Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 135/ШШ2022/00702

 

                                                                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2022/00482/И

 

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь даргалж, шүүгч Т.Жавхлантөгс, шүүгч Д.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух хаягтай, ... овогт С.Б /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, 28 дугаар байрны 73 тоотод оршин суух хаягтай, Харчин овогт Лувсандоржийн Батсайхан /РД: .../-нд холбогдох

 

“...620,000 төгрөг гаргуулах тухай...” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “... 570,000 төгрөг гаргуулах тухай...” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, хариуцагч Л.Б, иргэдийн төлөөлөгч н.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Нэгдсэн эмнэлгээс гараад шууд явж байтал зүүн тийшээ дохио өгөөд гүйцэт түрүүлэхийг завдтал баруун гар тийшээ гэрлэн дохио өгөхөөр нь машин шүргээд толины хавтас хагараад машины карлан зурагдаж, толь эвхэгдсэн байсан. Араас машинууд сигналдаад байхаар нь би хөдлөөд баруун гар тийшээ Анагаахын сургуулийн зогсоолд зогсоод энэ хүнийг хүлээсэн. Одоо яах вэ?, ахаа яаж байгаа юм бэ? гэхэд дотор зорчиж явсан энэ хүүхэд харин хаалга онгойлгочихлоо гэсэн. Миний иргэний үнэмлэх аваад та хоёр хамтраад төлбөрийг барагдуулчих гээд явсан. Гэтэл нөгөө хүүхэд үйлчилгээний төвийн эсрэг талын ДД-гээс мөнгө аваад ирье гээд зугтаасан.

Нөгөөдөр нь захисан толины хавтас ирээд “Вьетнам” засвар дээр очоод асуухад хөнгөн цагааны хольцтой шинээр солихгүй бол болохгүй гэхээр нь Л.Б руу “Та надаа 250,000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Төмөр замын засвар дээр уулзаад 250,000 төгрөгөөр засна гэхэд энэ хүн надад хуваах санал тавихад би хүлээн зөвшөөрөөгүй. Одоо машинаа янзалсан байгаа, шинэ он гарах гэж байна та надаа ядаж 150,000 төгрөг өгчихөө гээд хэлсэн боловч “үгүй” гэсэн. 350,000 төгрөг карлан, 20,000 будаг, 50,000 засварын хөлс, 200,000 төгрөг сэтгэл санааны хохирол. Би ажлаасаа 3 хоног чөлөө авсан. Нийт 620,000 төгрөг болж байгаа Энэ хүн намайг хаашаа эргэх гэж байсныг нотлохгүй, алдаа гаргаагүй гэж үзэж байна. Зогсохгүй газар зогссон. Анхнаасаа таксинд яваагүй бол ийм зүйл болохгүй байсан. Би 570,000 төгрөгийг төлөхгүй, эгнээ байрлалын хувьд миний буруу биш, өөрийнхөө зөв гэж бодож байна...” гэв.

 

Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Би 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагийн үед хөдөлгөөнд оролцоод хүн аваад явсан. Анагаахын урд талын уулзвар буюу өргөтгөсөн хэсэг дээр зөвхөн баруун гар тийшээ эргэнэ гэсэн хэсэг байдаг, тийшээ дохиогоо өгөөд эргэж, зорчих хэсэг рүү орох гэж байтал С.Б гүйцэт түрүүлж байсан. Энэ үед сууж явсан залуу хаалга онгойлгоод шүргэсэн. Би араас нь очоод уулзахад “хэл амаараа зохицъё” гэж хэлсэн. Та 2 миний хохирлыг дундаа хэлээд төлчих гэсэн. Хохирлыг бүтэн төлнө гэж энэ хүнд хэлээгүй, миний бодлоор алдаа байхгүй. Тухайн үед нь карлан зурагдсан, толины хэсэг хагарсан байсан. Би эхлээд толины хагархайг 40,000 төгрөгөөр авч өгсөн. Засвар дээр очиход цагдаа дээр очъё гээд очоод асуухад замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй учраас өгөхгүй. Би өргөтгөсөн хэсэг рүү орж байсан. Нөгөө машин заах тэмдэглэл хэвтээ талаасаа, эгнээ байр буруу эзэлсэн, гүйцэт түрүүлэх ёсгүй газар гүйцэт түрүүлсэн. Миний машины буруу талын хаалга гажсан. Нугасыг нь солиулсан учраас хаалганд 500,000 төгрөг, нугасанд 70,000 төгрөг, нийт 570,000 төгрөгийг нэхэмжилж байгаа…” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ:

“...Хоёулаа буруутай. Араас гүйцэт түрүүлж байгаа, дохио өгөөд явж байхдаа самбаачлах хугацаагаа тооцож чадаагүй учраас хоёр биедээ төлбөр төлөхгүй. Нэхэмжлэгч үйлдээ хийхдээ буруу хийсэн, хариуцагчийн сууж явсан зорчигч хаалга онгойлгосон,хаалга түгжээтэй байх ёстой...” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б хариуцагч Л.Б-д холбогдуулан замын хөдөлгөөний зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирол “620,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Л.Б нэхэмжлэгч С.Б-т холбогдуулан замын хөдөлгөөний зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирол “570,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч С.Б “Toyota prius-30”/тоёота приус-30/ маркийн ...дугаарын, хариуцагч Л.Б “Toyota Aqua”/тоёота акуа/ маркийн ... дугаарын тээврийн хэрэгсэл эзэмшин, зам тээврийн хөдөлгөөнд оролцож байсан, хариуцагч Л.Б зорчигч тээвэрлэж байсан.

Зохигчдын тайлбарлаж байгаагаар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн орчим 4 замын уулзварт хариуцагч Л.Б зорчигч тээвэрлэн баруун гар тийш эргэх дохио өгөн хөдөлгөөнд оролцож байх үед, нэхэмжлэгч С.Б зүүн гар тийш эргэх дохио өгөн гүйцэт түрүүлэх хөдөлгөөн хийх үед Л.Бы тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч зүүн гар талын хаалга онгойлгон, буух үйлдэл хийсэн гэжээ.

Дээрх үйлдлээс болж нэхэмжлэгч С.Б-ын “Toyota prius-30”/тоёота приус-30/ маркийн ...дугаарын тээврийн хэрэгсэлийн баруун талын толь, крыло гэмтэж, ашиглах боломжгүй болж, сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирол учирсан, хариуцагч Л.Б-ы “Toyota Aqua”/тоёота акуа/ маркийн ... дугаарын тээврийн хэрэгсэлийн ар талын хаалга гажиж, сэв суусан хохирол учирсан гэжээ./хэргийн 4, 6-7, 18-19 дүгээр хуудас/

Томилогдсон шинжээч нэхэмжлэгч С.Б-ын “Toyota prius-30”/тоёота приус-30/ маркийн ...дугаарын тээврийн хэрэгслийн баруун талын толь, крыло гэмтэж  ашиглах боломжгүй, хариуцагч Л.Б-ы “Toyota Aqua”/тоёота акуа/ маркийн ... дугаарын тээврийн хэрэгслийн ар талын хаалга гажиж, сэв суусан гэх хохирлыг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн үнэлгээний тайланд “...С.Б-ын Prius-30, ..., баруун урд талын крыло хонхойж будаг халцарсан, баруун толины гэр хагарсан. Хохирлын үнэлгээ 570 000 төгрөг, Л.Б Toyota Aqua, ..., зүүн хойд хаалга хонхойж будаг халцарсан, хаалганы 2 ширхэг нугас гажсан, хохиролын үнэлгээ 240,000 төгрөг...” гэжээ. / хэргийн 43-46 дугаар хуудас/

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж хуульчилжээ.

Зохигчдын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ хийсэн дээрх үйлдэл Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг хэн зөрчсөн талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчигдсөн талаар мэдээллийг зохих байгууллагад өгөөгүй, хөдөлгөөн/үйлдэл/ хийх үеийн бэхжүүлсэн гэрэл зураг бичлэг ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Л.Б-ы ...Нэгдсэн эмнэлэг, АУИС-ийн 4 замын уулзвар дээр баруун гар тийш эргэх дохио өгч, баруун гар тийш эргэх замын зорчих хэсэг дээр байсан гэх, нэхэмжлэгч Л.Б ар талаас зүүн гар тийш эргэх дохио өгөн гүйцэт түрүүлэх үйлдэл хийсэн гэх үйлдэл нь тухайн үедээ хэнийх нь зөв, бурууг буюу Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг одоо тогтоох боломжгүй байна.

Зохигчдын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ хийсэн дээрх үйлдлээс болж хэн алиных нь эд хөрөнгөнд хохирол учирсан нь тогтоогдсон боловч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

Иймд нэхэмжлэгч С.Б, хариуцагч Л.Б нар хэн нэгнийхээ эд хөрөнгөнд хохирол учруулсан гэх үйлдэл нь хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/, гэм буруу байсан эсэх талаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4-т хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах эрхтэй оролцож байгаа томилогдсон иргэдийн төлөөлөгч “...хоёулаа буруутай. Араас гүйцэт түрүүлж байгаа, дохио өгөөд явж байхдаа самбаачлах хугацаагаа тооцож чадаагүй, зорчигч хаалга онгойлгосон учраас хоёр биедээ төлбөр төлөхгүй...” гэсэн нь үндэслэлтэй байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэргийг үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б-ын Л.Б-д холбогдох “620,000 төгрөг гаргуулах тухай”, хариуцагч Л.Б-ы С.Б-т холбогдох “570,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 19,250 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 17,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах  журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                             Д.ОЮУНДАРЬ

 

 

 

                                                      ШҮҮГЧ                             Д.АЛТАНТУЯА

 

 

 

                                                       ШҮҮГЧ                             Т.ЖАВХЛАНТӨГС