| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2022/00245/И |
| Дугаар | 135/ШШ2022/00658 |
| Огноо | 2022-04-27 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 135/ШШ2022/00658
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2022/00245/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... байр, ... тоотод оршин суух ... овгийн Ц.А /РД:..., утас:.../,
Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... байр, ... тоотод оршин суух, ... овгийн Ц.А /РД:..., утас:.../ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух ... овгийн Ш.Ж /РД:..., утас: .../-т холбогдох,
Ц.А, Ц.Ар нарын нэхэмжлэлтэй, Ш.Ж-д холбогдох “...2 хүнд ногдох хувьд 46,666,000 төгрөг гаргуулах, дансанд байсан 5,857,000 төгрөгөөс 2 хүнд ногдох хувь 3,904,000 төгрөг, нийт 50,570,000 төгрөг гаргуулах тухай...” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Ш.Ж-гийн нэхэмжлэлтэй, Ц.А, Ц.Ар нарт холбогдох “13,267,852 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, Ц.Ар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч Ш.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд тайлбартаа:
“...Бидний аав Д.Ц, дүү Ц.А бид нар 1991-2000 оныг хүртэл У хотод сэлбэг худалддаг байсан. “Д.х” зах дээр сэлбэгийн наймаа хийж, 3 өрөө байр болон хадгаламжийг бий болгосон. 2000 онд У хотод Д-д Ш.Ж-гийн ихэр эгчээс 700,000 төгрөгөөр хашаа байшин худалдан авч, жил гаран хамт амьдарсан. Гэтэл Ш.Ж-гийн ихэр эгчийн хүүхэд нь аавынхаас хулгай хийж, цагдаагийн газарт мэдэгдэж, шалгуулж байсан. Энэ хашаа байшинг бидний хадгаламжийн дундын данснаас бидний зөвшөөрлөөр, мөнгөөрөө авч байсан. Аав маань хашаа байшинд амьдрах сэтгэлд сэвтэй байна гээд У хотын Гандангийн ойролцоо байдаг 2 өрөө байранд амьдарч байгаад 2002 онд Д-У дахь ШУТИС зөвлөх багшаар ажиллахаар ирсэн. Ингээд дээрх маргаан бүхий 3 өрөө байрыг 4,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ мөнгийг бидний зөвшөөрлөөр дундын данснаас гаргаж авсан. Ингээд Ш.Ж-гаас нэг ч төгрөг гараагүй, бүгд бидний дундын данснаас гарсан. 2002-2012 оныг хүртэл Д-У аймаг дахь ШУТИС-д хүндэт багш, зөвлөх багшаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Анх байрыг худалдаж авахад ганцхан аавын нэр дээр байсан. 2007 оноос 2018 оныг хүртэл 9 жил хугацаанд Ц.А, Ц.Ар нарын 2 хүний нэр дээр байсан. 2018 онд Ц.А нь Э улс руу явахаар болоод байрыг зарахаар болсон. Бид У хотод байсан болохоор Д.Ц-ы нэр дээр шилжүүлсэн. Ингээд аав маань 2019 онд нас барж, жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ авах гэтэл дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хөл хорионд орж бичиг баримтыг хөөцөлдөж чадаагүй. Энэ хооронд Ш.Ж нь нотариат Д.Г-тай нийлж өвлөх эрхийн гэрчилгээг авсан. Энэ гэрчилгээний тухай нотариатч бидэнд огт мэдэгдээгүй. Биднээс огт асуугаагүй, хэнд ч хэлээгүй, мэдэгдээгүй.
Бид хүн чанар гаргаж энэрэнгүй хандаж, 3 өрөө байрыг шинжээч томилж, үнэлгээ гаргасан байгаа. 3 өрөө байрны үнэ 63,000,000 төгрөгийг 3 хувааж нэг хүнд ногдох нь 21,000,000 төгрөг болоод, дүү бид хоёрт нийт 42,000,000 төгрөг, бидний дундын хадгаламж болох Х.б-ны ... тоот дансанд 5,857,690 төгрөгийг 3 хувааж, хоёр хүнд ногдох нь 3,900,000 төгрөг, нийт 45,904,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бууруулан нэхэмжилж байна. Аав, бид хоёрын дундын данс болох Х.б-ны ... тоот дансаас 113,000 төгрөг, Х.бны ... тоот данснаас 837,668 төгрөг, аавыг нас барсны дараа нэг сарын тэтгэвэр 590,000 төгрөгийг тус тус бүгдийг Ш.Ж авсан. Ингээд Ш.Ж-гийн авсан бүх мөнгийг 3 хувааж, нийт 46,413,554 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 45,904,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэв.
Хариуцагч Ш.Ж нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...2000 оны 8 сард нэхэмжлэгч нарын аавтай танилцаж, 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдөр албан ёсны гэр бүл болж амьдарч эхэлсэн. Амьдрах хугацаанд талийгаач Д.Ц нь нэг талдаа амьдрах санал тавьсан. У хотод Гандангийн ойролцоо байр байгаа хүүтэйгээ амьдардаг гээд бид хамт амьдрахаар болж нийлсэн. Амьдрах хугацаанд 20 гаруй жил эрүүл мэнд, сэтгэл санааны хямралтай байсан. Хүүхдүүд нь надад гар хүрч, элдэв муухай үгээр хэлж доромжилдог байсан. Нэхэмжлэгч нар өмчлөх эрхтэй гэж байна. Гэр бүлийн хүнээ нас барахад хүүхдүүдээс нь асууж байсан. Аав нь хэлж захисан зүйл байна уу? гэхэд юу ч хэлээгүй гээд хоёр биеэ хараад сууж байсан. Нэг өдөр Ц.Ар нар руу залгаад таны гарын үсэг хэрэгтэй гэж ярьж байсан. Хэд хоногийн дараа Ц.Ар руу залгаад асуухад больчихсон гэж хэлж байсан. Намайг эмнэлэгт хэвтээд гараад ирэхэд энэ бүх асуудал үүсээд шүүх, цагдаа болсон байсан.
Анх бид 2 анх тусдаа гарахад талийгаачийн 2 хүүхэд нь байраа булаацалдаад байхаар нь бид Д-гийн хашаа байшин миний эгчээс авч амьдарч байсан. Д-д 2002 онд ирж 2,900,000 төгрөгөөр байрыг худалдаж авсан. Би ажилтай байсан тул манай нөхөр Д-д үлдээд бүх бичиг баримтыг бэлдээд өөрийн нэр дээр авсан авч, дараа нь хоёр хүүхдийнхээ нэр дээр шилжүүлээд, дараа нь талийгаач өөрийн нэр дээр шилжүүлсэн. Энэ байрны мөнгийг миний охин хангалттай над руу шилжүүлсэн. Нөхрөөсөө байрны гэрчилгээг асуухад гэрчилгээг өөрийн нэр дээрээ болгосон байсан. Нөхрийгөө нас барсны дараа нотариатын газраас асуухад жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ гардаг. Жил хүлээдэг гэхээр нь хүлээсэн. Жилийн дараа нотариатын газраас яриад бүрдүүлж ирэх зүйлийг хэлж, бүх зүйлийг хуулийн дагуу л зохих журмаар нь авсан
Надад өгөх 42,000,000 төгрөг байтугай 4,500,000 төгрөг ч байхгүй, би талийгаач нөхөртэйгөө 20 гаруй жил хамт амьдарсан. Гэр бүлийн баталгаатай тул өв залгамжлах бүрэн эрхтэй гэж үзэж байна. Нөхрийнхөө хадгаламжийн 39,804,559 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй. Тэтгэврийг би авсан нь үнэн. Хүүхдүүдээс нь асууж байж хэрэглэсэн
Байрыг хуваахад татгалзаж байна. Манай нөхөр хүүхдүүддээ өгөх бүх зүйлийг өгсөн. Насны эцэст Ц.Ар, Ц.А нар нь аавыгаа харж хандаж байсан зүйл байхгүй, би бүх зүйлийг зохицуулж ирсэн. Амьд байхад нь нөхөртэйгээ ярилцаж байхад хүүхдүүддээ өгөх зүйлийг өгсөн л гэж байсан...” гэв.
Хариуцагч Ш.Ж нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“...Би 20 гаруй жил талийгаачтай хамт амьдарсан тул өв залгамжлах эрхийн хүрээнд хадгаламжийн 39,803,559 төгрөгийн өөрт ногдох хувиа авах ёстой гэж үзэж байна. Нөхрөө нас барсны дараа хүүхдүүдээс нь мөнгө авч байгаагүй. Саяхан эмнэлэгт хэвтээд мөнгө дутаад Ц.Ар-аас 100,000 төгрөг л авсан...” гэв.
Нэхэмжлэгч Ц.Ар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“...Энэ 39,803,559 төгрөгийн хадгаламж аав бид хоёрын дундын данс. Аавын нас барахад 5,000,000 төгрөг авч хэрэглэсэн. Дүү Ц.А нь 5,000,000 төгрөг авсан. Х.б-ны ... тоот данс нь аав бид хоёрын дундын эзэмшиж байсан тул Ш.Ж, Ц.А нарт огт хамаагүй тул хуваах ёсгүй тул хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.
Нэхэмжлэгч Ц.А нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“...Бид гурав аавыг өнгөрөхөд бүх эд зүйлийг 3 хуваах тухай ярилцаж байсан. 39,803,559 төгрөг нь аав, эгч хоёрын дундын дансны хадгаламж тул надад маргах зүйл алга. Бид нар аавдаа байнга мөнгө өгдөг байсан. Бүх зүйл баримттай байгаа тул миний хувьд мөнгийг хуваахгүй гэсэн байр суурьтай байна...” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нэхэмжлэгч нар нь талийгаач Д.Ц-ы төрсөн хүүхдүүд бөгөөд хууль ёсны өв залгамжлагч мөн тул нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Байрны үнэлгээний тайланд 3 өрөө байрыг 63,000,000 төгрөг гэж гарсан. Нэхэмжлэлийн шаардлагыг багасгаад 45,904,000 төгрөг, 42,000,000 төгрөг нь байрны мөнгө, 3,904,000 төгрөг нь хадгаламжид байсан мөнгө. Хариуцагчийн зүгээс хадгаламжид байгаа 39,803,559 төгрөгийг хуваах сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ данс нь талийгаач болон түүний охин Ц.Ар нарын дундын данс тул хуваах хууль зүйн үндэслэл байхгүй...” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттунсаг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Талийгаачийн хоёр хүүхдийг хууль ёсны өв залгамжлагч гэдэгт огт маргахгүй. Хуульд хэрхэн өв залгамжлах тухай заасан байдаг. Өв хөрөнгийн асуудлыг хуваахад талийгаачид оногдох хэсгийг хэн нэгэн шаардах эрхтэй байдаг. Талийгаачид ногдох 50 хувиар өв залгамжлагч шаардах эрхтэй байдаг. Иргэний хуулийн 528 дугаар зүйлд өв хүлээн авахаас татгалзах гэсэн заалт, мөн 528.3-д энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөгчөөс татгалзсан гэж үзнэ. Нэхэмжлэгч нар нь 1 жилийн хугацаанд нотариатын газарт хүсэлт гаргаагүй учраас өвөөс татгалзсан, хүндэтгэн үзэх шалтгаангүй 1 жилийн хугацаа дууссан тул шаардах эрхгүй гэж үзэж байна.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд Х.б-ны ... тоот дансны 39,803,559 төгрөгийн хадгаламжийн тал нь талийгаачийнх, тал нь Ц.Ар-ынх байгаа. Иймээс Ц.Ар-ын хувь дээр маргахгүй, харин талийгаачийн тал хувийг 3 хувааж, өөр ногдох хувийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ сөрөг нэхэмжлэлд Ц.А ямар ч холбогдолгүй юм байдгийг сая мэдлээ. Ц.Ар-аас өөр ногдох хувийг нэхэмжилж, Ц.А-ээс татгалзаж байна...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.А, Ц.Ар нар хариуцагч Ш.Ж-д холбогдуулан Д-У аймаг Д сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот, 42 мкв орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан / хэргийн 1 дүгээр хуудас/
Д-У аймаг, Д сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот, 42 мкв орон сууцны зах зээлийн ханшийг 70,000,000 төгрөг гэж тооцон 2 хүнд 46,666,000 төгрөг, дансанд байсан 5,875,000 төгрөгөөс 2 хүнд 3,904,000 төгрөг гаргуулах гэж өөрчилсөнийг шинжээчийн дүгнэлтээр 63,000,000 төгрөг 2 хүнд ногдох нь 42,000,000 төгрөг, дансанд байсан 5,875,000 төгрөгөөс 2 хүнд 3,904,000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байна./хэргийн 58 дугаар хуудас/
Хариуцагч Ш.Ж нэхэмжлэгч Ц.А, Ц.Ар нарт холбогдулан ... тоот хадгаламжийн дансанд байсан 39,803,559 төгрөгийн тал хувь 19,901,779 төгрөг гэр бүлийн хөрөнгө, 2 хуваахад 9,950,889 төгрөг миний хөрөнгө, үүнээс би хувь авах эрхтэй надад ногдох нь 3,316,963 төгрөг, нийт 13,267,852 төгрөг гаргуулна гэжээ./хэргийн 87 дугаар хуудас/
Зохигчдын шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Ш.Ж “...20 гаруй жил хамт амьдарсан. Гэр бүлийн баталгаатай тул өв залгамжлах бүрэн эрхтэй гэж үзэж байна. Байрыг хуваахад татгалзаж байна гэж, нэхэмжлэгч Ц.А, Ц.Ар нар “...бид хүүхдүүд нь учир байрны зах зээлийн үнээс 3 хуваана...” гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Ц.А, Ц.Ар нар ...... тоот хадгаламжийн дансанд байсан 39,803,559 төгрөг, дундын данс тул хуваагдах хөрөнгө биш...”, хариуцагч Ш.Ж “...тал хувь нь манай гэрийн хөрөнгө, би ногдох хэсгээ авах эрхтэй...” гэж маргаж байна.
Ш.Ж, Д.Ц нар 2000 оны 10 дугаар сарын 25-ний өдөр гэр бүл болсныг 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэжээ./хэргийн 47 дугаар хуудас/
... овгийн Д.Ц 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нас барсныг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын нас барсны бүртгэлд бүртгэжээ./хэргийн 47 дугаар хуудас/
Маргаан бүхий Д-У аймаг, Д сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот, 42.0 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч 2002 оны 03 дугаар сарын 29-нөөс Д.Ц, 2008 оны 10 дугаар сарын 17-ноос Ц.А, 2017 оны 08 дугаар сарын 23-наас Д.Ц, 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр Ш.Ж өмчлөгч болжээ./хэргийн 40 дүгээр хуудас/
2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Өвлөх эрхийн ... тоот гэрчилгээгээр Д-У аймаг, Д сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот 42.0 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгожээ./хэргийн 46 дугаар хуудас/
Д.Ц Х.б-ны ... тоот данс 837,668.71 төгрөгтэй, ... тоот данс 111,052.97 төгрөг, ... тоот данс 5,875,690.41 төгрөгтэй, ... тоот хадгаламжийн данс 39,803,559.88 төгрөгтэй данс эзэмшигч байсан талаар талууд маргаагүй буюу ... тоот дансны үлдэгдэл 5,875,690.41 төгрөг, ... тоот хадгаламжийн дансны үлдэгдэл 39,803,559.88 төгрөгийг хуваагдах хөрөнгө биш, мөн гэж маргаж байна.
Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-т өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ гэжээ.
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-т өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэснээр 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нас барсан Д.Ц-ы өмчлөлийн Д-У аймаг, Д сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот, 42.0 мкв талбайтай, 3 өрөө орон сууц, маргаж буй ... тоот дансны үлдэгдэл 5,875,690.41 төгрөг, ... тоот хадгаламжийн дансны үлдэгдэл 39,803,559.88 төгрөг өвлөгдөх хөрөнгө байна.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн хүүхэд мөн зүйлийн 520.1-д зааснаар хууль ёсны өвлөгч бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна.
Д-У аймаг, Д сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот, 42.0 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг томилогдсон шинжээч 63,000,000 төгрөг гэж зах зээлийн үнийг тодорхойлжээ./хэргийн 75-85 дугаар хуудас/
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-д гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү энэ хуулийн 520.1.1-д заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй гэснээр талуудын тайлбар, шинжлэн судалсан нотлох баримтыг дараах байдлаар өвлөгч нарт ногдох хувийг тодорхойлов.
Өвлөгдвөл зохих хөрөнгө болох Д-У аймаг, Д сум, ... баг, ... хороолол, ... байр, 48 тоот, 42.0 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэ 63,000,000 төгрөг бөгөөд өвлүүлэгч Д.Ц-д ногдох хэсэг нь 31,500,000 төгрөг, хууль ёсны өвлөгч нэхэмжлэгч Ц.А, Ц.Ар, хариуцагч Ш.Ж нарт ногдох нь нэг хүнд 10,500,000 төгрөг байна.
Өвлөгдвөл зохих хөрөнгө маргаж буй ... тоот дансны үлдэгдэл 5,875,690.41 төгрөгийн өвлүүлэгч Д.Ц-д ногдох хэсэг нь 2,987,500 төгрөг, хууль ёсны өвлөгч нэхэмжлэгч Ц.А, Ц.Ар, хариуцагч Ш.Ж нарт ногдох нь нэг хүнд 995,800 төгрөг байна.
Өвлөгдвөл зохих хөрөнгө ... тоот хадгаламжийн дансны үлдэгдэл 39,803,559.88 төгрөгийн тухайд хамтран эзэмшигч Ц.Ар-д ногдох хэсэг нь 19,901,779 төгрөг, өвлүүлэгч Д.Ц-д ногдох хэсэг нь 19,901,779 төгрөг үүнээс хууль ёсны өвлөгч нэхэмжлэгч Ц.А, Ц.Ар, хариуцагч Ш.Ж нарт ногдох нь нэг хүнд 6,967,259 төгрөг байна.
Өвлөгдвөл зохих хөрөнгө болох Д-У аймаг, Д сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот, 42.0 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Ш.Ж өмчлөн авсан, мөнгөн хэлбэрээр шаардах эрхтэй тул хариуцагч Ш.Ж-гаас 10,500,000 төгрөг гаргуулан Ц.Ар-д, 10,500,000 төгрөг гаргуулан Ц.А-т олгож шийдвэрлэв.
Өвлөгдвөл зохих хөрөнгө маргаж буй ... тоот дансны үлдэгдэл 5,875,690.41 төгрөгийн тухайд хариуцагч Ш.Ж өөрийн эзэмшилд авсан тул хариуцагч Ш.Жгаас 995,800 төгрөг гаргуулан Ц.Ард, 995,800 төгрөг гаргуулан Ц.Ат олгож шийдвэрлэв.
Өвлөгдвөл зохих хөрөнгө ... тоот хадгаламжийн дансны үлдэгдэл 39,803,559.88 төгрөгийн тухайд хамтран эзэмшигч Ц.Ар захиран зарцуулсан гэж тайлбарлаж байгаа тул хариуцагч Ш.Жд ногдох 6,967,259 төгрөгийг Ц.Араас гаргуулан хариуцагч Ш.Жд олгов.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.А, Ц.Ар нар оршуулгын зан үйлтэй холбоотой зардлыг гаргасан, өөрийн эцэг Д.Ц, гэр бүл Ш.Ж нарт зохих мөнгөн тулсамж үзүүлж байсан гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Ш.Ж “...насны эцэст Ц.Ар, Ц.А нар нь аавыгаа харж хандаж байсан зүйл байхгүй, би бүх зүйлийг зохицуулж ирсэн гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.2-т өвлөгч нь өвлөгдөх эд хөрөнгийг бусад өвлөгчдийн ирэхийг хүлээхгүйгээр эд хөрөнгө хүлээн авсан өвлөгч нь мөн зүйлийн 530.2.1-т өвлүүлэгчийг өвчтэй байхад асрах болон түүнийг оршуулахад гарсан зардал; 530.2.3-т хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад төлбөрийн шаардлагыг хангах зардал; 530.2.4-т өвлөгдсөн эд хөрөнгийг хамгаалахад гарсан зардалыг тухайн эд хөрөнгөөс дараах зардлыг гаргах эрхтэй гэснээр зохигчид тайлбарлаж буй зардлын талаархи нотлох баримтыг ирүүлээгүй, банкны дансны хуулга ирүүлсэн боловч данс хооронд хийгдсэн гүйлгээ дээрх зардалд хамаарах эсэх нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэгч Ц.А, Ц.Ар нараас 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 270,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ж-гаас нэхэмжлэлийн хангасан дүн болох 22,991,600 төгрөгт ногдох хураамж 272,908 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.А, Ц.Ар нарт олгож, хариуцагч Ш.Ж-гийн улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 224,290 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Ар-аас нэхэмжлэлийн хангасан дүн 6,967,259 төгрөгт ногдох хураамж 126,426 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ш.Ж-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т зааснаар хариуцагч Ш.Ж-гаас 11,495,800 төгрөг гаргуулан Ц.Ар-д, 11,495,800 гаргуулан Ц.А-т тус тус олгож, 6,967,259 төгрөгийг Ц.Ар-аас гаргуулан хариуцагч Ш.Ж-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 22,912,400 төгрөгийн шаардлагыг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 29,836,300 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.А, Ц.Ар нараас 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 270,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ж-гаас 272,908 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.А, Ц.Ар нарт олгож, хариуцагч Ш.Жгийн улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 224,290 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Ар-аас 126,426 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ш.Ж-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ