Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/16

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Г.Цогтмагнай

Шүүгдэгч П.Г , түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр

Шүүгдэгч Ж.Б , түүний өмгөөлөгч Л.Бор

          Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нарыг оролцуулан;

                              

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Б , түүний өмгөөлөгч Л.Бор нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Б , П.Г  нарт холбогдох эрүүгийн 2014003070291 дугаар хэргийг 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Монгол улсын иргэн, овогт Ж.Б, 1976 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ганцаараа, ял шийтгэлгүй,улсаас авсан гавъяа шагналгүй,

 

Монгол улсын иргэн, овогт П.Г, 1967 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, геологийн инженер мэргэжилтэй, ам бүл ганцаараа ял шийтгэлгүй,улсаас авсан гавъяа шагналгүй,

 

 

П.Г  нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хүмүүнлэгийн ордон”-ы орчим иргэн Х.Мөнхцэцэгийн машин дотор Ж.Б ийн нүүрэн тус газар хөлөөрөө жийж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ж.Б  нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хүмүүнлэгийн ордон”-ы орчим иргэн Х.Мөнхцэцэгийн машин дотор П.Г г зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                                                                                                                

 

          Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ж.Б , П.Г  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

              Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Жамьянсүрэнгийн Баянмөнх,  Холдун овогт Пүрэвжалын Гэрэлмаа нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Холдун овогт Пүрэвжалын Гэрэлмааг хоёр / 02 / сарын хугацаагаар зорчих эрхийг  хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Г г эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хоёр / 02 / сарын хугацаагаар хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч П.Г г хохирогч Ж.Б тэй хоёр / 02 / сарын хугацаагаар харилцахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 9, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4.2, 4.3, 34.19 дүгээр зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Жамьянсүрэнгийн Баянмөнхөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнд сэтгэл заслын донтох зуршлын эсрэг эмчилгээг Баянхонгор аймгийн “Жаргалтай амьдрал төв”-д хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг оногдуулж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Ж.Б өөс гурван зуун дөчин найман мянга долоон зуун тавин нэгэн /348.751/ төгрөгийг гаргуулж хохирогч П.Г д олгохыг Баянхонгор аймаг  дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар цамц нэг ширхэг, нүдний шил нэг ширхэг, шүд хоёр ширхэг зэргийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, Шүүгдэгч П.Г  нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч Ж.Б , П.Г  нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

              Шүүгдэгч Ж.Б  гаргасан давж заалдах гомдолдоо: 2020 оны 6 сарын 11-нд болсон тухайн үеийн үйл явдлуудыг өөрийн гараар бичлээ. Тэр өдөр ээж Наранцэцэгийнхээ гоймондоо гэх цайны газар цэвэрлэгээ хийж байхад Амраа орж ирснээ Мөнхцэцэг ажлаа аваад өрөөндөө орсон гэнэ, хоёулаа очоод урлаг соёл явуулчихмаар нэг өрөө олж авъя гэхэд нь тэгье гээд би ээждээ хэлээд ажил дээрээсээ гарсан. Тэгээд явж байхдаа хоёулаа ажлаа дөнгөж аваад шинэ өрөөнд орсон хүнд яаж хоосон очих вэ? Гэхэд нь би надад 10.000 төгрөг байна гээд өгсөн. Амраа дэлгүүрээс 1 шил архи, 1 ширхэг кола ундаа авсан. Тэгээд Хүмүүнлэгийн ордоны үүдэнд Тамжидмаа болон бусад олон хүн таарсан болохоор тэдэнтэй мэндлэн зогсож байхад Амраа ордон руу орсон байснаа эргэж гарч ирээд Баяка оръё гэж хэлэхэд би цуг орсон. Амраа нөгөө авсан архиа гарган Гэрэлмаад өгөхөд архийг задлан өөрөө эхлэж уугаад энэ архинаас бүгд уух ёстой шүү энэ манай хамгаалагч сахиусан тэнгэрийн идээ гээд тэнд байсан бүх хүмүүст өгсөн, хамгийн сүүлд надад хийж өгсөн болохоор архи ч дууссан. Тэгээд гарцгаасан. Тэнд Гэрэлмаа энэ Тамжидмаагийн талын хүн, манай талынхан гэх мэт алагчилсан яриагаар яриад байсан болохоор нь би та яагаад ялгаж харьцаад байгаа юм бэ гэж хэлсэн үгний төлөө Гэрэлмаад зодуулснаар өөрийн эрүүл мэнд, эд эрхтэнээр их хохирол авсан. Миний хохирол хоёр ширхэг буйлаараа мултарсан шүд, хугархай нүдний шил, уранхай цамц зэргээр эд мөрийн баримт болно гэж бодож байна. Миний хувьд ээжтэйгээ хамт Гоймондоо цайны газарт ажиллаад олон жил болж байгааг олон хүн мэднэ. Ээждээ би цэвэрлэгээг нь хийж өгдөг ч надад архи уух байтугай гадаа гарч тамхи татах зав гардаггүй юм. Гэрэлмаагийн өгсөн архийг уусан болохоос би архи уудаггүй. Би хүний арьс нөмрөн хөл дээрээ явдагч робот биш шүү дээ. Надад хүнд итгэсэн сэтгэл, урлаг соёлоор бусдыг баярлуулах гэсэн байдал байсан болохоор л тэдэнд итгэн очсон юм. Үүнээс гадна шүүхээс надад тулгасан архины албадан эмчилгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн эмчилгээний мөнгө болох 348791 төгрөгийг төлүүл гэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

              Тухайн үйл явдал дээр дуудлагаар очсон цагдаа нар болон нэгдүгээр баг хариуцсан хэсгийн байцаагч төрд өргөсөн тангарагтаа үнэнч байж болсон хэргийн талаар үнэнийг өчнөө гэдэг итгэж байна. Миний хоёр шүд хиймэл байж болохгүй унаж татдаг, миний бие үхэх эрсдэл ихтэй гэж мэргэжлийн эмч зөвлөсөн. Суулгац шүдний үнэлгээ 2.000.000 төгрөгийг Гэрэлмаагаас гаргуулан хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

              Шүүгдэгч Ж.Б ийн өмгөөлөгч Л.Бор гаргасан давж заалдах гомдолдоо:

 

1. Шүүхээс Ж.Б өд Эрүүгийн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 9-д зааснаар сэтгэл заслын донтох зуршлын эсрэг эмчилгээг Баянхонгор аймгийн “Жаргалтай амьдрал төв”-д хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Энэ зүйлд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны хуулиар ...согтуурах, мансуурах донтой байдлыг харгалзан... гэсэн өөрчлөлт орсон. Дээрхи хуульд заасан энэ төрлийн эмчилгээг согтуурах болон мансуурах донтой болсон хүнд хэрэглэдэг.

Ж.Б  тэр өдөр энэ гэмт хэрэгт холбогдохдоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоос биш байнгын согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Ж.Б  сэтгэцийн өвчтэй хэдий ч өөртөө болон бусдад байнгын шинжтэй аюул учруулахгүй. Гэр орны ажил хийж, аав ээждээ тусладаг, гэрээс тэр бүр гардаггүй, аав ээжийнхээ анхаарал халамжинд байдаг. Ж.Б  аймгийн Мэдрэлийн эмчийн хяналтанд байж байнгын эмчилгээ хийлгэдэг бөгөөд тэр өөрөө гэр орондоо тайван байх тусам түүний унаж татах нь бага байдаг. Тийм учраас түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй .

2. Шүүх Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Ж.Б өөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх 348.751 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Ж.Б  сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй байгаа нь хохирлыг шууд хариуцан арилгах, өөрийн эд хөрөнгөөр барагдуулах эрх зүйн ач холбогдпыг ухамсарлан ойлгох боломжгүй юм. Иймд шийтгэх тогтоолыг хянуулахаар энэ гомдпыг бичлээ гэжээ.

Прокурор Г.Цогтмагнай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ялын төрөл хэмжээ нь нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон тул шүүгдэгч Ж.Б  түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч П.Г гийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ж.Б өд зодуулсны улмаас нуруу, нугасны гэмтэл сэдэрсэн байдаг. Түүнтэй холбоотой эмчилгээнүүдийг хийлгэсэн тухай баримтаа анхан шатны шүүхэд гаргаж өгсөн байдаг гэв.

 

Шүүгдэгч Ж.Б ийн өмгөөлөгч л.Бор тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг асран хамгаалагчаас гаргуулах хуулийн зохицуулалттай. Ж.Б  нь хэрэг хариуцах чадваргүй гэв.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Б , түүний өмгөөлөгч Л.Бор нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  гомдлуудад  дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Баянхонгор аймгийн прокурорын газраас П.Г г 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хүмүүнлэгийн ордон”-ы орчим иргэн Х.Мөнхцэцэгийн машин дотор Ж.Б ийн нүүрэн тус газар хөлөөрөө жийж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Ж.Б ийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хүмүүнлэгийн ордон”-ы орчим иргэн Х.Мөнхцэцэгийн машин дотор П.Г г зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Ж.Б , П.Г  нарт холбогдох эрүүгийн 2014003070291 тоот хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл

П.Г  нь “А15 бактерсудлал ба эд судлалаар батлагдсан амьсгалын эрхтэний сүрьеэ” өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар тогтоож, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон №0344876 акт болон П.Г  2 хөл саажилттай, мэс засал хийлгэж, удаан хугацаанд эмчилгээ сувилгаа хийлгэж байсан эмч нарын үзлэг хийсэн, эмчилгээ хийсэн бичвэр бүхий амбульториор эмчлүүлэгчийн карт зэрэг баримтууд хэрэгт авагджээ. /1 дүгээр хавтаст хэргийн 119, 139-155 дугаар тал/

П.Г  нь Ж.Б ийг хөлөөрөө жийж, эрүүл мэндэд нь санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч энэ гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсан тул группт байдаг, суяг таягтай П.Г  нь хөлөөрөө жийж гэмтэл учруулсан гэдэг нь эргэлзээтэй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин Ж.Б  нь “G40.2 нийлмэл хэсэгчилсэн уналт бүхий байршлын хамааралт” өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг 79 хувиар тогтоож, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл сунгасан Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон №0395247 акт болон нарийн мэргэжлийн эмч нарын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №61 дугаар дүгнэлтээр “... шүүгдэгч Ж.Б  нь мэдрэлийн хувьд гэмтлийн гаралтай тархины эмгэгшил, уналт таталт өвчтэй, уг өвчний улмаас сэтгэцийн хувьд зан төрхийн өөрчлөлттэй. ... шүүгдэгч Ж.Б  нь гэмт хэрэг үйлдэх үедээ мэдрэлийн хувьд гэмтлийн гаралтай тархины эмгэгшил, уналт таталт өвчтэй, уг өвчний улмаас сэтгэцийн хувьд зан төрхийн өөрчлөлт өвчтэй байсан. Шүүгдэгч Ж.Б  нь одоо мэдрэл, сэтгэцийн хувьд гэмтлийн гаралтай тархины эмгэгшил, уналт таталт, зан төрхийн өөрчлөлт өвчний улмаас эрүүгийн хариуцлага хүлээх чадваргүй..” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 211 дүгээр тал, 2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр тал/

Ж.Б  нь П.Г гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх боловч “ Ж.Б  нь одоо мэдрэл, сэтгэцийн хувьд гэмтлийн гаралтай тархины эмгэгшил, уналт таталт, зан төрхийн өөрчлөлт өвчний улмаас эрүүгийн хариуцлага хүлээх чадваргүй...” талаарх нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт гарсан, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4.2, 4.3-т тус тус зааснаар Ж.Б өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Ж.Б  нь архинд донтох зуршилтай тухай баримт хэрэгт байхгүй тул түүнд анхан шатны шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсныг хэрэгсэхгүй болгож, асран хамгаалагчид халамжлуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Борын гаргасан давж заалдах гомдлоос “... сэтгэл заслын донтох зуршлын эсрэг эмчилгээг Баянхонгор аймгийн “Жаргалтай амьдрал төв”-д хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсныг хүлээн зөвшөөрөхгүй...” байгаа талаарх хэсгийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан бөгөөд “... хохирол хариуцан арилгах этгээд биш...” гэх гомдлын хэсэг, шүүгдэгч Ж.Б ийн “... хохирол төлөхгүй, өөрийн хохирол 2.000.000 төгрөгийг гаргуулах...” тухай давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

                             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.2,

                         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                           зүйлийн 1.2-д тус тус заасныг  удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/11 дүгээр шийтгэх  тогтоолын тогтоох хэсгийн

 

1 дэх заалтад “... Шүүгдэгч овогт Ж.Б,  .овогт П.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай...” гэснийг

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ж.Б , П.Г  нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014003070291 тоот эрүүгийн хэргээс П.Г. нь Ж.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч овогт Ж.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,

 

5 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 9, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4.2, 4.3, 34.19 дүгээр зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч  овогт Ж.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнд сэтгэл заслын донтох зуршлын эсрэг эмчилгээг Баянхонгор аймгийн “Жаргалтай амьдрал төв”-д хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг оногдуулсугай...” гэснийг

 

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4.2, 4.3, 34.19 дүгээр зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч овогт Ж.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн хяналтад болон асран хамгаалагчид нь халамжлуулахаар шилжүүлсүгэй...” гэж тус тус өөрилж,

 

Шийтгэх тогтоолын 2, 3, 4 дүгээр заалтуудыг бүхэлд нь хасч, шийтгэх тогтоолын 5-11 гэсэн дугаарлалтыг 2-8 гэж өөрчилж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Борын давж заалдах гомдлын 2 дахь хэсэг, шүүгдэгч Ж.Б ийн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.