Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2023/0003

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Б***-ийн П*** /РД:ГГ7***/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А***,

            Хариуцагч: Эрүүл мэндийн сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Э.Ц*** нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                 1. Нэхэмжлэгч Б.П*** анх тус шүүхэд хандан Эрүүл мэндийн сайдад холбогдуулан “Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/07 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлс болох 4,414,400 төгрөгийн олговор дээр шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлсийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/07 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хууль бус байсныг тогтоолгож, хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол болох 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлс болох 10.069.047,96 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын бичилтийг нөхөн бичүүлэх” хэмээн эцэслэн тодорхойлсон.

            2. Нэхэмжлэгч Б.П*** нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилогдсон.

            Засгийн газрын 2021 оны “Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 388 дугаар тогтоолоор “...Засгийн газрын агентлагт хуульд өөрөөр заагаагүй бол нэгээс илүүгүй дэд даргатай” байхаар тогтоосонтой холбогдуулан хариуцагч Эрүүл мэндийн сайдаас маргаан бүхий захиргааны акт болох 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/10 дугаар тушаалыг гарган нэхэмжлэгч Б.П***г Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн.

            3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 01/1190 дугаар албан бичгээр “...Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйл, Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй” гэх агуулга бүхий татгалзсан хариуг өгсөн тул 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

            4. Нэхэмжлэгч Б.П***гээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “... Миний бие төрийн албанд 25 дахь жилдээ ажиллаж байна. 1997 онд одоогийн нэрээр МАН-ын Төв аппаратаас ажлын гараагаа эхэлж, 2004 оноос Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2012 оноос Хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, 2016 оноос Эрүүл мэндийн яаманд хэлтсийн даргаар ажиллаж байгаад Эрүүл мэндийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилогдсон. Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн ба миний бие уг шийдвэрийг эс зөвшөөрч тушаалыг хүчингүй болгуулахаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлд хандаж урьдчилан шийдвэрлүүлсэн. Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/07 дугаар "Ажлаас чөлөөлөх тухай" тушаалыг дараах үндэслэлээр хууль бус захиргааны акт гэж үзэн хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан болно. Үүнд:

1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт "Эрүүл мэндийн даатгалын байгууллагын тогтолцоо нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Үндэсний зөвлөл, эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, сумын эрүүл мэндийн даатгал хариуцсан байцаагчаас бүрдэнэ" гэж заасан. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.1 дэх хэсэгт Үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн Даатгалын байгууллагын бүтэн, дүрмийг батлах эрхтэй гэж заасан. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн "Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бүтцийг шинэчлэн батлах тухай" 17 дугаар тогтоолоор тус газрын бүтцийг батлахдаа Тусламж, үйлчилгээний багц хариуцсан дэд дарга, Тусламж үйлчилгээний хяналт хариуцсан дэд дарга” гэж хоёр дэд даргатай байхаар баталж, миний бие “Тусламж үйлчилгээний хяналт хариуцсан дэд дарга”-аар үргэлжлүүлэн ажилласан болно. Харин Бодлого, төлөвлөпт хариуцсан дэд даргаар тус газрын Бодлого Төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Г.Г*** сонгон шалгаруулалтгүйгээр дэвшин томилогдсон. Гэтэл Үндэсний зөвлөлөөс нэг дэд даргатай байх аливаа шийдвэр гаргаагүй байхад Үндэсний зөвлөлийн хуулиар олгосон эрх хэмжээнд халдаж Эрүүл мэндийн сайд хууль бус акт гаргаж намайг ажлаас халсан. Хэрэв Үндэсний зөвлөлөөс нэг дэд даргатай байх шийдвэр гаргасан бол хоёр өөр чиг үүрэгтэй дэд даргын албан тушаалын алийг нь авч үлдэх, эсвэл эдгээр үүргийг хамтад нь нэг дэд дарга гуйцэтгэх зэрэг зохицуулалтыг хийж өгөх байсан. Гэтэл Эрүүл мэндийн сайд эдгээр нөхцөл байдлыг тодорхойгүйгээр орхиж зөвхөн намайг дур мэдэн ажлаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайд нь Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 388 дугаар тогтоолын 5.2 дах заалт буюу Засгийн газрын агентлагт хуульд өөрөөр заагаагүй бол нэгээс илүүгүй дэд даргатай байна гэснийг үндэслэж шийдвэр гаргасан нь эрх зүйн зөрчилтэй байна. Энэхүү тогтоолын энэ заалтыг үндэслэж Үндэсний зөвлөл шийдвэр гаргаж, Үндэсний зөвлөлийн шийдвэрийг үндэслэж Эрүүл мэндийн сайд шийдвэр гаргах ёстой байсан. Гэтэл Үндэсний зөвлөлийн хуулиар олгосон эрх хэмжээнд халдаж зөвхөн намайг ажлаас чөлөөлөхийг урьтал болгож шийдвэрлэсэн.

2. Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн албан бичигт Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг, Засгийн газрын ажлын алба, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, эмнэлэг, төрийн өмчийн оролцоотой, нээлттэй хувьцаат компаниас бусад этгээд тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглоно" гэж заасан болохыг дурдсан байна. Гэтэл энэ хууль нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан бөгөөд Эрүүл мэндийн сайд намайг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаалд би гомдол гаргасан. Хуулийг буцааж хэрэглэж тухайн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй.

 Мөн Төрийн хэмнэлтийн хуулийн дээрх заалтыг үндэслэн Үндэсний зөвлөлөөс аливаа шийдвэр гараагүй бөгөөд одоо болтол Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь дэд даргатай байна. Ийм учраас миний биеийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд даргаар эгүүлэн томилохгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

3. Эрүүл мэндийн сайд нь намайг ажлаас чөлөөлөхдөө мэдэгдэх хуудас өгөөгүй бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгдсэн. Миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсгийг ноцтой зөрчсөн.

Иймд дээрх үндэслэлээр эрх зүйн зөрчилтэй Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/07 дугаар "Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгон намайг эрхэлж байсан ажилд минь эгүүлэн томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийг үндэслэл болгон ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А***гаас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Б*** овогтой П*** нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ажлаас чөлөөлсөн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа уг тушаалыг хүчингүй болгосон ч хууль ёсны эрх ашиг хамгаалагдахгүй байна. Эгүүлэн томилох боломжгүй болсон учраас маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгож өөрт учирсан хохирлоо Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Г.Г***г ажлаас чөлөөлсөн өдөр хүртэл хугацаагаар тооцон нэхэмжилж байна. Учир нь хоёр дэд даргад тэгш бус хандаж, дэд дарга Г.Г***г Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсан ч ажиллуулсаар байсан. Өөрөөр хэлбэл Г.Г***гийн оронд би ажиллах боломж, шаардлага бүрэн байсан. Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/07 дугаар "Ажлаас чөлөөлөх тухай" тушаалыг дараах үндэслэлээр хууль бус захиргааны акт гэж үзэн хууль бус байсныг нь тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 зүйлийн 14.1 дэх хэсэгт "Эрүүл мэндийн даатгалын байгууллагын тогтолцоо нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Үндэсний зөвлөл, эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, сумын эрүүл мэндийн даатгал хариуцсан байцаагчаас бүрдэнэ" гэж заасан. Мөн хуулийн 14 зүйлийн 14.8.1 дэх хэсэгт “Үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн даатгалын байгууллагын бүтэц, дүрмийг батлах эрхтэй” гэж заасан. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн "Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бүтцийг шинэчлэн батлах тухай" 17 дугаар тогтоолоор тус газрын бүтцийг батлахдаа “Тусламж, үйлчилгээний багц хариуцсан дэд дарга”, “Тусламж үйлчилгээний хяналт хариуцсан дэд дарга” гэсэн хоёр дэд даргатай байхаар баталж, Б.П*** тусламж үйлчилгээний хяналт хариуцсан дэд даргаар үргэлжлүүлэн ажилласан болно. Гэтэл Үндэсний зөвлөлөөс нэг дэд даргатай байх аливаа шийдвэр гаргаагүй байхад Үндэсний зөвлөлийн хуулиар олгосон эрх хэмжээнд халдаж Эрүүл мэндийн сайд хууль бус акт гаргаж Б.П***г ажлаас халсан. Хэрвээ Үндэсний зөвлөлөөс нэг дэд даргатай байх шийдвэр гаргасан бол хоёр өөр чиг үүрэгтэй дэд даргын албан тушаалын алийг нь авч үлдэх, эсвэл эдгээр үүргийг хамтад нь нэг дэд дарга гүйцэтгэх зэрэг зохицуулалтыг хийж өгөх байсан. Гэтэл Эрүүл мэндийн сайд эдгээр нөхцөл байдлыг тодорхойгүйгээр орхиж зөвхөн Б.П***г дур мэдэн ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулиар олгогдсон Төрийн албан хаагчийн баталгаа алдагдсан. Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн сайд нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 388 дугаар тогтоолын 5.2 дах заалт буюу “Засгийн газрын Агентлагт хуульд өөрөөр заагаагүй бол нэгээс илүүгүй дэд даргатай байна” гэснийг үндэслэж шийдвэр гаргасан нь эрх зүйн зөрчилтэй байна. Энэхүү тогтоолын энэ заалтыг үндэслэж Үндэсний зөвлөл шийдвэр гаргаж, Үндэсний зөвлөлийн шийдвэрийг үндэслэж Эрүүл мэндийн сайд шийдвэр гаргах ёстой байсан. Гэтэл Үндэсний зөвлөлийн хуулиар олгосон эрх хэмжээнд халдаж ажлаас чөлөөлөхийг урьтал болгож шийдвэрлэсэн. Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн албан бичигт Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт "Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг, Засгийн газрын ажлын алба, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, эмнэлэг, төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компаниас бусад этгээд тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглоно" гэж заасан байдаг. Гэтэл энэ хууль нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан бөгөөд Эрүүл мэндийн сайд 2022 оны 1 дүгээр сарын 22-нд ажлаас чөлөөлсөн тушаалд гомдол гаргасан. Хуулийг буцааж хэрэглэж тухайн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй. Мөн Төрийн хэмнэлтийн хуулийн дээрх заалтыг үндэслэн Үндэсний зөвлөлөөс шийдвэр гараагүй байна. Эрүүл мэндийн сайд нь ажлаас чөлөөлөхдөө мэдэгдэх хуудас өгөөгүй бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгдэж, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж заасныг ноцтой зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү хэмээн хүсэж байна” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт хариу тайлбартаа: “... Б.П***г Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд даргын албан тушаалаас Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн "Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" 388 дугаар тогтоолын 5.2 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол нэгээс илүүгүй дэд даргатай байна” гэж заасны дагуу чөлөөлсөн. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт ”Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг, Засгийн газрын ажлын алба, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, эмнэлэг, төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компаниас бусад этгээд тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглоно гэж заасан байдаг. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт “Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно” гэж заасны дагуу тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглосон төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн холбогдох албан тушаалтныг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, тэтгэмжийг зохих журмын дагуу шийдвэрлэх" гэж заасан бөгөөд өөр албан тушаал санал болгохгүйгээр, тэтгэмжийг олгох тухай зохицуулсан мөн албан тушаал санал болгохгүйгээр, тэтгэмжийг олгох тухай зохицуулсан.

Үүний дагуу Г.Г***г 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Одоо Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хуульд заасны дагуу дэд даргагүй үйл ажиллагаагаа явуулж байна. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дах заалтад "Монгол Улсын Их Хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан шийдвэрийг захиргааны хэргийн шүүх хянахгүй тухай заасан. 388 дугаар тогтоол болон Засгийн газрын 203 дугаар тогтоолууд нь Төрийн хяналтын тухай хууль болон Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх тухай арга хэмжээг зохицуулсан тогтоол юм. Тийм учир Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 1 дэд даргыг ажлаас чөлөөлсөн харилцаа нь Захиргааны хэргийн шүүх хянахгүй байх гэж үзэж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 17 дугаар тогтоолыг захиргааны акт биш буюу байгууллагын дотоод асуудлыг зохицуулсан гэж үзсэн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд даргыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл томилдоггүй, чөлөөлдөггүй харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 3 дах заалтад “Хуульд тусгайлан заасан бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг нэг дэд даргатай байна. Агентлагийн дэд даргыг хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө гэж заасан. Тэгэхээр Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын газрын Үндэсний зөвлөлийн эрх хэмжээнд халдсан асуудал байхгүй.

 Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд буюу Эрүүл мэндийн сайд гэдэг утгаар дэд даргыг томилж чөлөөлж байгаа. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/07 дугаар тушаалыг хууль ёсны гэж үзэж байгаа. Мөн дэд даргыг чөлөөлөхдөө Төрийн албаны хуульд заасны дагуу шаардлагатай бүх ажиллагааг хийсэн. 2 дэд даргын нэгийг чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дах заалтад “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж заасны дагуу Б.П***г чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтад “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж заасны дагуу 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг Б.П***д өгсөн. Хуульд заасны дагуу шаардлагатай ажиллагааг хийсэн учир хууль ёсны гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Шүүх нэхэмжлэгч Б.П***гийн тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсэг үндэслэлтэй байна хэмээн үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хариуцагч Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/07 дугаар тушаалыг хууль бус хэмээн маргасан. Үүнд:

1. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс нэг дэд даргатай байх талаар аливаа шийдвэр гаргаагүй байхад Үндэсний зөвлөлийн хуулиар олгосон эрх хэмжээнд халдаж Эрүүл мэндийн сайд ажлаас халах тушаал гаргасан нь хууль бус,

2. Төрийн хэмнэлтийн тухай хууль нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан бөгөөд Эрүүл мэндийн сайд намайг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн нь миний эрх зүйн байдлыг дордуулсан,

3. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өөр өөр чиг үүрэг бүхий  2 дэд даргатай бөгөөд тухайн хоёр дэд даргын албан тушаалын алийг нь авч үлдэх, эсвэл эдгээр үүргийг хамтад нь нэг дэд даргаар гуйцэтгэх үү зэрэг зохицуулалтыг хийгээгүй, зохих сонгон шалгаруулалтыг хийлгүй намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй,

4. Эрүүл мэндийн сайд маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа   мэдэгдэх хуудас өгөөгүй зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

Нэхэмжлэгч Б.П*** нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Дэд даргын албан тушаалд томилогдсон. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бүтцийг шинэчлэн батлах тухай” 17 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бүтцийг “Тусламж үйлчилгээний багц хариуцсан дэд дарга”, “Туслам үйлчилгээний хяналт хариуцсан дэд дарга” гэх хоёр дэд даргатай байхаар тогтоосон дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хоёр дэд даргатай үйл ажиллагаа явуулж байсан.

            Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 388 дугаар тогтоолоор “...Засгийн газрын агентлагт хуульд өөрөөр заагаагүй бол нэгээс илүүгүй дэд даргатай” байхаар тогтоосонтой холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Б.П***г үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлгийг олгосон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны 17 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны 388 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2018 оны Б/10, 2022 оны Б/07 дугаар тушаал болон холбогдох бусад нотлох баримтаар,

Маргаан бүхий захиргааны акт болох Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/07 дугаар тушаалыг гаргах хүрээнд хариуцагчаас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2 дэд даргын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн болон 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Дэд дарга, газар, хэлтсийн дарга нарын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээний нэгтгэл” гэх баримтыг үндэслэн бага үнэлгээ бүхий нэхэмжлэгч Б.П***г албан тушаалаас чөлөөлөхөөр шийдвэрлэн, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчтэй уулзаж, ажлаас чөлөөлөх талаар сонсох ажиллагааг зохион байгуулж, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр маргаан бүхий захиргааны актыг гаргасан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл, оролцогчоос санал авах хуудас, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн болон 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Дэд дарга, газар, хэлтсийн дарга нарын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээний нэгтгэл” холбогдох бусад баримтаар,

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 388 дугаар тогтоолоор “...Засгийн газрын агентлагт хуульд өөрөөр заагаагүй бол нэгээс илүүгүй дэд даргатай” байхаар тогтоосон хийгээд Улсын Их Хурлаас 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 203 дугаар тогтоолоор “Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5.1, 5.2-т заасны дагуу тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглосон төсвийн байгууллага... холбогдох албан тушаалтныг ажлаас чөлөөлөх арга хэмжээг авч, тэтгэмжийг зохих журмын дагуу шийдвэрлэх”-ийг төсвийн захирагч нарт даалгасан хэдий ч хариуцагч Эрүүл мэндийн сайдын даргалдаг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь өнөөдрийг хүртэл хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бүтэц, орон тоог хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн батлаагүй. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үлдсэн 1 дэд даргыг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Эрүүл мэндийн яамны 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2/4067 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх” тусгай зарчмыг баримтална, 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” хэмээн,

Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Засгийн газрын гишүүн энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар олгосон бүрэн эрхтэй. Түүний дотор: 24.1.4-т “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө” хэмээн,

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 62 дугаар зүйлийн 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” хэмээн тус тус хуульчилсан.

5. Шүүх, Засгийн газрын 2021 оны 388 дугаар тогтоолоор “Засгийн газрын агентлагт хуульд өөрөөр заагаагүй бол нэгээс илүүгүй дэд даргатай байх”-аар тогтоосон гэх үйл баримт нь 2 дэд дарга бүхий Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тухайд хариуцагч Эрүүл мэндийн сайдад Төрийн албаны тухай хуулийн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан “төрийн байгууллага ... тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн” гэх эрх зүйн зохицуулалтын хүрээнд дэд дарга нарын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг тухайлан үнэлж, тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авах ажиллагааг хийх үүргийг бий болгосон.

Хариуцагч хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтад заасан журмын дагуу албан хаагчийн шалгаруулах ажиллагааг тухайлан хийлгүйгээр, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн болон 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Дэд дарга, газар, хэлтсийн дарга нарын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээний нэгтгэл” гэх баримтыг үндэслэн “бага үнэлгээ” бүхий нэхэмжлэгч Б.П***г үүрэгт ажлаас чөлөөлөх тухай маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Ингэхдээ тухайн захиргааны актад “албан тушаалын орон тоо нь хасагдсан” тохиолдолд хэрэглэгдэх Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг үндэслэснийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” тусгай зарчимд нийцсэн хэмээн үзэж боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн Төрийн албаны хууль тогтоомжоор олгогдсон эрхийг зөрчсөн байна гэж дүгнэв.

Үүнтэй холбогдуулан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” хэмээн заасан бөгөөд Улсын Их Хурлаас 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталж, түүнийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2022 оны 203 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд даргын албан тушаалын орон тоог хассан болох нь нийтэд илэрхий үйл баримт тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас маргаан бүхий захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны цалин олговорт Монгол Улсын Засгийн газрын “Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 203 дугаар тогтоол батлагдсан 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон 6,822,446.40 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, мөн хугацаанд хамаарах эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалган, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.П***гийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/07 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоож,  2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 6,822,446.40 /зургаан сая найман зуун хорин хоёр мянга дөрвөн зуун дөчин зургаан төгрөг дөчин мянга/ төгрөгийг тооцон гаргуулж, мөн хугацаанд хамаарах эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Эрүүл мэндийн сайдад даалгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 205370 төгрөгөөс илүү төлсөн 135170 төгрөгийг буцаан, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.МӨНХТУЛГА