Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 00768

 

НТГ-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 181/ШШ2019/00549 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч НТГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ц” ХХК-д холбогдох

Татварын өр нийт 47 110 861.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Мөнх-Учрал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Туяасайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц ИХХК нь 2006 оны 10 дугаар сарын 1-ний өдөр улсын бүртгэлд 2543273 регистрийн дугаартай, барилгын захиалагчийн ажлыг гүйцэтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгэгдсэн. Тус компани 2016 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 20 958 144.5 төгрөг, 2017 оны 4  дүгээр улирлын үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангаар 20 076 588 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын /Суутган-1/ татварын тайлангаар 40 576 129.2 төгрөг, нийт 81 610 861.7 төгрөгийн албан татварыг төлүүлэхээр тогтоосноос 34 500 000 /2017, 2018 онд/ төгрөгийг төлж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 47 110 861.7 төгрөгийн татварын өртэй байсан.

Татварын баталгаажсан өрийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн дагуу удаа дараа мэдэгдэл хүргүүлж, шаардлага тавьж, Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан ажиллагааг хийж гүйцэтгэн татвар төлөгчийн Голомт, Хас, Капитрон, Үндэсний хөрөнгө оруулалтын банкин дах харилцах дансыг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч төлбөр барагдаагүй, мөн хуулийн 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барьцаалах болон битүүмжлэх ажиллагааг хийж гүйцэтгэхэд Ц ИХХК-ийн захирал болон ажилтнууд татварын албанд дуудсан хугацаанд хүрэлцэн ирээгүй, утсаа авахгүй зэрэг хүндрэлүүд гарч байгаа тул барагдуулах боломжгүй байна.

Иймд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх боломжгүй болсон татварын өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасны дагуу Ц ИХХК-д холбогдуулан нийт 47 110 861.7 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын /Суутган-1/ татварт 2 557 444.9 төгрөг, мөн өдөр үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 5 000 000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын /Суутган-1/ татварт 10 000 000 төгрөг, нийт 17 557 444.9 төгрөг төлсөн тул татварын өрийн үлдэгдэл 29 553 416.8 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Моломжамц шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь улс орны эдийн засгийн байдал, валютын ханшийн өсөлтөөс хамааран 2015-2016 онуудаас үйл ажиллагаа зогсонги байдалд орж, татварын өр хуримтлагдан хугацаандаа төлөх боломжгүй болсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан тус компани нь 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулахгүй байгаа хэдий ч нийт төлбөл зохих үүссэн өр төлбөрөөс 2017, 2018 онуудад 35 000 000 төгрөгийг төлж барагдуулсан нь төлөхийг хичээн эрмэлзэж буйг илэрхийлэх болно. Нэгэнт үйл ажиллагаа явуулахгүй болсон, өмнө хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөр зогссон нь санхүүгийн хямралын шалтгаан болж, улмаар үүнд хамаарах хууль шүүхийн маргаан зэрэг байдлуудаас үйл ажиллагаа зогсон, өнөөг хүртэл татварын өрийг төлөөгүй, төлж чадахгүй болсон тухайд татварын байгууллагад тайлбар мэдээллээ тухайн үед нь өгч байсан билээ. Энэ дагуу Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан зарим тодорхой ажиллагаа хийгдсэн, компани үйл ажиллагаа байхгүйгээс банкаар орлого орохгүйгээс татварын төлөлт хийгдээгүй бөгөөд бусад байдлаар өр төлбөрийг барагдуулахаар хамтран ажиллах эрмэлзэл байсаар ирсэн, тус байгууллагаас өөр ажиллагаа хийгдээгүй, хамтран ажиллаагүй ба бид зайлсхийж зугтаасан зүйлгүй, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2 дах хэсэгт зааснаар шүүхэд хандах нөхцөл байдал үүсээгүй, үүсэх үндэслэлгүй гэж үзэж байгаа болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бидний 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 1 000 000 төгрөгийг нэхэмжилсэн дүнгээс хасаагүй байна. Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагаанууд хийгдээгүй, татварын албаны даргын шийдвэрээр ажлын хэсэг томилоогүй, 66 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчиж нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Ц И ХХК-аас хугацаанд нь төлөөгүй татварын өрийн үлдэгдэл 29 553 416.8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НТГ-ын газарт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах заалтад зааснаар нэхэмжлэгч НТГ нь улсын  тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц И ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 305 717 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: Шүүхийн үнэлэлт дүгнэлт нь хуулийг зөрчсөн, хэрэгт авагдсан маргааны үйл баримтуудын талаарх бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь эргэлзээгүй үнэн зөв үнэлж дүгнээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй болно.

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хариуцагч уг шаардлага, үндэслэл, түүнийг нотолсон баримтыг үгүйсгэх, татгалзлаа илэрхийлэх боломж бүрдэх ёстой. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж шүүхэд хандах үед буюу 2018 оны 11 дүгээр сарын 30, 2018 оны 12 дугаар сарын 19, 2019 оны 2 дугаар сарын 1, нийт 4 удаагийн гүйлгээгээр 18 557 444.9 төгрөг төлсөн байхад уг дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа бууруулаагүй буюу хасах талаар нэхэмжлэгч арга хэмжээ аваагүй тул хариуцагч уг төлбөр төлсөн тухай нотлох баримтуудаа шүүхэд гаргаж хасуулах тухай мэтгэлцэхэд 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөр эцсийн тооцооллоо хийж шүүхэд хандсан гэж мэтгэлцэн, үүгээрээ нэхэмжлэлийн үндэслэлд тодорхойлогдоод байгаа 2016 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн тайлангаар, 2017 оны 4 дүгээр улирлын үл хөдлөх хөрөнгийн албан татварын тайлангаар гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсонтой нь зөрчилдөж, 1 000 000 төгрөгийг хасч тооцоогүй нь шүүх буруу дүгнэсэн болохыг нотолно.

Шүүхэд нэхэмжлэлээ 2018 оны 12 дугаар сарын 18-нд гаргасан байх тул энэхүү 2018 оны 1, 2, 3 дугаар улирлуудад хамаарах татварууд болон улмаар нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд 2017 онд хамаарах татварууд энэ нэхэмжлэлийн шаардлагад ороогүй, өөр дүнгээр мөн татвар байгаа эсэх гэх зэргээр эргэлзээтэй байна. Энэ цаг хугацааны болоод тухайлсан өөр өөр 3 төрлийн татвар тус бүрийн хувьд нарийвчлан тооцогдоогүй нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүйг илэрхийлэх ба 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөр эцсийн тооцоолол хийсэн нь нэхэмжлэлийн үндэслэлд тодорхойлсон 2016, 2017 оны татварын тайлан гэсэнтэй нь зөрүүтэй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй болохыг нотолж байна. Татварын цаг хугацаа нь өөр өөр байгаагаас гадна нийт 81 610 861.7 төгрөгийн татварын өрийн шаардлага гаргасан бөгөөд төлөгдсөн татвар 35 000 000 төгрөг байх тул аль төрлийн татвараас хэзээ хэдэн төгрөгийн татварыг төлөөд одоо аль төрлийн татварын хэдэн төгрөгийн татварын өр төлөөгүй нь тодорхойгүй тул мөн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй болохыг илэрхийлнэ. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 65.1.11, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, талуудын мэтгэлцээнд шүүх үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй.

2. Татварын газар татвар төлөгчид мэдэгдэх хуудас гардуулсан нь хэргийн 28-29 дэх талд авагдсан баримтаар тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн ба уг баримтад нягтлан бодогч н.Цэцэгмаа гэсэн байх боловч төлөөлж н.Нармандах гарын үсэг зурсан байгаа талаар тодруулж мэтгэлцэхэд нэхэмжлэгч тайлбарлаагүй, улмаар ийнхүү илт өөр нэр бүхий гарын үсэг зурагдсан, хүлээн аваагүй гэж хариуцагчаас мэтгэлцэж байгааг шүүх үнэлж дүгнэхдээ мэдэгдэх хуудас гардуулсан, хүлээн авсан нь тогтоогдсон гэж байгаа нь тодорхой нотлох баримтыг үндэслэлгүй, нэг талд үнэлж дүгнэсэн. Мөн Татварын ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлд заасан ажиллагааг хэргийн 8-9 дэх талд авагдсан эд хөрөнгийн лавлагаа гаргуулсан баримтаар нотлогдсон гэж үзэж, улмаар уг хуулийг өөрийнхөөрөө дур мэдэн буруугаар тайлбарлаж үнэлж үнэлж дүгнэн буруу шийдвэрлэсэн болох нь тогтоогдоно.

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй боловч энэ шаардлага үндэслэлийг нь тодорхой болгуулах, хоорондоо тооцоо нийлэх, энэ үндсэн дээр төлбөл зохих бодит дүнгээр тодорхой хугацаа тохиролцож төлбөл зохих татварын өрийг төлөх үүргээ биелүүлэх асуудлаар хариуцагчийн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нар өмнөх шүүх хуралдаанд саналаа илэрхийлж шүүх хурал хойшлогдож байсан, нэхэмжлэгч талаас эвлэрэх хүсэлтийг хүлээн авч өөрийн шийдвэрлэх эрхээс давсан тул нэхэмжлэгчийн эрх бүхий этгээдэд хандсан гэдгээ шүүхэд тайлбарласан ба энэ үндэслэлээр дахин эвлэрэх хугацаа хүссэн байхад шүүх талуудын эвлэрлийг хангах арга хэмжээнээс татгалзан шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус болно.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэргийн нөхцөл байдлыг үнэлсэн, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин, талуудын эвлэрэх боломжийг хангаагүй хэргийг шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Нийслэлийн Татварын газар нь хариуцагч Ц ИХХК-д холбогдуулан татварын өр нийт 47 110 761.7 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Татварын Ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон татварын өр, түүнд тооцсой алданги, татварын албанаас тогтоосон татвар, ногдуулсан торгууль, тооцсон алданги; татварын албаны хяналт шалгалтаар тогтоосон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгуулийг татварын өрөнд хамааруулахаар заасан. Маргааны зүйл болж буй 47 110 861.7 төгрөг нь  татварын албаны хяналт шалгалтаар тогтоогдсон актад тусгагдсан үнийн дүн бүхий татварын өр байна.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ. Тухайлбал, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Тус компани 2016 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 20 958 144.5 төгрөг, 2017 оны 4  дүгээр улирлын үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангаар 20 076 588 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын /Суутган-1/ татварын тайлангаар 40 576 129.2 төгрөг, нийт 81 610 861.7 төгрөгийн албан татварын төлбөрөөс төлсөн 34 500 000 /2017, 2018 онд/ төгрөгийг хасч үлдэгдэл 47 110 861.7 төгрөгийг гаргуулна” /х.х-ийн 1-2 дугаар тал гэж тайлбарласан байна.

Татварын Ерөнхий хуулийн 33, 34, 35, 43, 70 дугаар зүйлийн заалтаар нэхэмжлэгч байгууллагын хувьд татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт эсхүл татвар төлөгчийн тайлан зэргийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулсан.

Маргаантай харилцаа нь нэмэгдсэн өртгийн албан татвар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын татварын өрийг төлүүлэх  агуулга бүхий шаардлага байх бөгөөд дээрх татварын өр төлбөрүүдээс аль, аль хэсгийг Нийслэлийн татварын газар нэхэмжлэх эрхтэй, бусад төрлийн татварын хувьд тус татварын газар нэхэмжлэх эрхтэй буюу татварын байгууллагаас шаардах эрхийг шилжүүлж авсан гэх нөхцөл байдал тодорхой бус байна.

Мөн хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 1 000 000 төгрөгийг төлснийг оруулж тооцоогүй гэж, нэхэмжлэгч тал 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөр татварын өрийн тооцоолол хийсэн гэх тайлбар гаргаж байгааг анхан шатны шүүх тодруулах шаардлагатай.

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхой бус байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 181/ШШ2019/00549 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахда улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 707 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                             Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                            Д.БАЙГАЛМАА