Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2022/02447

 

 

 

 

 

 

                              2022        05          25

                   101/ШШ2022/02447  

           

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Я.Э -ийн нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: С.Э-д холбогдох,

 

            Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, газрыг нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Э, хариуцагч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Саяанямбуу овогтой Эрдэнэчимэгтэй бэлэглэлийн гэрээг байгуулсан билээ. Гэрээгээр нэгж талбарын  дугаартай, улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 23-р хороо, ******* 4 а хэсэг гудамж, ******* тоот хаягт байрлах, 527 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраа С.Э т бэлэглэсэн. Тухайн бэлэглэлийн гэрээг байгуулах болсон шалтгаан нь:

Миний бие нь 2018 оны 5-р сарын 30-ны өдөр 899,800 төгрөг, 2018 оны 11-р сарын 30-ны өдөр 629,800 төгрөг, 2018 оны 12-р сарын 24-ний өдөр 1,070,000 төгрөгийг тус тус Хаан банкнаас, 2018 оны 12-р сарын 27-ны өдөр 13.700.000 төгрөгийг хас банкнаас зээлж аваад төлж чадахгүй хугацаа хэтэрч банкны зүгээс төлөхийг шаардан байнга мэдэгдэл өгөх, зээлийн эдийн засагч нь байнга биечлэн уулзаж төлөхийг шаардаж байсан. Энэ нь миний хувьд сэтгэл зүйн маш дарамт болж байсан хэдий ч нэгэнт зээл авсан, тухайн мөнгийг хэрэглэсэн нь үнэн учраас би төлөх үүргээ ухамсарлан ойлгож, хэрхэн зээлээ төлөх талаар байнга бодож байсан. Баянзүрх дүүргийн 23-р хороо, ******* 4 а хэсэг гудамж, ******* тоот хаягт байрлах 527 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраа барьцаалж ББСБ-аас зээл авахаар хөөцөлдсөн боловч Монгол банкны зээлийн мэдээллийн санд муу зээлийн ангилалд бүртгэгдсэн байсан тул зээл авч чадаагүй. Хаан банкнаас зээлээ төлөх талаар шаардах хуудас ирэхэд С.Э бид хоёр ярилцаад, Баянзүрх дүүргийн 23-р хороо, ******* 4 а хэсэг гудамж, ******* тоот хаягт байрлах 527 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраа бэлэглэлийн гэрээ байгуулж, С.Эийн нэр дээр болгож ББСБ-аас зээл аваад Хаан банкнаас авсан зээлээ төлсний дараа хэсэг хугацаа өнгөрөөгөөд буцаагаад миний нэр дээр болгоё гэж харилцан тохиролцсон. Тухайн үед С.Э банканд ямар ч зээлгүй мөн зээлийн муу түүх байгаагүй учраас газраа С.Эт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, зээл авахаар ББСБ дээр очтол бэлэглэлийн гэрээний зүйл нь жил дотроо барьцаанд тавьж болохгүй учир зээл олгохгүй гэсэн. Бэлэглэлийн зүйл нь 1 жил дотроо хөдөлгөөн хийж болохгүй, мөн барьцаанд тавьж болдоггүй байсныг мэдсэн бол би энэхүү гэрээг байгуулахгүй байсан. Гэрээний утга агуулгыг хэн хэн нь сайн ойлгоогүй, мөн миний хувийн шинж байдал маань хэлцэл хийх гол үндэслэл болсон юмаа. Иймд Иргэний хуульд зааснаар энэхүү бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 23-р хороо, ******* 4 а хэсэг гудамж, ******* тоот хаягт байрлах 527 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг Я.Эы нэр дээр шилжүүлж өгөхийг С.Эт даалган шийдвэрлэж өгнө үү.

******* тоот хаягт байх газрыг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, миний нэр дээр шилжүүлэхийг даалгуулна. Би 5 жилийн өмнө хэд хэдэн зээл авсан. Тэгээд тухайн үед хариуцагч буюу гэр бүлийн хүн ажилгүй байсан. Ингээд зээлийг төлж чадахгүй болсон. Ингээд Монгол банканд зээлийн муу ангилалд орсон. Хаан банкнаас уулзаж зээл төлөхийг шаардаж мэдэгдэх хуудас  ирсэн. Ингээд шүүхээр орж барьцааны зүйлийг хураана гээд хугацаа өгсөн. Манай гэр бүл миний цалингаас өөр орлогогүй байсан. Ингээд газраа барьцаанд тавьж зээлээ төлөхөөр гэр бүлийн хүнтэй ярьсан. Ингээд өөрийн нэр дээр зээл авах гэтэл зээлийн муу ангилалд орсон тул зээл олгохгүй гэсэн. Тэгэхээр нь эхнэрийн нэр дээр бэлэглэлээр шилжүүлээд зээл авахаар тохирсон. Ингээд бэлэглэлээр газраа шилжүүлсэн. Улмаар зээл авах гэж явсан. Гэтэл хэд хэдэн газраар ороход бэлэглэлийн гэрээнээс хойш 1 жилийн дараа зээл  олгоно гээд олгоогүй. Анх газрыг буцааж шилжүүлэхээр тохиолцож байсан. Би өрхийн тэргүүн тул өөрийн нэр дээр л зээл аваад байсан. Хууль мэдэхгүй тул бэлэглэлийн гэрээг 1 жилийн дараа хүчингүй болгодог гэдгийг мэдээгүй. Банкнаас зээл авахаар бэлэглэлийн гэрээ байгуулсан боловч 1 жилийн хугацаатай байсныг мэдээгүй. 1 жилийн дотор барьцаанд тавьж болдоггүйг мэдсэн бол бэлэглэлийн гэрээ байгуулахгүй байсан. Гэрээний агуулгыг сайн ойлголгүй хийсэн. Анхнаасаа би газрын шударга өмчлөгч байсан. Уг газар нь манай ээж надад өгсөн газар юм. Бэлэглэлийн гэрээг 3 жилийн дотор хүчингүй болгож болно. Манай эхнэр энэ газрыг шударгаар олж аваагүй. Шударга хөдөлмөрөөрөө олж аваагүй. Хуулийг мэдээгүй. Зээлийн дарамтад орсны улмаас бэлэглэлийн гэрээг байгуулсан. Гэрээг хүчингүй болох үндэслэл нь:

Зээл авах зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулсан боловч зээл олгогдоогүй. Учир нь гэрээ байгуулснаас хойш 1 жилийн дотор зээл өгдөггүйг мэдээгүй.

Буцаан шилжүүлэхээр тохирсон байсан.

Бэлэглэлийн гэрээг 3 жилийн дотор хүчингүй болгох боломжтой.

Хууль мэдэхгүй байснаас гэрээний агуулгыг ойлгоогүй.

Зээлийн дарамтын улмаас бэлэглэлийн гэрээ байгуулсан.

Газрыг авах эх үүсвэрт эхнэр хамааралгүй бөгөөд манай ээж надад уг газрыг өгсөн

Хамтран өмчлөгчөөр орохыг зөвшөөрөхгүй. Эхлээд би өөрөө дангаараа өмчлөгч болоод дараа нь хамтран өмчлөгчөөр эхнэрийг оруулах асуудлыг шийдвэрлэх боломжтой. Эвлэрүүлэн зуучлах замаар шийдвэрлүүлэх хүсэлгүй байна. Би шүүхийн шийдвэр миний талд гарвал эхнэрээ хамтран эзэмшигчээр оруулж болно. Энэ талаар эхнэрт хэлсэн байгаа юм. Хариуцагчийг хүндэтгэж байна. Бэлэглэлийн гэрээг буцаая гэхэд хариуцагч зөвшөөрөхгүй байсан тул нэхэмжлэлийг нэг мөр шийдүүлье гэв.

 

Хариуцагч С.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ядамжав овогтой *******ы шүүхэд гаргасан бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Я овогтой Э болон С.Э миний бие сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, ******* 4 а хэсэг гудамж, ******* тоот, 527 м.кв дөрвөн тал хашаатай хоосон газрыг 23 74 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн болно. Бэлэглэлийн гэрээний 3.2-т заасны дагуу бэлгийн зүйлийг хариу төлбөргүйгээр 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан, бэлэглэгч Я.Э нь биет байдлын болон өмчлөх эрхийн доголдолгүй эд хөрөнгийг миний өмчлөлд шилжүүлэн өгсөн болно. Мөн гэрээний дөрөвдүгээр зүйлийн 4.3-т Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн эсхүл бэлэглэгч, түүний төрөл төрөгсдийг эрүүл мэнд, амь насыг санаатайгаар хохироосон болон хохироохыг завдсан тохиолдолд бэлэглэгч гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхтэй, гэрээний 4.5-т Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэгч /түүний өвлөгч / нь гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхгүй байхаар гэрээ хийсэн болно. Бэлэглэлийн гэрээ байгуулсан 2020 оны 06 сарын 18-ны өдрөөс хойш миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, ******* 4 а хэсэг гудамж, ******* тоот, 527 м.кв дөрвөн тал хашаатай хоосон газрыг бэлэглэгч Я.Эыг ноцтой гомдоосон болон түүний төрөл төрөгсдийг эрүүл мэнд, амь насыг санаатайгаар хохироосон болон хохироохыг завдсан асуудал гаргаж байгаагүй болно. Мөн гэрээ байгуулсан өдөр болох 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс Я.Эы Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 1 жил 10 сарын хугацаа өнгөрсөн байгаа тул Я.Э гэрээ хүчин төгөлдөр бус тооцуулах шаардах эрх байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож хэргийг үнэн бодитоор шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Газрыг нь өнөөдөр шилжүүлж өгнө. Бид гэр бүл мөн. Шүүхээр яваад байх шаардлагагүй гэж үзээд шүүх дээр ирэхгүй байсан юм. Хамтран өмчлөгчөөр бичүүлнэ. Нэхэмжлэгчийн хэлж байгаа сүүлд нь намайг хамтран өмчлөгч болгох асуудал яригдсан. Би нэрээ хасуулахыг зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний хуулбар /хх-5/, Я.Э-ы дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-7/, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хаан банктай байгуулсан зээлийн гэрээний хуулбар /хх-8-10/, мөн өдрийн барьцааны гэрээний хуулбар /хх-11-12/, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар /хх-13/, 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Хаан банктай байгуулсан зээлийн гэрээний хуулбар /хх-14-16/, мөн өдрийн барьцааны гэрээний хуулбар /хх-17-18/, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар /хх-19-20/, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Хаан банктай байгуулсан зээлийн гэрээний хуулбар /хх-21/, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөх оруулах гэрээний хуулбар /хх-22/, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Хас банктай байгуулсан зээлийн гэрээний хуулбар /хх-23-26/, Хаан банкны 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн  дугаар албан тоот /хх-27/, Я.Эы үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-28/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-29/, Я.Эы Хаан банк дахь дансны хуулга /хх-30-32/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд: Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-47/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-48/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Я.Э нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, ******* 4а хэсэг гудамж, ******* тоот хаягт байрлах, 527 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч С.Э нь бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр гэж маргаж, зохигчид гэр бүлийн гишүүд тул маргаж буй газрын хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгчийг бүртгүүлэхийг зөвшөөрсөн.

 

Зохигчид 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлт бүртгүүлсэн, улмаар гэр бүлийн гишүүд гэдэг нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-29, 48/

Улмаар маргаж буй Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, ******* 4а хэсэг гудамж, ******* тоот хаягт байрлах, 527 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний газар нь 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн болох нь дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-7, 47/

Үүний дараа уг газар нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр хариуцагч С.Эийн өмчлөлд шилжсэн болох нь мөн өдрийн бэлэглэлийн гэрээний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар тогтоогдсон. /хх-5, 47/

Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Үүнээс үзэхэд маргаж буй газар нь зохигчид гэр бүл болсноос хойш нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарч байна.

 

Улмаар одоог хүртэл гэр бүлийн гишүүд байх бөгөөд Иргэний хуулийн 129 дүгээр 129.1-д заасан гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар гэр бүлийн дундын эд хөрөнгийг ашиглах, эзэмших, захиран зарцуулахад гишүүд адил эрх эдэлж, харилцан тохиролцсоноор эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг дээрх 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох гэж тодорхойлсон боловч үндэслэлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, түүнчлэн Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д заасантай холбоотойгоор тайлбарлаж байна.

 

Шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулсан боловч дээрх үндэслэлүүдийн ялгааг тайлбарлаж, үндэслэлээ тодорхойлохгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар тус бүрд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

Маргаж буй бэлэглэлийн гэрээг зээл авах зорилгоор байгуулсан боловч зээл олгогдоогүй, улмаар уг газрын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхээр тохиролцсон гэж тайлбарласан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлдог. Мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах учиртай. Зохигчдын маргаж буй бэлэглэлийн гэрээнд зээл авах зорилго болон өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх талаар дурдаагүй, өөрөөр хэлбэл талууд энэ талаар тохиролцсон гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн энэхүү тайлбар үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагч нь газрын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхээр тохиролцсон гэх тайлбарыг үгүйсгэж, нэхэмжлэгчийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх боломжтой гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.2, 58.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь маргаж буй бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон боловч Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д зааснаар бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, бэлэглэгчийн болон түүний төрөл төрөгсдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан, завдсан үйл баримт тогтоогдоогүй. Тодруулбал, нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээг хүчингүй гэх өөрийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй.

Нэхэмжлэгч нь хууль мэдэхгүйн улмаас ноцтой төөрөгдөж бэлэглэлийн гэрээ байгуулсан гэх боловч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хуулийг мэдээгүй, буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, давуу байдал үүсгэхгүй. Түүнчлэн бэлэглэлийн гэрээний 3.1-т үндэслэлийг нөхрөөс эхнэрт гэсэн бөгөөд 3.3-т бэлэглэлийн гэрээ нь болзол, тусгай зориулалтгүй гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь өмнөх зээлийн гэрээнээс шалтгаалж бэлэглэлийн гэрээ байгуулсан гэх боловч цаг хугацааны хувьд өмнө байгуулсан зээлийн гэрээний үр дагавар нь сүүлд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлд хамаарахгүй.

Нэхэмжлэгч нь маргаж буй газрыг өөрийн өмчлөлд авсан эх үүсвэрт хариуцагч хамааралгүй гэх боловч дээр дурдсан үндэслэлээр газар нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-т зааснаар гэр бүлийн гишүүд хамтран өмчлөх эрхтэй юм.

 

Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болон ноцтой төөрөгдсөний улмаас хийсэн хэлцэлд хамаарахгүй бөгөөд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотойгоор зохигчид төлөх мөнгөн төлбөрийн улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.          Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.2, 58.3, 280 дугаар зүйлийн 280.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч С.Эт холбогдох 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, ******* 4а хэсэг гудамж, ******* тоот хаягт байрлах, 527 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний газрыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Я.Эы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 298,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД