Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2022/01322

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2022/01322

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийн баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, т.б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Б холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 219.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М , хариуцагч Э.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Б  нь хариуцагч Э.Б-т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг 219.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэжмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. 2019 оны 5 дугаар сард нутгийн дүү Э.Б  нь Төв аймагт хайрга олборлох бизнест хөрөнгө оруулаач гэж гуйсны дагуу миний бие банкнаас 100.000.000 төгрөгийг зээлж өгсөн. Тухайн үед Голомт банкнаас зээл хөөцөлдөж байх хоорондоо дэлгүүрийн орлогоосоо нийт 24.600.000 төгрөгийг Э.Б-т өгсөн. Мөн би 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Г зээлийн гэрээ байгуулж 70.000.000 төгрөгийг 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан ба тухайн зээлсэн мөнгөө Э.Б  дансанд шилжүүлсэн. Ингээд Э.Б-тай 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 19/01 тоот Зээлийн гэрээ байгуулж, 100.000.000 төгрөгийг нэг сарын 6.000.000 төгрөгийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон. Гэхдээ би бодитоор 95.825.700 төгрөгийг Э.Б-т шилжүүлсэн. Гэвч Э.Б  хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалан үйл ажиллагаа явуулаагүй хэмээн тайлбарлаж, мөнгөө буцаан төлөөгүй өдий хүрсэн ба миний бие Г  зээл болон зээлийн хүүгээ сар бүр дэлгүүрийн орлогоосоо төлсөөр дуусгасан. Бид 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр тооцоо нийлж, зээлийн гэрээний хугацааг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл сунгасан ба хүүгийн хэмжээг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 6 хувь, 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд 3 хувь байхаар тохирсон. Тухайн гэрээний үүргээ Э.Б биелүүлээгүй тул шүүхэд хандаж байна. Иймд Э.Б  гэрээний дагуу үндсэн зээл 95.000.000 төгрөг, зээлийн хүү 124.400.000 төгрөг, нийт 219.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М  хариуцагч Э.Б нар 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас нэхэмжлэгч Т.Б , түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М , нөгөө талаас хариуцагч Э.Б  нар харилцан тохиролцож, дараах нөхцөлөөр байгуулав. 1. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гаргасан 219.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн хүүнд нэхэмжилсэн 124.400.000 төгрөгийн 47.000.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 172.400.000 төгрөгийн шаардлагаа дэмжинэ. 2. Хариуцагч нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 172.400.000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 14.366.666 төгрөгөөр төлж дуусгахаар тохиролцов. 3. Хэрэв хариуцагч эвлэрлийн гэрээгээр тохирсон хуваарийг 2 сараар зөрчвөл нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх журмаар төлөөгүй төлбөрийг гүйцэтгүүлэхээр тус тус тохиролцов гэжээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж 1.254.950 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 19/01 тоот Зээлийн гэрээ, 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, Т.Б  Хаан банк дахь дансны хуулга, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 70.000.000 төгрөг шилжүүлсэн тухай орлогын баримт, Г ХХК болон иргэн Т.Б  нарын хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, Т.Б-с Н.М-д олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээ-г баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Т.Б  болон Э.Б  нар 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 19/01 тоот Зээлийн гэрээ, 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээ тус тус байгуулж, гэрээний дагуу 95.000.000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаатай, эхний 18 сарын хугацаанд нэг сарын 6 хувийн хүүтэй, харин сүүлийн 9 сарын хугацаанд нь нэг сарын 3 хувийн хүү төлөхөөр тус тус тохиролцсон боловч хариуцагч гэрээний дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхтэй байна.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нар Эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 219.400.000 төгрөгөөс 47.000.000 төгрөгийн хүүг хасаж, үлдэх төлбөр буюу үндсэн зээл 95.000.000 төгрөг, зээлийн хүү 77.400.000 төгрөг, нийт 172.400.000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх, хариуцагч нь 172.400.000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 14.366.666 төгрөгөөр нэхэмжлэгч Т.Б-т төлөх, хариуцагч дараалласан 2 сарын хугацаанд хуваарийн дагуу төлбөр төлөөгүй нөхцөлд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус тус тохиролцжээ.

4. Дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Т.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.254.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-с 172.400.000 төгрөгт ногдох 1.019.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-т олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Б  нь нэхэмжлэлийн шаардлага 219.400.000 төгрөгөөс 47.000.000 төгрөгийн хүүг хасаж, үлдэх төлбөр буюу үндсэн зээл 95.000.000 төгрөг, зээлийн хүү 77.400.000 төгрөг, нийт 172.400.000 /нэг зуун далан хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг хариуцагч Э.Б  төлүүлэх, хариуцагч Э.Б  нь 172.400.000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 14.366.666 төгрөгөөр нэхэмжлэгч Т.Б-т төлөх, хариуцагч дараалласан 2 сарын хугацаанд хуваарийн дагуу төлбөр төлөөгүй нөхцөлд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус тус тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Т.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.254.950 /нэг сая хоёр зуун тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ба 1.019.950 /нэг сая арван есөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА