Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/71

 

 

 

 

    2025          04           30                                     2025/ШЦТ/71

       

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                              Б.Саранзаяа,   

Улсын яллагч                                                                        Б.Баттуяа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                      Н.Батжаргал /цахимаар/,    

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           С.Сэргэлэн,  

Шүүгдэгч                                                                  ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 2434006530516 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Багануур дүүрэг 4 дүгээр хороо, ******* 3 дугаар гудамж, 6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* ******* .

Үйлдсэн хэргийн талаар /яллахдүгнэлтэд тогтоосоноор/:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 9 дүгээр сарын сүүлээс 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэр “Их ах” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох хуш модны самрыг 243.1 килограмыг түүж бэлтгэн, худалдан авч, улсын дугааргүй УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль орчинд 192,340,720 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйлгүй.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батжаргал шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлыг нэхэмжилж байгаа.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

- Эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-19-р хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батжаргалын мэдүүлэг /хх-ийн 147-149-р хуудас/,

- Гэрч Б.Оргилын мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

- Гэрч Г.Дэлхийцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

- Гэрч Б.Энхболдын мэдүүлэг /хх-ийн 108-109-р хуудас/,

- Байгаль орчны зөвлөх “Нуман Алтай” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/102 дугаартай дүгнэлт /хх-ийн 58-59-р хуудас/,

- “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ТЦ24-172 дугаартай дүгнэлт /хх-ийн 64-67-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ0325/2463 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 170-175-р хуудас/,

- Монгол улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/723 дугаартай тушаал, түүний  хавсралт /хх-ийн 83-86-р хуудас/,

- Мэдүүлгийг шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 119-121-р хуудас/,

- Мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 183-184-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинжлэн судлуулсан баримт:

- *******ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-р хуудас/,

- Байгаль орчны зөвлөх “Нуман Алтай” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/102 дугаартай дүгнэлт /хх-ийн 58-59-р хуудас/,

- Б.Мөнхчойдорын мэдүүлэг /хх-ийн 79-80-р хуудас/,

- Монгол улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/723 дугаартай тушаал, хавсралт /хх-ийн 83-86-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ0325/2463 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 170-175-р хуудас/,

- Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-ийн 36-45, 73-74, 93-95, 135-142-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

              1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруутай этгээд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан үйлдлээр илэрдэг.

Суурь хуулийн хэм хэмжээнд тулгуурлан байгалийн тодорхой төрлийн объектод хамаарах харилцааг холбогдох салбар хууль, эрх зүйн бусад актуудаар нарийвчлан зохицуулдаг онцлогтой.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...“ургамал” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна.” гэж,

Байгалийн ургамлын тухай хуулийн 2дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн:

1/ “байгалийн ургамал” гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг; 

2/ “байгалийн ургамлын нөөц” гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг дахь нийт хэмжээг тус тус ойлгохыг зааснаас гадна мөн хуулийн 3 дугаар зүйлд ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан нэн ховор, ховор, элбэг гэж ангилсан бөгөөд ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг ойлгоно” гэж,  

Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн:

3.1.1. “ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг;

3.1.2. “ойн сан” гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг;

3.1.11. “ойн баялаг” гэж ойн модны нөөц, түүний дагалт баялгийн нөөцийг;

3.1.12. “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар ... зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг” гэж тус тус хуульчилсан байна.

Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-ын 274-д “Сибирь хуш” /Rumex pseu donatrotanus/ гэж заасан бөгөөд тус тогтоолд 2015 оны 410 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулахдаа “Нарсны төрлийн модны үр” /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ-Pinus/ буюу сибирь хушны үр, идээг ховор ургамалд хамааруулсан байна.

Ойн тухай хуулиар тухайн байгалийн ургамлууд ургаж буй ойн бүсчлэлийг тогтоож улмаар тус бүcчлэлийн хүрээнд ургамлуудыг хэрэглээнийх нь шинж чанараар мод ба бусад дагалдах баялаг хэмээн зөвхөн ойн баялгийн нөөцийг ерөнхийлсөн байдлаар тодорхойлсон байх тул дээрх хууль тогтоомжуудын хооронд зөрчилдөөн байхгүй гэж үзнэ.

Ойн тухай хууль нь Монгол Улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд хуулийн нэр томьёоноос харахад Сибирь хушны үр идээ /самар/ нь ойн дагалт баялаг бөгөөд байгалийн жамаар ургаж буй ховор ургамалд давхар хамаарч байна.

Байгалийн ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.13-т заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж болно” гэж заасан.

              Шүүгдэгч ******* нь 2024 оны 9 дүгээр сарын сүүлээс 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэр “Их ах” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох хуш модны самрыг түүсэн, мөн худалдан авч, улсын дугааргүй УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх үйл баримт нь шүүх хуралдаанд шинжлэн хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн “...Багануур дүүргээс хойд зүгт гарч 54 километр явахад Төв аймгийн Мөнгөнморьт сум байх ба сэжигтэн ******* нь Мөнгөнморьт сумаас зүүн хойд зүгт 35 километрт самар түүхээр очсон гэх Жаргалант гэх газрыг зааж байв. Түүний явсан замаар явахад цас их орж халтиргаа гулгаа үүссэн байсан тул явганаар дээш өгсөв. ...үүнээс цааш явганаар явж самар түүсэн гэх газарт очдог гэх яриа өгүүлэлтэй байсан тул цас их орсон, халтиргаа гулгаатай байсан тул цааш явах боломжгүй байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7-р хуудас/,

- 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн: “...Багануур дүүргийн 2-р хороо 140-р пост журмын хашаа дотор ...үзлэгээр улсын дугааргүй УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл, хар өнгийн жижиг түлхүүр 1 ширхэг, жолоочийн үнэмлэх / /, 6 шуудай бүтэн /44,45 кг, 37,80 кг, 43,95 кг, 44,90 кг, 44,20 кг, 40,40 кг/, 1 шуудай тал /8,95 кг/ самар зэрэгт үзлэг явуулж, зургаар бэхжүүлэн авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-19-р хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Байгаль орчин, Уур амьсгалын сангийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаартай албан бичгээр мөрдөн шалгах ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар томилсон. Надад хэрэгт оролцогчоор томилогдсонд татгалзах зүйл байхгүй. ...Засгын газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого, 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялагийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалын хавсралтаар Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд зааснаар хуш модны үр идээ болох самрыг тухайн жилийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухайн жилд бүс нутгийн ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. Нийслэлийн ногоон бүсээс хувь хүн, ахуйн хэрэгцээнд самар бэлтгэхийг хориглосон учраас Ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрлийг олгохгүй байгаа. ...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дугаар заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 147-149-р хуудас/,

- Гэрч Б.Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2024 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 05 цагийн орчим Тогос- Уулын хойд зам дээр шалгалт хийгээд зогсож байхад улсын дугааргүй УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл явж байсан. Зогсоон шалгахад дотроо 8 шуудай хуш модны самар ачсан явж байсан. Тэгээд жижүүрийн бүрэлдэхүүнд мэдэгдэн хэлтэс дээр авчирсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

- Гэрч Г.Дэлхийцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Манай нөхөр ******* 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн цагаан өнгийн улсын дугааргүй УАЗ-469 машинтай самар түүхээр хөдөө явсан. Тухайн үед гэрээс гарахдаа ганцаараа явсан. Хаашаа хэнтэй явах талаар надад хэлээгүй... 2024 оны 10 дугаар сарын 11-ний шөнө хөдөөнөөс ирж байгаад цагдаад баригдсан гээд өглөө 04 цагийн үед миний утас руу залгасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

- Гэрч Б.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би тухайн өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сум Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан Арал гэх газар байгаль орчны чиглэлээр постод үүрэг гүйцэтгэж байхад 17 цагийн орчим цайвар өнгийн УАЗ-469 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй нэг иргэн буюу ******* гэх хүн нь самар байгаа эсэх талаар үзэх гэж явж байна гэхээр нь 25 килограмм самар түүх эрхийн бичгийг хийж өгөн 25,000 төгрөгийг гаргуулан авсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109-р хуудас/,

- 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичиг /хх-ийн 111-р хуудас/,

- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/22 тоот: “2024 онд тус сумын нутаг дэвсгэрээс /НЧ81031416/ нь хуш модны үр, самар түүх зөвшөөрөл аваагүй болно” гэх албан бичиг /хх-ийн 113-р хуудас/,

- Байгаль орчны зөвлөх “Нуман Алтай” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/102 дугаартай: "...1.Шинжилгээнд хүргүүлж буй ургамлын дээж нь хуш модны самар байна. 2.Уг хуш модны самар нь ховор ургамлын бүлэгт хамаардаг. 3.Тухайн хуш модны самрыг түүж бэлтгэсэн хугацааг нарийн тодорхойлох боломжгүй байна. 4.Хуш модны самар нь Хэнтийн нурууны салбар уулсаар ургадаг бөгөөд байгалийн зэрлэг ургамал юм. 5.Тус хуш модны самар нь цайруулсан хуурай самар байна. 6.Хуш модны самрыг 70%-иас ихгүй агаарын харьцангуй чийгшилтэй, 15°С-аас дээшгүй температуртай, агааржуулалттай байранд, нарны шууд тусгалаас хол нөхцөлд 1 жил хүртэл хугацаанд хадгална. 7.Хуш модны самар хадгалах явцад хэмжээнд өөрчлөлт орохгүй. Чийгийн алдагдал, нэмэгдлээс хамаарч жинд өөрчлөлт орж болно. Энэ нь чийгийн байдлаас шууд хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 58-59-р хуудас/,

- “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ТЦ24-172 дугаартай: "...Тээврийн хэрэгсэл: Улсын дугааргүй УАЗ-469 маркийн, үйлдвэрлэсэн болон орж ирсэн он, арлын дугаар тодорхойгүй. Шинжилгээний объектын 2024 оны 11 дүгээр сарын зах зээлийн үнэлгээ нийт 2,205,000 төгрөгөөр үнэлэгдэв..." гэх дүгнэлт /хх-ийн 64-67-р хуудас/,

- Монгол улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/723 дугаартай тушаалын 1 дэх хэсэгт ”Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй ойгоос ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самар түүж бэлтгэх дээд хэмжээг нэгдүгээр хавсралтаар... баталсугай” гэж, түүний 1-р хавсралтад “...Хэнтий 24-Батширээт, 25- Өмнөдэлгэр Ахуйн зориулалтаар түүж бэлтгэх дээд хэмжээ (-)” гэж заасан тэмдэглэл /хх-ийн 83-86-р хуудас/,

- Мэдүүлгийг шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 119-121-р хуудас/,

- 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Мөрдөгчийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...нийт 268,1 кг жинтэй, 7 шуудайд савласан ургамлын үр, эрхтэнг эд мөрийн баримтаар тооцсугай” гэх тэмдэглэл /хх-ийн 137-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны ЕГ0325/2463 дугаартай "...1.Сибирь нарс (хуш)-Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр. 2.Сибирь нарс (хуш) Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. Сибирь нарс (хуш) Pinus sibirica Du Tour нь үр буюу самар нь ойн дагалт баялагт ордог. 3.Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (хуш)-ийн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. 4.Сибирь нарс (хуш) Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газар зүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал болохыг тогтоох боломжгүй. 5.Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 20-24.3 хувьтай байх тул нойтон байна. 6.Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Стандартын шаардлага хангаагүй газар хадгалсан тохиолдолд чанар жинд өөрчлөлт орох боломжтой." гэсэн дүгнэлт /хх-ийн 170-175-р хуудас/,

- 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Мөрдөгчийн магадлагаанд: “...1.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ0325/2463 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг нойтон Хуш модны самрын экологи эдийн засгийн үнэлгээ нь 98,900 төгрөг байна. 98,900х268.1 кг=26,515,090 төгрөг байна гэсэн тул 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичиг”-т заагдсан 25 кг хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ 98,900х25кг=2,472,500 төгрөг болж байна.

2.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 26,515,090х3=79,545,270 төгрөг, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дугаар заалтад зааснаар ургамалын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөр 26,515,090х5=132,575,450 төгрөг байна гэсэн байх тул 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичиг”-т заагдсан 25 кг хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ 98,900х25=2,472,500 төгрөг, ойн санд учирсан хохирлын 2,472,500х3=7,417,500 төгрөг..” гэх тэмдэглэл /хх-ийн 183-184-р хуудас/ зэрэг баримтууд болно.

              Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шинжээчийн дүгнэлтэд тооцоолсон хэмжээгээр хохирлыг гаргуулах саналтай.” гэх дүгнэлтийг,

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батжаргал шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлыг нэхэмжилж байгаа.” гэв,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй. Харин шинжээчийн дүгнэлтэд хохирол төлбөрийн хэмжээг ойн санд учруулсан хохирол, ургамлын санд учруулсан хохирол гэж давхардуулан тооцож тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч шүүх хуралдаанд: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу” гэсэн тайлбарыг тус тус гаргав.

              Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хуулт ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа дээрх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримттай агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

              Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

            Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.

Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн үндсэн шинж нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан үйлдэл гаргаснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд заавал хохирол учирсан байхыг шаардахгүй.

Тус гэмт хэргийн шинж болох “Түүсэн” гэж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг байгалиас түүснийг, “бэлтгэсэн” гэж нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эмийн түүхий эд болгох болон бусад зорилгоор бэлтгэснийг, “худалдсан, худалдан авсан” гэж нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад мөнгө болон бусад зүйлээр зарах, худалдан авахыг, “хадгалсан” гэж нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн болон бусдын орон байр, агуулахад эзэмшил, ашиглалтад байлгахыг, “тээвэрлэсэн” гэж нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөө газарт агаарын, автотээврийн, галт тэрэг зэрэг бүхий л төрлийн тээврийн хэрэгслээр зөөвөрлөж шилжүүлснийг тус тус ойлгоно.   

Шүүгдэгч ******* нь 25 килограм самар түүх зөвшөөрлийг авсан гэж мэдүүлж байх боловч шүүх хуралдаанд шинжлэн хэлэлцүүлсэн баримтаар Монгол улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/723 дугаартай тушаалд Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр сумдад ахуйн зориулалтаар хуш модны самар түүж бэлтгэх хэмжээ олгогдоогүй, мөн ******* нь хуульд заасан журмаар хуш модны самар түүх зөвшөөрөл аваагүй болох нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/22 тоот албан бичиг /хх-ийн 83-86, 113-р хуудас/-ээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох хуш модны самар 25 килограммыг түүсэн, мөн 239,65 килограмм хуш модны самрыг худалдан авсан, дээрх самрыг тээвэрлэсэн гэх үйлдэл нь тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

              2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй.

 Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна 1/ойн санд учруулсан хохирол...” гэж, тус зүйлийн 4 дэх заалтад “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогооно. 1/ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай “Экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай” тушаалын хавсралт “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ”-ний 348-д Сибирь хуш /самар/- Pinus sibirica Du Tour Хуурай /жин, кг/төг/-176,600, Нойтон /жин, кг/төг/-98,900 гэж тус тус заажээ.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны ЕГ0325/2463 дугаартай дүгнэлтээр эд мөрийн баримтаар хураагдсан хуш модны самар нь "...1.Сибирь нарс (хуш)-Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр. 2.Сибирь нарс (хуш) Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. Сибирь нарс (хуш) Pinus sibirica Du Tour нь үр буюу самар нь ойн дагалт баялагт ордог. ...5.Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 20-24.3 хувьтай байх тул нойтон байна.” гэжээ.

Шүүгдэгч *******ын түүсэн, худалдаж авсан, тээвэрлэсэн гэх хуш модны самар нь дээрх дүгнэлтээр байгалийн ховор ургамал бөгөөд энэ нь ойн дагалт баялагт хамаарч байх ба тус самар нь нойтон шинжтэй гэж дүгнэсэн байна.

Иймд *******ын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох хуш модны самар байгалиас түүсэн үйлдлийг ойн санд учруулсан шууд хохирол гэж үзэж, хохирлын хэмжээг Сибирь хушны экологи-эдийн засгийн үнэлгээ болох 25кг×98,900=2,472,500 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7,417,500 төгрөгөөр тогтоов.

Харин шүүгдэгчийн ховор ургамал болох хуш модны самрыг хуульд зааснаас өөр зорилгоор, зохих зөвшөөрөлгүйгээр бусдаас худалдаж авсан, тээвэрлэсэн үйлдлийг тухайн ховор ургамлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр түүж ойн санд шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэж хохирлын хэмжээг тооцох үндэслэлгүй юм.

Иймд *******ын ховор ургамал болох хуш модны самрыг худалдаж авсан, тээвэрлэсэн үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээг Сибирь хушны экологи-эдийн засгийн үнэлгээгээр буюу 239,65кг×98,900=23,701,385 төгрөгөөр тогтоов.

Шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн Байгаль орчны зөвлөх “Нуман Алтай” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/102 дугаартай дүгнэлтээс "...8.Тухайн хураагдсан нийт 268.1 кг цайруулсан хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 47,346,460 төгрөг болох бөгөөд байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ нь 236,732,300 төгрөг болж байна.” гэх дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны ЕГ0325/2463 дугаартай дүгнэлтээс "... Экологи-эдийн засгийн үнэлгээ 26,515,090 төгрөг, ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөр 79,545,270 төгрөг, ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөр 132,575,450 төгрөг байна..." гэх дүгнэлт, 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Мөрдөгчийн магадлагаанд бичигдсэн “...2.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 26,515,090х3=79,545,270 төгрөг, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дугаар заалтад зааснаар ургамалын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөр 26,515,090х5=132,575,450 төгрөг байна гэсэн байх тул 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичиг”-т заагдсан 25 кг хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ 98,900х25=2,472,500 төгрөг, ойн санд учирсан хохирлын 2,472,500х3=7,417,500 төгрөг, ургамалын аймагт учирсан хохирлыг 2,472,500х5=12,362,500 төгрөг болж байна. 3.Иймд нийт тээвэрлэсэн гэх 268.1 кг хуш модны самраас 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичиг”-т заагдсан 25 кг хуш модны самрын хэмжээг хасаж 268.1-25=243.1 кг болж байх ба ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөр 79,545,270-7,417,500=72,127,770 төгрөг, ургамлын аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөр 132,757,450-12,362,500=120,212,950 төгрөг болж байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 58-59, 170-175, 183-184-р хуудас/-ийг тус тус шүүх үнэлээгүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч *******оос нийт 31,118,885 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгуулахаар шийдвэрлэв.       

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн Эд мөрийн баримтаар хураагдсан самрыг хохирол нөхөн төлүүлэхээр холбогдох газарт шилжүүлэх, 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах саналыг тус тус гаргаж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сэргэлэнгээс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргаагүй, хүлээн зөвшөөрсөн. Тус хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нь ганцаараа ажил хөдөлмөр хийж гэр бүлээ тэжээдэг. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

              Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Миний хувьд хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. Өөр хэлэх зүйлгүй.” гэв. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хохирогчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугааргүй УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2,205,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохиролд шилжүүлэхийг Багануур дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Багануур дүүргийн 2-р хороо, 140-р постны журмын хашаанд тээврийн хэрэгсэл дотор хадгалагдаж буй нийт 243,1 кг Сибирь хуш модны самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад худалдан борлуулж, орлогыг улсын орлогод оруулахыг Нийслэлийн Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, жолоочийн үнэмлэх, 1 ширхэг тээврийн хэрэгслийн түлхүүрийг шүүгдэгчид буцаан олгохыг эд мөрийн баримт устгах комиссд даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрт дурдав.

             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүсэн, худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч ******* ******* од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6,000 /зургаан мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс Б.од оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчилж төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.од тайлбарласугай.
  5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт нийт 31,118,885 /гучин нэгэн сая нэг зуун арван найман мянга найман зуун наян тав/-н төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугааргүй УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2,205,000 /хоёр сая хоёр зуун таван мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохиролд шилжүүлэхийг Нийслэлийн Багануур дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Багануур дүүргийн 2-р хороо, 140-р постны журмын хашаанд тээврийн хэрэгсэл дотор хадгалагдаж буй нийт 243,1 кг Сибирь хуш модны самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад худалдан борлуулж, орлогыг улсын орлогод оруулахыг Нийслэлийн Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, жолоочийн үнэмлэх, 1 ширхэг тээврийн хэрэгслийн түлхүүрийг шүүгдэгчид буцаан олгохыг эд мөрийн баримт устгах комиссд даалгасугай.
  8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  11. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН