| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 317/2025/0040/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/130 |
| Огноо | 2025-01-04 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий тэмдэглэл хөтлөн,
улсын яллагч Э.У,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.О,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,
иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.М,
шүүгдэгч Б.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч Р.М, Ж.Э, Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Дт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг Монгол Улсын дээд шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .....
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ....улсын дугаартай “Мазда Бонго” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн АО301 авто замын 54 дэх км-ийн шонгийн ойролцоо хатуу хучилттай автозам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно, а/согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 18.3-д “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг зөрчиж зам дээр зогсож байсан ...улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гаргаж зам засварын ажил хийж байсан У.У хоёр тээврийн хэрэгслийн хооронд хавчуулагдсаны улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Д: “Манайх Төв аймгийн Аргалант суманд хөдөө малтай, нэг гэр байдаг, бас сумын төв дээр нэг гэр маань байдаг. Тухайн өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 15-ны орой 8 цагийн үед гүү малаа тавьчихаад сумын төвд байх гэр рүүгээ явсан. Би тэр өдөр өдөржингөө айраг уусан байсан. Тэгээд хөдөөний гэрээсээ гараад 15 километр яваад зам тээврийн осол гаргасан. Зам дээр ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй, тухайн машин урьд шууд тулаад ирсэн. Надад машинаа зогсоох ямар ч боломж байгаагүй, тэр машины араас мөргөсөн. Энэ зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон. Хэрвээ замын хаалт тавьсан байсан бол би тухайн хаалтыг мөргөөд зогсох үед хохирогч зайлж, зугтаах боломж байсан гэж бодож байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.О: “Хүү маань тухайн үед 17 настай байсан, миний хамгийн том хүү. Тухайн үед оюутан байсан, замын инженерээр суралцсан, дадлага хийгээд 2 хоногийн дараа төгсөөд ажил дээрээ очиж ёстой байсан. Би энэ хүмүүсээс маш их сэтгэл нэхдэг байсан. Би яаж таниас тусламж гуйдаг байсан билээ, та нэг ч удаа гэсэн надад сэтгэлээсээ ханддаг байсан бил үү. Миний хүү согтуу жолоочид амь насаа алдаагүй байсан бол ээждээ туслаад 2 дүүгээ тэжээх гэж байсан хүүхэд. Эмнэлэг дээр байхад Б.Дын ар гэрээс хүмүүс ирж уулзсан. Ах дүү нар нь ирээд миний хүүг ямар байгааг харсан. Ямарч л байсан хүүхдийнх нь аварна, бид нар ах, дүү олуулаа санаа битгий зов гэж хэлсэн. Миний хүү эмнэлэгт байхдаа 1 өдрийн 1,800,000 төгрөгийн тариа хийлгэдэг байсан. Хэдэн ч удаа хагалгаанд орж, ямар байдалтай байсныг нь Б.Дын ах нь харсан. Үнэхээр нүд хальтрам байсан. Би хүүгээ ядаж тэргэнцэр дээр суугаад ч болтугай амьд үлдээсэй гэж хүссэн. Б.Д байнга мөнгө нэхүүлдэг байсан. Тухайн үед Ковид өвчин гарчихсан байсан учраас эмнэлэгт эм тариа ховор байсан учраас дандаа гаднаас эм тариа авдаг байсан. Б.Д эмчилгээний мөнгөнд 5,800,000 төгрөг өгсөн бил үү 6,800,000 төгрөг өгсөн бил үү, би сайн санахгүй байна. Шарилын үеэр 1 сая төгрөгөөр 2 удаа буюу нийт 2 сая төгрөг өгсөн. Хамгийн сүүлд ажил явдал дууссаны дараа манай гэрийн гадаа ирээд хонины мах өгсөн. Би аваагүй, дүүгийнх руугаа хүргүүлсэн, надад тэгээд 300,000 төгрөг өгсөн. Тэгээд би хамгийн сүүлд өөрийнхөө нөхцөл байдлыг хэлээд 1 сая төгрөг авсан. Надад нийтдээ 11 сая төгрөг өгсөн байх гэж бодож байна. Би Б.Дыг та үнэхээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юм бол хохирол төлбөрөө бүрэн төлөөд өгчих гэж гуйж байсан. Сүүлд шүүхийн үүдэнд Б.Дтой муудалцаад Зөрчлийн тухай хуулийн дагуу 100,000 төгрөгөөр хүртэл торгуулж байсан. Та согтуугаар машин жолоодоогүй байсан бол өнөөдөр энэ осол гарахгүй байсан. Би маш их гомдолтой байна. Би өнөөдөр оршуулгын зардал болон сэтгэл санааны хохирлын мөнгө нэхэмжилж байгаа. Энэ хүн өнөөдөр надтай хүн шиг харьцсан бол би өөрийнхөө аав шиг, ах шиг хүнийг хүндлэх л байсан. Би хүүгээ алдчихаад сэтгэл санаагаар унаад нойргүй болчихсон байгаа /уйлав/. Анх хохирол төлбөрт 58,019,263 төгрөг нэхэмжилж байснаас иргэний хариуцагч байгууллага 5 сая төгрөг өгсөн учраас тухайн 5 сая төгрөгийг хасаад 53,019,263 төгрөгийг гэм буруутай этгээд болох Б.Доос нэхэмжилж байгаа. Үүнээс Б.Дын эмчилгээний зардалд өгсөн 11.700.000 төгрөгийг хасаж тооцохоор 41,319,263 төгрөг нэхэмжилж байгаа.” гэв.
Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.М: “Би тухайн үед байгаагүй. Намайг яваад очиход амь хохирогчийг хавчуулагдсан машинаас гаргаад авчихсан байсан, ...хохиролд манай байгууллагаас 43,900,000 төгрөг төлсөн” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн ... дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.Д нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ....улсын дугаартай “Мазда Бонго” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн АО301 авто замын 54 дэх км-ийн шонгийн ойролцоо хатуу хучилттай автозам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно, а/согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 18.3-д “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг зөрчиж зам дээр зогсож байсан ...улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гаргаж зам засварын ажил хийж байсан У.У нь хоёр тээврийн хэрэгслийн хооронд хавчуулагдсаны улмаас амь насыг хохироосон үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 4 дүгээр хуудас/,
ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-13 дугаар хуудас/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 14-20 дугаар хуудас/,
цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 154-162 дугаар хуудас/,
Төв аймгийн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 221-231 дүгээр хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Оийн өгсөн: “Би талийгаач У.Уийн төрсөн ээж нь юм. Миний хувьд гомдолтой байна. 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн өдөр нь болоод гэртээ бид нартай хамт тэмдэглэсэн. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 15-ны өглөө ажилдаа явсан. Ажилдаа явахдаа 2 хоног дадлага хийчихвэл төгслөө дөө гэж хэлээд гэрээсээ явсан Миний хамгийн тулгуур түшиг минь байсан, миний хүү намайг асарч байсан. Сэтгэл санаагаар унаад хүүгээ өнгөрсөн гэхэд итгэж өгөхгүй байна. Би хохирлыг баримтаар нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-р хуудас/
Гэрч Р.Гн өгсөн: “2023 оны 10 дугаар сарын 15-ны орой бид хэд ажлаа хийж байсан. Би ачааны Хово машины зөв талын ар хэсэгт жолоочид дохио өгөх зорилгоор ажиллаж байгаад машин дээр байсан асфальт ихээр гоожих гэхээр нь жолоочид гүйж очоод түр байж байгаарай” гэж хэлээд эргэтэл араас тас хийгээд явчихсан. Х цаанаас гүйгээд би наанаас нь гүйгээд очтол У хоёр машины хооронд хавчуулагдчихсан байхаар нь эргэж Мад машинаа урагшлуул хүн хавчигдчихлаа гэсэн. Тэгээд машин урагшлаад бид хэд Уийг гаргаж авсан. Тэгээд миний унаж явсан Вонго маркийн машинд суулгасан. Тэгсэн хэзээ ирснийг нь мэдэхгүй анзаарах сөхөөгүй байтал инженер М ирчихсэн байсан, машинд нь Уийг шилжүүлж суулгаад хот руу явуулсан. Тэгээд нөгөө машины жолоочийг гаргах гээд хаалгыг нь онгойлгоход жолооч хавчуулагдсан байсан. Тэгээд машиныг нь 2 талаас нь татаж байгаад хавчигдсан хөлийг нь гаргаж нөгөө жолоочийг машинаас нь буулгасан. Дотроо жолооч нь ганцаараа явж байсан. Цагаан өнгийн машины жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Сүүлд нь нилээн согтуу байгааг нь би мэдсэн. Уийг яаж байна гэхэд гайгүй ээ бөгсөн бие нэг биш байна гэж хариулж байсан. Нөгөө жолооч болохоор машинаасаа зүгээр буусан. Гар, хувцас нь нил цус болсон, машины үрүүл салон нь бас нил цус болсон байсан. Бид хэд баруун чиглэлд явах хөдөлгөөнийг бүрэн хаасан, ажиллаж байгаа талбайд гэрэл ойлгогчтой болон гэрэл анивчдаг түмбэ зэргийг тойруулан бүрэн байрлуулсан, ажилтан бүр гэрэл ойлгогчтой хантааз өмссөн. Х улаан гэрлээр анивчдаг дохиур мод барьж замын хөдөлгөөнийг зохицуулж байсан. Тухайн осол маш түргэн хугацаанд болж өнгөрсөн" гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 87 дугаар хуудас/,
Гэрч С.Х өгсөн: “2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай компани Улаанбаатар хотоос Арвайхээр чиглэлийн А0301 асфальтан замд нехеесний ажил хийж байсан. Орой 20 цаг 40 минутын орчим Аргалант сум Хөшөөт 2 дугаар багийн нутаг Цагаан хөтөл гэх газрын 54 дэх километрын баруухан талд нь нэг дор 2 хагархайд нөхөөс хийж байсан. Яг осол болох үед машинаас асфальтаа буулгах гээд жолооч М ах машин дотроо тэвшээ бага хэмжээтэй гийдэрдээд хажууд дохио дамжуулахаар машины жолооч талд Г асфальтаа буулгахыг харж, эсрэг талд У нар зогсож байсан. Харин би ачааны машин зүүн гар талын хойд хэсэгт машины зам зохицуулаад улаан өнгийн дохиур мод бариад байж байтал хот талаас нэг машин ирж байгаа гэрэл тод харагдаж байсан. Би байна уу гээд харах зуур нөгөө ирж байсан машин шууд бидний хийж байсан ажил руу хязгаарлалт тогтоож ослын гэрэлтүүлэгтэй түмбэ мөргөөд нилээн хурдтай ороод ирсэн. Би хашхираад машин гээд орилох зуур ард байсан У сонссон үгүйг мэдэхгүй байна. Нөгөө машин шууд орж ирээд Урантегөлийг мөргөөд Хово машины араас нь мөргөөд зогссон. Би гүйж очоод хартал У 2 машины завсар хавчуулагдсан машинаа урагшлуулаач ээ гээд хашхирч байсан. Манай машины жолооч цаанаас юу болов оо гээд гарч ирэхээр нь буцаагаад машинаа урагшлуулаач ээ гэхэд М ах Уийг харангуутаа буцаж гүйгээд машинаа урагшлуулсан. Тэгээд Уийг машины завсраас автал алхаж чадахгүй би түшээд замаас гаргах зуур цаанаас манай хэд ирээд бид хэд өргөх зуур ажлын соната 6 маркийн машинтай манай инженер М ирж таарсан. Тэгээд шууд ажлын машинд суулгаад М хот руу аваад явсан. Бид хэд наана үлдээд араас мөргөсөн машины жолоочийг гаргах гэтэл машины урд хэсэг дотогшоо чихэгдсэн байсан учир хөл нь хавчуулагдсан байсан. Машины урд салон хэсэг нь нил цус болсон байсан. Бид хэд урд нь байсан Ховогоор урагш нь кабин хэсгээс нь оосорлоод араас нь ажлын Бонго маркын машинаар мөн оосорлоод 2 тийш нь чирч байгаад чихэгдсэн кабиныг нь бага зэрэг татаж байж жолоочийг нь буулгасан. Жолооч нь машинаасаа буухад гарнаас нь цус гарч байсан. Хөл дээрээ зүгээр алхаж байсан. Би гарыг нь боож өгье гэхэд би бие засья гээд замаас гараад далангаас буусан. Тэгээд би машины хөдөлгөөн зохицуулаад байж байтал манай ажлын хэн байсныг нь санахгүй байна нөгөө жолооч алга болчихлоо гэсэн. Тэгээд бид нар сандраад хуваагдаад явган 30 минут шахуу хайж байгаад замаас хойшоо бараг 100 метр орчим газар оччихсон хэвтэж байсан. Тэгээд машинд суулгаад буцаж осол болсон газар ирэх үед Аргалант сумын түргэний машин ирсэн байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа нар ирсэн. Араас мөргөсөн машины жолооч согтуу байсан байсан. Ойртоход архи үнэртэж байсан. Бид хэд бүгд гэрэлтүүлэгчтэй хантааз өмссөн, ажил хийж байгаа бүсээ гэрэл ойлгогчтой нийт 7 ширхэг шонгоор хүрээлүүлэн хашаа маягтай байрлуулсан. Урсгал талдаа ажил хийж байгаа газраас 40 орчим метрийн зайд улаан өнгөөр анивчдаг гэрэлтэй түмбэ, мөн поспорттой түмбэ нийт 2 ширхгийг байрлуулсан байсан. Тухайн осол гаргасан жолооч гэрэл ойлгогчтой тумбийг мөргөн орж ирж ямар ч тормос гишгээгүй шууд орж ирсэн. Би улаан өнгийн гэрэл асдаг дохиур модоороо дохиод эргэж нөгөө хэд рүү машин гэж орилох зуур л шууд давхиад ороод ирсэн. Осол маш хурдан болж өнгөрсөн. Яах ийхийн зуургүй орж ирээд мөргөсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92-93 дугаар хуудас/,
Гэрч А.М өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бид хэд ажлаа хийж байсан. Би машинаа асаалттай тэвшин дээрх асфальтаа багаар буулгаж хойно замын нүх бөглөх гээд машин дотроо байсан. Тухайн үед Г миний зөв талын хойд буланд толинд харагдахаар над руу дохио өгөөд, эсрэг талын хойд хэсэгт толинд харагдахаар зогсож надад дохио өгөхөөр У нар ажиллаж байсан. Ажиллаж байхад Г жолооч талаар ирээд түр байж байгаарай гэж хэлээд цаашаа эргэх үед машины араас тас хийх чимээ гарч машин доргиж хөдөлсөн. Би юу болов гээд гүйгээд очтол машины араас цагаан өнгийн машин орчихсон байсан. Тэгтэл хажуугаас Х, Г хоёр хүн хавчуулагдчихлаа машинаа урагшлуул гэж орилцгоосон. Би сандраад буцаж гүйгээд машинаа 1 метр орчим урагшлуулаад буцаж машинаас буугаад гүйж иртэл Уийг манай хоёр сугадчихсан зогсож байсан. Тэр хооронд инженер М ирчихсэн байсан. Би Ховор-Эрдэнийг чи цаашаа очиж машины хөдөлгөөнөө зохицуул гээд Г бид хоёр Уийг Вонго машинд суулгах үед араас манай ажилтан Ц ирчихсэн хамт өргөлцөж байсан. Тэгээд инженер М машинаа эргүүлж бид хэд Уийн соната 6 маркийн машинд суулгаад инженер М аваад хот явсан. Бид хэд үлдээд нөгөө машины жолоочийг гаргах гэхэд зүүн хөл болон давсаг хариараа хавчуулагдчихаад гацчихсан байсан. Тэгээд Ц 105 руу залгахад цаанаас нь та нар ямар нэгэн боломжоор гаргахыг хичээж бай гэсэн байсан. Тэгээд бид хэд машиныг нь 2 талаас нь хоёр машинаараа татаж байгаад хавчсан хэсгийг нь ангайлгаад нөгөө жолоочийг буулгасан. Нөгөө жолооч хөл дээрээ зүгээр бууж ирээд замын далангийн хажууд замаас буучихсан сууж байсан. Нэг харсан чинь алга болчихсон байсан. Бид хэд хайж байгаад олж ирсэн тэр хооронд түргэн ирчихсэн удалгүй цагдаа нар ирсэн. Тухайн үед цагаан өнгийн ачааны машин дотор жолооч нь ганцаараа явж байсан. Хово маркийн машин аваарын гэрэл бүгд асаалттай кардан татчихсан, арын тэвшээ хагас өргөчихсөн байсан. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Цагаан өнгийн машины жолоочоос нэлээн архи үнэртэж байсан. Согтуу байх шиг байсан. Тухайн үед би машин дотроо байсан гэнэт л араас тас хийгээд машин овгос гээд доргисон. Миний хариуцан ажиллаж байсан Хово маркийн ...улсын дугаар машин ажлын буюу "Баянчандмань АЗЗА" ТӨХК-ийн эзэмшлийн маш байгаа. Би хариуцаж жолооддог. Миний хариуцдаг машинд ямар нэг эвдрал гэмтэл гараагүй. Миний биед гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-101 дүгээр хуудас/,
Гэрч Б.Мын өгсөн “...Би ....ХХК-д 2014 онд ерөнхий инженерээр ажилд ороод одоог хүртэл уг ажлыг хийж байна. У.У нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэх захирал Б.Мөнхгэрэлийн тушаалаар Туслах замчнаар ажилд орж байсан. У.У нь манай байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажил үүргийн хуваарь нь замчин байсан. Энэ нь зам засвар, арчлалтын ажил хийх ёстой. Замчны хийсэн ажлыг нь бодоод Барилгын ажлын жишиг дүрмээр тооцож цалинг нь олгодог байсан. Нормын хувцас өгдөг. Ажлын хувцас нь мөр хэсгээрээ гэрэл ойлгогч шар болон хар хөх өнгөтэй, канттай, өвөл зуны хувцас өгдөг. Ногоон өнгөтэй гэрэл ойлгогчтой хантааз өгдөг байгаа. Ажлын хувцас бол жилд нэг удаа өгдөг. У.У осол болох үед гэрэл ойлгогчтой хантааз өмссөн байсан. Дотор нь энгийн хувцас өмссөн байсан. Осол болох үед сэрүүхэн байсан болохоор хантаазан дотроо малгайтай цамц өмссөн байсан. Хөдөлмөр хамгаалал, талбайн инженер Х зааварчилга өгч гарын үсэг зуруулсан байсан. Манай байгууллагын техникийн бүрэн бүтэн байдлыг механик инженер Баярсайхан гэх хүн хариуцдаг. ....ХХК-ийн захирал нь Б.Мөнхгэрэл гэдэг хүн байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-108 дугаар хуудас/,
Гэрч А.Мн дахин өгсөн “...Миний хариуцан ажилладаг Хово маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Арын гэрэл дохионууд ажиллаж байсан. Би гэрэл дохиогоо асаагаад машины аваарын гэрэл татаад зогсож байсан. Осол болдог өдөр Х аюулгүй ажиллагааны зааварчилга өгч гарын үсэг зуруулсан. Осол болох үед би энгийн хувцастай явж байсан. Ажлын хувцас машин дотор байсан. Осол болдог өдөр гадна их хүйтэн байсан тэр үед манай ажлын хувцас нь нимгэн байсан болохоор би зузаан энгийн хувцас өмссөн байсан. У.У нь гадуураа ногоон өнгийн хантаазтай байсан. Тухайн үед би машинтайгаа ирээд замын хөвөө рүү шахаад зогссон. Намайг ирсний дараа тэнд Х, У, Г нар улаан модоор хөдөлгөөнийг зохицуулж зам чөлөөлөөд намайг машинтай оруулж зогсоосон. Намайг зогссоны дараа миний машины хойд талд жижиг хуванцар, гэрэл ойлгогчтой түмбийг тойруулж тавьсан байсан. Цагаан зурвасын хажууд тавьсан. Тумбэ дээр улаан гэрэл зоож орхисон байсан. Осол болох үед би машин дотроо нормалдаад кардан татаад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 110 дугаар хуудас/,
Гэрч В.Ц өгсөн “...Би “Уушгийн хөтөл”-ийн цаана Вагончиг дээрээ байхад оройн 20 цагийн орчим манай инженер М нь над дээр ирээд замын нөхөөсийн ажил хийж байгаа хүмүүст хоол аваачиж өгөх хэрэгтэй байна хамт яваад ирье гэж хэлсэн. Тэгээд би М, Мягмарсүрэн бид нар хамт хоол хүргэж өгөхөөр явсан. Бид нар 20 цаг өнгөрч байхад зам засварын ажил хийж байсан хүмүүс дээр ирэхэд манай ажлын афальт ачсан Норд маркийн машины ард манай хэдэн ажилчид овоорчихсон гүйлдээд байсан. Тэгээд бид нар яваад очиход У. Уийг замын хажуу талд машин түшүүлээд зогсоосон байсан. Тэгэхээр нь манай инженер М нь түргэнд дуудлага өгөхөд түргэний машин хотоос зайтай болохоор удна гэж хэлэхээр нь М, Мягмарсүрэн нар шууд У.Уийг аваад Улаанбаатар хот руу явсан. Тэгсэн тэнд Mazda Bongo маркийн машины жолооч эрэгтэй хүн, согтуу машиныхаа кабинд хавчуулагдсан байсан. Тэгэхээр нь би Онцгой байдалд дуудлага өгөхөд “та Төв аймгийн онцгой байдлын газарт хандах хэрэгтэй, таны байгаа газар нь Төв аймгийн газар нутагт хамаарна гэж хэлсэн. Тэгээд би Төв аймгийн Онцгой байдлын газартай холбогдож дуудлага өгөхөд Төв аймгийн Онцгой байдлын газар нь бид нар хол болохоор удаж очно, наад хүн чинь цус алдаад байгаа бол та нар өөрсдөө аргалаад гаргаад авчих, гаргаж авсан бол эргэж мэдэгдээрэй гэж хэлсэн. Тэгээд М, Г бид гурав тэр жолоочийг машинаас нь гаргаж аваад замаас гаргаж замын хажуу талын далангийн дэргэд ёроолд нь гаргаж газарт тавьсан. Төв зам байсан болохоор хөдөлгөөн их байсан болохоор нь хөдөлгөөнийг зохицуулж байх хооронд нөгөө машинаас гаргаж буулгасан жолооч алга болчихсон байсан. Тэгэхээр нь бид нар хайгаад анх буулгаж тавьсан газраас хойшоо ертөнцийн зүгээр замын хойд талаас 500 м орчим зайнаас нөгөө залууг олсон. Тэр залуу тэнд явж байхад нь бид нар барьж аваад машиндаа суулгаж эргэн осол болсон газарт ирэхэд Аргалант сумын түргэний машин эмч ирсэн байсан. Тэгээд тэр жолооч залууд эмнэлгийн тусламж үзүүлсэн. 23 цагийн үед цагдаа нар ирчихсэн шалгалтын ажил хийгдэж байсан. Нөгөө залууг эмнэлэг, цагдаа нар аваад явсан. Тухайн үед хуванцар шовгор түмбэ ашигласан байсан. Тэр нь орой дээрээ гэрэлтэй. Тодорхой зайтай байрлуулсан байсан. Х нь улаан мод ашиглаж хөдөлгөөн зохицуулж байсан. Тэд нар сөрж биш дагуу эгнээнд нь засварын ажил хийж байсан. Г, Х, М, Өсөхжаргал, У нар гэрэл ойлгогчтой, ажлын хувцастай, ногоон өнгийн ажлын хантаазтай байсан. Норд маркийн машины арын гэрэл дохио нь зүгээр асаж байсан. Арын гэрэлтүүлэгтэй байсан. Х нь өдөр тутмын зааварчилгааг өгч гарын үсэг зуруулдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-113 дугаар хуудас/,
Гэрч С.Х дахин өгсөн: “...Би улаан өнгийн дохиур модоор хөдөлгөөнд зохицуулалт хийж байсан. Миний барьж байсан дохиур мод зүгээр асч байсан. Би осол болдог өдөр Уд зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсэн. У.У өөрөө бүртгэлийн дэвтэр дээр гарын үсэг зурсан. У.У нь гэрэл ойлгогчтой ногоон өнгийн хантаазтай байсан. Үндсэн ажилтан биш учраас ажлын хувцас олгогдоогүй байсан, өдөр тутмын зааварчилгааг би өгдөг. Би осол гаргасан машиныг орж ирэхээс өмнө дохиураа дээш өргөөд зогсохыг анхааруулсан боловч тэр машин шууд орж мөргөж осол гаргасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98 дугаар хуудас/,
Гэрч С. дахин өгсөн: “...Ц, М, Г, би бид дөрөв осол гаргасан жолоочийг машинаас нь гаргаж замаас гарган засмал замын хажуу талын бетонон хөвөөн дээр гаргаж тавьсан. Бид нарыг замын хажууд буулгасаны дараа тэр осол гаргасан жолооч тамхи байна уу тамхилаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би 1 ширхэг тамхи гаргаж асаагаад тэр жолоочид өгсөн. Тэр жолооч би бие засмаар байна гэж хэлэхээр нь бие засуулахаар би түшээд замын далангийн хажуу тал руу буулгасан. Би тэр жолоочийг буулгаж орхиод эргэж осол болсон газарт машины хөдөлгөөн зохицуулж байгаад эргэж 20-30 орчим минутын эргээд нөгөө жолоочийн байсан газарт ирэхэд осол гаргасан жолооч байхгуй байсан. Тэгэхээр нь Ц ахаас нөгөө жолооч хаана байгаа юм бэ гэж асуухад Ц ах энд машин тэрэг зохицуулж байгаад анзаарсангүй гэж хэлэхээр нь би тэр жолоочийг олъё гэж хэлээд би замын хажуу талын далан руу буугаад хайж эхэлсэн. Тэд нар цаана үлдсэн. Би ганцаараа хайж байгаад анх бие засуулахаар үлдээсэн газраас эхлэн хайж яваад яг баруун хойд зүгт 200 метр орчим зайтай тазарт нөгөө осол таргасан жолооч газарт хэвтэж байсан. Тэгэхээр нь би очоод хөөе босоорой ах гэж хэлээд биед нь хүрээд одоо босоорой гэж хэлсэн. Тэр осол гаргасан жолооч надад хандан намайг зүгээр явуулчих гэж хэлээд босохгүй байсан. Тэр жолооч газарт хэвтчихээд босохгуй байхаар нь би осол гарсан газар руу дөхөж байгаад хамт ажилладаг хүмүүсийг дуудаж асаагуурын гэрэл асаагаад даллахад намайг анзаарч харахгүй байсан. Тэгээд би нөгөө хүнийг явчих байх гэж бодоод эргээд хартал нөгөө осол гаргасан жолооч босоод зогссон байхаар нь би буцаад тэр жолооч дээр очиход осол гаргасан жолооч эргээд газарт суучихсан. Тэр жолооч ахин ахыгаа зүгээр явуулчих гэж хэлэхээр нь би тэр жолоочид хандан түргэн дуудчихсан байгаа ирэхээр нь үзүүлэхгүй бол болохгүй ээ, гарнаас чинь цус гараад байна гэж хэлсэн. Тэр жолооч газар суучихаад надад хандан уурлаж ахыгаа зүгээр явуулчих гэж хэлээд байхад явуулсангүй гэж уурлаад байхаар нь би эргэж осол болсон газрын зүг яваад далангийн хажууд очиход Ц ах далан руу буугаад ирэхээр нь би Ц ахад хандан нөгөө жолооч чинь тэнд байна, хамт явж очоод аваад ирье гэж хэлээд Ц ах бид хоёр тэр жолоочийн байсан зүг рүү явсан. Жолоочийн сууж байсан газарт очиход байгаагүй, тэр хавиар хайсан боловч олдохгүй байхаар нь жолооч Г руу утсаар яриад машинаа аваад ирээ, гэрэл тусгаж харахгүй бол олдохгүй байна гэж хэлсэн. Тэгээд Г нь машинаар гэрэлтүүлж явж байсан. Би нөгөө жолоочийн сууж байсан газраас баруун хойд зүгт хайсан боловч олоогүй. Г, М хоёр машинтай хайж байгаад Ц бид нарын хайж байсан газраас зүүн зүгт 200 метр орчим зайтай газарт хэвтэж байсныг олсон. Тэгээд Ц ах тэд нар дээр очоод нөгөө жолоочийг машиндаа суулгаад осол болсон газарт авчирсан. Тэр үед түргэн ирсэн байсан. Би түрүүлж очоод түргэний жолооч эмч нартай уулзаад осол гаргасан жолооч гараас нь цус гараад байгаа зугтаагаад алга болчихсон байсныг нь манай ажилчид авчирч байна гэж би хэлсэн. Тэгээд тэд нар машинтай ирээд би хамт өргөж нөгөө жолоочийг түргэний машинд суулгасан. Түргэний эмч тэр жолоочийг үзэж байгаад гарт нь оёдол тавих гэсэн боловч оёулахгүй байна, чи туслаад энэ хүнийг барьж байгаач гэж хэлэхээр нь би түргэний машинд суугаад тэр жолоочийн гарнаас нь барьж эмч оёдол тавьсан. Тэр жолоочийн гарт оёдол хийж байхад цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирээд зураг аваад нөгөө осол гаргасан жолооч дээр ирж Драгер багаж үлээлгэх гэсэн боловч жолооч драгер үлээхгүй гээд байсан. Замын цагдаа нь энэ жолооч согтуу байна, баримтжуулаад бичлэг хий гэж Аргалант сумын хэсгийн төлөөлөгчид хандан хэлсэн. Тэр жолооч явлаа гэж хэлэлгүй шууд яваад өгсөн байсан. Осол гаргасан жолооч осол болсон газар луу яваагүй, цаашаа явж байсан. Өөр тийшээ явсан байсан. Бид нарт хэлэлгүй явчихсан байхаар нь би хайж байгаад осол болсон газраас баруун хойд зүгт 200 метр орчим зайтай явж байгаад газарт хэвтэж байсан. Тэгсэн дараа нь миний олсон газраас зүүн хойд зүгт 200 метр гаран зайтай газарт очоод бас хэвтчихсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96 дугаар хуудас/,
Гэрч А.Мын дахин өгсөн: “...Х, Ц, Г нар нөгөө осол гаргасан жолооч алга болчихлоо гээд хайж байсан. Х, Ц нар явганаар утасны гэрэл тусгаад хайсан. Би Гтой хамт Бонго маркийн машинтай далангийн хажуу тал руу бууж машинаар гэрэлтүүлж хайж эхэлсэн. Г бид хоёр машинтай гэрэлтүүлж хайж байгаад осол болсон газраас хойд зүгт 400 орчим метрийн зайтай газарт байхад нь олсон. Тар жолоочийг олоход газарт хэвтэж байсан. Би машинаас буугаад осол гаргасан жолооч дээр очоод хөөе бос гэж хэлсэн. Тэгтэл тэр осол гаргасан жолооч дуугарахгүй хэвтээд байхаар нь осол гаргасан жолооч энд байна гээд Цэдэнгомбыг дуудсан. Ц ирээд негее осол гаргасан жолоочийг бос чи гэж хэлэхэд нөгөө жолооч өөрөө босоод машины кабин дотор ороод суусан. Тэгээд бид нар осол гаргасан жолоочийг аваад хэргийн газарт ирэхэд түргэний машин ирсэн байхаар нь Хд өгөөд явуулсан. Бид нар очоод бос гэж хэлэхэд өөрөө босоод зүгээр машинд суусан. Тэгэхээр бие нь өвдөөгүй байх. Бие өвдөж байгаа талаар бид нарт хэлээгүй. Бид нарыг харж байхад хэлэлгүй шууд хэргийн газраас өөр тийшээ явчихсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103 дугаар хуудас/
Гэрч Р.Гын дахин өгсөн: “Би өөрөө үйлчилгээний тэрэгний жолооч байгаа юм. Тэр осол болох үед Мазда маркийн жижиг ачааны машины жолооч нь кабин дотроо гацсан байсныг М, Х, Ц би бид нар нийлж байгаад уг машины жолоочийг машинаас нь гаргаад ертөнцийн зүгээр засмал замын хойд талд замын хажуу талд шороон хөвөөн дээр буулгаж орхисон. Тэгээд би машин руугаа яваад машин дотроо очоод сууж байтал Х ирээд “нөгөө жолооч ойр хавьд байхгүй байна, алга болчихлоо гэрэл тусгаж хайя” гэж хэлсэн. Тэгээд би машинаа асаагаад М бид хоёр машинтайгаа машины гэрэл тусгаж хайж эхэлсэн. Тэгээд осол болсон газраас хойд зүгт 400 метр орчим зайд жаахан хонхор дотор хар юм харагдхаар нь яваад очсон. Тэгтэл нөгөө жолооч хажуу тийш хараад хэвтэж байсан. Тэгээд Х, М нар нөгөө жолоочийг машинд суулгасан. Бид нар жолоочийг хэргийн газраас 400 орчим метрийн зайтай газраас олсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.А өгсөн “...Mazda Bongo маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг боловч 2022 оны намар зарсан. Тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлээгүй байсан юм. Одоо надад ямарч хамаагүй. Тухайн тээврийн хэрэгслийг аль эрт наймаа хийж зарсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80 дугаар хуудас/,
Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мын өгсөн: “...Би 2014 оноос хойш Төв АЗЗА Төрийн өмчит хувьцаат компанид ерөнхий инженерийн албан тушаалд ажиллаж байна. Манай байгууллагаас хохирогчийн гэр бүлд буяны ажлын зардал, бусад эд материалын тусламж үзүүлсэн. 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгосон байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86 дугаар хуудас/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 652 дугаартай 1.У.Уийн биед баруун умдаг ясны дээд салаа сэлтэрхий бүхий зөрөөтэй, умдаг ясны доод салаа зөрөө багатай, зүүн ацетабул дайрсан зөрөөгүй, дунд чөмгөний толгой, хүзүүний хугарал, аарцгийн булчинд зөөлөн эдийн няцрал, хэвлий, бага аарцгийн хөндий дэх сул шингэн агууламж, нарийн гэдэсний цоорол, дарагдал, шодойн Suspensor ligament бүрэн тасрал баруун, зүүн төмсөгний зөөлөн эдийн няцрал, баруун ташаа, хэвлий, зүүн ташаа, бэлэг эрхтэн, зүүн тавхайн 1-р хуруунд шарх, зүүн цавь, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Архаr хууч өвчин тогтоогдсонгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1-12, 3.1-15-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /1-р хх-ийн 134-137-р хуудас/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 217 дугаартай 1.Амь хохирогч У.Уийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношинд дурдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3.Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны /12:34/ өдрийн компьютерт томографийн шинжилгээгээр оношлогдсон байна. 4.2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №652 дүгнэлтээр гэмтэл тус бүрээр гэмтлийн зэргийг тогтоосон байна. 5.Амь хохирогч нь В(ǁ) бүлгийн цусны харъяалалтай байна. 6.Амь хохирогчийн цусанд, ходоодны шингэнд, цесенд спиртийн зүйл тус тус илрээгүй байна. 7.Амь хохирогч нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас олон эрхтний дутагдал, зүрх судас, амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ гэх дүгнэлт/1-р хх-ийн 140-150-р хуудас/,
“Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5152 дугаартай "Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн Дашдондог гэж хаягласан цуснаас спиртийн 3.0 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 3,0 промилли спирт нь согтолтын Хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 123-124 дүгээр хуудас/,
“....НҮТББ, замын хөдөлгөөний аюулгүй байдал, судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 24/18 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Mazda Bongo маркийн 69-83 УБА улсын дугаартай автомашины жолооч Б.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно; а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах: Тайлбар: Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд ертсөн хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэх, эмнэлгийн түргэн тусламж дуудах, мен боломжтой бол ослыг гэрчлэх бусад хүний овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах, цагдаагийн ажилтанг иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээнэ, мөн дүрмийн 18.3 дугаар зүйл дэх Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Howo маркийн ...улсын дугаартай автомашины жолооч А.Мыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3. ....ХХК нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.4 Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь дараах үүргийг хүлээнэ: а/ засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хэргийн материал дахь “Гэрэл зургийн үзүүлэлт”-ийн 9 дугаартай гэрэл зурагтай танилцахад ....ХХК-ийн ажилтнууд замын тухайн хэсэгт гэрэл ойлгогчтой түмбэ тавин ажиллаж байсан нь тогтоогдож байна. 4. Осол болоход ....ХХК нь зам дээр засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21-т зааснаар тэмдэг тавьж анхааруулах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулан ажиллаагуй нь зохих хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байна. 5. Mazda Bongo маркийн ....улсын дугаартай автомашины жолооч Б.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7А дахь заалт. 18 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. 6. Хэргийн материалтай танилцахад тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 181-184 дүгээр хуудас/
Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газрын салбарын хяналтын улсын байцаагч Ю.Аюушийн 2024/01/29/03 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “.......улсын дугаартай Мазда бонго маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12.3, 13.2.1 дэх заалт, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 12.2, 12.1, 12.4.1, заалтуудыг зөрчсөний улмаас гэмт хэрэг гарах үндэслэл болсон байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 166-174-р хуудас/,
Хөрөнгө үнэлгээний шинжээч Г.А 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 06/32 дугаартай “...Мазда бонго маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ нь 1,820,000 төгрөг болно...” гэх үнэлгээний тайлан /1-р хх-ийн 193-205 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Дын яллагдагчаар өгсөн “.. Би хяналтын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татасан тогтоолыг уншиж танилцсан. Би энэ прокурорын тогтоолын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтыг хүлээн зөвшөөрч байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн өдөр осол гарах үед би өөрөө хоёр машины хооронд хавчуулагдан биедээ гэмтэл авч толгой, тархи мансуураад хүмүүсийн яриа орж гараад байсан. Тэр үед хүмүүс намайг машинаас салгаж авсан. Би хөлөөрөө зам дээр буухад толгой эргээд газар дайвалзаад байсан. Тэр үед мөн адил хүмүүсийн яриа бүдэг сонсогдож зарим яриа нь ойлгогдоод, зарим яриа нь ойлгогдохгүй байсан. Тэгээд би зам дээр доошоо хөлее нугалаад суусан. Тэр үед замаар явж байсан машинууд ойрхон гараад дайрчих гээд байхаар нь асфальтан замын хойд талын далангийн хэсгээр газарт буугаад дотор муухайрч бөөлжсөн. Би бөөлжичхөөд газарт хэвтсэн. Тэгсэн ахиад дотор муухайрч бөөлжих гээд байхаар нь би жаахан огиулаад алхаад 50-100 метр орчим яваад газарт хэвтсэн. Би явж чадахгүй байсан. Тэр үед миний зүүн гараас их цус гарсан, бас хамар, амнаас цус гарч байсан. Тэгээд хүмүүс ирээд, цагдаа нар ирэхээр нь би хамт яваад хэргийн газарт очсон. Би эмнэлэг, цагдаа ирнэ гэдгийг мэдэж байсан. Иймд би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл тэнд байсан хүмүүс үгээ нийлүүлж намайг хэргийн газраас зугтаасан маягаар ярьсанд би гомдолтой байна. Прокурорын яллах дүгнэлтэд гэрчүүд намайг хэргийн газраас зугтаасан гэж мэдүүлсэнд гомдолтой байна. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө ч бас хэлж байсан. Тэр үед зам дээр гэрэлтүүлэг муутай байсан. Харин цагдаа ирсний дараа гэрэлтүүлэг тавьсан байсан. Тийм болохоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хас ч өгөөч гэсэн хүсэлтэй байна. Шаардлага гарвал тэр гэрч нартай нүүрэлдэж мэдүүлэг өгмөөр байна. Би ослын газраас 50-100 метр яваад зогссон. Буяны ажилд 10.000.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 235-236 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Э.У: “...Шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 11.700.000 төгрөг төлсөн, хохирогчийн зүгээс 53.019.263 төгрөг нэхэмжилдэг. Үүнээс 11.700.000 төгрөгийг хасаж, 41.319.263 төгрөгийг Б.Доос гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналтай байна.” гэх саналыг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.О: “...Манай хүүхэд дадлага хийж байгаад сурч байсан. Та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоогүй байсан бол зам тээврийн осол гарахгүй байсан.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг: “...Б.Д нь хүнд хэлбэрийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодоод явж байсан нь энэ зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн. Тийм учраас шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэх хэрэг үйлдсэн гэм буруутай байна.” гэх саналыг,
Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.М: “Хэлэх зүйлгүй.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.М: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Дын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Өмгөөлөгч миний зүгээс дараах дүгнэлтийг гаргаж байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно, мөн хуулийн 3 дахь хэсэгт шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн заалт байгаа..., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэж зүйлчлэх боломжгүй байгаа юм. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, эсхүл хүний амь нас хохирсон гэдгээр зүйлчилсэн бол арай дөхүү зүйлчлэл болох байсан. Тийм учраас мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож чадсангүй, хүнийг яллахаасаа илүү, шүүгдэгчид ямар боломж, ямар хуулийн заалт байна вэ гэдгийг судалж чадсангүй. Миний удаа дараа өгсөн хүсэлтийг хүлээж аваагүй. Тийм учраас Б.Дт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 60 хүртэлх хоногийн хугацаагаар хойшлуулж, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж, иргэний хариуцагчаар тогтоогдсон ....ХХК-иас ОМ гээд байгаа төлбөр төлсөн баримтыг хэрэгт хавсаргуулах хүсэлттэй байна.” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г: “...Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас оролцож байсан өмгөөлөгч нар маань тайлбараа гаргалаа. Энэ хэрэгт байгаа шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдаагүй, дахин дүгнэлт гаргуулъя гэж байгаатай санал нэг байна. Шүүх шинжилгээний тухай хууль гарсны дараа гарсан 2 шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа хуульд заасны дагуу гаргах бүрэн боломжтой байсан. Шинжээч Ю.Аюушын гаргасан дүгнэлт тамга тэмдэг дарагдаагүй байна. Тийм учраас хэрэгт нэмж нотлох баримт цуглуулахаар хэргийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулах санал гаргаж байгаатай санал нэг байна. Мөн иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байцаахдаа хууль ёсны төлөөлөгчөөр байцаалт авчихсан байдал харагдаад байна. Б.Дыг буруутгах гэсэн хэт нэг талыг баримтлаад байна.” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Э: “...Миний зүгээс Р.М өмгөөлөгчтэй санал нэг байна. Хэргийн бодит байдал буюу шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгээс эхлээд дүгнэлт гаргах хүртэл нотлох баримтын хэмжээнд очоогүй. Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар бүрэн гүйцэт гараагүй, эргэлзээтэй гарсан. Тухайн хэрэг гарсан газар очиж үзэхэд дээрээс орж ирээд гүдгэр газар байсан, доошоогоо шууд орчихдог юм билээ. Тэгэхээр миний үйлчлүүлэгч Б.Дын хэлж байгаагаар гэрэл харагдаагүй, самбаачлах боломж гараагүй гэдэг нь үнэн болж таараад байна. Зам засварын ажил хийж байсан том тэрэг ачаагаа дээш нь өргөчихсөн байдал арын гэрэл тэвшин доогуур ороод харагдахгүй болно. Тухайн зам засварын ажил хийж байсан том оврын машин ачаагаа сөхсөн байдалтай байхад Б.Доос өөр хэн ч гэсэн гэрэл нь харагдахгүй, шууд нь араас нь яваад орчих боломжтой, нөхцлийг бүрдүүлсэн нь ....ХХК гэж үзэж байна. Тухайн үед Б.Д л явж таараад тухайн тээврийн хэрэгслийн араас орчихсон. Өөр хэн ч байсан зам тээврийн осол гаргах байсан. Үүн дээр шинжээчийн дүгнэлт дутуу гарсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 18 насанд хүрээгүй хүүхдээр ажил хөдөлмөр эрхлүүлэхийг хориглосон байхад тухайн аюултай нөхцөлд 17 настай амь хохирогч хүүхдийг ажлуулж байсан нь иргэний хариуцагч байгууллагын буруу, холбогдох бусад хуулиудыг зөрчсөн байна. Тийм учраас энэ осол нь ажлын байран дээр гарсан осол. Энэ хэргийг бүрэн дүүрэн олж тогтоож чадвал миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дэрдэж, зүйлчлэл хөнгөрөх байх гэж бодож байна. Энэ хэрэгт дахин нотлох баримт шаардлагатай байх учраас хэргийг буцааж өгнө үү гэсэн байр суурьтай байна.” гэх саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Б.Д: “Би өмгөөлөгч нарынхаа байр суурийг дэмжиж байна. Амь хохирогч хүүхэд энэ компанид ажиллаж байсан. Үүнийг тухайн газрын ойр орчмын хүмүүс мэдэж байгаа.” гэх мэдүүлгийг гаргасан.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний амь нас хохирсон байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Учир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно, а/согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 18.3-д “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.
Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.
Хамгийн гол нь хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.
Тэрээр шүүгдэгч Б.Д Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 3.7.а-т заасныг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь насыг хохироосон шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Дыг согтуугаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол тооцно”,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”,
мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан бөгөөд,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилган хариуцах үүрэгтэй” гэж тус тус тээврийн хэрэгсэл ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой заасан байна.
Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус хуульчлагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 11.000.000 төгрөг төлсөн ба хэн аль нь маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Оөөс баримтаар оршуулгын зардалд 41.319.263 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шүүгдэгч Б.Доос 20.659.631 төгрөгийг, иргэний хариуцагч “Баян чандманль” ХХК-иас 20.659.631 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор, хохирогчийн хууль ёсны төлөөөлөгч сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Гэм буруугийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч Б.Д болон түүний өмгөөлөгч нар нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар шүүгдэгч түүний өмгөөлөгч хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах” тухай хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг ажлын 5 өдөрт багтаан завсарлуулж, шүүгдэгч Б.Д нь гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүхээс тогтоосон хохирол болох 20.659.631 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Э.У: “...Шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 8 жилийн хугацаагаар хасаж, 6 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэх, тус хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Б.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдуулъя.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.А: “...шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан ялын санал үндэслэлгүй байна. Ялын тухайд улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.М: “...Б.Дт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байгааг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т заасан хамгийн доод хорих ялын хоёрны нэгтэй тэнцэх хэмжээний ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г: “...Б.Д нь учирсан хохирол, хэргийн зүйлчлэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зуйлийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Э: “...Хохирлоо бүрэн төлсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг нь харгалзан үзэх 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах бүрэн боломжтой байгаа учир 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.
Шүүгдэгч Б.Д: “...Би хохирогч эмэгтэйд байнга мөнгөн тусламж өгч байсан. Зам ангийн буруутай үйлдэл байгаа, насанд хүрээгүй хүүхдийг шөнийн цагаар ажлуулсан зэрэг нөхцөл байдал байгаа. Миний буруутай үйлдлийг үндэслэж прокурор арай өндөр ялын санал гаргаж байгаад гомдол байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г ... “шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан “онцгой нөхцөл” байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.М, Ж.Э нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий санал тус тус гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Учир нь:
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3-т заасан “онцгой нөхцөл байдал” гэдэгт ял шийтгүүлж буй этгээдийн биеийн эрүүл мэндийн байдал, нас өндөр болсон, хөгжлийн бэрхшээлтэй, нийтийн төлөө хийсэн сайн үйлс, гамшиг, аюултай үзэгдлийн үед болон улс орны батлан хамгаалахад гавьяа зүтгэл гаргасан зэрэг зөвхөн тухайн этгээдийн хувийн байдалтай хүчин зүйлийг хамааруулан үздэг ойлголт ба шүүгдэгч Б.Дийн үйлдсэн гэмт хэргийн хувьд дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул онцгой нөхцөл байдал гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарахгүй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хамжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтанд заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй чл оногдуулна” гэж хуульчилсан байх ба шүүгдэгч Б.Дын гэм буруутай үйлдлийн улмаас 17 настай хүний амь нас хохирсон, хүнд хор уршиг арилгаагүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохиролд 32.659.631 төгрөг төлсөн гэх боловч энэ нь зөвхөн материаллаг зардал байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж хорих ялын доод хэмжээнээс татаж оногдуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Дыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүнийг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Д нь .... зэрэг баримтууд авагджээ.
Шүүгдэгч урьд нь ..... ял шийтгэгдэж байсан нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байгаа хэдий ч эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.
Шүүгдэгч Б.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хээлийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм бурутуай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэж эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус хуульчилсан байх ба шүүгдэгч Б.Дын үйлдсэн гэмт хэргийн цаг хугацаа нь 2023 оны 10 дугаар сарын 15-нд үйлдэгдсэн байх ба Эрүүгийн хуульд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлтөөс өмнө цаг хугацаанд хамаарч байх бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж,
шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж, нийгмийн аюулыг харгалзан шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэм бурууд тохирно гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссана дараа хугацааг тоолно гэж заасан тул шүүгдэгч Б.Дт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа эхлэн тоолохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа эхлэн тоолохыг дурдсугай.
5.Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Оөд 32.359.631 төгрөг төлсөнг дурдаж, иргэний хариуцагч ....ХХК-иас 20.659.631 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Оөд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэл санааны хохирлоо шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ялыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Дт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН