Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 29

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,  

Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 109/ШШ2017/0040 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2017/0772 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: Б.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Засаг даргад холбогдох,

Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Б.Б-г ажлаас халах тухай” Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгож, орон нутгийн өмчит “У” ХХК-ийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б, нарийн бичгийн даргаар Г.Гантогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 109/ШШ2017/0040 дүгээр шийдвэрээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ээс Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Б.Б-г ажлаас халах тухай” Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгож, орон нутгийн өмчит “У” ХХК-ийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0772 дугаар магадлалаар Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 109/ШШ2017/0040 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Аймгийн Засаг дарга Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3689 дүгээр албан бичгийн дагуу нэхэмжлэгч Б.Б-г 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамжаар “У” орон нутгийн өмчит ХХК-ийн захирлын үүрэгт ажлаас нь халсан. Маргаан бүхий актын үндэслэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн гэж үзэж, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг баримталсан.

Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий актын үндэслэлээс хальж, аймгийн Аудитын газраас ирүүлсэн албан бичгийн заримд хамаарах баримтыг анхан шатны шүүх бүрдүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичиг нь хөндлөнгийн эрх бүхий байгууллагаас гарсан албан ёсны шийдвэр юм. Анхан шатны шүүхээс тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг хангалттай бүрдүүлсэн. Түүнчлэн аймгийн Аудитын газар болон Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгүүд нь цаг хугацааны хувьд 2017 оны 3 болон 4 дүгээр саруудад хамаардаг.

Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас халсан шийдвэр нь мөн аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамжаар ажлаас халсан үндэслэлтэй ижил гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй гэж үзсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй шийдвэр болжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан бүхий л баримтад дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талыг барьж, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байх тул хэргийг хянаж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 13 дугаар захирамжийг хүлээн авсан боловч нэхэмжлэгчийн гаргаж буй үндэслэл, тайлбарт холбогдуулан уг шийдвэрээр тогтоогдсон нөхцөл байдал нь энэ хэрэгт ямар хамааралтай болох, тухайлбал, нэхэмжлэгчээс “...ажлаас чөлөөлсөн 2017 оны Б/70 дугаар захирамжийн үндэслэл нь өмнөх 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаар захирамжийн “ажлаас чөлөөлсөн” үндэслэлтэй ижил, ... ажлаас халах үндэслэл байгаагүй учраас Засаг дарга өөрөө эвлэрэх санал тавьж намайг буцааж ажилд авсан, ...хариуцагч өмнө нь ярьж байсан зүйлүүдээ ярьж /дахин/ чөлөөлсөн” гэж маргасан байхад шүүх маргааны үйл баримтуудад холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3, 121.3.3, 121.3.4-т заасанд нийцжээ.

Шүүх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн дээрх шийдвэрээр тогтоосон үйл баримтад холбогдох нотлох баримтуудыг цуглуулсаны дараа тэдгээр нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд холбогдолтой эсэхийг тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасныг анхаарах нь зүйтэй.

Харин хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамж нь Авлигатай тэмцэх газрын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Хяналт шалгалтын үр дүн, илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай” албан бичигт үндэслэсэн байхад давж заалдах шатны шүүх нь аймгийн Аудитын газрын “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”, “Хариуцлага тооцуулах тухай” 2017 оны 3 дугаар сарын 22, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгүүдийн үндэслэлд холбогдуулан, тус газраас хийсэн хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийн талаарх нотлох баримтуудыг цуглуулж, дүгнэлт өгүүлэхээр магадлалд заасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.6-т “...захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, ...шаардан гаргуулж болохгүй” гэж заасныг зөрчсөн учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...маргаан бүхий актын үндэслэлээс хальж, аймгийн Аудитын газраас ирүүлсэн албан бичгийн заримд хамаарах баримтыг анхан шатны шүүх бүрдүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй” гэх хяналтын гомдлын энэ хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-гийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2017/0772 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ