| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 194/2025/01106/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1222 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ууганбаяр, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1222
2025 05 12 2025/ШЦТ/1222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Б.Ууганбаяр, шүүгдэгч Э.П /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Пд холбогдох эрүүгийн “ххх” дугаартай, 194/2025/01106/Э индекстэй хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “ххх” констракшн ХХК-ийн барилгын инженерээр ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 25 байрны 30 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Э.П,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.П нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ххх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "ххх" гэх нэртэй үйлчилгээний газраар үйлчлүүлж байхдаа тус газрын ажилтан Б.Бтай маргалдах явцдаа хохирогч Б.Бын биед “зүүн гарын эрхий хурууны хоёрдугаар үений хагас мултрал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт зулгаралт, хүзүүнд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Э.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...би мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлгээ үнэн зөв өгсөн нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Бын:....би 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр найзууд ажил дээр дуудсан. Манай ажил ххх дүүргийн ххх дугаар хороо HID нэртэй караоке, лоунж дээр манай ажилтан намайг дуудаад эд нар тооцоо хийхгүй байна гэхэд нь би төлбөр тооцоо хийлгэх гээд хэлтэл намайг янз бүрээр харааж үглэж байсан дахин тооцоо хийх талаар хэлтэл намайг нүүрэн тус газар 1 удаа цохьсон дараа нь хүмүүс салгасан миний толгой их эргээд нэг хэсэг манарсан байсан. Дараа нь манай захирал гэж Э ирээд цагдаа дуудсан, цагдаа ирэхээс өмнө манай захиралтай бас маргалдаж хэрүүл өдөөд байсан. Би салгах гэж очиход миний зүүн гарын эрхий хурууг дарж мулталсан. Ингээд удалгүй цагдаа ирсэн. Би гомдолтой байна гараас болоод ажлаа хийж чадахгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 20 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Бын:...би 2024 оны ххх дүгээр сарын 16-ны өдөр ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ххх”- д ажлаа хийж байхад 04 цагийн үед манайд үйлчлүүлж байсан хүмүүс хоорондоо маргалдсан. Манай менежер тухайн үед найз нартайгаа үйлчлүүлж байсан хүмүүс хоорондоо маргалдсан. Манай менежер болиулах гэсэн чинь тэр ах манай менежерийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохьсон, манай менежерийн амнаас цус гарсан байсан. Тэр хүнийг хамт явж байсан хүмүүс дээд давхарлуу аваад гарсан. Тэр ах манай менежерийг заамдаад камерын доор зодно гээд шанаадаад лифт рүү гараас нь татсан. Манай менежерийн гарын эрхий хуруу нь хойшоо болоод эвгүй харагдаж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 33-34 дүгээр тал/,
2.3. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15146 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Бын биед зүүн гарын эрхий хурууны хоёрдугаар үений хагас мултрал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 44-45 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс: яллах дүгнэлтийн хавсралтад нотлох баримтыг шинжлэн судлав.
3.2.Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.
Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Э.П нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "ххх" гэх нэртэй үйлчилгээний газраар үйлчлүүлж байхдаа тус газрын ажилтан Б.Бтай маргалдах явцдаа хохирогч Б.Бын биед “зүүн гарын эрхий хурууны хоёрдугаар үений хагас мултрал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт зулгаралт, хүзүүнд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Б.Бын:....би 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр найзууд ажил дээр дуудсан. Манай ажил ххх дүүргийн ххх дугаар хороо, “HID” нэртэй караоке, лоунж дээр манай ажилтан намайг дуудаад эд нар тооцоо хийхгүй байна гэхэд нь би төлбөр тооцоо хийлгэх гээд хэлтэл намайг янз бүрээр харааж үглэж байсан дахин тооцоо хийх талаар хэлтэл намайг нүүрэн тус газар 1 удаа цохисон дараа нь хүмүүс салгасан миний толгой их эргээд нэг хэсэг манарсан байсан. Дараа нь манай захирал гэж Э ирээд цагдаа дуудсан, цагдаа ирэхээс өмнө манай захиралтай бас маргалдаж хэрүүл өдөөд байсан. Би салгах гэж очиход миний зүүн гарын эрхий хурууг дарж мулталсан. Ингээд удалгүй цагдаа ирсэн. Би гомдолтой байна гараас болоод ажлаа хийж чадахгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 20 дугаар тал/,
- гэрч Б.Бн:...би 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ххх дүүргийн хххдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ххх”-д ажлаа хийж байхад 04 цагийн үед манайд үйлчлүүлж байсан хүмүүс хоорондоо маргалдсан. Манай менежер тухайн үед найз нартайгаа үйлчлүүлж байсан хүмүүс хоорондоо маргалдсан. Манай менежер болиулах гэсэн чинь тэр ах манай менежерийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохьсон, манай менежерийн амнаас цус гарсан байсан. Тэр хүнийг хамт явж байсан хүмүүс дээд давхарлуу аваад гарсан. Тэр ах манай менежерийг заамдаад камерын доор зодно гээд шанаадаад лифт рүү гараас нь татсан. Манай менежерийн гарын эрхий хуруу нь хойшоо болоод эвгүй харагдаж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 33-34 дүгээр тал/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15146 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт авсагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтэл учруулсан талаар хохирогч, шүүгдэгч, гэрч нарын аль аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрсдийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хохирогч Б.Бтай маргаан үүсгэж хохирогч Б.Бын биед зүүн гарын эрхий хурууны хоёрдугаар үений хагас мултрал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Э.Пийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Пийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршигийн талаар:
Шүүгдэгчийн буруутай үйдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан хэдий ч хохирогч Б.Б нь эмчилгээ үйлчилгээ авсан талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт прокурорын шүүхийн шатанд хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй болно.
Харин хохирогч Б.Б нь Э.Пс 2.000.000 төгрөгийн хохирол барагдуулсан тул надад нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй, сэтгэцэд учирсан хохирол гаргуулахаар урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасанаасаа татгалзаж байна. ххх яаралттай хагалгаанд орох болсон тул шүүх хуралд оролцохгүй, байлцуулахгүйгээр хийж өгнө үү гэж шүүхэд бичгээр хүсэлтээ гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
Шүүгдэгч Э.Пийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргах, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй, шүүх хуралд оролцохгүй гэж шүүхэд хүсэлтээ бичгээр гаргаж өгснийг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Э.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б нь шүүгдэгч Э.Пс нэхэмжлэх зүйл санал гомдолгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй, шүүх хуралд оролцохгүй гэж шүүхэд бичгээр хүсэлт гаргаж өгснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ