| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 304/2025/0071/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/74 |
| Огноо | 2025-05-05 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Ц.У******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.У*******т холбогдох эрүүгийн 2515000000054 дугаартай, 304/2025/0071/Э индекстэй хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Г******* ******* овогт Ц******* У*******, ******* аймгийн ******* суманд 2004 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, ам бүл 5, ээж, 3 дүүгийн хамт ******* аймгийн ******* сумын баг тоот хаягт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистрийн дугаар: , урьд
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ц.У******* нь урьд ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2249 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 21 цагийн орчим Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт байрлах сумын төвийн урд талын гурван замын уулзвар дээр улсын дугаартай Хьюндай Портер загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а заалтыг зөрчиж, 0.45 хувийн согтолттой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.У******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэн ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ЗШ/2249 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох” шийтгэл хүлээсэн байх ба тээврийн жолоодох эрх хасах шийтгэлийн хугацаа дуусаагүй байхдаа 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр согтуурсан үедээ Булган аймгийн ******* сумын төв 5 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай “Hyundai.Porter-1” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдов.
1.2.Нотлох баримтын үнэлгээ:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 3-4 дэх тал/,
-******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ЗШ/2249 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
-Гэрч М. Бийн: “...У*******, А, Б ах бид дөрөв тэр айргийг талаас доогуур ортол уугаад байж байгаад бид хэд ******* аймаг явцгаая гээд миний машиныг ******* сумын төв рүү камертай газар үлдээхээр, би хуурай ах Бтай юм яриад хамт явах гээд “Тоёота Приус-30” маркийн машинд суугаад манай найз У******* миний БУЛ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ******* сум руу эргэдэг 3 замын уулзвар засмал дээр явж байтал цагдаа зогсоож шалгаад У*******аас архи согтууруулах ундааны зүйл үнэртээд байна, драйгер багаж үлээлгэнэ гээд цагдаагийн хэсэг рүү дагуулаад явсан. Цагдаагийн хэсэг дээр очоод найз У******* драйгер багаж үлээлгэхэд согтолтын зэрэг нь 0.45 хувьтай гарсан. Тэгээд У*******ын жолоодож явсан тээврийн хэрэгслийг түр саатуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
-Гэрч Л.Бын: “...Бид хэд уулзаад байж байтал Б машинаасаа 5 литрийн савтай айраг гаргаж өгсөн. Тэгээд тэр айргийг нь У*******, Б, А******* бид 4 хувааж ууж байгаад 1 литр орчим үлдээгээд одоо хэдүүлээ портер машинаа сумын төв рүү оруулж камертай газар тавьж орхиод ******* аймаг руу нэг машинаараа явахаар ярилцаад У******* улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Б надтай юм ярьж явна гээд манай машин руу суусан ******* сум руу эргэдэг 3 замын уулзвар дээр явж байтал цагдаа зогсоож шалгаад танаас согтууруулах ундаа зүйл үнэртээд байна гэх үндэслэлээр, драйгер багаж үлээлгэнэ гээд цагдаагийн хэсэг рүү дагуулаад ортол У******* Б хоёр замдаа айраг уусан гэж ярьж байсан болохоор согтолтын зэрэг 0.45%-тай гарсан. Тэгээд У*******ын жолоодож явсан тээврийн хэрэгслийг түр саатуулсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 19-20 дахь тал /,
-Гэрч Ч.Мийн: “... 2025 оны 03 дугаар сарын 17-ний орой Булган аймгийн ******* сумын 5 дугаар багт эргүүл, хяналт шалгалт хийж байтал иргэн Ц.У******* нь эрхийн үнэмлэхгүй үедээ согтуугаар улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслээ жолоодон ******* сумын 3 замын уулзвар зам дээр явж байсныг зогсоод шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг драйгер багаж үлээлгэн тогтоогоод тээврийн хэрэгслийг түр саатуулсан юм. Иргэн У*******ын унаж явсан тээврийн хэрэгслийг ******* сумын цагдаагийн байранд түр саатуулж согтолтын зэргийг драйгер багажаар шалгахад 0.45 хувийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
-Булган аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Бын 2025 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 39 дугаартай “... улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.У******* /РД: / нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а дахь заалтад “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчсөн байна...” гэх магадалгаа / хавтаст хэргийн 25-26 дахь тал /,
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Бүрэгхангай сумаас найзтайгаа хамт Булган сум руу орж ирж яваад цагдаад зогсоож шалгахад согтолтын зэрэг 0.45%-тай гарсан. Наашаа гарахаасаа өмнө ганцхан аяга айраг уусан. Би огт согтоогүй байсан ба гайгүй байх гэж бодсон...” гэв.
зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн эцэслэн шийдвэрлэх хангалттай байна.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт:
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ц.У******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд тэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ илэрхийлсэн тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явууллаа.
1.4.Эрх зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.У******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон заалтыг зөрчин, согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон байх тул гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр “...Ц.У******* нь 0.45 хувийн согтолттой байсан болох нь тогтоогдсон...” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хууль тогтоогчийн хийсэн аутентик тайлбарт зааснаар “согтуурсан” гэх ойлголтод хамаарч байна.
Ц.У*******т Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ЗШ/2249 дугаартай шийтгэвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан шийтгэлийн хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хууль тогтоогчийн хийсэн аутентик тайлбарт зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэх ойлголтод мөн хамаарч байна.
Ц.У*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг бөгөөд, Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүгдэгч Ц.У*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.5. Хохирол, хор уршиг
Энэ хэргийн улмаас бусдын амь бие, эрүүл мэндэд хохирол учраагүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Ц.У*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна....” гэв.
Шүүгдэгч: “...Байхгүй...” гэв.
2.2.Эрүүгийн хариуцлага:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 53 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 55 дахь тал/, ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/156 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 60-73 дахь тал/, ******* аймгийн ******* сумын багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 74 дэх тал/, ******* аймгийн ******* сумын багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт /хавтаст хэргийн 75 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 76-77 дахь тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан талаарх лавлагаа /зөрчлийн хэргийн 78-82 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.У*******ын хувийн байдлыг тодорхойллоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.У*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.У*******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрх зүйн үр дагавартайг шүүгдэгч Ц.У*******т сануулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ... торгох... ял дээр нэмж онгодуулсан бол ял оногдуулсан үеэс ... хугацааг тоолно гэж” заасан тул шүүгдэгч Ц.У*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
2.3.Бусад асуудал:
Шүүгдэгч Ц.У******* нь баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол уншиж танилцуулснаар хүчинтэй болохыг дурдан, шүүгдэгч Ц.У*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 зүйлийн 1, хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г******* ******* овогт Ц******* У*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У*******т оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.У*******т сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгч Ц.У******* нь баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.У*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ