| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 313/2025/0052/Э/203/2024/0038 |
| Дугаар | 2025/ШЦТ/69 |
| Огноо | 2025-04-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/69
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Хохирогч З.*******, өмгөөлөгч М.Хувьцагаан,
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч С.Соронзонболд,
Шүүгдэгч Р.*******, өмгөөлөгч И.Олонмөнх,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Рийдоогийн *******д холбогдох ............8 тоот гурван хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1...................
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч Р.******* нь 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Мандал-Овоо чиглэлийн 52 дахь километрт Тоёота приус маркийн ..............УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчин, цаг агаарын нөхцөл байдал цас мөстэй, халтиргаатай үед жолоодон явсан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүй, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрснөөр, Тоёота приус маркийн ........ УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар Тоёота приус маркийн ...........УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох 31 настай, эрэгтэй, З.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол, тус тээврийн хэрэгслийн зорчигч болох 50 настай, эрэгтэй Д.Ганбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Р.*******г яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Р.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн. Хүлээн зөвшөөрч байгаа. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
Хохирогч З.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр намайг ажлаас дуудсан. Маргааш нь буюу 12 дугаар сарын 10-ны өдөр ажлын 4 хүний хамт 11 цагт Улаанбаатар хотоос гарсан. Замдаа Дундговь аймгийн Шунхлай колонкоос шатахуун авахдаа жолоо сольж би жолоо барьсан. Дундговь аймгаас гараад их хол яваагүй. Цаг агаар хүнд байсан. Би 20 километр цагийн хурдтай, бүх гэрэл дохиогоо асаагаад явж байсан. Бид хоол идээгүй учраас яараад яах вэ? гээд удаан явж байхад урдаас цэнхэр приус маркийн тээврийн хэрэгсэл ороод ирсэн. Бид бүгд яана гээд орилоход өөдөөс ирээд мөргөсөн. Тэгээд зогсох шиг болсон. Миний талаас дахиад араас ирж байсан машин мөргөсөн. Нэг мэдэхэд эмч ирсэн байсан. Харгалзан хамгаалагч хүн байвал сумын эмнэлэг рүү явах хэрэгтэй гээд явсан. Эмч анхан шатны тусламж сайн үзүүлсэн. Тэгээд аймгийн төв рүү яаралтай явах шаардлагатай гээд явсан. Гэтэл замд дуудлага өгсөн цагдаа бололтой байж байгаарай, мэдүүлэг, согтуурлыг нь шалгана гээд шалгаад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна, аваад яв гээд явуулсан. Аймагт олон шинжилгээ өгсөн. Улаанбаатар хот руу явах болоод эхнэр, дүүтэйгээ ирсэн. Тэргэнцэр дээр л явсан. Зарим зүйлийг би санахгүй байгаа. Аймгийн цагдаа дээр мэдүүлэг өгөөд эхнэртэйгээ онгоцоор Улаанбаатар хот руу явсан. Нисэх онгоцноос гэмтэл согог судлал руу хүргүүлсэн. Солонгос улс руу явсан. Мэдрэлийн гаралтай доод мөчний эмгэг гэсэн оноштой болсон. Олон удаагийн эмчилгээ хийлгэх оноштой байгаа. Мөнгө санхүүгийн асуудал гараад явж чадахгүй, хотод сэргээн засах эмчилгээнд явж байгаа. Нийт 53,263,624 төгрөгийн эмчилгээний зардал нэхэмжилж байгаа. Мөн бие махбод, сэтгэл санааны хувьд гомдолтой байна. Манай ээж 100 хувь сонсголгүй, эхнэр оюутан, 2 хүүхэдтэй, манай ах баруун гараа таслуулчихсан. Ам бүл 6-уулаа. Би харж ханддаг. Энэ хугацаанд санхүү болон эрүүл мэндийн асуудал их байгаа. Нэхэмжилж байгаа зардлаа авчихвал гомдолгүй байна гэв.
Шүүгдэгч Р.******* мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан юм. Тухайн үед би өөрийн эзэмшлийн ......... уав улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Цогт-Овоо сум өнгөрөөд 30 орчим километр газарт явж байтал замын зорчих хэсэг дээр 300-400 метр газарт цас хайлаад мөсжилт үүсчихсэн байсан. Тэгээд би уг мөсжилт үүссэн хэсэгт хурдаа хасаад орж ирсэн. Тэгээд уг приус-20 машин миний өмнөөс өөрийн зорчих эрхтэй эгнээгээр дөхөөд ирж байтал миний машин зам дээр тогтсон овгор мөсөн дээр халтираад машин маань эсрэг урсгал руу чиглэсэн. Би машиныг зогсоох арга хэмжээ авч тоормосоо гишгэсэн боловч уг зам дээр тогтсон мөсөн дээр халтираад машин огт зогсоогүй гулгаж яваад урдаас урж байсан приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Тэгээд уг приус 20 маркийн машин зам дээр хөндөлдөөд зогссон миний машин замын ертөнцийн зүгээр баруун талын хөвөө хэсэг рүү гараад зогссон. Тэгсэн уг приус 20 маркийн тээврийн хэрэгслийн араас ирж байсан приус 41 маркийн машин уг мөсөн дээр халтираад приус 20 маркийн машиныг мөргөсөн” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 73-74 дэх тал/
Хохирогч З.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... Тэр өдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр намайг манай компаниас маргааш тээвэрт гарна гэж дуудсан тэгээд би 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 11 цагийн үед ажлынхаа *******, *******, *******, ******* тэгээд би гээд нийт 5-лаа Улаанбаатар хотоос *******ын Тоyota prius-20 маркийн одоо улсын дугаарыг нь санахгүй байна саарал өнгийн машинтай гараад ******* машинаа Дундговь аймаг хүртэл барьсан. Дундговь аймагт 14 цагийн орчимд очоод Шунхлай бензин колонк дээрээс бензин аваад ******* намайг би жоохон унтаадахъя чи жоохон машин барьчих гэсэн. Тэгээд би Дундговиос цаашаа Өмнөговийн чиглэлтэй машин бариад явсан. Дунд говийн зам халтиргаатай гулгаатай үзэгдэх орчин жоохон хязгаарлагдмал болоод болиод байсан. Цасаар шуураад болиод байсан. Тэгээд явж байхад өөдөөс буюу Өмнө говиос Улаанбаатар чиглэлтэй явж байсан цэнхэр өнгийн Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд миний жолоодож явсан машины яг урдаас ирээд маш хүчтэй мөргөсөн, тэр үед бас бид нарын хойно явж байсан машин бас ирээд миний унаж явсан машины араас мөргөсөн, тэгээд би юу болсныг нь мэдэхгүй байна, ухаан балартаад байсан нэг мэдэхэд нэг Porter-той эмч ирчихсэн намайг үзээд яаралтай сумын эмнэлэг рүү авч явахгүй бол болохгүй юм байна гээд манай ажлын ******* гээд ахын хамт аваад явсан. Цогт-овоо сумын эмнэлэг дээр очоод үзүүлээд эмч нь аваад аймгийн эмнэлэг рvv явсан...” Миний сээр нурууны 6,7,8 дугаар үений сэртэн яснууд нь зөрүүгүй хугарсан, мөн зүүн талын 4,5,6 дугаар хавирга зөрүүтэй хугарсан, уушиг устсан, няцарсан, тархины судасанд цүлхэнг үүсэн, баруун хөлийн өвдөг зөөлөн эдийн гэмтэлтэй. Нуруу нугасны гэмтлээс болоод явж чадахгүй суугаа болчихсон байгаа ослоос хойш бол дандаа тэргэнцэр дээр сууж байгаа...” Би одоогоор өөрийн эмчилгээндээ ойролцоогоор 34,000,000 төгрөг зарцуулсан байна. Энэ ослоосоо болоод Бүгд найрамдах солонгос улс руу эмчилгээнд явсан. Солонгосын EWHA WOMANS UNIVERSITY MEDICAL CENTER raх нэртэй эмнэлэгт нийт 1 сар гаруй хэвтэн эмчлүүлсэн. Нөгөө талын жолоочоос нэг ч төгрөг аваагүй надад гаргаж өгөх баримт нь байгаа... Одоо миний сэтгэл санааны хувьд маш их хэцүү байгаа энэ ослоос 3 удаа ухаан алдсан дээр нь би гэр бүлээсээ ганцаараа ажил хийдэг байсан одоо ажил хийх хөдөлмөрлөх чадвараа алдчихаад маш их хэцүү байна... Надад гомдол нэхэмжлэх зүйл байна. Эрүүл мэндэд зарцуулагдсан зардал болон цаашид гарах зардал мөн ажилгүй байх үеийн цалин тэтгэмжээ нэхэмжилж байна. Мөн сэтгэл санаанд учирсан хохирол зэргээ нэхэмжилж байна. Би бага насны 2 хүүхэдтэй манай эхнэр оюутан, мөн ээж маань сонсголын бэрхшээлтэй, миний ах үйлдвэрийн ослоор гараа тасдуулсан би гэрээсээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг хүн. Мөн би БНСУ-руу явахдаа дүү Ганзоригийн хашаа байшинг барьцаалан зээл авч эмчилгээндээ зарцуулсан... Мөргөсөн гэх жолоочдоо бол маш их гомдолтой байна. Энэ ослоос хойш надтай ерөөсөө уулзсангүй, дээр нь нэг удаа л над руу утсаар ярьж уурласан, дээр нь эмч нар надад олон удаагийн эмчилгээний заалттай байна эргэж ирж үзүүлээрэй гэсэн боловч би мөнгө санхүүгийн хувьд дахиж Солонгос явж чадаагүй сая 5 сарын 16-ны өдөр очиж үзүүлэх байсан боловч чадаагүй. Энэ ослоос хойш эрүүл мэнд болон эдийн засгаараа их хохирлоо.” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 216 дахь тал/
Хохирогч Д.Ганбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... Тэр өдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 09- ний өдөр намайг манай компаниас маргааш тээвэрт гарна гэж дуудсан. Тэгээд би 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 11 цагийн үед ажлынхаа *******, *******, *******, ******* тэгээд би гээд Улаанбаатар хотоос *******ын эзэмшлийн Toyota prius-20 маркийн одоо улсын дугаарыг нь санахгүй байна саарал өнгийн машинтай гараад ******* машинаа бариад Дундговь аймаг хүртэл барьсан. Дундговь аймагт 14 цагийн орчимд очоод Шунхлай бензин колонк дээрээс бензин аваад ******* ******* 2 жолоогоо сольсон тэгээд цаашаагаа Цагаан хад руу явж байгаад Дундговь аймгийн Хулд сум өнгөрөөд нойр хүрээд байхаар би унтаад өгсөн. Тэгээд явж байгаад осол яаж болсныг мэдэхгүй нэг сэрэхэд осол болчихсон миний толгой хагарч, зүүн гарын сарвуу хэсгээрээ хугарсан байсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд намайг тухайн үед машин барьж байсан *******, ******* болон нөгөө урдаас ирж мөргөсөн гэх машины нэг зорчигчийн хамт бид нарыг аваад Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд Цогт-Овоо сумын эмнэлэгт очоод миний толгойнд оёдол тавиад Өмнөговь аймгийн төв рүү яаралтай эмнэлгийн машинаар авч явсан. Өмнөговь аймгийн төв дээр очоод шууд эмнэлэгт хэвтсэн... Миний зүүн гарын шуу сарвуу хэсгээрээ хугарсан, толгой хагарсан 6-н оёдол тавиулсан, зүүн хөлийн шагай хэсгийн шөрмөс гэмтсэн байгаа одоо ч зовиуртай байдаг мөн зүүн мөрийн булчин сэмэрч урагдсан байна. гэж эхо-д харуулахад эмч нь тэгж хэлсэн. Би осолд орсны дараа Улаанбаатар хотод ирээд Цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байгаа... Би одоогоор өөрийн эмчилгээндээ ойролцоогоор 2,000,000 орчим төгрөг зарцуулсан байна. Нөгөө талын жолоочоос намайг цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байхад ирж уулзсан надад 1,000,000 сая төгрөг өгсөн... Надад гомдол нэхэмжлэх зүйл байна. Эрүүл мэндэд зарцуулагдсан зардал болон цаашид гарах зардал мөн ажилгүй байх үеийн цалин тэтгэмжээ нэхэмжилж байна. Мөн сэтгэл санаанд учирсан хохирол зэргээ нэхэмжилж байна. Би энэ ослоос болж нийт 5-сар ажилгүй гэртээ байсан том машин тэрэг барьж чадахгүй байгаа, миний зүүн гар юм атгаж чадахгүй байгаа гэжээ.” /1 дүгээр хавтаст хэргийн 213 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч Р.Эрдэнэжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Тэр өдөр найз Бат-Эрдэнэтэй уулзаад буцаад дүү Р.*******гийн хамт Улаанбаатар хот руу Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумаас цагийг санахгүй байна хоол идчихээд хөдөлсөн. Тэгээд Цогт- Овоо өнгөрөөд Дундговь явах замд нэг хэсэг мөстсөн зам дээр машин жолоодлогоо алдаж урдаас ирж байсан нэг саарал өнгийн одоо улсын дугаарыг нь санахгүй байна нэг машины урдаас нь очоод тэр машиныг *******гийн жолоодож явсан машин баруун урд хэсэг рүү мөргөсөн тэгээд *******гийн жолоодож явсан машин замын эсрэг талын хөвөө рүү гарсан нөгөө мөргүүлсэн саарал машин зам дээр эргээд зогссон тэгээд тэр машины хойд талд явж байсан хар өнгийн машины нөгөө мөргөсөн машины араас нь мөргөсөн. Тэр үед би бүс зүүгээгүй явж байсан болохоор урд салхины шилээ мөргөөд миний толгойн хуйх язарсан, толгойноос цус гойжсон, удалгүй тэр хавиар мал тооллого хийж байсан нэг машин ирсэн... толгойг боогоод намайг аваад Цогт-Овоо сумын эмнэлэг рүү аваад явсан. Намайг Цогт-овоо сумын эмнэлэг дээр ирсэн байхад араас нөгөө мөргүүлсэн саарал машины хүмүүс ирсэн... Би тухайн үед жолоочийн эсрэг талын урд талын суудал дээр сууж явсан... Манай дүү ******* бид 2 л явсан өөр хүн байгаагүй. Тэр үед миний толгой хэсгийн хуйх 2 газраа язарсан, баруун хөлийн түнх мултарсан байх Цогт-Овоогийн эмнэлэг сандал дээр нэг займчсан чинь хөл зүгээр болсон. Би тэр үедээ шүүх эмнэлэгт үзүүлээгүй Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас би шууд Улаанбаатар хот руу явсан тэгээд хотод ирээд шууд гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн, миний биед өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Одоо биеийн байдал хэвийн учраас шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би өөрийн эмчилгээндээ зарцуулсан мөнгө байхгүй. Толгойндоо нэг тос авсан 6000 орчим төгрөг болсон байна. Толгойдоо MRI хийлгэсэн тэрнийг бол ахмадын хөнгөлөлтөөр хийлгэсэн. Надад гаргаж өгөх баримт байхгүй... гомдол санал нэхэмжлэх байхгүй” гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 70 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч С.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... Тэр өдөр Улаанбаатар хотоос өглөө 09-10 цагийн хооронд манай компанид ажилдаг *******, Ганбаатар, *******, ******* тэгээд би өөрийнхөө Toyota prius маркийн .......... УЕА улсын дугаартай машиныг би өөрөө жолоодон Өмнөговь аймаг руу гарсан тэгээд яг хэдэн цагт очсоноо мэдэхгүй байна Дундговь аймгийн төв дээр байдаг Шунхлайн колонкоос бензин аваад цааш хөдлөхдөө *******тай солигдсон. Тэгээд цаашаагаа Өмнөговь руу хөдөлсөн. Тэгээд бид нар Өмнөговь аймгийн Цогт овоо сум руу очоод хоол иднэ гээд хоорондоо ярилцаад явж байтал урдаас нэг Тоyota prius-41 маркийн хөх өнгийн машин урсгал сөрж ирээд миний машины урдаас маш хүчтэй мөргөсөн ертөнцийн зүгээрээ баруун тийш хараад зогсож байтал араас ирж байсан бас нэг Toyota prius-41 миний машины хойд дугуйны харалдаа мөргөөд тэгээд миний машин буцаад Улаанбаатар луу хараад зогссон байсан. Хойноос нэг машин ирж байсан тэр жолооч түргэн дуудаж өгсөн. Тэгээд удалгүй тэнд мал тооллогоор явж байсан түргэний машин маш хурдан ирсэн. Тэгээд *******, Ганбаатар, ******* нарыг аваад Цогт-Овоо сумын эмнэлэг рүү явсан. Би ******* нөгөө урсгал сөрж ирээд мөргөсөн машины жолооч ******* мөн араас ирээд мөргөсөн гэх машины жолооч гээд бид хэд ослын газраа үлдсэн. Тэгээд Өмнөговь аймгийн замын цагдаагаас замын цагдаа ирж хэмжилт хийсэн тэгээд машинаа замаас гаргаад аймгийн төв рүү цагдаагийн машинтай явсан... Жи Эс Би капитал банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгсэл би 2022 онд 8 сая төгрөг урьдчилгаанд нь өгөөд 14 сая төгрөгийн зээлээр худалдаж авсан машин...тухайн осол болох үед ******* жолоодоод би эсрэг талын урд суудалд дээр миний ард ******* дунд ******* жолоочийн арын суудалд Ганбаатар сууж явсан... Тэр осол болох үед би хүзүүгээ эргүүлж чадахгүй байсан, шилбэ хөл, гар хөхөрсөн байсан өөр гэмтэл бэртэл аваагүй... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байна, үнэлгээ хийлгэсэн машины хохирлоо барагдуулж авмаар байна, мөн ослоос болоод ажлаасаа гарсан. Машины хохирлыг төлөөд өгчихвөл надад гомдол санал гээд байх юм байхгүй гэжээ.” /2 дугаар хавтаст хэргийн 75/,
Иргэний нэхэмжлэгч Ч.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Бид нар цагаан хаданд том тэрэгний жолоочоор ажилладаг тэр осол болохын урд манай компаниас ирж ачаандаа ороорой гэхээр нь маргааш өглөө нь Улаанбаатар хотоос өглөө 11-12 цагийн хооронд манай компанид ажилдаг *******, Ганбаатар, *******, ******* өөрийнхөө машиныг жолоодоод тэгээд би бид хэд гарсан... ******* ******* нар жолоогоо сольсон тэгээд цаашаа Өмнөговь руу явсан гэнэтхэн зам нь муухай болсон тэр үед зам нь их халтиргаа гулгаатай байсан учраас ******* хурдаа хасаад 20-30 км цагийн хурдтай явж байсан байх, их удаан явж байсан тэгээд урдаас нэг Toyota prius-41 маркийн машин урсгал сөрж ирээд хүүе хаая гэхийн завдалгүй бид нарын сууж явсан машины урдаас ирээд маш хүчтэй мөргөсөн тэгээд машин зам дээр нэг эргэх шиг болсон удалгүй хойно явж байсан машин бид нарын сууж байсан машины хойноос мөргөсөн. Тэгээд машин дахиад нэг эргээд Улаанбаатар хот руу хараад зогссон байсан. Бүгд сандраад машинаасаа буусан... тэр үед жолоо барьж явсан ******* суудалдаа хавчуулагдсан ёолоод байсан тэгээд бид нар хаалгыг нь онгойлгох гэтэл онгойхгүй байсан тэгээд бид нар нийлээд хаалгыг нь татаж чангааж байгаад онгойлгосон тэгээд *******ыг машинаас нь гаргасан дараа нь хойд талд сууж явсан Ганбаатар сэрэхгүй байхаар машинаас буулгасан тэгээд хэсэг байж байгаад сэргэсэн. Тухайн үед тэр хавиар явж байсан жолооч нар 103-д дуудлага өгсөн байх тэр үед тэнд малын тооллогоор явж байсан 103 машин ирээд Ганбаатар, *******, *******, ******* нарыг аваад цогт овоо сумын эмнэлэг рүү явсан би *******ын хамт ослын газар үлдсэн орой цагдаа нар ирж хэмжилт хийсэн тэгээд цагдаагийн машинд суугаад Өмнөговь аймаг руу явсан... Тухайн үед тээврийн хэрэгслийн хойд талын дунд хэсэгт сууж явсан, миний баруун гар талд Ганбаатар, зүүн гар талд ******* сууж явсан... Тэр үед миний баруун хөлийн шилбэ хэсгээр жоохон хүндрүүлж байгаад зүгээр болсон учраас би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Одоо биеийн байдал хэвийн учраас шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... Миний хөл тэгээд зүгээр болсон учраас нээх тоогоогүй эмчилгээ энэ тэр хийлгээгүй... Надад гомдол санал нэхэмжлэх байхгүй” гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 83 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч М.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... Бид нар цагаан хаданд том тэрэгний жолоочоор ажилдаг тэр осол болохын урд манай компаниас ирж ачаандаа ороорой гэхээр нь маргааш өглөө нь Улаанбаатар хотоос өглөө багцаагаар 9-10 цагийн хооронд манай компанид ажилдаг *******, Ганбаатар, *******, ******* тэгээд би бид нар хотоос гарсан тэр өдөр ******* өөрийнхөө машиныг жолоодоод Өмнөговь аймаг чиглэлтэй явсан яг цагийг мэдэхгүй байна Дунд говь аймагт ороод Шунхлайн колонкоос бензин авахаар зогсоод ******* ******* нар жолоогоо сольсон, тэгээд цаашаа Өмнөговь руу явсан Цогт-Овоо сум арай хүрээгүй гэнэтхэн зам нь муухай болсон, тэр үед зам нь их халтиргаа гулгаатай байсан учраас ******* хурдаа хасаад 20-30 км цагийн хурдтай явж байсан байх их удаан явж байсан урдаас нэг Toyota prius-41 маркийн машин урсгал сөрж ирээд хүүе хайя гэхийн завдалгүй бид нарын сууж явсан машины урдаас ирээд маш хүчтэй мөргөсөн тэр үед манай машин газар дээрээ эргээд зогссон тэр үед хойноос явж байсан машин ирээд дахиад мөргөсөн машин дахиад нэг эргээд Улаанбаатар хот руу хараад зогссон бүгд машинаасаа буугаад Ганбаатарыг жолоочийн хойд талын суудал дээрээс буулгасан... Одоо биеийн байдал хэвийн учраас шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би өөрийнхөө эмчилгээнд тодорхой хэмжээний мөнгө зарцуулсан нийт 200,000 орчим мянган төгрөг зарцуулсан байгаа. Гаргаж өгөх баримт байхгүй... Надад гомдол санал нэхэмжлэх байхгүй” гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 88 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч /ЭМДЕГ/ С.Сувд-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Заяабаатарын ******* /РД: ........., 31 настай эрэгтэй/ нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2,649,000 /хоёр сая зургаан дөчин есөн мянга/ төгрөгийн, Доржготовын Ганбаатар /РД: ......... 52 настай эрэгтэй/ нар нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,729,500 /нэг сая долоон зуун хорин есөн мянга таван зуу/ төгрөгийн эрүүл мэндийн анхны шатны тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас гарсныг Р.*******-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1.......угаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 67 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч М.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “... Би тэр өдөр 10-11 цагийн Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цагаан хад суурьшлын бүс рүү дүү Б.Түмэн-Өлзийгийн эзэмшлийн Toyota prius маркийн 59-50 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ганцаараа явж байгаад Дундговь дээр ирээд цагийг нь санахгүй байна хоол идээд цаашаагаа Цагаан хад руу хөдөлсөн тухайн өдөр зам цасан шуургатай байсан. Дундговь аймгийн Хулд болон Лус сум өнгөрөөд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын хойд талд явж байхад миний урд талд саарал өнгийн Toyota prius-20 маркийн улсын дугаарыг нь санахгүй байна нэг машин явж байхад тэр машины урдаас нь нэг цэнхэр өнгийн Toyota prius маркийн машин урсгал сөрж ирээд миний урд талд явж байсан саарал өнгийн машиныг урдаас нь мөргөсөн. Тэгээд нөгөө саарал өнгийн Toyota prius нь зам дээр эргээд хөндлөн зогссон тэр үед нь би унаж явсан машиныхаа тоормосыг гишгээд зам маш их гөлөөнтэй байсан болохоор нөгөө саарал өнгийн Toyota prius маркийн машины жолооч талын хойд талын дугуйг нь мөргөсөн тэгээд зогссон... Toyota prius маркийн ......... ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай хадам дүү Б.Түмэн- ...... эзэмшлийн тээврийн хэрэгсэл манай дүү 2023 онд Бүгд найрамдах Солонгос улс руу явсан явахдаа надад зарсан би нэрийг нь шилжүүлж чадаагүй юмаа, тэрнээс биш миний өөрийн машин. Би машиндаа үнэлгээ хийлгэсэн байгаа үнэлгээгээр гарсан эвдрэл гэмтэл учирсан байгаа... Өмнөговь аймгаас Улаанбаатар чиглэлтэй явж байсан цэнхэр өнгийн Toyota prius-41 маркийн машин нь урсгал сөрж осол гаргасан...тэр ослоос болж миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 92 дахь тал/,
Иргэний хариуцагч /.............ий төлөөлөгч, нягтлан бодогч ажилтай С.Ренчиндолгор мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “... Тухайн үед би Улаанбаатар хотод нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тухайн өдрийн маргааш нь мэдсэн бөгөөд манай ажилтны эсрэг урсгалаас нь машин орж ирээд мөргөлдчихлөө гэж хэлсэн. Манай байгууллагаас тодруулаад анхан шатны тусламжид хэрэгтэй зардлыг шийдэж өгсөн... Хуулиараа бид ажилдаа тухайн ажилтан нар осолдоо ирэх замдаа осолд орсон тул гэмтлийн зэргээс хамаараад туслалцаа үзүүлэх шаардлагатай болсон. Хохирогч Д. Ганбаатарт 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ............ дугаарын данс руу нь 9,720.252.15 төгрөг шилжүүлсэн. Харин 3.*******т 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр .......... угаарын дансанд 12,208,860 төгрөгийг шилжүүлсэн... ар гэрийн хүмүүсийг нь зочид буудалд байрласан, онгоцоор явсан зардал зэргийг гаргасан, одоогоор зардлын тооцоолол алга, харин эмнэлэгт үзүүлсэн төлбөр талаарх баримтыг Ганбаатар бүрдүүлж өгсний дагуу 415,000 төгрөг өгсөн...” гэжээ. /3 дугаар хавтаст хэргийн 9 дэх тал/,
Шинжээч эмч С.Шүрцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...3.*******ын биед шинжилгээ явуулж дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтад Улсын хоёрдугаар төв эмнэлэг 2023-12-22-ны өдөр хийлгэсэн Бүсэлхий нугалмын MRI шинжилгээний дүгнэлтэд L4/L5: нугалмын дискийн цүлхийлт, хөндийн хатуурал, L5/S1: нугалмын дискийн цүлхийлт, 2 талын нугасны ёзоорын гарах хэсгийн хатуурал зэрэг өөрчлөлтүүд дурьдагдсан байсан. Энэ нь гэмтлийн гаралтай эмгэг өөрчлөлт биш бөгөөд тухайн гэмтэлтэй холбоогүй болно. Гэвч тухайн эмгэгээс шалтгаалан мэдрэлийн өөрчлөлт гарах боломжтой... дээрх шинжилгээнд гэмтлийн гаралтай өөрчлөлт буюу хугарал гэмтэл нуруу нугасанд илрээгүй. Биед зүүн талын 4-6 дугаар хавирганы далд хугарал, цээжний хөндийн цус хуралдалт гэмтэл учирсан байсан...” гэжээ. /3 дугаар хавтаст хэргийн 71-72 дахь тал/,
Шүүгдэгч Р.******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “... Мөрдөгчийн магадлагаа болон шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан, надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...хохирогч 3. *******т эмчилгээний зардалд туслах гээд гэмтлийн эмнэлэг дээр очиход эхнэр гэх хүн гарч ирээд эмчилгээний мөнгө авахгүй бид нар өмгөөлөгч авсан та нартай одоо ярих зүйл байхгүй гэж хэлсэн, мөн дараа нь одоо он сарыг нь санахгүй байна утас руу нь залгахад эхнэр нь 3.*******ын утсыг аваад яриулахгүй ярих боломжгүй байна, шүүхээрээ явна гэж хэлээд тасалсан. Хохирогч Ганбаатарыг цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж очин эмчилгээний зардалд нь тусламж дэмжлэг үзүүлэн 1,000,000 сая төгрөг өгсөн. Би ер нь хохирогч *******т хохирол төлөхийг анхнаасаа илэрхийлж байсан, машины эвдрэл гэмтлийг бол төлж барагдуулна, жоохон цаг хугацаа орох гээд байна, би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 121 дэх тал/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 9-12 дахь тал/
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч М.Батдоржийн 2023.12.10-ны өдрийн “Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай” тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 32-33, 35-36, 38-39 дэх тал/
Тоёота приүс маркийн 45-04 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 80 дахь/,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024.05.29-ний өдрийн 02/1982 дугаартай албан бичиг, хавсралт, Д.Ганбаатар, З.******* нарын эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн талаарх мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 60-64 дэх тал/,
Тоёота приүс маркийн 45-04 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг 14,713,000 төгрөгөөр үнэлсэн Хас үнэлгээ ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 157-164 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Насанжаргалын 2024.01.09-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “С.*******ын биед хүзүүнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоор зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. С.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. С.*******ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн хошууч С.Шүрцэцэгийн 2024.01.11-ны өдрийн 57 дугаартай дүгнэлт “Д. Ганбаатарын биед тархины доргилт, хуйхны язарсан шарх, баруун гарын шуу ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 101-102 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Н.Энхцолмон, цагдаагийн хошууч Т.Амартүвшин, цагдаагийн ахмад О.Нансалмаа нарын 2024.04.16-ны өдрийн /дахин/ 734 дугаартай дүгнэлтэд “ Д.Ганбаатар-н биед зүүн гарын шуу ясны хугарал гэмтэл учирсан ба 2024.04.10-ны өдрийн рентген зурагт шуу ясны хугарал нь бороолж эдгэсэн байна. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ. / 1 дүгээр хавтаст хэргийн 141-143 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн хошууч С.Шүрцэцэгийн 2024.01.12-ны өдрийн 58 дугаартай дүгнэлтэд “*******ын биед зүүн талын IV-VI хавирганы далд хугарал гэмтэл үүсчээ. Уг гэмтлийн улмаас цээжний хөндийн цус хуралдалт үүсч хүндэрсэн байна. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 114-115 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025.01.20-ны өдрийн 133 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээнд “...............н сэтгэцэд дээрх хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна” гэжээ. /3 дугаар хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025.01.20-ны өдрийн 132 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээнд “Заяабаатарын ............-ын сэтгэцэд 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан зэргээр F43 Дасан зохицохын хямрал, хүчтэй стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд оношлогдож байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан “хор” уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна гэжээ. /3 дугаар хавтаст хэргийн 59-61 дэх тал/,
Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тогтоол, яллагдагч Р.*******гээс хохирол төлсөн талаарх баримтууд /3 дугаар хавтаст хэргийн 76-83 дахь тал/
Тоёота приус маркийн ........УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагaa,
Тоёота приүс-41 маркийн ........ ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг 2,860,000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 62-64 дэх тал/,
Тоёота приүс-41 маркийн ...... ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 94 дэх тал/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлагч Э.Батжаргалын 2024.06.07-ны өдрийн 864 дугаартай Мөрдөгчийн магадлагаанд “Toyota Prius маркийн ...... УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Р.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно, 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна.
Toyota Prius маркийн ........ УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч З.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна
“ гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 98-100/,
Тоёота приүс маркийн ...... УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 124 дэх тал/,
Тоёота приүс маркийн .......4 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, /2 дугаар хавтаст хэргийн 80 дахь тал/,
Тоёота приүс маркийн ........ ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 94 дэх тал/,
Р.*******гийн жолоодох эрхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 41 дэх тал/,
3.*******ын жолоодох эрхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 43 дахь тал/,
3.*******ын жолоодох эрхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 45 дахь тал/,
Р.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 189 дэх тал/
З.*******ын улсын дугаар төв эмнэлгийн өвчний түүх /1 дүгээр хавтаст хэргийн 234-243 дахь тал/
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчтөний түүх /1 дүгээр хавтаст хэргийн 220-231 дэх тал/
З.*******ын улсын хоёрдугаар төв эмнэлгийн шинжилгээний бичиг / 1 дүгээр хавтаст хэргийн 244-245 дахь тал/
З.*******ын хөдөлмөрийн чадвар алдалтын талаарх нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /1 дүгээр хавтаст хэргийн 246 дахь тал/
З.*******ын хохирлын тооцооны баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 247-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-54 дэх тал/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 55-57 дахь тал/
Шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн З.*******ын амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас, хохирол төлбөрийн нотлох баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлж, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Р.*******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн талаар:
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Р.******* нь 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Мандал-Овоо чиглэлийн 52 дахь километрт Тоёота приус маркийн ...... УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчин, цаг агаарын нөхцөл байдал цас мөстэй, халтиргаатай үед жолоодон явсан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүй, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрснөөр, Тоёота приус маркийн ........ УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар Тоёота приус маркийн ....... УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох 31 настай, эрэгтэй, З.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол тус тээврийн хэрэгслийн зорчигч болох 50 настай, эрэгтэй, Д.Ганбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулах цагдаагийн дэслэгч Батдоржийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Тоёота приус маркийн 45-05 УЕА улс улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх лавлагаа, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 02/1982 дугаартай албан бичиг, хавсралтад дурдсан Ганбаатар, ******* нарын эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж үйлчилгээ авсан төлбөрийн талаарх мэдээлэл, Тоёота приус маркийн 45-05 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг 14,714,000 төгрөгөөр үнэлсэн Хас үнэлгээ компаний үнэлгээний тайлан, хохирогч З.*******, Д.Ганбаатар нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч *******, *******, ******* нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Сувд-Эрдэнийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн ахмад Насанжаргалын 30 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Шүрцэцэгийн 57 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шүүх, анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч цагдаагийн ахмад Энхцолмон, цагдаагийн хошууч Амартүвшин, цагдаагийн ахмад Нансалмаа нарын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 734 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн хошууч Шүрцэцэгийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 58 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Шүрцэцэгийн мэдүүлэг, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ренчиндолгорын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 131 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 сарын 20-ны өдрийн 132 дугаартай дүгнэлт, эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тогтоол, яллагдагч Р.*******гээс хохирол төлсөн талаарх баримтууд, тоёота приус маркийн 36-06 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, иргэний нэхэмжлэгч Эрдэнэжаргалын мэдүүлэг, тоёота приус 41 маркийн 59-50 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг 2,860,000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан, тоёота түр приус 41 маркийн 59-50 ДАР улсын дугаар тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх лавлагаа, иргэний нэхэмжлэгч *******ын мэдүүлэг, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч цагдаагийн ахлагч Б Батжаргалын 864 дугаартай мөрдөгчийн магадалгаа, шүүгдэгч Р.*******гийн мэдүүлэг, тоёота приус маркийн ....... УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, тоёота приус маркийн ........ УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, тоёота приус маркийн .......... ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, Р.*******гийн жолоодох эрхийн лавлагаа, З.*******ын жолоодох эрхийн лавлагаа, М.*******ын жолоодох эрхийн лавлагаа, Шүүгдэгч Р.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хязгаарлан хассан зөрчилгүй байна гэж дүгнэсэн.
Иймд шүүгдэгч Р.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн З.*******ын эрүүл мэндэд хүнд, Д.Ганбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч З.*******ын эрүүл мэндэд хүнд, Д.Ганбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Хохирогч, иргэний нэхэмжлэгч З.******* нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 60,463,624 төгрөг нэхэмжилсэн, тухайн хохирлоос шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 8,200,000 төгрөгийг төлсөн байна. Одоо *******ын тухайд 52,663,624 төгрөгийг эмчилгээний зардалд нэхэмжилж байгаа. Мөн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжилж байгаа. Авагдсан нотлох баримтын хүрээнд дээрх хохирлын талаарх нотлох баримт өгөгдсөн, мөн сэтгэл санааны хохирол гэмтлийн зэрэг нь тогтоогдсон учраас дээрх мөнгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна. Д.Ганбаатар нь эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг нэхэмжилсэн. Мөрдөн байцаалтын шатанд 1,000,000 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс төлсөн гэдэг ч хэрэгт баримт авагдаагүй. Мөн Д.Ганбаатарын сэтгэл санааны хохирол нэгдүгээр зэргээр тогтоогдсон. Үүнийг нэхэмжилж байгаа ба сэтгэл санааны хохирлыг мөн шүүгдэгчээс гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэсэн саналыг гаргаж байна. Иргэний нэхэмжлэгч *******ын тээврийн хэрэгсэлд 14,713,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ нь шинжилгээний байгууллагаар тогтоогдсон. Үүнээс мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь 7,200,000 төгрөг төлсөн байдаг. Үлдэгдэл 7,513,000 төгрөгийг төлөөгүй. Үүнийг мөн шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэл *******т олгох нь зүйтэй гэсэн саналыг оруулж байна. Эрүүл мэндийн даатгалын санд Д.Ганбаатар, З.******* нарын эмчилгээний зардалд нийт 4,378,500 төгрөг нэхэмжилсэн. Энэ нь нь баримтаар тогтоогдсон учраас мөн дээрх зардлыг шүүгдэгчээс гаргуулж тухайн дансанд нь оруулж хохиролгүй болгох нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна. Иргэний нэхэмжлэгч *******, *******, Эрдэнэжаргал нар нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлэлгүй, гомдол саналгүй талаар мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна. *******т үнэлгээгээр 2,860,000 төгрөгийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан боловч энэ талаараа нэхэмжилсэн мэдүүлгийг өгөөгүй учраас үүнийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэх санал, дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч М.Хувьцагааны зүгээс энэ хэрэгт шүүгдэгч Р.*******гийн Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж З.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгчийн зүгээс хэргийн зүйлчлэл гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс энэ хэрэгт хийгдвэл зохих бүх ажиллагаа хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, энэ асуудлаар хариуцлага тооцуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Миний үйлчлүүлэгч З.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан боловч эмч нарын хөдөлмөр, өөрийнх нь хичээл зүтгэл, зориг тэвчээр, ар гэр, ах дүүсийн дэмжлэг тусламжтайгаар эрүүл мэндийн хувьд харьцангуй сайжирч байгаа ч гэсэн осол орохоос өмнөх байдалд очтол бүрэн эдгэрч чадаагүй байна. Энэ хугацаанд гарсан зардалд 52,263,624 төгрөгийг нэхэмжилж байна. Миний үйлчлүүлэгчийнх Хан-Уул дүүрэгт байдаг ба гэрээсээ Улсын 2 дугаар эмнэлэг, Гэмтлийн эмнэлэг хүртэл явж эмчлүүлж сувилуулахад ямар хүндрэл бэрхшээл, зардал гарсныг нэхэмжлээгүй орхисон байгаа. Мөрдөн байцаагчийн зүгээс эхнэрт нь баримтуудаа наагаад өгөөрэй гэж хэлээд скочдоод өгөхөд бичиг нь харагдахгүй болоод арилчихсан. Замын зардлын тухайд зөвхөн Солонгос улс руу явсан зардал, өчигдөр Өмнөговь руу ирсэн зардлыг л нэхэмжилж байгаа. Үүнийг нэхэмжлэх гэж байгаа зүйл биш. Мөн 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны хөдөлмөрийн чадвар алдсаны мөнгийг нэхээгүй. Эхний сарын тухайд магадалгаа, листийг бичсэн эмч нь явуулаагүй, дараа нь улсын хэмжээнд нийгмийн даатгалын цахим системд орох гэж байгаа гээд даатгалаа өгч чадаагүй 6 дугаар сар хүртэл явсан. Үүний зөрүүний талаар Соронзонболд өмгөөлөгч хэллээ. Үүнийг бид нэхээгүй. 2024 оны 07 дугаар сарын 23-аас 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлээд 60 хувиар тогтоосны зөрүүг нэхэмжилсэн. Энэ нэхэмжлэлийнхээ үнийн дүнг дэмжиж байна. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлын тухайд ар гэрээ тэжээх гээд ажил хөдөлмөр эрхлэхээр явж байсан хүнийг ийм байдалд оруулчихсан учраас арга буюу нэхэж байгаа гэдгийг зөвөөр ойлгоорой. Миний үйлчлүүлэгчийн хувьд сэтгэцэд учирсан гэм хорыг 23-45.99 хүртэл хувиар тогтоож өгнө үү гэснийг дэмжиж байна. Гэм буруутайд тооцож хохирол төлбөрийг гаргуулж өгнө үү гэх санал, дүгнэлтийг,
Иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн зүгээс өнөөдрийн байдлаар иргэний хариуцагчтай холбоотойгоор нэхэмжилсэн зүйл байхгүй учраас үүнд өмгөөллийн дүгнэлт хэлэх шаардлагагүй байх гэж бодож байна. Улсын яллагчийн хэлсэн тооцоо дээр хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд 2,097,850 төгрөгийн хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмж дутуу гэсэн байна. Нийт 20,850,334 төгрөгийн төлбөрийг хохирогч *******т төлсөн байдаг. Мөн хохирогч Ганбаатарт 9,728,282 төгрөгийг төлсөн. Иргэний хариуцагчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн чадвар түр алдалтын тухай хуульд заасан үүргээ биелүүлээд төлж барагдуулсан. Одоо иргэний хариуцагчтай холбоотой нэхэмжлэл байхгүй учраас дүгнэлт хэлэх шаардлагагүй гэж үзэж байна гэх санал, дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнхийн зүгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч З.*******т хүнд гэмтэл, Д.Ганбаатарт хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэл, хэргийн нөхцөл байдлын талаар шүүгдэгч мэдүүлэг тайлбараа өгсөн байдаг. Үүнтэй уялдуулан прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй, гэм буруутай үйлдлээ мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг тайлбар өгөхдөө хүлээн мэдүүлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, одоо нэмж тайлбарлах зүйлгүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж ингэж мэдүүлсэн учраас гэм буруугийн тал дээр мэтгэлцэх зүйл алга байна. Хохирол төлбөрийн талаар авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үнэлэлт дүгнэлтээ өгөх ёстой. Энэ хэргийн улмаас хүний эрүүл мэндэд тухай үедээ амь насанд аюултай гэмтэл учирсан байна гэж шүүх шинжилгээний хүрээлэнгийн Шүрцэцэг эмчийн 58 тоот дүгнэлтээр гарсан. Энэ нь ангиллаараа гэмтлийн зэргийн хүнд гэмтэлд хамаарна гэсэн дүгнэлт гарсан. Үүнтэй маргах зүйл алга байна. Өөрөөр хэлбэл дөрвөөс зургаадугаар хавирганы далд хугарал, цээжний хөндийн цус хуралт гэсэн гэмтлүүд үүссэнийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Д.Ганбаатарын хувьд зүүн гар нь хугарсан ба энэ гэмтэл нь гэмтлийн зэргийн хүндэвтэр гэмтэлд хамаарахаар заагдсан. Гэмтлийн зэрэгтэй холбогдуулан миний үйлчлүүлэгч мэтгэлцэхгүй маргахгүй байгаа. Мөн хохирогч тал дээрх Шүрцэцэг эмчийн 58, 57 тоот дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч ямар нэгэн гомдол санал гаргаагүй. Энэ гэмтэл учирснаас үүдэн эмчлүүлсэн зардал төлбөрийн талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нарийн судалж шинжилж үзлээ. Хохирогч *******ын биед учирсан хүнд гэмтэл дээр маргахгүй. Энэ осолд ороод Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн өвчтөний түүх дээр нь мөчдөд саажилт учраагүй байна, мэдрэхүй хэвийн гэсэн дүгнэлт гарган оношилгоонуудаа тавьж эмчилгээгээ хийсэн байдаг. Мөн хавтаст хэргийн 234 дүгээр тал дээр Гэмтэл согог судлалын эмнэлгээс гараад 2 дугаар эмнэлэгт эмчлэгдсэн. Тус эмнэлэгт 2023 оны 02 дугаар сарын 22-оос эхэлж үзүүлж тархины MRI эмчилгээ, нуруу нугасны MRI хийлгүүлсэн. Жавзандолгор эмчийн дүгнэлт дээр нугасны дөрөв, тав, зургаадугаар үед цүлхийлт үүссэн гэсэн оношийг тогтоож өгсөн. Эмчлэгч эмч Батбаярын дүгнэлтэд 12 хос мэдрэлийн талаас эмгэг өөрчлөлтгүй, захад саа саажилтгүй байна, 12 дугаар сарын 27-ны өдөр сайжирсан тул эмнэлгээс гаргав гэсэн дүгнэлтүүдийг өгсөн байдаг. Сайжирсан учраас харьяа дүүргийн эмнэлэг, эмчийн хяналтад гаргасан болох нь өвчний түүх дээр тодорхой дурдаж бичсэн байна. Хохирогч эмчилгээ хийлгэсэнтэй холбогдуулан гарсан зардлаа мөнгө төгрөгийг нэхэмжилж байгаа. Солонгос улсад эмчлэгдсэн гэх зардал баримтын талаар би ганцхан зүйлийг нэмж хэлье. Үүнийг анхаарч үзээсэй гэсэн хүсэлтийг гаргаж байна. Солонгос руу явсан гэх гааль хяналтаар орсон штамптай тэмдэглэл бүхий гадаад паспортын хуулбар байхгүй байгаа. Тийм учраас Солонгост эмчлэгдсэн гэх эмчилгээний зардал төлбөрийг шууд нөхөн төлөх төлбөрт тооцож гаргах боломжгүй байна гэсэн дүгнэлтийг хэлмээр байна. Өөрөөр хэлбэл гадаадад зайлшгүй эмчлэгдэх эмчилгээний заалт байхгүй. Эмнэлгүүд нь эмчилгээ хийлгэсэн, сайжирсан гэсэн дүгнэлтүүдийг өгөөд гаргасан байдаг. Мөн Солонгос руу эмчилгээнд явсан хил гарсан байна гэсэн баримтууд нь харагдахгүй байна. Зөвхөн Солонгост үзүүлсэн эмчилгээний бичгийг орчуулаад ирүүлсэн баримтуудыг шууд хангалттай нотлох баримтын хэмжээнд тооцох боломжгүй гэсэн дүгнэлт тайлбарыг хэлмээр байна. Хохирогч *******т хохирол төлбөр мөнгө төгрөгийг тодорхой хугацаанд чадах ядахаараа төлж байгаа, цаашдаа ч гэсэн төлөхөө илэрхийлсэн байгаа зэрэг нөхцөл байдлуудыг анхааран үзнэ үү. Эцэст нь хөдөлмөр магадлах комиссын дүгнэлтээр нугасны бусад эмгэгээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар групп тогтоолгосон байна. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн Шүрцэцэг эмчийн 58 тоот дүгнэлтээр нуруу нугасанд ямар нэгэн гэмтэл байна гэдэг талаар дүгнэлт гаргаагүй. 3 дугаар хавтаст хэргийн 68 тал дээр Шүрцэцэг эмчийг гэрчээр асуусан асуулт дээр нуруу нугасны гэмтлүүд нь хуучин гэмтэл, аваар ослоос болсон гэмтэл биш гэдгийг тайлбарлаж өгсөн байгаа учраас энэ байдлыг харгалзан үзнэ үү. Цаашид гарах эмчилгээний зардлыг энэ хүн төлнө. Солонгос улс руу явсан эмчилгээний зардлыг шууд төлөх нөхцөл байдал бүрэлдэхгүй байгаа учраас нээлттэй орхиж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйгээр үлдээж өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Мөн хариуцагч байгууллагаас *******ыг осол гэмтэлд орсноос хойш 20,750,334 төгрөг төлсөн байгаа баримтыг хохирол төлбөрт нь тооцуулан хасаж өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Хохирол төлбөрийг төлнө гэдгээ шүүгдэгч Р.******* илэрхийлж байгааг хэлмээр байна гэх санал, дүгнэлтийг,
Шүүгдэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. Дүүгээсээ уучлалт хүсье гэх санал, хүсэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Р.******* нь 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Мандал-Овоо чиглэлийн 52 дахь километрт Тоёота приус маркийн .......... УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчин, цаг агаарын нөхцөл байдал цас мөстэй, халтиргаатай үед жолоодон явсан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүй, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрснөөр, Тоёота приус маркийн ........ УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар Тоёота приус маркийн .........ЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч З.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол, тус тээврийн хэрэгслийн зорчигч Д.Ганбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь хохирогч З.*******ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 216 дахь тал/, хохирогч Д.Ганбаатарын /1 дүгээр хавтаст хэргийн 213 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Р.Эрдэнэжаргалын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 70 дахь тал/, иргэний нэхэмжлэгч С.*******ын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 75/, иргэний нэхэмжлэгч Ч.*******ын /2 дугаар хавтаст хэргийн 83 дахь тал/, иргэний нэхэмжлэгч М.*******ийн /2 дугаар хавтаст хэргийн 88 дахь тал/, иргэний нэхэмжлэгч /ЭМДЕГ/ С.Сувд-Эрдэнийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 67 дахь тал/, иргэний нэхэмжлэгч М.*******ын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 92 дахь тал/, иргэний хариуцагч /Гуо Хуй Олон улсын тээвэр ГХО ХХК-ий төлөөлөгч, нягтлан бодогч ажилтай С.Ренчиндолгорын мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 9 дэх тал/, шинжээч эмч С.Шүрцэцэгийн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 71-72 дахь тал/, шүүгдэгч Р.******* яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 121 дэх тал/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 9-12 дахь тал/, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч М.Батдоржийн 2023.12.10-ны өдрийн “Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай” тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 13-14 дэх тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 32-33, 35-36, 38-39 дэх тал/, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024.05.29-ний өдрийн 02/1982 дугаартай албан бичиг, хавсралт, Д.Ганбаатар, З.******* нарын эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн талаарх мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 60-64 дэх тал/, Тоёота приүс маркийн 45-04 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг 14,713,000 төгрөгөөр үнэлсэн Хас үнэлгээ ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 157-164 дэх тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Насанжаргалын 2024.01.09-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн хошууч С.Шүрцэцэгийн 2024.01.11-ны өдрийн 57 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 101-102 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Н.Энхцолмон, цагдаагийн хошууч Т.Амартүвшин, цагдаагийн ахмад О.Нансалмаа нарын 2024.04.16-ны өдрийн /дахин/ 734 дугаартай дүгнэлт / 1 дүгээр хавтаст хэргийн 141-143 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн хошууч С. Шүрцэцэгийн 2024.01.12-ны өдрийн 58 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 114-115 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025.01.20-ны өдрийн 133 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ /3 дугаар хавтаст хэргийн 44-45 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025.01.20-ны өдрийн 132 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ /3 дугаар хавтаст хэргийн 59-61 дэх тал/, Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тогтоол, яллагдагч Р.*******гээс хохирол төлсөн талаарх баримтууд /3 дугаар хавтаст хэргийн 76-83 дахь тал/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлагч Э.Батжаргалын 2024.06.07-ны өдрийн 864 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” /2 дугаар хавтаст хэргийн 98-100/, Р.*******гийн жолоодох эрхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 41 дэх тал/, 3.*******ын жолоодох эрхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 43 дахь тал/, 3.*******ын жолоодох эрхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 45 дахь тал/, З.*******ын улсын дугаар төв эмнэлгийн өвчний түүх /1 дүгээр хавтаст хэргийн 234-243 дахь тал/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчтөний түүх /1 дүгээр хавтаст хэргийн 220-231 дэх тал/, З.*******ын улсын дугаар төв эмнэлгийн шинжилгээний бичиг / 1 дүгээр хавтаст хэргийн 244-245 дахь тал/, З.*******ын хөдөлмөрийн чадвар алдалтын талаарх нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /1 дүгээр хавтаст хэргийн 246 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлагч Э.Батжаргалын 2024.06.07-ны өдрийн 864 дугаартай Мөрдөгчийн магадлагаагаар: Toyota Prius маркийн ....... УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Р.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно, 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч Р.*******г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Р.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ганбаатарын биед зүүн гарын шуу ясны хугарал гэмтэл учирсан ба 2024.04.10-ны өдрийн рентген зурагт шуу ясны хугарал нь бороолж эдгэсэн байна. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Н.Энхцолмон, цагдаагийн хошууч Т.Амартүвшин, цагдаагийн ахмад О.Нансалмаа нарын 2024.04.16-ны өдрийн /дахин/ 734 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 141-143 дахь тал/-ээр,
Хохирогч З.*******ын биед зүүн талын IV-VI хавирганы далд хугарал гэмтэл үүсчээ. Уг гэмтлийн улмаас цээжний хөндийн цус хуралдалт үүсч хүндэрсэн байна. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн хошууч С.Шүрцэцэгийн 2024.01.12-ны өдрийн 58 дугаартай дүгнэлт/1 дүгээр хавтаст хэргийн 114-115 дахь тал/-ээр тус тус тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогч нарын биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Р.*******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Д.Ганбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч З.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.
Шүүгдэгч Р.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Р.******* нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулах санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Р.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Р.*******г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Р.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.*******ын эрүүл мэндэд хүнд, хохирогч Д.Ганбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон.
Хохирогч З.*******ын хувьд энэ гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээ, Солонгос улсад үзлэг, оношилгоонд хамрагдсан зардал, Хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас авч байсан цалин хөлсний зөрүү, Шүүх хуралдаанд биеэр оролцохоор ирж буцах унаа, буудлын зардалд нотлох баримтын / 1-р хавтаст хэргийн 220-250, 2-р хавтаст хэргийн 01-64 дүгээр тал/, хохирол төлбөрийн гараар бичсэн нэхэмжлэлийн дагуу хохирол төлбөрт нийт 60,463,624 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзсэн.
Учир нь: Хохирогч З.******* нь тус гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан, БНСУ руу явж онош тодруулж, эмчилгээ хийлгэсэн нөхцөл байдал, З.*******ын амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас, өөрөө босож явж чадахгүй, тэргэнцэр дээр сууж шүүх хуралдаанд оролцож буй эрүүл мэндийн байдал, хохирол төлбөрийн талаарх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хохирогч З.*******ын 60,463,624 төгрөгийн нэхэмжлэлээс 8,200,000 төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шат болон шүүхийн шатанд шүүгдэгч Р.******* төлснийг хасаж тооцон 52,263,624 төгрөгийг шүүгдэгч Р.*******гээс гаргуулан хохирогч З.*******т олгох нь зүйтэй байна гэж үзэв.
Хохирогч Д.Ганбаатарын хувьд мөрдөн байцаалтын шатанд эмчилгээтэй холбоотой зардалд 2,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Р.******* мөрдөн байцаалтын шатанд 1,000,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч Р.*******гийн мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байна. Хохирогч Д.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би осолд орсны дараа Улаанбаатар хотод ирээд Цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байгаа... Би одоогоор өөрийн эмчилгээндээ ойролцоогоор 2,000,000 орчим төгрөг зарцуулсан байна. Нөгөө талын жолоочоос намайг цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байхад ирж уулзсан надад 1,000,000 сая төгрөг өгсөн... Надад гомдол нэхэмжлэх зүйл байна. Эрүүл мэндэд зарцуулагдсан зардал болон цаашид гарах зардал мөн ажилгүй байх үеийн цалин тэтгэмжээ нэхэмжилж байна. Мөн сэтгэл санаанд учирсан хохирол зэргээ нэхэмжилж байна. Би энэ ослоос болж нийт 5 сар ажилгүй гэртээ байсан...” гэх мэдүүлгийг өгсөн байх бөгөөд хэрэгт дээрх нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх тул хохирогч Д.Ганбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх, ажилгүй байсан хугацааныхаа цалинг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхээр нь хангаж шийдвэрлэв.
Мөн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс... Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.” гэжээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025.01.20-ны өдрийн 133 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээнд “Д...........р /.......ын сэтгэцэд дээрх хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна” гэж,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025.01.20-ны өдрийн 132 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээнд “..................ын сэтгэцэд 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан зэргээр F43 Дасан зохицохын хямрал, хүчтэй стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд оношлогдож байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан “хор” уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна гэж тус тус тогтоосон байна.
Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 550,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед буюу 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэмт хэрэг гарсан байна.
Хохирогч З.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Д.Ганбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон, хохирогч нарын эмчилгээ хийлгэсэн байдлууд, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, зовиур зэргийг үндэслэн түүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хохирогч З.*******т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 13,750,000 төгрөгөөр тооцож, хохирогч Д.Ганбаатарт 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2,744,500 төгрөгөөр тус тус тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Р.*******гээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нийт 66,013,624 төгрөгийг гаргуулж хохирогч З.*******т, 2,744,500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ганбаатарт тус тус олгохоор шийдвэрлэв.
Түүнчлэн энэ гэмт хэргийн улмаас Тоёота приүс маркийн ...........УЕА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 14,713,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1552 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 157-164 дэх тал/-аар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Р.******* нь мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч С.*******т 7,300,000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 76 дугаар талд авагдсан эд зүйл, гомдол мэдээлэл, бусад баримт хүлээн авсан тэмдэглэл, мөнгөн шилжүүлгийн баримтууд /3 дугаар хавтаст хэргийн 76, 77, 82, 83/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн үлдсэн хохирол 7,413,000 төгрөгийг шүүгдэгч Р.*******гээс гаргуулан иргэний нэхэмжлэгч С.*******т олгохоор,
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.*******ын эрүүл мэндэд хүнд, хохирогч Д.Ганбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч З.******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2,649,000 төгрөгийн, Д.Ганбаатар нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,729,500 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байх тул шүүгдэгч Р.*******гээс нийт 4,378,500 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар буюу иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнэд олгохоор тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хариуцагч “г.............” гхоххк-с хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ганбаатарт 9,720,282 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч З.*******т 20,850,334 төгрөгийг тус тус төлсөн Иргэний хариуцагч “гуо хуй олон улсын тээвэр” гхоххк”-ийн төлөөлөгч, нягтлан бодогч ажилтай С.Ренчиндолгор мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 9 дэх тал/, хохирогч З.*******, Д.Ганбаатар нарын мэдүүлэг тайлбараар тогтоогдож байна. Хохирогч З.******* тус мөнгөн дүн дээр мараагүй болно.
Иргэний нэхэмжлэгч Ч.*******, М.*******, Р.Эрдэнэжаргал нар нь шүүгдэгч Р.*******д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний нэхэмжлэгч М.*******ын эзэмшлийн ............ДАР улсын дугаартай “Toyota Prius 41” маркийн тээврийн хэрэгсэлд 2,860,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд “нийт дүн 2,860,000 төгрөг” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дахь тал/, иргэний нэхэмжлэгч М.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт“...Би машиндаа үнэлгээ хийлгэсэн байгаа үнэлгээгээр гарсан эвдрэл гэмтэл учирсан байгаа...” гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 92 дахь тал/-аар тогтоогдож байх боловч тус хохирлыг шүүгдэгч Р.*******гээс нэхэмжлэхгүй талаараа санал хэлсэн болох нь шүүх хуралдааны товийг мэдэгдсэн баримтад тэмдэглэгдсэн байна.
Иймд иргэний нэхэмжлэгч М.*******ын тус нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирлыг шүүгдэгч Р.*******гээс нэхэмжилнэ гэвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Р.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Р.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Р.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол хор уршиг, учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, зарим хохирлыг нөхөн төлсөн зэрэг бусад хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан зорилгод нийцүүлэн шүүгдэгч Р.*******гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уул ялын хязгаарлалтын бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр хязгаарлалтыг тогтоолгох дүгнэлтийг гаргаж байна гэх,
Хохирогч З.*******ын зүгээс хохирол төлбөрийг барагдуулбал санал гомдол байхгүй. Цаг тухайд нь хохирлоо төлж барагдуулах боломжтой байх нөхцлийг харгалзан ял шийтгэл оногдуулж өгнө үү. Жолооч хийдэг гэж байгаа, Хөдөө орон нутгийн жолооч хийдэг хүний хувьд зорчих эрхийг хязгаарлах нь тасралтгүй хохирол төлбөрөө барагдуулахаар боломжгүй байх болов уу энэ байдлыг харгалзан үзэж ял оногдуулж өгнө үү гэх саналыг,
Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь сонгох ялтай хэрэг байгаа. Шүүгдэгчийн хувийн байдлын тухай сая сонслоо. Хэрэг үйлдсэн шалтаг шалтгааны тухайд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн. Тухайн цаг нөхцөл байдал нь цасан шуурга шуурч байсан, нэлээн халтиргаатай байсан байдаг. Жолооч энэ байдлаас урьдчилан сэргийлж явах ёстой боловч тэгж чадалгүй энэ ослыг гаргасан байдаг. Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгчийн зүгээс төлөх төлбөр нэлээн өндөр дүн гарч ирж байна. Шүүхийн зүгээс хохирол төлбөрийн хэмжээг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд тогтоож өгсөн. Уг хохирол төлбөрийг төлөхийн тулд ажил хөдөлмөр эрхлэх шаардлагатай юм байна. Тэрнээс биш миний өмчлөлд ийм зүйл байна, үүнийг зараад мөнгө өгье гэх зүйл байхгүй юм байна. Мөрдөн байцаалтын шатанд зөндөө санал хүсэлт гаргасан боловч энэ хүнд өөрийнх нь нэр дээр байх хөрөнгө байхгүй болох нь эрх бүхий байгууллагаас ирсэн баримтуудаар тогтоогдож байна. Улсын яллагчийн тухайд зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргаж байна. Өнөөдрийн байдлаар ид залуу насан дээрээ байгаа хүнд ажил олдохгүй байгаа. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын тухайд ямар нэгэн санал байхгүй. Тийм учраас ажил хөдөлмөр эрхлээд хохирол төлбөрөө төлөх боломжтой ялыг оногдуулбал нэг нь хохирол төлбөрөө төлөх, нөгөө нь эмчилгээ хийлгээд эрүүлжиж гэр бүлээ авч явах боломжтой тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн 6.2 дугаар зүйлийг журамлан тэнсэх боломжтой байна. Шүүгдэгчийн тухайд хохирол төлбөр төлөх талаараа өмгөөлөгчтэйгөө хамт илэрхийлж байгааг харлаа. Мөн тодорхой хэмжээнд хохирол төлбөрийг төлсөн. Мөн цаашид төлөхөө илэрхийлж байгаа учраас итгэж байна. Саналыг нь хүлээн авч тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Р.*******д холбогдох хэргийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар түүнийг гэм буруутайд тооцож хохирол төлбөр төлүүлэхээр шийдвэр гарсан. Түүний зүгээс уг хохирол төлбөрийг тодорхой хугацаанд боломж гарвал ажил эрхэлж, орж ирсэн орлогоо өгч төлье гэдгээ илэрхийлж байна. Үүнийг уламжилъя. Эрүүгийн хариуцлагын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал байна уу? гэдгийг анхааран үзэх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна. Тус гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн. Тухайн осол гарах үед Р.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Иймд болгоомжгүй хэлбэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл болж байна. Мөн шүүгдэгч нь өмнө ямар нэгэн ял шийтгэл, захиргааны зөрчилд холбогдож шийтгэгдэж байгаагүй болох нь ял шалгуурын хуудсаар харагддаг. Р.******* нь өөрийн чадах хэмжээндээ хохирол төлбөрийг төлсөн. Нийдээ 16,500,000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлж барагдуулсан байна. Үлдсэн хохирол төлбөрийг ажил хөдөлмөр эрхлээд төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Шүүгдэгчийн хувьд хамтран амьдрагчтайгаа түүний гэрт оршин суудаг. Өөрийн гэсэн хашаа байшин байсан боловч түүнийгээ зараад оюутан охиндоо зарцуулсан, амьдрал нь ийм байгааг хохирогч тал мөн хүлээн зөвшөөрч ойлголцсон гэдгийг хэлмээр байна. Хохирогч талаас их хэмжээний хохирол төлбөр төлөхөөр шийдвэрлэсэн байгаа учраас уг хохирлоо хурдан шуурхай нөхөн төлөх, цаашлаад хурдан хугацаанд эмчилгээ үйлчилгээгээ авч эрүүл болох талаас нь ял шийтгэл оногдуулах талаар хэлсэн. Хохирол төлбөрөө хурдан шуурхай төлж барагдуулж хохирогчийн эрүүл мэнд, ар гэрт нь тусламж үйлчилгээ үзүүлэх нэмэр болох үүднээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан ял шийтгэлийг оногдуулахдаа дээр хэлсэн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд болох анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн, зарим хохирлоо төлсөн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзах ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Мөн тус зүйл хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3-5 жилийн хугацаагаар хасахаар заасан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэж хүсэж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн хэлэх зүйл байхгүй гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр зохицуулжээ.
Шүүгдэгч Р.*******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байхаас гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэг нь дээрх хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч З.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирол, төлбөрийг гаргуулах, нэхэмжлэх эрхээр хангуулах зэргийг үндэслэн шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан төлбөрийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг хуулиар олгосон эрхүүдээ эдлэх боломжоор хангахад ач холбогдолтой гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Р.*******гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан тул шүүгдэгч Р.*******д дараах албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзлээ.
Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Р.*******д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Р.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ