Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 00767

 

Г.Н-гийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00368 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.М-д холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц,  Ү.Ч, хариуцагч М.М, хариуцагчийн өмгөөлөгч Т.Д, Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

          Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.М-тай 2009 онд танилцаж, 2010 оноос үерхэж эхэлсэн. Бидний хамтын амьдралын явцад 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр охин М.Марал төрсөн. Хамтын амьдрал эхэндээ сайхан байсан боловч М.М гэр бүлээс гадуур өөр эмэгтэйтэй харилцаа үүсгэснийг мэдсэн. 2015 онд БНСУ-ын Пугён хот руу 100 хувийн тэтгэлэг авч, суралцахаар явсан бөгөөд амьдрал ахуйгаа дээшлүүлэх, цаашлаад нөхөр хүүхдийн хамт БНСУ-д амьдрах зорилготой байсан. Бид харилцан ярилцаж, эхлээд би явж, дараа нь М.М хүүхдээ аваад очих байсан. Охин М.Марал, өөрийн ээж н.Уранбилэгийн хамт БНСУ-ын Пүгён хот руу явсан. Нөхөр М.М Гаалийн ерөнхий газарт ажилд орох гэж байгаа тул ажлаа бүтээчихээд хойноос чинь очно гэсэн боловч ирээгүй. Намайг сургуульд суралцахаар явснаас хойш М.М- нэг ч холбогдоогүй, ирнэ гэсэн боловч ирээгүй ба миний охин ээж хоёрын визны хугацаа дууссан учир би тэндээ үлдээд охин маань ээжтэй хамт Монгол руу явсан. Ээжийг Монгол улсад очсоны дараа М.М нь охиноо авсан, амралтын өдрүүдэд манай гэрт охиныг авчирч өгөөд, ажлын өдрүүдэд аваад явдаг байснаа сүүлдээ хүүхдийг өгөхгүй алга болсон. Би 2016 онд Монголд 1 cap гаруй хугацаатай ирж, нөхөр, хүүхдийн хамт зуслангийн байр түрээслэн амьдрахад М.М бид хоёр муудалцаж, намайг шатнаас түлхэн унагаж гэмтээсэн, тухайн үед нь би гэрийнхэн болон цагдаад хэлээгүй. М.М хартай, хайр халамж муутай. Тэгээд миний бие буцаад Солонгос улс руу явсан. БНСУ-д байхдаа охинтойгоо холбогдох гэж М.М руу залгасан боловч утсаа авахгүй, миний дугаарыг блок хийсэн, түүний Фэйсбүүк /Facebook/ руу нь хобогдох гэсэн боловч мөн блок хийсэн. Надад хүний нутагт жоохон охиноо яаж байгаа бол гэхээс зүрх минь зүсэгдэх шиг болж арга буюу 100 хувийн тэтгэлэгтэй сургуулиа орхиод охинтойгоо уулзахаар Монгол улсад ирсэн. 2017 оноос хойш охинтойгоо уулзах гэж М.М-ны гэрт очиж аав, ээж хоёрт нь хөөгдөөд гардаг болсон. Би цагдаагийн байгууллагад хэд хэдэн удаа хандсан боловч төрсөн эцэг, эх нь авч явсан юм чинь манайд хамаагүй гээд буцаасан, хамгийн сүүлд цагдаа дээр М.М ирэхдээ одоо би охинтойгоо уулзуулна гэсэн боловч уулзуулаагүй надаас зугтаасан. М.М өөр хүүхэд, гэр бүлтэй, миний охиныг аав, ээждээ өгчхөөд өөрөө ч очихгүй, надад ч өгөхгүй байгаад гомдолтой байна.

Охин минь өвөө, эмээгийн асрамжид байгаа бөгөөд М.М-ны асрамжид байдаггүй. Энэ нь хүүхдийг ээжийнх нь асрамжид байлгах шүүхээс авсан урьдчилсан арга хэмжээг хэрэгжүүлэх явцад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, тэр үед М.М ирдэггүй, ээж нь ирдэг, хүүхдийг өгөхгүй гэж орилдог. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа. Ажил эрхэлдэг, өөрийн гэсэн байртай, хүүхдээ тэжээгээд явах эдийн засгийн чадвартай. Иймд охин М.Маралыг миний асрамжид үлдээж, эцэг М.М-аас тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Н-тай хамтын амьдралтай байсан ба бидний дундаас 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр охин М.Марал төрсөн. Г.Н нь охин М.Маралыг дөнгөж 2 сартай байхад нь найз нөхөдтэйгээ шөнийн 03 цаг болтол наргиж байгаад согтуу орж ирээд надтай маргалдаж байгаад охиноо ч тоолгүй шөнө нь гарч яваад өөрийнхөө аав ээж дээрээ очиж хоноод өглөө нь Г.Н-гийн ээж н.Уранбилэг нь миний ээж н.Уранчимэг рүү утсаар ярьж” охиноо дахиж танайх руу явуулахгүй. Нялх охиныг нь өрөвдөж байна, гэхдээ яая гэхэв. Танай хүүхэдтэй амьдруулж чадахгүй” гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш бүтэн 7 хоног хоёрхон сартай нялх охиноо яаж байна ч гэж асуугаагүй. Би охиноо өрөвдөөд өөрийн буруу юм шиг Г.Н-гаас уучлалт гуйж авчирч байсан юм. Ер нь Г.Н охиноо 2 сартайгаас нь хаясан. Бид миний аав, ээж, дүү гуравтай хамт аавын 2 өрөө байранд 1 жил амьдарсан. Г.Н 2015 онд хүүхдээ дөнгөж 1 нас хүрч байхад БНСУ руу суралцахаар өөрийгөө бодоод явсан. Тухайн үед суралцахаа түр хойшлуулчих гэж гуйсан боловч зөвшөөрөөгүй. Би Гаалийн ерөнхий газарт ажилд орох гэж байсан болохоор түүний бүтэх эсэхийг харж байгаад араас нь явна гэж ярилцаж байсан нь үнэн. Ингээд Г.Н сургуульдаа явсан. Хэсэг хугацааны дараа араас нь охин, хадам ээж хоёр яваад ирсэн. Түүнээс хойш би охиноо өөрөө харж хандаж байгаа. Г.Н 2016 онд Монголд ирж бид гурав уулзалдаж, хамт зуслангийн байр түрээслэн. Г.Н-г Монголд байх cap гаруй хугацаанд хамт байсан, хамгийн сүүлд явахынх нь өмнө бид муудалцаж, хадам ээж намайг “дахин миний охинтой холбоо тогтоогоод хэрэггүй” гэсэн учир 2017 оноос холбоо тасарсан. Охиноо цэцэрлэгт явуулж, бүх зүйлээр дутаахгүй сайхан өсгөж байна. Г.Н-д хүүхдээ өгөхгүй байсан шалтгаан нь охин ээжийгээ бараг танихгүй, тэгээд ч дассан орчинг өөрчлөх боломжгүй. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан нөхцөлийг хангаж байгаа, хүүхдийн ээнэгшин дассан орчин бол миний орчин. Би эхнэр, хүүхэдтэй, Баянзүрх дүүргийн Чухаг хотхонд тусдаа гараад сайхан амьдарч байна. Хүүхдээ орхиод явсан хүнд хүүхдээ өгөх хүсэлгүй, өөрийн асрамжид авна, ээжээс нь хүүхдийн тэтгэлэг авахгүй гэжээ. 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Мөнхсайханы Маралыг эх Г.Н-гийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1,40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 8 дугаар сарын 14-ний төрсөн охин М.Маралыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.М-аар cap бүр тэжээн тэтгүүлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Н-гийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Н-гаас хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлд төлсөн тэмдэгтийн хураамжийн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.М-аас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Н-д олгож. хүүхдийн тэтгэлгийн жилд ногдох тэмдэгтийн хураамжид 35 868 төгрөгийг гаргуулж улсын төсөвт тус тус оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч М.М давж заалдах гомдолдоо: Миний 4 настай охин М.Маралын ирээдүйг сайн нягталж судлаагүй, охины минь амьдарч өссөн, дассан, тав тухтай орчноос нь салгаж 32 м.кв ганц өрөө орон сууцанд ам бүл тавуулаа амьдарч байгаа эх Г.Н-гийн асрамжид өгөхөөр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нялх хүүхдийн сэтгэл санаа, сэтгэл гутрал цаашлаад сэтгэцэд нь муугаар нөлөөлөх юм. Охин М.Маралын эрхэд ноцтой халдаж байна. Шүүхийн шийдвэрт охин М.Маралыг аав миний асрамжид биш өвөө, эмээгийн асрамжид байна гэж үзсэн. Ажил хийж охиныхоо ирээдүйд анхаарал, халамж тавих нь миний үүрэг, амралт болон ажлын бус цагуудыг аль болох үр хүүхдэдээ зарцуулж, бүх зүйлээ зориулж ирсэн. Ажил ихтэй үед өвөө, эмээг нь хараад өгөөрэй гэж гуйдаг, бүх л хүний амьдрал ийм байдаг байх. Гэтэл ганцхан миний амьдралд өвөө, эмээ оролцоод хүүхдийг минь авах гээд байгаа мэт буруу ойлголт яригдаад байх юм. Иймээс төрсөн цагаас нь эхлээд өнөөдрийг хүртэл охиноо хайрлан халамжилж, сайн хүмүүжүүлж, бүхий л зүйлээр нь хангаж, юугаар ч дутаахгүй өсгөж, дэндүү их хайр халамжид өсгөсөн охиноо хойд эцгийн гар харуулж чадахгүй, хүчирхийлэл, доромжлол, бие сэтгэлийн ямар ч зовлон үзүүлэхгүй сайн халамжилж өсгөх болно гэдгээ эцэг хүний хувьд амлаж байна. Миний бие дахин шинжээч томилуулж, үнэн бодит судалгаа, шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна. Эх Г.Н-гийн орчин, эрхэлсэн ажил тодорхойгүй мөн амьдарч байгаа орчин нөхцөлийг нь сайн нягтлуулах хүсэлтэй байна. Охин М.Маралыг хүссэн үедээ эх Г.Н-тай уулзаж байх бүх бололцоог хангаж байна. Иймд охин М.Маралыг эцэг М.М- миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Дарьсүрэн давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй тул давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Зохигчид харилцан ярилцсаны үндсэн дээр 2015 онд нэхэмжлэгч Г.Н нь БНСУ-ын Пугён хотод суралцахаар болж, охин М.Марал нь хариуцагч буюу аав М.М-ны асрамжид үлдэх болсон үйл явдлаас шалтгаалж зохигчид муудалцан хариуцагч М.М нь нэхэмжлэгч Г.Н-д гар хүрч зодож байжээ” гэж дурджээ. Гэтэл зодуулсан гэх баримт нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн фото зураг бөгөөд хэний зураг болох нь тодорхойгүй, Г.Н-гийн зураг гэж танигдах боломжгүй. Мөн хариуцагч нэхэмжлэгчийг зодож байгаагүй гэдгээ шүүх хуралдаанд тайлбарласаар байхад шүүх үүнийг харгалзаж үзэлгүй шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.4, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөн хэрэгт хариуцагч М.М ямар нэгэн хүчирхийлэл үйлдэж, нэхэмжлэгчийг зодож байсан талаар өөр баримтгүй болно.

Г.Н 2017 онд Монгол улсад ирж байгаагүй төдийгүй, анх 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр БНСУ руу яваад 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр орчуулгын ажлаар ирсэн, дараа 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр БНСУ-руу яваад 2018 оны 4 дүгээр сарын 14-нд Монгол улсад ирсэн нь Г.Н-гийн гадаад паспортын хуулбараар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.Н охин М.Маралыг 1 настай байхад БНСУ руу яваад 2016 онд 1 удаа ирж 40 орчим хоносон. Тэгээд буцаж яваад охиноо 4 настай байхад Монголд ирсэн. Гэтэл шүүх огт болж байгаагүй үйл явдлыг болсон мэтээр шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан дараах нөхцөлүүдийг зайлшгүй харгалзаж үзэн хүүхдийн асрамж тогтоохыг хуульчилж өгсөн юм.

Хүүхдийн насыг харгалзах: Охин М.Марал 1 нас хүртлээ ээж, аавын асрамжид байж байгаад 1 наснаасаа хойш өнөөдрийг хүртэл аавын асрамжид байгаа, аавтайгаа хамт амьдарч, энэ гэр орноо өөрийн гэр гэж ойлгодог 4 настай охин. М.Марал охин Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт заасан насанд хүрээгүй, түүний саналыг асуух боломж байхгүйг шүүх харгалзаагүй. 2. Эцэг, эхийн халамжийг харгалзах: М.Марал охин 1 наснаасаа хойш аавын хайр халамжид өссөн. Аавтайгаа сүүлийн 3 жил хамт амьдарч байгаа учраас аавтайгаа хамт амьдарч байгаа гэрээ миний гэр, миний хамгийн аюулгүй байх орчин гэж мэдэрсэн байгааг харгалзаж үзээгүй. Мөн сүүлийн 1 жил 8 сарын хугацаанд Г.Н Монголд байгаагүйг харгалзаагүй. 3. Ахуйн нөхцөл, бололцоог харгалзах: Аав М.М “Болд холдинг” ХХК-д маркетингийн менежерээр сарын 1 500 000 төгрөгийн цалинтай ажил эрхлэхийн сацуу өөрийн хувийн “Блэк медиа” ХХК, “Түүмандал” ХХК, “Арчо концепц” ХХК-иудыг үүсгэн байгуулж бизнес эрхэлдэг мөн хүүхэддээ эрүүл, тухтай амьдрах орчинг нь бүрдүүлэхийн тулд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд талд байрлах “Чухаг-2” хотхонд 124 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц захиалан бариулж, орон сууцандаа амьдарч байгаа, охиноо “Чухагийн багачууд” цэцэрлэгт хамруулдаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Гэтэл Г.Н БНСУ-ын элчин сайдын яамны төлөөлөн гүйцэтгэх байгууллагад орчуулагчаар ажилдаг, сарын 600 000 төгрөгийн цалинтай гэж тайлбарладаг боловч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс Мандах нарны үрс цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг давхар хийж гүйцэтгэж байгаа учраас тус цэцэрлэгийн үйл ажиллагааны санхүүжилтийг өөрийн орлого гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүйг шүүх харгалзаагүй.

Ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзах: нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алины ёс суртахууны байдлыг шинжээч дүгнэлтдээ нарийвчлан тодорхойлсон байсан. Харин хүчирхийлэл үйлдэж байсан эсэх талаарх шүүхэд ирүүлсэн нотлох баримт байдаггүйг харгалзаж үзээгүй.

Шүүх дээрх асуудлуудыг харгалзаж үзэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үнэлбэл зохих нотлох баримтыг үнэлээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, охин М.Маралыг эцэг М.М-ны асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч М.М-д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т заасан ажиллагааг шүүгч явуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэсэн шүүгч нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах, хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулах, 67 дугаар зүйлийн 67.1.4-т заасан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах ажиллагааг явуулах шаардлагатай.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.М-д нэхэмжлэл гардуулах ажиллагааг хийсэн боловч шүүгч баримтад гарын үсэг зурж баталгаажуулаагүй, хэргийн оролцогчдод эрх, үүрэг танилцуулсан баримтад хэргийн оролцогчдоор гарын үсэг зуруулсан боловч шүүгч гарын үсэг зураагүйгээс уг ажиллагааг хэн явуулсан нь тодорхой бус болжээ. /1 х.х-ийн 25-27 дугаар тал/

Түүнчлэн, гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц нь эцэг, эх, хүүхэд тэдгээрийн асрамжтай салшгүй холбоотой асуудал учраас гэр бүлийн холбогдолтой хэрэг маргаан шийдвэрлэх ажиллагаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулах ёстой. Тиймээс шүүх хуралдааны өмнө зохигчдоос “талуудад эвлэрэн хэлэлцэх санал хүсэлт байна уу?” гэж асуулт тавьснаар уг ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй юм. /2 х.х-ийн 50 дугаар тал/

Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүүхдийн асрамжийн тухай шаардлага гэж үзэх бөгөөд шүүхээс шинжээчээр томилогдсон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нь “цаашид хэнийх нь асрамж хүүхдийн эрх, ашигт нийцэх талаарх” асуултад хариулаагүй байна. Иймд шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гарсан гэж үзэхгүй. /1 х.х-ийн 207-210 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээний хүрээнд эх Г.Н-тай охин М.Маралыг уулзуулах, түүнтэй байлгах талаар эрх бүхий байгууллагын ажилтнууд очиход эсэргүүцэл үзүүлж байсан, хүүхдийн хажууд хэрүүл шуугиан дэгдээж байгаа нөхцөл байдал уг хэргийн хувьд ач холбогдолтой байх болох нөхцөлд хүүхдийн эрх, ашигт зөрчил учирч байгаа эсэх байдалд хийсэн үзлэгийн тэмдэглэл хэрэгт ач холбогдолтой.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэнгээс өөрөө баримтжуулж үзлэг хийсэн тэмдэглэлийг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд шүүхээс түүнд үзлэг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэсэн гэж үзнэ. /1 х.х-ийн 250 дугаар тал, 2 х.х-ийн 1-6 дугаар тал, 26 дугаар тал/ Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт тэмдэглэлийг хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад ажиллагааны үед шүүгч, түүний даалгаснаар шүүгчийн туслах үйлдэхээр заасан. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэнгийн тэмдэг, гарын үсэг бүхий тэмдэглэл болон үзлэг хийхэд оролцсон хөндлөнгийн гэрчүүдийн хувийн мэдээлэл /нотариатаар баталгаажуулаагүй/ зэрэгт шүүгч “үзлэгээр бэхжүүлэв” гэж гарын үсэг зурж баталгаажуулжээ. Иймээс шүүх хийвэл зохих ажиллагааг бүрэн хийгээгүй нотлох баримтын шаардлага хангахгүй баримт бүрдүүлэх ажиллагаа хийсэн гэж үзэх үндэслэлтэй.

 Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00368 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

                          ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                     Д.БАЙГАЛМАА