Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/121

 

 

 

                                                                                              2025/ШЦТ/121   

 

 

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж

Улсын яллагч: Т.А

Шүүгдэгч: Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Бын Нд холбогдох эрүүгийн 2512.............. дугаар хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 04-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засалч мэргэжилтэй, “С” ШТС-д түгээгч ажилтай, ам бүл 3, эх, охины хамт А аймгийн Э сумын ......... дугаар баг, Н тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ....... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн, Б овгийн Бын Н /ИБД: /

 

                                            Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Н нь 2024 оны 11 дугаар сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т зааснаар согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 21 цаг 40 минутын орчимд, А аймгийн Э сумын ..... дугаар багийн ........ засмал замд ....... маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            Эрүүгийн 2512....... дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            Гэрч М.С өгсөн “...Би 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу нэгдсэн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд А аймгийн Э сумын .. дугаар баг, ...... засмал замд 21 цаг 40 минутад 00 улсын дугаартай Приус-41 маркийн тээврийн хэрэгслийн зогсоон шалгахад жолооч нь эрхийн үнэмлэхгүй эрхээ хасуулсан байсан болохоор тээврийн хэрэгслээс буулгаж шалгахад архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь тээврийн хэрэгслийг саатуулж өөрийг нь согтуурал хэмжих багажаар шалгахад 0.90% согтолтой байсан. Жолооч ганцаараа явж байсан, өөр хүн байгаагүй. Б.Н нь жолоодож явсан. Зайлсхийсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/ 

 

          Яллагдагч Б.Нн өгсөн: “...би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/

 

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 хуу/

            Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн дэд ахлагч М.С 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл” /хх-ийн 02 хуу/,  

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “........ улсын дугаартай Prius 41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон .............. хорооллын замд хөдөлгөөнд оролцож  явсан Б.Нг /Alcotest 7510/ багаж ашиглан шалгахад 0,90% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл /хх-ийн 04 хуу/,

Шүүгдэгч Б.Нн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 09-12 хуу, 21 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 13 хуу/,

Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 17 хуу/

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ЗШ/........ дугаар шийтгэврийн хуулбар /хх-ийн 18-19 дүгээр тал/

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 31-38 хуу/

           Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 50 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Б.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

                                                                                                                                                                           

  1. Гэм буруугийн талаар: 

 

            1.1 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.Н нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 21 цаг 40 минутын орчим А аймгийн Э сумын .... дугаар баг, ....... замд, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ Тоёота Приус-41 маркийн 00 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

 

          1.2. Шүүгдэгч Б.Н нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ЗШ/....... дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь гэрч Б.С “...21 цаг 40 минутад 00 улсын дугаартай Приус-41 маркийн тээврийн хэрэгслийн зогсоон шалгахад жолооч нь эрхийн үнэмлэхгүй эрхээ хасуулсан байсан болохоор тээврийн хэрэгслээс буулгаж шалгахад архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь тээврийн хэрэгслийг саатуулж өөрийг нь согтуурал хэмжих багажаар шалгахад 0.90% согтолтой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Нгийн мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/, Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн дэд ахлагч М.С 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл” /хх-ийн 02 хуу/, 00 улсын дугаартай Prius-41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Б.Нг /Alсotest AL7510/ багаж ашиглан шалгахад  0,90% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх 2025 оны 02 сарын 14-ний өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 4 хуу/, жолоочийн жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 17 хуу/, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад зааснаар Б овгийн Бын Нгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ЗШ/...... дугаар шийтгэвэр зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

1.3 Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Нг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж дүгнэв.

 

1.4 Шүүгдэгч Б.Н нь шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 21 цаг 40 минутын орчим А аймгийн Э сумын .... дугаар баг, ........ засмал замд, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ Тоёота Приус-41 маркийн 00 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчсөн байх тул түүнийг эрхээ хасуулсан,  согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.     

 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 2.1 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг заавал шаардахгүй бөгөөд энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол хор уршиг учраагүй болно. 

 

3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

 3.1 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй байна.

 

3.2 Шүүгдэгч Б.Н нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд түүнд Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, торгох ял оногдуулахаар, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлсийг харгалзан оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, түүнд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.   

 

4. Бусад асуудлын талаар:

 

            4.1. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                        ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн Бын Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10

дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс оногдуулсан 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Б.Нд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            7. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нь шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.БАЙГАЛМАА