| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 001/2018/0001/Э |
| Дугаар | 328 |
| Огноо | 2018-09-07 |
| Зүйл хэсэг | 20.16.1., |
| Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 328
А.Д, О.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 16 дугаар магадлалтай, 1727000650030 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Д-гийн өмгөөлөгч О.Хишигсүрэн, шүүгдэгч О.Б-ын өмгөөлөгч Н.Болд нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1999 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Монгол овогт О.Б нь Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
2.Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 9-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бөө овогт А.Д нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх А.Д, О.Б нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, А.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
А.Д-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,
О.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,
Шүүгдэгч А.Д хохирогч Б.Батсуурьд 270.000 төгрөг төлснийг дурдаж, насанд хүрээгүй хохирогч Б.Батсуурийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 730.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Х.Алтан-Эрдэнэ, Д.Цэрэнтогтох нарын хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 500.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 23 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Д-гийн өмгөөлөгч О.Хишигсүрэн, шүүгдэгч О.Б-ын өмгөөлөгч Н.Болд нар хамтран гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн гол шинж болох олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан байх шаардлагыг хангаагүй байхад хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайн хэрэг гарах үед Хархорин сумын цагдаагийн хэлтэст олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан талаар ямар ч дуудлага, мэдээлэл ирээгүй талаар тус байгууллагаас өгсөн албан бичигт дурдсан байдаг. Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заагдсан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, танхайрах зөрчил хоёрын хоорондын ялгааг бүрэн гаргаагүй. А.Д, О.Б нарын үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн холбогдох заалтаар шийдвэрлэх ёстой байтал эрүүгийн хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэл болж байна. А.Д-гийн хувьд Б.Батсуурьт хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, хохирлыг барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд зааснаар ял оногдуулсныг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Д, О.Б нар нь Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд зааснаар ял шийтгэсэн хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч А.Д-гийн өмгөөлөгч О.Хишигсүрэн, шүүгдэгч О.Б-ын өмгөөлөгч Н.Болд нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн А.Д, О.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас А.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутагт насанд хүрээгүй хохирогч Б.Батсуурийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн А.Д, О.Б нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Д, О.Б нарын үйлдсэн гэх гэмт хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Д нь хохирогч Б.Батсуурийн биед хэрхэн хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч А.Д, О.Б нар нь нийтийн хэв журмыг хэрхэн бүлэглэн зөрчиж, хэн хэнд хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч нарын оролцсон оролцоо, тэдгээрийн нотлогдсон талаарх дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүйн дээр шүүх хэргийн талаар хэт ерөнхий хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай байна.
Түүнчлэн шүүгдэгч А.Д, О.Б нар нь нэр бүхий хохирогч нараас мөнгө, эд зүйл авах гэсэн нэгдмэл санаа зорилго, сэдэлтээр хохирогч нарыг бүлэглэн зодож, хохирогч Б.Батсуурийн биед хөнгөн гэмтэл учруулсан эсэх, шүүгдэгч О.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Цэрэнтогтохтой гар утасны чатаар холбогдон 10.000 төгрөг нэхэж, улмаар 9 дүгээр сарын 30-нд түүнийг мөнгө өгсөнгүй гэж зодсоноос гадна мөнгө байхгүй гэхэд нь орой пиво, тамхи авчирч өгөхийг шаардсан, авч ирэхгүй бол дараа нь юу болохыг мэдэж байгаа биз дээ хэмээн сүрдүүлсэн зэрэг хэргийн зүйлчлэлд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулах”, Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийн шинжийг агуулсан, эсхүл дээр дурьдсан нөхцөл байдал үгүйсгэгдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.
Энэ талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 16 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Д-гийн өмгөөлөгч О.Хишигсүрэн, шүүгдэгч О.Б-ын өмгөөлөгч Н.Болд нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН