Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/17

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Г.Цогтмагнай

Хохирогч О.Ц

Шүүгдэгч М.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бор

                Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нарыг оролцуулан;

                              

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Д.Батцэнгэл, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/29 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Борын гаргасан давж заалдах гомдлоор М.О т холбогдох эрүүгийн 2014002810249 дугаар хэргийг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Монгол улсын иргэн, овогт М.О , 1985 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3,  ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,

 

            М.О  нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатансуудал 5 дугаар багийн 5-516 тоотод иргэн Б.Жаргалбатыг зэвсэг болох хутгаар хутгалж түүний эрүүл мэндэд зүүн суганы арын шугам VII, VIII-р хавирганы завсраар орж уушгины доод дэлбэн, өрц дэлүү, нойр булчирхайн сүүл хэсгийг гэмтээсэн цээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл учруулж уг гэмтлийн улмаас цээжний хөндий дэх хий, цус хуралдалт, хэвлийн хөндийд дэх цус хуралдалт, ферментийн гаралтай гялтангийн үрэвсэл бүхий хүнд хохирол санаатай учруулж энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /         

                                                                                                                 

          Баянхонгор аймгийн Прокурорын газраас М.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

              Анхан шатны шүүх: Шүүгдэгч Бэндэръяа овогт Маамын Отгонбаярыг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан  гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Бэндэръяа овогт Маамын Отгонбаярыг зургаан  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч М.О т оногдуулсан зургаан  жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.О ын энэ хэргийн учир нэг зуун дөчин тав / 145 / хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч М.О аас долоон сая нэг зуун дөрвөн мянга долоон зуун жаран зургаан /7.104.766/ төгрөг гаргуулж хохирогч О.Ц д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн улаан өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж,  Хэрэгт шүүгдэгч М.О ын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.О т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 26-ний өдрөөс эхлэн тоолж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66 дугаар зүйлийн 66.3, 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар шүүгдэгч М.О ын асран хамгаалалтад байсан 2009 оны 11 дүгээр сарын 26-ний өдөр төрсөн хүү Н.Амгаланбаяр, 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин О.Ануцэцэг нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч  тогтоож, эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчид хариуцуулахыг Баянхонгор аймгийн Баянлиг сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бор гаргасан давж заалдах гомдолдоо: ...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Хохирогч Б.Жаргалбат нь 2020 оны 04 сарын 27-ны өдөр согтуу үедээ М.О аас хэрүүл өдөж түүнийг заамдаж авч өмсөж байсан тэрлэгийн энгэрийг бүс хүртэл нь урсан. Тэгэхэд нь М.О  тэрлэгээ тайлаад зогсож байтал хохирогч Жаргалбат эргэнэгээс хутга авч зүүн гартаа ишнээс нь барьж ирийг нь доош харуулан далайсан байдалтай М.О  луу дайрсан. Тэгэхэд нь гараараа хаалт хийхэд нь гарлуу нь хутгалсан. М.О  хутга барьсан гарын бугуйнаас барьж авахад хохирогч гараа хойш татаж, М.О ыг баруун гараараа заамдаж аваад татангуут давхраараа унаж хохирогч өөрийн барьж байсан хутган дээрээ унасан ийм л асуудал болсон. Шүүх Шүүгдэгч М.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх боловч гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалт хийсэн болох нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн эсхүл бусдын амь нас, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилжээ. Өөрөөр хэлбэл нийгэмд аюултай халдлага бодитой эхэлсэн, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд тодорхой байгаа үед хамгаалалт хийх эрх үүсэх бөгөөд бодитой хүч хэрэглэсэн шинжтэй шууд заналхийлэл нь аргагүй хамгаалалт хийх хууль зүйн үндэслэл юм. М.О ын хэрэгт мөрдөн байцаалтын шатанд зөвхөн яллах талыг барьж нотлох баримтыг бүрдүүлсэнийг анхан шатны шүүх анхааралгүй, шүүгдэгчийн гэм буруугийн талаар бодитой дүгнээгүй, шийдвэрлэсэн. Хохирогч Б.Жаргалбат согтуу үедээ М.О ын дээлнээс заамдан авч дээлийн энгэрийг бүс хүртэл нь урсаны дараа тэр тайлаад зогсож байхад нь эрэгнэгнээс хутга бариад зүүн гартаа бариад дайрсан довтолгоо хийсэн болох хэрэгт авагдсан баримтууд, М.О ын гар руугаа хутгалуулсан байдлаар тогтоогддог.

М.О т холбогдох хэргийг анх мөрдсөн мөрдөгч Э.Тэгшбаяр мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа маш хариуцлагагүй хандаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж бичиг үсэг мэдэхгүй М.Баттогоо, Г.Болдбаатар, Ч.Төрбат нараас гэрчээр мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй, авсан мэдүүлгээ уншиж танилцуулахгүй гарын үсэг зуруулсан. Мөн М.О аас хавтаст хэргийн 135-137 дугаар хуудсанд авсан мэдүүлгийг уншиж танилцуулаагүй шууд гарын үсэг зуруулснаас болж гэрчүүдийн хэлсэн үгийг орхих, хэлээгүй зүйлийг хэлсэн болгож нэмж бичсэн зэрэг зөрчил гаргасан. Энэ байдлыг М.О  прокурорын шатанд яллах дүгнэлтийг гардаж авахдаа мэдэж гомдол гаргасан.

Мөрдөгч тухайн хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэж үзсэн эсхүл хууль эрх зүйн мэдлэггүй хүнээс гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6-д заасан ... гэрч өөрийнх нь эсрэг түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй хамт мэдүүлэг өгөх эрхийг сайтар тусгайлан тайлбарлах үүргийг биелүүлээгүй.

Харин мөрдөгч Д.Буянравжих мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж явуулахдаа шүүгдэгч М.О , М.Баттогоо, Ч.Төрбат, Г.Болдбаатар, Б.Маам, М.Одбаяр, Э.Тэгшбаяр нараас шинээр мэдүүлэг авч үзлэг, туршилт хийж яллах болон цагаатгах нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шалгаж хэргийг прокурорт шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтооно. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч , прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч шүүгдэгчийг яллах, цагаатгах , хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн зарчмыг алдагдуулсан. Прокурорын яллах дүгнэлтэнд зөвхөн 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан дээрх гэрчүүдийн өмнөх хууль зөрчиж авсан мэдүүлгүүдийг түүвэрлэж бичиж 2 дугаар хавтсанд авагдсан шүүгдэгчийг цагаатгах нотлох баримтуудыг орхигдуулсан.

Хавтаст хэргийн 2 дугаар хавтсанд авагдсан нотлох баримтуудаас харахад өмнө нь 1 дугээр хавтаст авагдсан гэрчүүдийн мэдүүлгийг зөрүүтэй байдлаар хууль зөрчиж авсан байтаа бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд эргэлзээ төрөхүйц байдлууд тогтоогдсон. Өөрөөр хэлбэл мөрдөгч Э.Тэгшбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн М.О , М.Баттогоо, Ч.Төрбат, Г.Болдбаатар нарын мэдүүлгүүдэд эрс зөрүүтэй байдал бий болсон төдийгүй тэд өмнөх мэдүүлэгтээ хэлсэн зүйлүүдийг өөрчилсөн байдлаас авч үзэхэд мөрдөгч хууль зөрчиж авсан нь тодорхой байхад шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт нотлох баримтын хэмжээнд авч үзсэн нь учир дутагдалтай байна.

Гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүтэй байдал дараах нотлох баримтуудаас харагдана. Тухайлбал : 2-р хх- 112-113-д М.Баттогоогийн .... Та өмнө мэдүүлэг өгөхдөө ... танд хохирогч нь М.О  намайг хутгалчихлаа гэж хэлсэн үү гэж асуухад - би ороод юу боловоо гэхэд Б.Жаргалбат дуугарахгүй байсан. Харин М.О  нь Б.Жаргалбат ах над руу хутга барьж дайраад миний гарыг зүсээд хутган дээрээ ойчлоо гэсэн. М.О ын баруун гарын дунд хурууны дээд хэсгээс цус гарчихсан байсан. Намайг гэрт ороход М.О ын дээлийн урд хэсэг урагдаад унжсан байсан. Талийгаач 2002 оны үед Улаанбаатар хотод явж байгаад хүнд хутгалуулсан. Шархнаас нь шингэн зүйл гардаг гээд подволькоо нухлаад сууж байдаг байсан гэх мэдүүлэг гэх        

2-р хх- 103-д гэрч Г.Болдбаатарын ....Би урьд нь 2 удаа мэдүүлэг өгсөн боловч үнэн юм алга байна. Өмнө өгсөн мэдүүлэгтээ ... намайг унтаж байхад М.О  сэрээгээд ...бид маргаж байгаад Б.Жаргалбатыг хутгалчихлаа хаана нь гэхэд хавирга руу гэсэн ... М.О  би Б.Жаргалбатыг хутгалчихлаа гэж надад хэлээгүй. Ямар учраас ингэж бичсэнийг мэдэхгүй байна. Надад мэдүүлэг уншиж өгөөгүй. Харин М.О  надад түүнийг хутган дээрээ ойчлоо гэснээс өөр зүйл хэлээгүй. Б.Жаргалбат юу ч хэлээгүй. М.О  согтууруулах ундааны зүйл ч хэрэглээгүй байсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж хэлээгүй ш дээ. Маргааш нь М.О тай тааралдахад Жаргалбат ах хутга барьж дайраад гар аваад хаячлаа гээд гараа үзүүлэхэд зүсэгдсэн хавдсан шарх байсан . Би нэрээ л бичиж чадна. Бичиг үсэг мэдэхгүй гэх ...

2-р хх-98-д гэрч Ч.Төрбатын .... Та М.О  нь Жаргалбатыг цохиж зодоогүй талаар хэллээ. Өмнө нь яагаад М.О  цохихоор нь салгасан гэж хэлсэн юм бэ гэхэд би өмнө нь тийм мэдүүлэг өгөөгүй. Яагаад тэгж бичсэнийг мэдэхгүй . Би мэдүүлгээ уншиж чадахгүй учир уншаагүй. М.Баттогоо ах юу боловоо гэхэд Жаргалбат ах хутга бариад дайрахаар нь хутгыг нь булааж авах санаатай байсан чинь хутган дээрээ уначихлаа гэсэн. Чи өмнө өгсөн мэдүүлэгтээ - Жаргалбат ...чи намайг хутгалчихлаа гэхэд М.О  чи өөрөөсөө болоо биз дээ гэсэн гэх мэдүүлэг өгсөн байна гэхэд - Талийгаач тухайн үед юу ч яриагүй юу ч дуугараагүй . Түүний баруун гарын ар хэсгээс цус гарсан харагдсан. Мөн дээлийн энгэр урагдаад доошоо унжсан байсан. Тухайн үед М.О  талийгаачийн хутгыг булаацалдаж байгаад гараа зүсүүлчлээ гэж байсан гэх.... хх-93-д гэрч цагдаа Л.Пүрэвсүрэнгийн .... Отгонбаярыг тухайн өдөр дүү М.Одбаяр дагуулж ирсэн. Түүний баруун гарт нь зүсэгдсэн шарх байсан гэх

Анхан шатны шүүх М.О т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ гэрч М.О , М.Баттогоо, Ч.Төрбат, Г.Болдбаатар нарын эрс зөрүүтэй, өмнө нь хууль зөрчиж авсан мэдүүлгүүдийг яллах үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т "дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол тогтоолд дурдсан шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзнэ" гэсэн заалтыг зөрчсөн.

Шүүгдэгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлгээ өөрчилсөн тохиолдолд шүүх мэдүүлгүүдийг нягтлан шалгаж, мэдүүлгээ өөрчилсний шалтгааныг тодруулж, хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулсны эцэст уг асуудлаар зохих дүгнэлт хийж, тогтоолд тусгах ёстой.

Тухайлбал шийтгэх тогтоолд - гэрч Ч.Төрбатын мэдүүлгийг бодитой гэж дүгнэлээ гэж заасан. Гэтэл Ч.Төрбат бичиг үсэг мэдэхгүй учир өмнө өгсөн мэдүүлгээ уншиж чадахгүй тул уншаагүй. Би өмнөх мэдүүлэгтээ тийм зүйл яриагүй гэдэг. Шүүх Ч.Төрбатын 2-р хавтаст хэргийн 98 дугаар хуудсанд цагаатгах мэдүүлэг өгснийг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй. М.Баттогоогийн 2-р хавтаст хэрэгт авагдсан цагаатгах мэдүүлгийн үндэслэлийг бичээгүй орхигдуулсаны гадна хууль зөрчиж авсан дээрхи мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг яллах, уг мэдүүлгийг шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэл болгохыг зөвшөөрөх боломжгүйн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн Хохирогч Б.Жаргалбатын мэдүүлгийг шүүх үнэлсэн. Хохирогч Б.Жаргалбат мөрдөн шалгах ажиллагааны эхнээс мэдүүлэг өгөхдөө .. би согтуу байсан учраас болсон асуудлын талаар мэдэхгүй байна.... намайг Отгонбаяр хутгалсан гэдгийг Баттогоо надад хэлсэн....гэх зэргээр эргэлзээтэй мэдүүлэг өгсөн. Гэрч М.Баттогоо, Ч.Төрбат, Г.Болдбаатар, Э.Тэгшбаяр нар Жаргалбатыг болсон асуудлын талаар юу ч ярихгүй байсан зэргээс авч үзэхэд хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд авч үзэхэд эргэлзээтэй байгаа юм.

Шүүх Б.Жаргалбатыг хутга барьж довтолсон үйлдэл яригдаагүй байгааг анхаарах нь зүйтэй гэж үзсэн нь дараах мэдүүлгүүдээр няцаагдаж байгааг шүүх анхаараагүй.

М.О ын гарт хутгалагдсан шарх үүссэн байсан талаар - 2-р хавтаст хэргийн 97-д мөрдөгч Э.Тэгшбаярын ... 2020 оны 04 сарын 27-ны орой М.О ыг согтуурлыг шалгахаар өрөөндөө авчирахад гарын арын дээд хэсэгт зүсэгдсэн шарх байсан. Энэ талаар нь асуухад Жаргалбатыг хутга бариад дайрахад нь хутгатай гараас нь барьж авах гээд зүсүүлсэн гэж байсан гэх мэдүүлгэээс харахад хохирогч хутга бариад дайрсан гэдгийг мөрдөн шалгах ажиллагаа эхлээгүй байхад мөрдөгчид хэлсэн нь тодорхой байдаг.

2-р хх-110-111-Д гэрч Б.Маамын .... Отгонбаяр 2020 оны 04 сарын 27-ны орой гэртээ орж ирэхээр нь харахад баруун гарын ар хэсгээс нь цус гоожоод орж ирэхэд юу болов гэхэд Жаргалбатынд байж байтал тэр заамдаад дээл ураад дээлээ тайлаад зогсож байтал хутга барьж ирээд гар луу шаахаар нь хутгыг нь хаах санаатай хутгатай гараас нь бариад авсан чинь гараа суга татаж савж унангуутаа хутган дээрээ ойчихоор нь татаж босгосон гэх .... 2-р хх-76- хойш Б.Маамын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл- v:40 маркын улаан өнгийн андройд утсанд Отгонбаярын гар луугаа хутгалуулсан зураг хадгалаастай байгааг гэрэл зургаар бэхжүүлж авсан мөрдөн байцаагчийн үзлэгийн тэмдэглэл,

2-р хх-93 цагдаа Л.Пүрэвсүрэнгийн ... Отгонбаярыг тухайн өдөр дүү М.Одбаяр дагуулж ирсэн. Түүний баруун гарт нь ч зүсэгдсэн шарх байсан....гэх нотлох баримтууд болон М.О  Б.Жаргалбатад гар руугаа хутгалуулсан талаараа гэрч М.Баттогоо, Г.Болдбаатар, Ч.Төрбат, М.Одбаяр нарт хэлснийг тэд мэдүүлдэг, гэрч Маамын гар утсанд Отгонбаярын гар руугаа хутгалуулсан тухай 2020 оны 04 сарын 29-ний өдөр авсан зурганд мөрдөн байцаагчийн үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон байхад хохирогч Б.Жаргалбатын хутга барьсан довтолгоо хийгдсэнийг үгүйсгэх үндэслэлгүй юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Жаргалбатад хүнд хохирол учирсан гэх дүгнэлтээр шалтаглан М.О ын эрүүл мэндэд учирсан хохирлыг орхих, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг явуулахгүй байх эрх, иргэдийн эрүүл мэндэд заналхийлсэн халдлага, учирсан байдалд ялгавартай хандах хууль байх ёсгүй.

Прокурорын яллах дүгнэлтэнд: хавтаст хэргийн 135-137 дугаар хуудсанд мөрдөгчийн хууль зөрчиж авсан шүүгдэгч М.О ын мэдүүлгийг бичсэн байсан. Үүнийг би нотлох баримтаас хасуулах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан байхад шүүх миний хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа яллах нотлох баримтын хэмжээнд авч үзсэн.

Прокурорын яллах дүгнэлтэнд М.О ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 2.5-д зааснаар зүйлчилсэн байхад шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээрр зүйлийн 2.4-ийг орхигдуулсан боловч энэ талаар үнэлэлт дүгнэлт хийгээгүй атлаа хутга мэс хэрэглэсэн гэж буруутгасан нь ойлгомжгүй байна. М.О ын хэрэгт гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал бий болсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Аргагүй хамгаалалтын үндсэн шинж бол -Халдлага нийгэмд аюултай байх, довтолгооны эсрэг Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийдэг. Халдлага эхэлсэн эсхүл эхлэх нь тодорхой болсон байдаг.

Аргагүй хамгаалалт хэлбэрийн хувьд бусдын эд хөрөнгийг эвдэх буюу устгах, хүний бие махбодид гэмтэл учруулах, хүний амь насыг хохироож болдог.

М.О ын хувьд хохирогч хутга бариад дайрсан нийгэмд аюултай үйлдэл эхэлсэн, хариу арга хэмжээ авахаар гараараа хаалт хийсэн боловч гар руугаа хутгалуулсан. Энэ бол түүний өөрийн амь насаа хамгаалахын тулд хийсэн аргагүй хамгаалалт. Харин хохирогч хутга барьсан гараа хойш нь булааж аваад Отгонбаярыг заамдаж татаад хутган дээрээ унасан явдалд М.О  гэм буруугүй.

Хохирогч Б.Жаргалбат хутгаа ишнээс нь доош нь харуулж барьсан байсан хутгыг зүүн гартаа барьсан зэргээс үзэхэд газар унахдаа гар нугалах үед бие рүү хутга орох магадлалтайн дээр зүүн гартаа барьсан , хохирогчийн биеийн зүүн талд учирсан гэмтэл хоёрын хооронд шууд шалтгаант холбоотойн дээр шүүгдэгч М.О ын гэм буруутай эсэхэд хэрэгт авагдсан хамааралтай нотлох баримтууд нь түүнийг шууд буруутгах үндэслэлгүй байх тул “эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан зарчмыг шүүх удирдлага болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.О т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Г.Цогтмагнай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс М.О т оногдуулсан ялын төрөл хэмжээ нь нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон тул шүүгдэгч М.О  болон түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бор тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэргийн материалд авагдсан цагаатгах нотлох баримтыг яллах дүгнэлтэд бичээгүй, шүүх үнэлээгүй. Харин хууль зөрчиж авсан мэдүүлгүүдийг шийтгэх тогтоолын үндэслэл болгож байгаад харамсаж байна. Тухайн үед довтолгоо бий болж довтолгооноос өөрийгөө хамгаалж аргагүй хамгаалалт хийсэн. Иймээс М.О ын үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Борын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  гомдлуудад  дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Баянхонгор аймгийн прокурорын газраас М.О ыг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатансуудал 5 дугаар багийн 5-516 тоотод иргэн Б.Жаргалбатыг зэвсэг болох хутгаар хутгалж түүний эрүүл мэндэд зүүн суганы арын шугам VII, VIII-р хавирганы завсраар орж уушгины доод дэлбэн, өрц дэлүү, нойр булчирхайн сүүл хэсгийг гэмтээсэн цээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл учруулж уг гэмтлийн улмаас цээжний хөндий дэх хий, цус хуралдалт, хэвлийн хөндийд дэх цус хуралдалт, ферментийн гаралтай гялтангийн үрэвсэл бүхий хүнд хохирол санаатай учруулж энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан хэргийн үйл баримт болжээ.

 

Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 234а дугаар яллах дүгнэлтээр яллагдагч М.О т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 2.5-д тус тус зааснаар зүйлчилж, яллагдагч М.О т яллах дүгнэлтийг гардуулан, хэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх М.О т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч М.О ыг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо гэж дүгнээд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар Маамын Отгонбаярт 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, яллах дүгнэлтэд зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэх хэсгийг яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүйгээр орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан “... шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй...” гэснийг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-д заасан “... шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох...” гэснийг тус тус зөрчжээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/29 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон тул шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Борын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

                             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.2,

                         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                           зүйлийн 1.3 -д тус тус заасныг  удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/29 дүгээр шийтгэх  тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, М.О т холбогдох эрүүгийн 2014002810249 дугаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.О т урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.