| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2021/03299/И |
| Дугаар | 183/ШШ2022/00072 |
| Огноо | 2022-01-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2022/00072
2022 оны 01 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2022/00072 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, 10 тоотод оршин суух, Б овогт Н.Б /РД:0000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, 23 тоотод оршин суух, Б овогт Э.О /РД:0000 /-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э/цахимаар/, хариуцагч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Э.Отай 10 жилийн сургуульд хамт суралцдаг байсан ба бид хоёр үерхэж байгаад 2009 оноос хойш хамтран амьдарч 2014 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. 2014 оны 06 дугаар сарын 15-нд хүү Б.Э төрсөн. Одоо хүү минь ээжтэйгээ хамт байгаа болно. Би БНСУ-д амьдарч байгаа ба эхнэр бид хоёр тусдаа амьдраад 3 жил болж байгаа болно. Бид цаашдаа хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Нэхэмжлэгч нь өөрийн биеэр оролцох боломжгүй одоо БНСУ-д амьдарч байгаа бөгөөд ажлын цагаас болоод хуралдаанд оролцоход хүндрэлтэй байгаа юм. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 10 жилд хамт суралцаж байгаад 2009 оноос хамтран амьдарч, 2014 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 2014 оны 06 дугаар сарын 15-нд хүү Б.Э төрсөн. Солонгос улсад амьдраад удаж байгаа, одоо ч хэзээ Монголд ирэх нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ ээжийнх нь асрамжид үлдээж, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэгийг төлөхөд татгалзахгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Э.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Э.О нь Н.Б-тай 2009 оноос хойш гэр бүл болж, нэг хүүтэй бөгөөд нөхөр маань Солонгос улс руу явах болсноор бид тусдаа 3 жилийн хугацаанд харилцаа холбоогүй байсан тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсонтойгоор бидний гэрлэлтийг хуулийн дагуу цуцалж өгнө үү. Хүү маань ээж дээр нь байлгахад эцгийн зүгээс татгалзах зүйлгүй гэсэн тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, мөн засгийн газраас олгодог хүүхдийн мөнгөний дансныг эцгээс нь шилжүүлж авах хүсэлттэй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлтэй танилцаад цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүүгээ өөрийн асрамжид үлдээнэ гэж тохиролцсон. Хүүхдийн тэтгэлэгийг хуульд зааснаар тогтоолгоно. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Дансны хувьд хүүгээ ээжийн асрамжид үлдээж байгаа учраас нэрийг нь солих талаар ярилцаад шийдвэрлэнэ гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Бнь хариуцагч Э.Од холбогдуулан гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Н.Б, Э.О нар нь 2009 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болж, 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүү Б.Э төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1122 дугаартай гэрлэлтийн баталгааны лавлагаа, 1122 дугаарт бүртгэгдсэн Б.Э-ын төрсний гэрчилгээний лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 5, 27-р хуудас/
Нэхэмжлэгч Н.Б нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн өргөдлийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан бөгөөд тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №206 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй дуусгавар болгожээ. /хэргийн 8-р хуудас/
Иймд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон, гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, нэхэмжлэгч хариуцагч нар нь хэн аль нь эвлэрэн амьдрахгүй гэж тайлбарласан, нэхэмжлэгч нь БНСУ-д амьдардаг, хэзээ ирэх нь тодорхойгүй гэсэн тул гэрлэлт үргэлжлэх бодит нөхцөл бололцоо байхгүй байна гэж үзэж, эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хүүхдийн асрамжийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа тохиролцож болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, эхийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэсэн тул 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Б.Э-ыг эх Э.О-ын асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” учир мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Э-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Н.Б-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар эцэг байх эрхийг шүүх хязгаарлаагүй тохиолдолд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан эрх зүйн үр дагавар үүсэхгүй бөгөөд харин ч тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хүүхдийн эцэг, эх нь тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ёстой.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй” гэж заажээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Н.Б, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.О-д тус тус даалгах нь зүйтэй гэж үзэв.
Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “зохигчийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ч гэсэн гэрлэгчид өөрсдөө шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй” гэж заасан боловч нэхэмжлэгч нь БНСУ-д оршин сууж байгаа болох нь түүний итгэмжлэл, гадаад паспортын хуулбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй гэсэн тул нэхэмжлэгчийн эзгүйд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б овогт Н.Б, Б овогт Э.О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Б.Э-ыг эх Э.Оын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Б овогт Б.Э-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Н.Б-р тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Э.О-д даалгасугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.О нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6.Зохигч нар нь хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Н.Баярбаатар, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.О-д тус тус даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
9.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.
100.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН