Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2022/01072

 

 

 

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2022/01072

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Ө-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  О ХХК -д холбогдох,

ажилгүй байсан хугацааны цалин 262.627.391 төгрөг, мөнгөн урамшуулал 23.794.513 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, ажлаас халагдсаны тэтгэмжид олгосон 32.546.066 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө

Хариуцагчийн өмгөөлөгч О.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Н.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.

Н.Ө миний бие 2010 оны 7 дугаар сараас эхлэн О ХХК-ийн Хангамжийн хэлтэст гэрээний ажилтан, 2011 оны 7 дугаар сараас мөн хэлтсийн Ахлах мэргэжилтэн, 2014 оны 6 дугаар сараас Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн албан тушаалд томилогдон хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус компаний гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн НR400/17 тоот тушаалын дагуу ажлаас халагдсан.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01462 дугаар шийдвэр болон Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1803 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 00530 дугаар тогтоолоор намайг өмнө эрхэлж байсан ажил албан тушаал болох О ХХК-ийн хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх олговрыг гаргуулж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Б.Өлзийжаргал намайг хууль бусаар ажлаас халагдсан талаархи маргаан 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ХТ2020/00530 дугаартай Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн боловч хариуцагч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг бүрэн гүйцэд, сайн дураар биелүүлэхээс татгалзсаар байгаа бөгөөд шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг эхлүүлсэн.

Хариуцагчаас 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 180,896,130 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 10 -ны өдөр 5,343,438 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 25 -ны өдөр 5,343,577 төгрөгийг тус тус өгсөн.

Гэвч 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртлэх өдрийн ажилгүй байсан 23 сарын хугацааны нийт цалин, хөлсийг бүтнээр нь төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч Улсын дээд шүүхийн иргэний танхим хуралдаагүй хугацааны цалин, хөлсийг олгохгүй гэж хариуцагчийн төлөөллийн зүгээс шалтаглан, хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзсан.

О ХХК болон О ХХК-ийн уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2016 онд байгуулсан Хамтын гэрээний 2.1 -д заасны дагуу жил бүр бүх ажилчиддаа мөнгөн урамшуулал олгох үүргийг ажил олгогч тал болох О ХХК хүлээсэн.

О ХХК-иас тус Хамтын гэрээний дагуу бүх ажилтнууддаа 2017 оны 03 сард, 2018 оны 03 сард, 2019 оны 03 сард, 2020 оны 03 сард, 2021 оны 03 сард тус бүр нэг удаагийн мөнгөн урамшууллыг олгосон.

Нэхэмжлэгч миний хувьд тус компанид ажиллаж байхдаа гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Ж-н 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2238/17 тоот тушаалын дагуу 2,088 ам.доллартай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшууллыг авсан.

Хариуцагч О ХХК нь намайг хууль бусаар, үндэслэлгүйгээр ажлаас халсныг З шатны шүүхээр эцэслэн тогтоосон бөгөөд миний бие ажил үүргээ гүйцэтгэж байсан бол Хамтын гэрээнд заасан уг урамшууллыг жил бүр авах ёстой байсан. О ХХК болон О ХХК-ийн уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2016 онд, мөн 2018 онд шинэчлэн байгуулсан Хамтын гэрээний 2.15. Ажил олгогч нь бизнесийн гүйцэтгэл болон бусад хүчин зүйлсээс хамааран ажилтнуудад жилийн урамшуулал олгоно гэж заасан.

Иймээс 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх 23 сарын цалин болох 238,832,878 төгрөгийг 2018, 2019, 2020, 2021 онуудад олгогдох байсан мөнгөн урамшуулал болох 8,352 америк доллар буюу 23,794,513 төгрөгийн хамт нийт 262.627.391 төгрөгийг хариуцагч О ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч маргаж байна. Үүнд:

Компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн HR 4007/17 дугаар тушаалаар компанийн Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн орон тоо хасагдсан үндэслэлээр ажилтан Н.Ө тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Нэхэмжлэгч Н.Ө нь шүүхэд гомдол гаргаснаар 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2019/01462 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Н.Ө ыг эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, О ХХК-аас 203,659,512 төгрөгийг гаргуулж түүнд олгохоор шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1803 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ХТ2020/00530 дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээж эцэслэн шийдвэрлэсэн.

О ХХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б3304 дугаар тушаалаар компанийн хангамжийн хэлтсийн бүтцэд хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн орон тоо бий болгож, Н.Ө ыг 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тус албан тушаалд эгүүлэн тогтоож, Н.Ө д ажилгүй байсан хугацааны олговорт 203,659,512 төгрөгийг олгож, ажил олгогч нь ажилтанд олгох олговроос холбогдох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг суутган Н.Ө д 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 180,896,130 төгрөгийг шилжүүлж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн.

Нэхэмжлэгч Н.Ө ыг 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ажилд эгүүлэн тогтоосноос хойш ажил олгогч нь 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 4 дүгээр сарын цалин, хөлс болох 5,343,438 төгрөгийг, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 5 дугаар сарын цалин, хөлс болох 5,343,577 төгрөгийг тус тус түүнд олгосон бөгөөд өнөөдрийг хүртэл хуулийн дагуу цалин, хөлсийг нь олгож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор Монгол Улсын дээд шүүх бүрэлдэхүүнгүй болж шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа зогссон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зогссоноос шалтгаалан тус маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т Хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх хугацааны дотор хэлэлцэж шийдвэрлээгүй тул тухайн хугацааны олговорыг ажил олгогч нь ажилтанд олгох үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Н.Ө ын 2018, 2019, 2020, 2021 онуудад олгогдох байсан мөнгөн урамшуулал болох 8.352 америк доллар буюу 23,794.513 төгрөгийг О ХХК -иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь урамшуулал гэдэг нь ажлын гүйцэтгэлд олгогддог бөгөөд хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1. бол ажилгүй байсан хугацааны цалин болон бага цалинтай ажиллуулсан бол зөрүү цалин дээр яригддаг. Өлзийжаргал ажилгүй байгаагүй, энэ хугацаанд өмгөөлөгч хийж байсан, хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өмгөөлөгч нь өөр ажлыг хавсран хийхийг хориглосон байгаа юмаа.

Иймд нэхэмжлэгч Н.Ө ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

О ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн HR4007/17 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэн компанийн Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн орон тоо хасагдсан үндэслэлээр ажилтан Н.Ө тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг үндэслэн тушаалын 3 дахь заалтаар ажилтанд нийт 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмж 32,546,066 төгрөгийг татвар, хураамж, суутгалгүйгээр 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Н.Ө ын Голомт банкны 3009309716 тоот дансанд олгосон.

2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ТШШ2019/01462 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Н.Ө ыг эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1803 дугаар магадлал, Монгол Улсын дээд нгүүхийн хяналтын шатны иргэний хэргийн нгүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 00530 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Н.Ө ыг ажлаас нь чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шнлжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу О ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу Н.Ө д ажлаас халагдсаны тэтгэмж олгох үүрэг үүсээгүй буюу үүрэг нь хүчин төгөлдөр бус болсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан буцаан шаардах эрхийн дагуу ажлаас халагдсаны тэтгэмжид олгосон 32,546,066 төгрөгийг Н.Ө аас буцаан гаргуулахаар үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө сөрөг нэхэмжлэл гаргасан.

Иймд Н.Ө аас 32,546,066 төгрөгийг гаргуулж О ХХК-д олгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч О ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй болно. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нотлох баримтаар:

Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 00530 тогтоол, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1803 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 7 дугаа сарын 01-ний өдрийн 01462 дугаар шийдвэр, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч нотлох баримтаар:

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг гэрчилгээ, Н.Ө ын 2017 оны 9,10,11 дүгээр сарын тэтгэмжийн дүн

Шүүхийн журмаар: О ХХК болон О ХХК-ийн Уул , уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээний хуулбар, Монгол улсын ерөнхийлөгчийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар зарлиг, Монголын өмгөөлөгчдийн холбооны 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 01/474 дугаартай Н.Ө ын өмгөөллийн эрх түдгэлзүүлж байсан эсэх лавлагааг зохигчдын хүсэлтээр тус тус бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад     

            ҮНДЭСЛЭХ НЬ:

НЭГ. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Н.Ө нь хариуцагч О ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 238.832.878 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, урамшуулалд 23.794.513 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

1.1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 01462 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1803 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 00530 дугаартай тогтоолаар Н.Ө ыг О ХХК-ийн хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 203.659.512 төгрөг гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг даалган шийдвэрлэжээ. /хх-ийн 4-29-р хуудас/

Дээрх шийдвэрийн дагуу хариуцагч /ажил олгогч/ О ХХК нь нэхэмжлэгч /ажилтан/ Н.Ө ыг 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ажилд нь эгүүлэн авсан, тус шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 01462 дугаартай шийдвэрт заасан цалин олговрыг олгосон талаар талууд маргаагүй болно./хх-ийн 138-р хуудас/

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал нэхэмжилсэн нэхэмжлэлээ ажилд орсныхоо дараа буюу 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хугацаанд гомдол гаргасан гэж үзнэ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Н.Ө ын нэг өдрийн цалинг 493.122 төгрөг, нэг сарын цалинг 10.848.691 төгрөг гэж тооцжээ. /хх-ийн 27, 28-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заажээ. Гэтэл хариуцагч /ажил олгогч/ О ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 01462 дугаартай шийдвэрийг биелүүлэлгүй, уг шийдвэрт гомдол гаргах эрхээ эдлэж явсаар 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч/ажилтан/ Н.Ө ыг ажилд нь эгүүлэн авсан болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн4-29, 138-р худас/

Хариуцагч /ажил олгогч/ О ХХК нь шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрх эдэлсэнээс гарсан үр дагаварыг нэхэмжлэгч /ажилтан/ Н.Ө хариуцах үндэслэлгүй тул түүний ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгох нь зүйтэй.

Ажилтан Н.Ө ын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх /21 сар 18 хоног/ хугацааны цалинг тооцоолоход 236.698.707 төгрөг болж байна.

/10.848.691төгрөг х21 сар=227.822.511 төгрөг, 493.122 төгрөг х18хоног=8.876.196 төгрөг, 227.822.511төгрөг+ 8.876.196 төгрөг=236.698.707 төгрөг/

Иймд хариуцагч О ХХК-иас ажилтан Н.Ө ын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 236.698.707 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй.

Хариуцагч /ажил олгогч/ О ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасны дагуу ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл, хураамж төлөх, ажил олгогч зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.

1.2.Нэхэмжлэгч Н.Ө нь 2021 оны 5 дугаар сарын цалинг дутуу олгосон гэж байгаа боловч тэр талаар ажил олгогч байгууллагадаа хүсэлт гаргаж шийдвэрлүүлж байсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

1.3. 2018, 2019, 2020, 2021 онуудад олгогдох байсан мөнгөн урамшуулал болох 8,352 америк доллар буюу 23,794,513 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь О ХХК болон О ХХК-ийн уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны 2018-2023 оны хамтын гэрээний 2.15.-д заасан үндэслэлээр олгогдох байсан урамшуулалд 23.794.513 төгрөгийг нэхэмжилж, хариуцагч нь ажлын гүйцэтгэлийг болон бусад хүчин зүйлсээс хамаарч ажилтнуудад жилийн урамшуулал олгоно гэж байгаа тул ажил хийгээгүй ажилгүй байсан хүнд урамшуулал олгогдохгүй гэж маргаж байна.

О ХХК болон О ХХК-ийн уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны 2018-2023 оны хамтын гэрээний 2.15.-д Ажил олгогч нь бизнесийн /О ХХК үүнд далд уурхайн бүтээн байгуулалт хамаарна/ гүйцэтгэл болон бусад хүчин зүйлсээс хамааран ажилтнуудад жилийн урамшуулал олгоно гэж, 2.4.-д Ажил олгогч нь ажлын гүйцэтгэлийн үнэлгээг жил бүрийн 4 дүгээр улиралд хийж гүйцэтгэх бөгөөд уг үнэлгээгээр ажилтан, удирдах ажилтан хоёр харилцан санал бодлоо солилцоно... гэж тусгажээ. /хх-ийн 61-82-р хуудас/

Ажилтан Н.Ө нь 2018, 2019, 2020, 2021 онуудад ажил эрхлээгүй ажилгүй байсан тул түүний хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг тооцох боломжгүй, жилийн урамшуулал олгох үндэсгүй.

Иймд Н.Ө ыг ажил нь эгүүлэн тогтоосон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс уг шийдвэрийг биелүүлж, 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ажилд нь эгүүлэн авсан хугацааны цалин олговорт 236.698.707 төгрөгийг олгож, уг цалин олговорт ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалган, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25.928.684 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

ХОЁР. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Сөрөг нэхэмжлэлийг хангах үндэстэй.

Хариуцагч /ажил олгогч / О ХХК нь нэхэмжлэгч /ажилтан/ Н.Ө д холбогдуулан 32.546.066 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч /ажилтан/ Н.Ө нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшаарч маргажээ.

Хариуцагч О ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн HR4007/17 дугаар тушаалаар ажилтан Н.Ө тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халагдсаны тэтгэмж 32,546,066 төгрөгийг татвар, хураамж, суутгалгүйгээр 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Н.Ө ын Голомт банкны 3009309716 тоот дансанд шилжүүлэн олгосон талаар талууд маргаагүй болно.

Дээрх тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч /ажилттан/ шүүхэд гомдол гаргаснаар Н.Ө ыг О ХХК-ийн хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, О ХХК-ийн хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн ажил, албан тушаалд 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр томилсон болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 4-29, 138-р хуудас/

Шүүхийн шийдвэрийн дагуу Н.Ө нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа орж, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 203.659.512 төгрөгийг хүлээн авсан байх тул О ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн HR4007/17 дугаар тушаалын үндэслэл арилсан гэж үзнэ.

О ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн HR4007/17 дугаар тушаалаар ажилтан Н.Ө д ажлаас халагдсаны тэтгэмж 32,546,066 төгрөгийг олгосон, уг тушаалын үндэслэл арилж хүчин төгөлдөр бус болсон байх тул О ХХК нь Н.Ө аас 32.546.066 төгрөгийг шаардах эрхтэй.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч Н.Ө аас 32.546.066 төгрөгийг гаргуулж хариуцагч О ХХК-д олгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.1., 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч О ХХК-иас 236.698.707 /хоёр зуун гучин зургаан сая зургаан зуун ерөн найман мянга долоон зуун долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ө д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25.928.684 /хорин таван сая есөн зуун хорин найман мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх цалин, олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ө аас 32.546.066 / гучин хоёр сая таван зуун дөчин зургаан мянга жаран зургаа/ төгрөгийг гаргуулж хариуцагч О ХХК-д олгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2. 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ө аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.629.036,39 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1.341.444 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320.681 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 320.681 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Ч.ИЧИНХОРЛОО