Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2022/00103

 

2022 оны 01 сарын 11 өдөр

                     Дугаар 183/ШШ2022/00103                     Улаанбаатар хот

                  

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д. Г-ийн нэхэмжлэлтэй,

 

  Хариуцагч:  Ц.Б -д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэг, учирсан хохирол нийтдээ 6,600,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

           нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г 

           нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.

Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г  нь хариуцагч Ц.Б  холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, учирсан хохиролд нийтдээ 6,600,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.Г  нь 7-8 жилийн өмнө Солонгос улсад Ц.Б танилцаж байсан. Улмаар 9 жилийн хугацаатай гэр бүлийн хамт Солонгос улсад ажиллаж байгаад 2021 оны сүүлээр гэр бүлийн хамт Монгол Улсад ирсэн бөгөөд 2021 оны 5 сард Ц.Б  таарахад 7 хоногийн хугацаатай 6.000.000 төгрөг зээлэхийг хүссэн. Тухайн үед Ц.Б  нь миний данс одоогоор боломжгүй байгаа тул манай ээж Э.Б  данс руу шилжүүлчих гэж хэлсний дагуу 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 6,000,000 төгрөг шилжүүлсэн. Ц.Б  нь тохирсон 7 хоногийн хугацаандаа мөнгөө шилжүүлээгүй тул нэхэмжлэгч зээлсэн мөнгөө шаардахад шалтаг тоочиж төлөлгүй өдийг хүрсэн. Хариуцагч Ц.Б  нь шүүхийн дуудсан цагт ирдэггүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байна. Ц.Б нь 2021 оны 12 дугаар сарын 06-нд нэхэмжлэлийн шаардлагын хувийг гардаж авсан. Үүнээс хойш Ц.Б  ярихад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, эвлэрэх боломж олгооч гэж хэлдэг. Хариуцагчийн зүгээс зээл авсан хэрэглэсэн тал дээрээ маргадаггүй тул нэхэмжлэлийн шаардлага болох 6,000,000 төгрөгийг, мөн өмгөөллийн хөлс төлж хохирсон тул 600,000 төгрөгийг хариуцагч Ц.Б  гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс 2021.05.26-ны, 2021.08.26-ны өдрийн Хаан банкны дансны хуулга, 2021.08.26-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

   Нэхэмжлэгч Д.Г   гаргасан нэхэмжлэлээс 6,000,000 төгрөгийг хангаж, үлдэх 600,000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

   Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,000,000 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч өмгөөллийн хөлс төлсөний учирсан хохирол 600,000 төгрөг гэжээ.

 

 Хариуцагч 2021.12.06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан атлаа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021.05.26-ны, 2021.08.26-ны өдрийн Хаан банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар  зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.    

 

          Хаан банкны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч Д.Г  нь 2021.05.26-ны өдөр 6,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаагаар  хариуцагч Ц.Б  зээлдүүлсэн  байх бөгөөд зээлдэгч мөнгийг буцаан төлөөгүй, тухайн үед талуудын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байна.

Шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4-т “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

 

Иймд нэхэмжлэгч Д.Г  мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй тул  хариуцагч Ц.Б  зээлийн  гэрээний үүрэгт 6,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Өмгөөлөгч Ц.Г  байгуулсан 2021.08.26-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөллийн хөлсөнд төлсөн 600,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Г  өөрт учирсан хохиролд тооцож хариуцагчаас гаргуулахыг хүссэн боловч Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үүргийн зөрчилтэй холбоотой хохирол болон гарсан зардалд хамаарахгүй тул 600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                              ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар Ц.Б   6,000,000 төгрөг гаргуулж Д.Г  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110,950 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ