Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/14

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Бат-Оргил

Хохирогч С.М

Шүүгдэгч С.Э , түүний өмгөөлөгч Л.Батбаяр

          Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нарыг оролцуулан;

                              

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.М ын гаргасан давж заалдах гомдлоор С.Э д холбогдох эрүүгийн 1914006610385 дугаар хэргийг 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, овогт С.Э, 1981 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, урьд 2020 оны 5 дугаар сарын 20-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй

С.Э  нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэс 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг Овоот гэх газраас иргэн С.М ын сартай бор зүсмийн үнээ, бор тарлан зүсмийн бяруу, нийт 2 тооны сарлагийн үхрийг хулгайлан авч нэг сая гурван зуун мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр /   

          Баянхонгор аймгийн Прокурорын газраас С.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх: Шүүгдэгч Тогооч овогт Сэр-Одын Энх-Амгаланг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тогооч овогт Сэр-Одын Энх-Амгаланг долоон зуун хорин цагийн хугацаагаар /720/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан долоон зуун хорин цагийн /720/ нийтэд тустай ажил хийлгэх ял буюу найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож гурван /03/ сарын ялыг өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан нэг /01/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг нэг жил гурван сарын /01 жил 03 сар/ хугацаагаар хорих ялаар тогтоож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч С.Э гийн хэргийн учир цагдан хоригдсон хоёр зуун гучин найман /238/ хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас нь хасаж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч С.Э д оногдуулсан нэг жил гурван сарын /01 жил 03 сар/ хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч С.Э гаас нэг сая нэг зуун мянган /1.100.000/ төгрөг гаргуулж, хохирогч С.М ад, нэг сая нэг зуун мянган /1.100.000/ төгрөг гаргуулж, хохирогч иргэний нэхэмжлэгч Х.Сайнбилэгт тус тус олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогч С.М ын нэхэмжилсэн нэхэмжлэлээс 3.608.300 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Э  нь энэ хэргийн учир хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.5-д  зааснаар шүүгдэгч С.Э д авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

            Хохирогч С.М  тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:     Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн авч эс зөвшөөрөн гомдол гаргаж байна.

Миний хувьд хохиролд нэхэмжилсэн 3.608.300 төгрөгийг болон шинжээчийн хөлс 85.000 төгрөгийг тус тус С.Э гаас гаргуулаагүйд маш их гомдолтой байна. Учир нь С.Э гийн хулгайлсан үхэр манай хамгийн сүү сааль ихтэй үнээ байсан тул миний амьжиргаанаас салгасанд гомдолтой байна. Иймд С.Э гаас миний хохирлыг гаргуулж, хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

Прокурор Б.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү... гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа; ...Анхан шатны шүүх хуулийн үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү... гэв.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч С.М ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Прокуророос  шүүгдэгч С.Э г 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэс 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг Овоот гэх газраас иргэн С.М ын сартай бор зүсмийн үнээ, бор тарлан зүсмийн бяруу, нийт 2 тооны сарлагийн үхрийг хулгайлан авч нэг сая гурван зуун мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Э гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг хэрэглэжээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч С.Э д холбогдох хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдал буюу  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлийн 1.5-д  заасан “ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад  бүрэн   нотлон тогтоогоогүй,  прокурор яллах дүгнэлтдээ орхигдуулан бичсэн, энэ байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад шүүх хэргийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэн эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй байна.

Энэ нь хавтаст хэргийн  191 дүгээр талд авагдсан “...сартай бор  үнээ, бор алаг бяруу одоо манай үхэрт байгаа...” гэх гэрч Х.Ганболдын, хэргийн 66 дугаар талд авагдсан”...бор тарлан бяруу нь одоо хязаалан настай үхэр болсон, сартай бор үнээ нь одоо тугалтай болсон байгаа...” гэх иргэний нэхэмжлэгч Х.Сайнбилэгийн мэдүүлгүүдийг  хавтаст хэргийн 130 дугаар талд авагдсан “...  сарлагийн бяруу-300 000 төгрөг, сарлагийн үхэр 800 000 төгрөг...” гэх Энх нахиа ХХК-ийн шинжээчийн үнэлгээтэй харьцуулан харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 3 дахь хэсэгт “энэ хуульд  заасан ноцтой хохирол, хор уршиг” гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд...хохирол, хор уршиг учирсныг ойлгоно” гэж заасан  зохицуулалтыг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад анхаараагүй орхигдуулсан,  хохирогч С.М ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа  нэхэмжлэх эрхийг нь хохирогч С.М ад нээлттэй үлдээлгүйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл  хохирогч С.М ын  сартай бор  үнээ, бор алаг бярууг шүүгдэгч С.Э  нь 2018 оны сүүлээр хулгайлж, хулгайн гэмт хэргийн  улмаас хохирогч С.М ад материаллаг гэм хорын хохирол учирсан байх бөгөөд материаллаг гэм хор гэдэгт бодит хохирол алдагдал, олох байсан орлого, гарсан зардал ордог болно. Мөн хор уршиг нь хохирлын улмаас үүссэн үр дагавар байдаг.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлээр хамгаалагдсан бусдын эд хөрөнгөнд хууль бусаар халдсан санаатай, хулгайлах гэмт хэргийн улмаас гэм хор учруулсан этгээд нь хохирогчид учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээдэг хуулийн зохицуулалтыг анхааралгүйгээр  тухайн  цаг хугацаанд хулгайд алдсан  2 үхрийн тоо болон үнэ, одоогийн байдлаар бор тарлан бяруу нь хязаалан настай үхэр болсон, сартай бор үнээ нь одоо тугалтай болсон  байдлыг орхигдуулан шийдвэрлэжээ.

Мөн анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэн гэм буруутай этгээдээс хохирлыг гаргуулахаар шийдвэрлэхдээ шүүгдэгч С.Э гаас нийт 2200000 төгрөг гаргуулж хохирогч С.М  болон иргэний нэхэмжлэгч Х.Сайнбилэг нарт тус тус 1100 000  төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулжээ.

Иймд хохирогч С.М ын гомдол хуулийн үндэслэлтэй байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжгүй  нөхцөл байдал тогтоогдож байх тул  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

                Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолыг  бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг Прокурорт буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч С.Э д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.