| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 107/2025/0077/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/79 |
| Огноо | 2025-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/79
2025 05 13 2025/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,
улсын яллагч Б.Баттуяа,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2504000000085 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ........ оны ....... дугаар сарын ....-ны өдөр ..... аймгийн ........суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,..........дүүргийн ....... дугаар хороо, ......дугаар гудамжны ........ тоотод оршин суух хаягтай боловч одоо ........ дүүргийн ....... дүгээр хороо, ........ дугаар гудамжны ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ........ овогт ........ (РД:.........),
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Ганга дэлгүүрийн урд хохирогч *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түлхэн газар унагаж, хөлөөрөө толгойн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь духны хэсэгт язарсан ил шарх, хамрын хажуу хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн үед Ахиц-2 дэлгүүрийн үүдэнд таарсан. Тэгээд би Отгонпүрэвээс 5,000 төгрөг аваад өөрөө мөнгө нэмээд 1 шил архи аваад эмнэлгийн ард гражнуудын тэнд суугаад уусан. Тэнд сууж байхад Энхболд, эхнэртэйгээ ирсэн. Бид нар яваад Ганга дэлгүүр орж дахиж архи аваад ууцгаасан. Бид хэд архиа уугаад сууж байхад Отгонпүрэв тоглоод ч байгаа юм шиг өдөөд ч байгаа юм шиг янз бүр болоод байхаар нь би “чи бүр зүгээр байхаа больжээ, хүн амьтанд цохиулчих гээд далдагнаад байх юм” гэсэн чинь босож ирээд намайг өдөөд ноцолдоод байсан. Тэгээд бид хоёр алхаад явж байсан чинь араас гүйж ирээд над руу дайраад миний хамар руу цохиод миний хамараас цус гарсан. Бас баруун талын нүд рүү цохих гээд дайраад байхаар нь болиулах гэсэн бид хоёр газар унасан. Тэгээд миний дээр гараад миний нүүр рүү гараараа цохиод байхаар нь би баруун гараараа нүүр рүү нь цохиод цааш нь жийчихсэн чинь цаашаа газар унасан. Тэр үед хажуугаар явж байсан хүмүүс цагдаа дуудсан. толгойноос цус гарсан байсан... Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8-9, 34, шүүх хуралдааны тэмдэглэлээс),
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн үед Энхболд гэх хүнтэй хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Ганга дэлгүүрийн тэнд дэмий шахуу явж байгаад *******тай таарсан. Тэгээд ойр зуур уулзалдаагүй гээд ******* дэлгүүрээс 0,75 граммын Стандарт нэртэй архи авч өгснийг нь дөрвүүлээ хуваагаад уусан. Архи уугаад сууж байснаа мэдэж байна, дахиад нэг шил архи аваад гудамжинд уугаад сууж байснаа мэдэж байна. Тэгээд архиндаа согтоод тасарчихсан байсан. Юунаас болж *******тай маргалдсан юм мэдэхгүй, нэг мэдэхэд бид хоёр гадаа гудамжинд зодолдоод газар өнхөрч байсан. Тэгтэл цагдаа ирээд намайг эмнэлэг авч явна гэхэд толгойгоо хаглуулснаа мэдсэн. Тэгээд эмнэлэг дээр очоод толгойн зүүн урд хэсэгтээ оёдол тавиулсан. ...******* намайг “чи цохиод байхаар нь би хөлөөрөө өшиглөчихсөн юм, тэгэхэд цаашаагаа унасан, тэгэхдээ толгойноос чинь цус гарсан” гэж хэлсэн. Унахдаа юм мөргөөд унасан байхаа. Надад гомдол санал алга, найзууд болоод 10 гаруй жил болж байна. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 5-6, 34),
Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулж байгаа бөгөөд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Хохирогч ******* нь эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний төлбөрийн зардлын мэдээллийг эрүүл мэндийн даатгалын цахим системээс шүүхэд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 109,998 төгрөгийн зардал гарсан байх тул яллагдагч *******гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хх-ийн 59),
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн “******* биед духны хэсэгт язарсан ил шарх, хамрын хажуу хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 12-14),
Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 30/66 дугаартай “Иргэн ******* нь 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс хойш гэмтлийн оношоор Багануур Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж 28,350 төгрөг, амбулаторын хяналтын үзлэг 58,968 төгрөг, амбулаторын үзлэг 22,680 төгрөг, нийт 109,998 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэсэн албан бичиг (хх-ийн 56),
Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн цагдаа жолооч, дэд ахлагч Э.Ганбаярын “...Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 17 цаг 20 минутын үед Ганга дэлгүүрийн хашааны буланд 2 хүн хоорондоо зодолдож байхаар нь очиход Отгонпүрэв, Жавхлан нар зодолдож толгой хагарсан байдалтай Жавхлангийн нүүр хавдсан байсан...” гэсэн илтгэх хуудас (хх-ийн 67),
Хохирогч, шүүгдэгч нарын нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 14, 21),
Согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “******* 2,69 хувьтай, ******* 2,30 хувьтай” гэжээ (хх-ийн 70,72)
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 37),
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэлгүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 38) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Ганга дэлгүүрийн урд хохирогч *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түлхэн газар унагаж, хөлөөрөө толгойн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь духны хэсэгт язарсан ил шарх, хамрын хажуу хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-Шүүгдэгч *******гийн “Бид хэд архиа уугаад сууж байхад Отгонпүрэв тоглоод ч байгаа юм шиг өдөөд ч байгаа юм шиг янз бүр болоод байхаар нь би “чи бүр зүгээр байхаа больжээ, хүн амьтанд цохиулчих гээд далдагнаад байх юм” гэсэн чинь босож ирээд намайг өдөөд ноцолдоод байсан. Тэгээд бид хоёр алхаад явж байсан чинь араас гүйж ирээд над руу дайраад миний хамар руу цохиод миний хамараас цус гарсан. Бас баруун талын нүд рүү цохих гээд дайраад байхаар нь болиулах гэсэн бид хоёр газар унасан. Тэгээд миний дээр гараад миний нүүр рүү гараараа цохиод байхаар нь би баруун гараараа нүүр рүү нь цохиод цааш нь жийчихсэн чинь цаашаа газар унасан” гэсэн мэдүүлэг,
-Хохирогч ******* “Архиндаа согтоод тасарчихсан байсан. Юунаас болж *******тай маргалдсан юм мэдэхгүй, нэг мэдэхэд бид хоёр гадаа гудамжинд зодолдоод газар өнхөрч байсан. Тэгтэл цагдаа ирээд намайг эмнэлэг авч явна гэхэд толгойгоо хаглуулснаа мэдсэн. Тэгээд эмнэлэг дээр очоод толгойн зүүн урд хэсэгтээ оёдол тавиулсан. ...******* намайг “чи цохиод байхаар нь би хөлөөрөө өшиглөчихсөн юм, тэгэхэд цаашаагаа унасан, тэгэхдээ толгойноос чинь цус гарсан” гэж хэлсэн. Унахдаа юм мөргөөд унасан байх” гэсэн мэдүүлэг,
-Хохирогчийн биед хөнгөн хохирол учирсныг тогтоосон Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн дүгнэлт,
-Согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлтүүд,
-Хохирогч, шүүгдэгч нарын нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт,
-Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн цагдаа жолооч, дэд ахлагч Э.Ганбаярын “...Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 17 цаг 20 минутын үед Ганга дэлгүүрийн хашааны буланд 2 хүн хоорондоо зодолдож байхаар нь очиход Отгонпүрэв, Жавхлан нар зодолдож толгой хагарсан байдалтай Жавхлангийн нүүр хавдсан байсан...” гэсэн илтгэх хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.
Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд: гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр буюу 5-10%-аар тогтонги алдагдуулсан байдаг.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийг түлхэн газар унагаж, хөлөөрөө толгойн тус газар нь өшиглөж, духны хэсэгт язарсан ил шарх, хамрын хажуу хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.
Харин иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогч ******* эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал 109,998 төгрөгийг шүүгдэгч *******гаас нэхэмжилжээ.
Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж тус тус заажээ.
Хохирогч Б.Отонпүрэв нь эрүүл мэндийн даатгалын сангаас 109,998 төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь Багануур дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 30/66 дугаартай албан бичиг, хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 109,998 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэх нь зүйтэй.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шижнтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хэсгийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Иймд шүүгдэгч *******гийн эрхэлсэн тодорхой ажилгүй, 44 настай хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хорхон овогт Жамбын Жавхланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 109,998 (нэг зуун есөн мянга есөн зуун ерэн найм) төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
7.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ