| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 307/2025/0122/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/173 |
| Огноо | 2025-04-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Улаанаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/173
2025 04 07 2025/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0122/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Э.Улаанаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000000097 дугаартай хэргийг 2025 оны 03 сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын *******,******* тоотод оршин суух, урьд
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил, 1 сарын хугацаагаар хорих ял, 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг багтааж биечлэн эдлэх ялыг 8 жил 1 сарын хугацаагаар тогтоосон, 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 117 дугаартай шүүгчийн захирамжаар 5 жил, 1 сарын хорих ял болгож, 433 дугаар хорих ангиас 2009 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* ,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын *******ийн 1 дүгээр байрны орцны подвалоос ******* эзэмшлийн цохилттой дрилл, шрүп мастер, тасдагч зэрэг цүнхтэй багажийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 405,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн: “...Уг байр нь 5 давхар шар өнгөтэй байр байв. Байрны ард хэсэгт ...урд харсан байрлалтай гадагш чиглэлд нээгддэг улаан хүрэн өнгийн ...цоожгүй 70см х 120см хэмжээтэй төмөр хаалгатай, 5 ширхэг 40см х 40см хэмжээтэй салхивчтай, салхивчийг төмөр хаалтаар хаасан, ...подвал дотор ороход нийт 18 өрөөтэй, өрөөнүүд хоорондоо хаалгагүй, ...Эд зүйлс байсан гэх өрөөг оролцогчоор заалгахад зүүн талд 4 өрөөг дамжиж хамгийн захын өрөөний хойд зүгт байх аркаар нэвтрэн зүүн талд байх аркаар нэвтрэн ороход цэнхэр өнгийн будгаар будсан ханатай хойд зүгт харсан байрлалтай ногоон өнгийн 180см х 90см хэмжээтэй төмөр хаалгатай, хаалгыг түлхэхэд гаднаас цоожилсон байдалтай ...Уг өрөөнд баруун хананд төмөр шатыг түшүүлж тавьсан, улаан өнгийн хагархай тоосго зэрэг байв. Оролцогчийн зааснаар багаж байсан гэх газарт ямар нэгэн ул мөр байхгүй байв. ...подвалоос анх орсон хаалгаар гараад тус байрны урд байрлах эд зүйлсийг оруулсан гэх хаалгыг оролцогчоор заалгахад тус байрны зүүн талын захын буланд шатаар буух зориулалт бүхий шаттай улаан хүрэн өнгийн төмөр хаалгыг цоожилсон байх ба цоожны гадна хэсэгт төмөр хамгаалалт хийсэн байв. Оролцогчоор хаалгыг нээлгэхэд хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй хаалга хэвийн нээгдэж байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-11/,
Maovon гэх бичиглэлтэй цэнхэр өнгөтэй цохилттой дрилл 1 ширхэг, цэнхэр өнгөтэй шрүп мастер 1 ширхэг, цэнхэр өнгөтэй тастагч 1 ширхэг, хар өнгийн 21 вольтын 2 ширхэг батарей зэрэг эд зүйлийг *******аас хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 12/,
Хохирогч ******* эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-15/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 16/,
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 20-ны үед Шарын гол сумын Билгүүнээ гэх залуутай амаар гэрээ байгуулж Хайрхан баг 1 дүгээр байрны доод подвалын 3 өрөөнд засал чимэглэл хийхээр тохиролцсон юм. Би тухайн подвалд цахилгааны монтаж хийгээд хог шороог нь цэвэрлээд засал чимэглэл хийхэд бэлэн болгочхоод засварын материал ирэхийг нь хүлээгээд байж байсан юм. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 10 цагийн үед тухайн подвалд цэвэрлэгээ хийж байгаад өөрийн эзэмшлийн цохилтод дрилл, тастагч, шрүп мастер зэргийг подвалын хамгийн захын өрөө буюу гадна хаалгаар ороод харалдаа өрөөнд үлдээгээд гараад явсан юм. Тэгээд гэртээ хариад цай унд ууж байгаад өдрийн 16 цагийн үед засвар хийж байгаа подвалд ирэхэд миний багаж байхгүй байсан. Би тэр хавиар багажаа хайгаад байж байтал тухайн подвалын баруун талын захын өрөөнд хүн дуугарах шиг болохоор нь тийшээ яваад очтол Шарын гол сумын архины хамааралтай нь дулааны шугамын хажууд сууж байсан. ...яаж орж ирсэн юм бэ гэхэд гадаа хүйтэн болохоор нь дулаацах гээд хойд хаалга нь онгорхой байхаар нь ороод ирсэн юм гэж надад хэлсэн. аас миний багаж хаана байна гэхэд ямар багаж би мэдэхгүй гэж байснаа улаан цүнхтэй багаж уу гэж асууснаа надад мөнгө өгвөл би гаргаж өгнөө гэж хэлээд надаас мөнгө нэхээд эсхүл архи авч өг гэж хэлсэн. ...Миний багажууд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ба 2024 оны 06 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан захаас 650,000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...Тухайн байрны урдаас буюу миний засвар хийж байсан подвал руу орох гадна хаалга тухайн үед цоожтой түлхүүр нь зөвхөн надад байсан. Харин тус байрны баруун талын захад комиссын бараа зардаг подвал нь дотор талдаа хана өрж битүүлсэн гаднаас орох 1 хаалгатай байдаг. Харин тус байрны арын хэсэгт байдаг жижиг төмөр хаалга нь байнгын нээлттэй буюу ямар нэгэн цоожгүй, мөн тухайн үед миний засвар хийж 3 өрөө нь тус подвалын бүх өрөөнүүдтэй холбоотой гэдгийг эд зүйлээ алдсаны дараагаар хайж явах үедээ мэдсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би ахаар өөрийн подвалд засвар хийлгэхээр тохиролцож засварын ажлыг хийлгэж байгаа юм. Тэгтэл надад ах нь багажаа алдчихлаа гэж хэлж байсан. ...Намайг орж шалгах үед ах цэнхэр өнгөтэй батарейтай багаж ашиглаж байсан. Манай зүгээс барилгын материал татаж өгөөгүй байсан. Тухайн подвалд зөвхөн ахын багаж л байсан. ...Би тухайн подвалыг худалдаж аваад удаагүй байсан болохоор бусад өрөөнүүдээр нь орж үзээгүй. Дотроо их муухай үнэртэй, мөн тоос шороо ихтэй, дулаан, бохирын шугам ихтэй байсан учир бүх өрөөнүүдтэй холбоотой болохыг нь би мэдээгүй. Харин миний эзэмшлийн 3 өрөөний 2 өрөө нь аркаар хажуугийн өрөөнүүдтэй холбоотой байсан. Би завсрын ажлын дундуур тухайн аркийг битүүлэх талаар хэлж байсан ...манай подвалын гаднаас орох хаалганы түлхүүр зөвхөн ахад байсан. Тус байрны ард жижиг хүрэн өнгийн төмөр хүн орж болохоор хаалгатай гэдгийг ахын багаж алдагдсаны дараагаар мэдсэн. Тухайн жижиг төмөр хаалга нь ямар нэгэн цоож байхгүй, хүн орж гардаг байж магадгүй дотор нь архины шил их хэмжээгээр байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...тэр подвал руу Шарын гол сумын архины хамааралтай хүмүүс буюу орон гэргүй тэнэмэл хүмүүс зарим үед орж архи ууцгааж дотор нь хонодог юм. Миний хувьд мөн хүмүүстэй орж 2-3 удаа архи ууж байсан. Шарын гол сумын Хайрхан баг 1 дүгээр байрны подвалын хойд хаалга нь ямар нэгэн цоож, бэхэлгээ байдаггүй хэн дуртай нь орж болно. Дотроо их дулаахан байдаг би өрөөнүүд нь хоорондоо холбоотой ямар нэгэн гэрэлтүүлэг байдаггүй болохоор бид нар өвлийн цагт орж дулаацаж мөн архи уудаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26/,
“Ашидбилгүүн” хөрөнгийн үнэлгээний компанийн мэргэшсэн үнэлгээчний 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ-925-911462 дугаартай: “...Шрүп мастер 1 ширхэг 100,000 төгрөг, цохилттой дрилл 1 ширхэг 185,000 төгрөг, тасдагч 1 ширхэг 120,000 төгрөг зэргийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 01 сарын байдлаар 405,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-37/,
Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...даараад байхаар нь Шарын гол сумын Хайрхан баг, 1 дүгээр байрны арын подвал руу ордог жижиг төмөр хаалга онгорхой байхаар нь ороод дулаацаад байж байгаад өөр өрөөнүүдэд нь манай найзууд байж магадгүй гэж бодоод өрөөнүүдээр нь явж байтал хамгийн захын өрөөн дотор улаан цүнхтэй тасдагч, дрилл, шрүп мастер байхаар нь би аваад подвалаас гараад айлын хашаан дотор нуучихсан юм. Тэгээд өдөр 15 цагийн үед буцаж ирээд подвал дотор дулааны шугаман дээр хэвтэж байтал ах над дээр ирээд юу хийж байгаа юм чи яаж орж ирсэн юм бэ, миний багаж алга байна гэхээр нь би улаан цүнхтэй юу гэхэд тийм гэж хэлсэн. Ганц юм авч өгөөд та багажаа ав гэж тэр чигээрээ гүрийгээд гаргаж өгөөгүй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч нь шунахайн сэдлээр, шууд санаатай үйлдлээр ******* эзэмшлийн цохилттой дрилл, шрүп мастер, тасдагч зэрэг багажийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 405,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Тухайн багажийг авсан гэх подвал руу өөр өрөөнөөс шууд нэвтрэх боломжтой байсан байх тул тусгайлан хамгаалсан орон байр гэж үзэх үндэслэлгүй, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч “алдсан эд зүйлийг бүрэн бүтэн хүлээн авсан учир надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хх-ийн 21/ байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн буюу цохилттой дрилл, шрүп мастер, тасдагч зэргийг өмчлөгчид буцаан өгсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин орлогогүй боловч хөдөлмөр эрхлэх чадвартай байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, оногдуулсан ялыг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Тохижилт үйлчилгээний хэсэгт түүний эрүүл мэнд, биеийн онцлогт тохирсон ажлыг хийлгэж эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2025 оны 03 сарын 24-ний өдрөөс 2025 оны 04 сарын 07-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 14 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон, нийт 112 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх ялаас хасах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2025 оны 03 сарын 24-ний өдрөөс 2025 оны 04 сарын 07-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 14 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон, нийт 112 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 368 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар ялтан *******ыг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Тохижилт үйлчилгээний хэсэгт өдөрт 8-аас илүүгүй цагаар, түүний нас, эрүүл мэнд, биеийн онцлогт нь тохирсон ажлыг хийлгэж ажиллуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД