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгоно. 17.4. Үзэгдэх хүрээнд галт тэрэг ойртон ирж байвал гармын жижүүр, хаалт, гэрэл буюу дуут дохио ажиллаж байгаа эсэхээс үл хамааран гарам руу орохыг хориглоно. гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Гармын жижүүр нь ЗХД-н заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд 2.1 Гармаар өнгөрөх галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах гэж заасан байна” гэх магадлагаа /1-р хавтаст хэргийн 175-176/,
Зам тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын Төмөр замын тээврийн хяналт хариуцсан шинжээч, ахлах байцаагч Д.Батхүүгийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн: “...төмөр замын гармын анивчсан 2 улаан гэрэл асаж байхад, “төмөр замын хаалттай гарам”, “төмөр замын гарам”, “бусад аюултай газар”, “гарам автомат саадаар тоноглогдсон” анхааруулах тэмдэг, “Зогс” замын тэмдэглэгээний өмнө (зураг 1-ээс харах), мөн гармын жижүүр цагаан гэрэл тусгаж анхааруулах дохио өгч байхад зогсоогүй, төмөр замын аюултай бүсэд орж 3501 дүгээр галт тэрэгний эхний зүтгүүрийн өмнө орж мөргөлдсөн нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/153 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Төмөр замын гарам ашиглах журам”-ын 3.8-д “Авто тээврийн хэрэгслийн жолооч, явган зорчигч дараах үүргийг хүлээнэ. 3.8.4. Төмөр замын гарамд ойртон ирсэн тээврийн хэрэгслийн жолооч нь хурдаа сааруулан, гармын өмнө зогсолт хийж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатаж болзошгүй түгжрэл, саадтай үед гарам руу нэвтрэхгүй байх; 3.8.5. Төмөр замын гармаар нэвтрэхдээ галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүн ба тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж, сонсгол болон харааны эрхтнийг хязгаарласан, анхаарал сарниулсан эд зүйл (гар утас, чихэвч гэх мэт) хэрэглэхээс түр татгалзан, өөрийн аюулгүй байдлыг хангах”, мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны А/146 дугаар тушаалын хавсралт “Аюултай бүсийн дэглэм”-ийн 2.3. Аюултай бүс нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хувьд энэ дэглэмд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, нэвтрэх, объект байрлуулахыг хориглосон бүс болно, 5.3-т “Аюултай бүс нь өртөө хоорондын зам, өртөө, зөрлөг, ачаа ачих, буулгах зам, талбайд хайс, хашаагаар; зорчигчийн нам болон өндөр тавцанд шар өнгийн будган тэмдэглэгээгээр; харин гарам нь хаалт буюу анхааруулах дохио тэмдгээр хашиж хамгаалагдсан байна. Эдгээр хориг хашаа, тэмдэг тэмдэглэлийг хөдөлгөөн зохион байгуулах зориулалтын дохио, тэмдгийн үзэгдэх орчныг хязгаарлах, бууруулахгүйгээр барьж байгуулсан байна”, 3.1-т "Дараах тохиолдолд иргэн аюултай бүсэд нэвтэрч болно. 3.1.1. Төмөр замын зориулалтын гарам, явган хүний гарцын өмнө зогсон галт тэрэгний хөдөлгөөнийг сайтар нягталсны дараа нэвтрэх" гэж заасныг тус тус зөрчсөн байна. Зорчигчийн хурдан галт тэрэгний хөдөлгөөнтэй болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй гарамд тусгай зориулалтын хаах байгууламжийг ашиглаж болно" гэж заасан байна. Иймд тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ашиглах, зохицуулахад үндсэн хэрэгсэл нь гэрлэн дохио байна. Харин төмөр замын гармын хөндлөвч хаалт, сөхөгддөг хаалт нь нэмэлт үүрэг бүхий төхөөрөмж байна” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 195-200/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцдог.
******* нь цаг агаарын онцгой нөхцөл байдал, цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин, галт тэрэг ирж байгааг анхааруулах дохио тэмдэг ассан, галт тэргийг өнгөрөөхөөр том оврын тээврийн хэрэгслүүд зогссон, гармын зохицуулагч ажил үүргээ гүйцэтгэж байхад аюултай бүс буюу төмөр замын гармаар гарах гэж байгаа атлаа огт анхаарал болгоомжгүйгээр гарам нэвтрэх үйлдэл хийснээс шууд шалтгаалан 2ТЭ116-1128 дугаартай ачааны 3105 дугаартай галт тэрэгтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргажээ.
Иймд шүүгдэгч *******г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч түүний өмгөөлөгч гэм буруу, үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдэгдсэн, хохирол төлбөртэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй, *******д ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн /1-р хавтаст хэргийн 52/ байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл, хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгч нь бага насны 3 хүүхдийн амьдарч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг үүэрг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД