Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/171

 

 

 

 

 

 

   2025           04           04                                          2025/ШЦТ/171

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0147/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулах журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2518000000152 дугаартай хэргийг 2025 оны 04 сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “ ******* ” ХХК-д өрмийн засварчин ажилтай, ам бүл 5, ээж дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* /

 

Холбогдсон хэргийн талаар:

                                                                                                         

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 09-ний 02 цагийн үед хохирогч М.Энхмөнхөд такси үйлчилгээ үзүүлж Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод буюу гэрт нь оруулж өгөхдөө хохирогчийн согтуурсан, болж буй үйл явдлыг ойлгож ухамсарлах чадваргүй байгааг далимдуулан түүний эзэмшлийн Samsung A35 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 650,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...өчигдөр орой Дархан сум 9 дүгээр баг гэх нэртэй пабад найз нартайгаа сууж байгаад 01 цагийн орчимд тэндээсээ такси бариад гэртээ харьсан. Тухайн үед би согтуу байсан болохоор нөхөр фейсбүүкээр царайгаа хараад яриад явсан байсан. Би тухайн үед согтуу байсан болохоор энэ талаар сайн санахгүй байгаа. Ямар ч байсан гэрийн гадаа ирээд тухайн таксины жолоочид эгчийгээ гэрт оруулаад өг гэж хэлээд гэр рүүгээ хамт орсон. Би гэрт ороод тухайн залууг төмс авах уу гэж хэлж байснаа санаж байгаа. Учир нь манай гэрт Төв аймгаас төмс ирсэн байсан учир тухайн залууд төмс бэлэглэх гэж байсан байх. Тухайн залуу манай гэрт ороод 5 минут орчим болоод гараад явсан. Тухайн залуу гэрт орохоос өмнө миний утсаар манай нөхөртэй яриад дансны дугаараа өгч байсан. Мөн миний санаж байгаагаар би гэрт орох хүртэл өөрийнхөө утсаар нөхөртэйгөө ярьж байснаа санаж байна. Ингээд өглөө болоход миний гар утас алга болсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08-11/,

 

“Ашидбилгүүн” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-925- 911696 дугаартай: “...Самсунг А35 маркийн гар утас 650,000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-34/,

 

Дархан-уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, Нэхийгийн 41 дүгээр байрны гадна талын хяналтын камерын бичлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хавтаст хэргийн 18-21, 50/,

 

Эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 17, 22-23/,

 

 Яллагдагч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...шинэ Дарханы хээтэй хорооллын Од буудлын зам дээр согтуу эмэгтэй хүн гараа өргөөд зогсож байхаар нь авсан. Тухайн эмэгтэй Гранд Яак буудал дээр бууна гэхээр нь би аюулгүйн тойргоор буцаж иргээд Дархан их дэлгүүрийн буудал дээр зогсоод эгчээ ирчихлээ гэсэн чинь тэр эгч нөхөртэйгөө утсаар ярьж байснаа би энд буухгүй ээ, Нэхийгийн 41 дүгээр байранд бууна гэхээр нь би гэрийнх нь гадаа аваачиж өгсөн. Тухайн үед нөгөө эгч нөхөртэйгөө утсаар яриад машинаасаа ч буухгүй, байраа тойруулаад байсан. ...тэр эгч надад гэрээ зааж өгөөд би гэр рүү нь оруулж өгсөн. Гэрт нь оруулж өгсөн чинь хаалгаа түгжээд нөхөртэйгөө утсаар яриад таксины мөнгө өгөхгүй байсан. Би тэр эгчид эгч ээ би танай нөхөртэй чинь утсаар чинь яриад таксины мөнгөө авчхаад гэртээ харимаар байна гэж хэлээд тухайн хүний утсаар нөхөртэй нь яриад өөрийнхөө дугаарын дансаа өгсөн. Би тухайн хүний нөхөрт нь дансаа өгсөн хойно нөгөө эгч гэрийнхээ 00 өрөөнд ороод 30 минут орчим болсон. Тэгээд гарч ирээд хаалгаа онгойлгож өгсөн. Тэр эгч гэрийнхээ хаалгыг онгойлгох үед гар утас нь гэрийнх нь шалан дээр унасан байсан ба тухайн эгчийн гар утсыг нь би та эрүүл болоод надаас гар утсаа аваарай гэж хэлээд утсыг нь аваад гарч явсан. Намайг гар утсыг нь аваад гарахад тухайн эгч надад юу ч хэлээгүй. Учир нь тухайн эмэгтэй согтуу байсан. Би тэр эгчийн гэрээс нь гараад орцон дотор нь тухайн гар утасны сим картыг нь аваад хаалганых нь буланд тавьж орхиод гар утсыг нь аваад гэртээ хариад ширээн дээрээ гаргаад тавьсан байсан. Гар утсыг нь буцаан өгсөн...” гэх мэдүулэг /хавтаст хэргийн 15-16, 38/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл бүрэн хангагдсан байна.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч гэрт нь оруулж өгөөд хохирогчийн согтуурсан байдлыг нь далимдуулан түүний эзэмшлийн Samsung A35 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч М.Энхмөнхөд 650,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн ял, эрүүгийн хариуцлагын хэмжээнд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Хохирогчид Samsung A35 загварын гар утсыг биет байдлаар нь буцаан өгсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Мянгад ургийн овогт Чимиддоржийн Мөнх-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД