Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/176

 

 

 

 

   2025         03         24                                     2025/ШЦТ/176

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Д.Рэгзэдмаа,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

шүүгдэгч Ж.У, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн 10 дугаар танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Ххххх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Уовогт Жгийн Уг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн   дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Уг хххххөдөр Ххххх дүүргийн 29 дүгээр хороо, хххх байрны ххх тоотод байхдаа дүү Ж.Отай архи уулаа гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, улмаар нүүр лүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.       

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

шүүгдэгч Ж.У нь хххххөдөр Ххххх дүүргийн 29 дүгээр хороо, ххххбайрны ххххх тоотод байхдаа дүү Ж.Отай архи уулаа гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хххх өдрийн Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын ххх дугаар тогтоол /хх-ийн 01-02/,

хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 03/,

зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, СХДЦГ ЦХ-3, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 04-05/,

хххххөдрийн хохирогчид хийсэн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 06-07/,

сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 15/,

хохирогч Ж.Оын эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 78/,

 

Хохирогч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

хххххөдрийн 17 цагийн үед Ххххх дүүргийн хх хороо, ххххбайрны ххххх тоотод байрлах өөрийн гэртээ байж байтал төрсөн ах Ж.У нь хүргэн ах Д.Дтой хамт гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Гартаа 0,33 грамын Д нэртэй архи барьж орж ирээд уусан. Тэгээд би хоол хийсэн байсан чинь хоол идчихээд гараад тамхи авч бас 0,5 литрийн лаазтай Д нэртэй пиво 2 ширхгийг авч орж ирээд уусан. Тэгээд дахин 21 цагийн үед гарч архи авч ууна гэхээр нь би гаргахгүй гэхэд гарна гээд маргалдаж байтал баруун гараараа миний баруун нүд рүү цохисон. Би ухаан алдсан. Удалгүй босож ирээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Урьд өмнө нь арай ч ийм байдалтай болж байгаагүй. Ганц нэг маргалдаж муудалцдаг байсан.гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/,

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч хх 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ххххх6 дугаар:

Ж.Оын биед хоёр дээд, доод зовхи, хамарт цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 17-18/,

 

Шүүгдэгч Ж.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би хххххөдөр 14 цагийн үед хүргэн ах Дийн хамт дүү Оын гэрээсээ гараад Д зах ороод гар утас авсан. Тэгээд Д захын хашаан дотор 0.5 литрийн Д нэртэй архи хоёр шилийг хувааж уугаад буцаад 18 цагийн орчимд дүү Оын гэрт очоод 0,33 граммын Д нэртэй архи нэгийг уусан. Тэгээд манай төрсөн дүү Ж.О нь намайг архи уулаа гэх шалтгаанаар гэрээсээ хөөгөөд байсан. Тэгэхээр нь би тэсэлгүй баруун гараа атгаж байгаад баруун талын нүд рүү нь нэг удаа цохисон. Удалгүй цагдаа нар ирээд би эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэгдсэн.

Миний бие тухайн үед Ххххх дүүргийн ххх нутаг дэвсгэрт байрлах ххх ххххх тоотоос хүргэн ах болох Дийн хамтаар гараад зах орчихоод гудамжид хүргэн ахын хамт 2 шил архи уугаад орой 18 цагийн үед дүү Оын гэрт ороод 0.33 грамын нэг шил архи хувааж уусан. Тухайн үед дүү ажлаасаа ирчихсэн байсан. Би хх амьдардаг бөгөөд ххх ажил хийх гэж ирээд дүүгийн гэрт түр оршин сууж байгаа юм. Ингээд намайг архи ууж байхад дүү “гэрт архи уулаа" гэх шалтгаанаар гэрээсээ хөөгөөд байхаар нь бид хоёр маргалдаж би гэрээс нь гарахгүй гэхэд гар гээд байхаар нь би дүү Оын баруун талын нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд цагдаа дуудаж намайг цагдаа нар ирж авч яваад эрүүлжүүлэх байранд хоноод маргааш нь гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 60/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Угийн Ххххх дүүргийн Прокурорын газар гаргасан:

“Ж.У миний биед холбогдох хэргийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Гэм буруугаа хүлээж, дахин ийм зүйл гаргахгүй болно.” гэх хүсэлт /хх-ийн 85/,

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ж.Угийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 30-34, 39-42, 42-45, 67-72, 79-84/, Ххххх дүүргийн 29 дүгээр хорооны Засаг даргын 121 дугаар тодорхойлолт /хх-ийн 38/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 47/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50-51/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ж.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Унь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Ж.У нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, энэ нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогджээ. Шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулжээ.

Иймд шүүгдэгч Ж.Уг хохирогч Ж.Оын биед хоёр дээд, доод зовхи, хамарт цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Ж.О нь мөрдөн байцаалтын шатанд “миний бие төрсөн ахдаа ямар нэгэн санал гомдол байхгүй, мөн ажлаасаа нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч Ж.Угийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгт тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.У нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Уовогт Жгийн Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Уг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Уд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Уд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ