Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2022/00050

 

2022 оны 01 сарын 04 өдөр                   Дугаар 183/ШШ2022/00050                             Улаанбаатар хот

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн  шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Г.А

 

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Өлзийтийн зам ЭНЭҮТ-2 өөрийн байранд байрлах, Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр /РД:6642136/-т  холбогдох,

 

           ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.А түүний өмгөөлөгч Ц.Х

Хариуцагчийн төлөөлөгч А.О  түүний өмгөөлөгч Б.У  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.        

     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А  Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр-т  холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Нэхэмжлэгч Г.А  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би энэ байгууллагад 2019.12.26-ны өдрөөс эхлэн ажилд орсон, анх барилгын үйл ажиллагаа явагдаж байх үеэс нь ажилласан. Би ирээдүйгээ гэрэлтэйгээр бодоод маш идэвхи зүтгэлтэй ажиллаж байсан. Сүүлд улаан бүсэд ажиллаж байхдаа н.Наранхүү ахлагчтай үл ойлголцлоос болоод маргалдаан үүссэн ба н.Наранхүү ахлагч өргөдөл гаргасан байсан. Тухайн өргөдлийн дагуу би үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. Надад ямар нэгэн сануулга өгөхгүйгээр ажлаас гэнэт халсанд гомдолтой, мөн 14 хоногийн хугацаанд нийгмийн даатгалаас гэнэт халагдсаны мөнгө авах гээд хөөцөлдсөн боловч олдоогүй гэв.

 

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Х  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005.05.05-ны өдрийн 55 дугаартай дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дугаар зүйлийн 7а-д заасны дагуу бодсон. Нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалин хөлс болох 2021 оны 3, 4, 5 дугаар сараас тооцсон ба 3 сард 1,839,099 төгрөг, 4 дүгээр сард  994,008 төгрөг, 05 дугаар сард 1,550,916 төгрөгийн цалин авсан ба нэг сарын дундаж цалинг тооцохоор 1,461,341 төгрөг гарсан. Дундаж ажлын өдөр нь 21,5 байсан ба нэг өдрийн цалин 67,970 төгрөг гарсан. 2021.06.04-ний өдрөөс 2022.01.04-ний өдөр хүртэл нийт ажлын 153 хоногт үржүүлэхээр 10,399,410 төгрөгийн цалин гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч А.О  хариу тайлбарлахдаа: Анх энэ байгууллагыг нээгдэхэд анхны хүний нөөцийн менежерээр би ажиллаж байсан. Одоогийн байдлаар 529 ажилтан албан хаагчийн оролт гаралттай, 368 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Б.А  би өөрөө сонгон шалгаруулалт хийж ажилд авсан ба туршилтын 3 сарын хугацаанд ажиллуулахад удаан хөдөлгөөнтэй, тайван, манай үйлчилгээний менежерээс удаа дараа ажилдаа хойрго хүн байна гэж сануулж байсан. Бид цар тахлын үед хүний нөөцийн боломж бололцоо муу байсан, мөн би ковидоор өвдсөн учраас гэрээгээ цуцлах боломжгүй тул автоматаар 3 сарын хугацаанд үргэлжлүүлж ажилласан. Манай ажилчдаас удаа дараа ажилдаа  хойрго байна, удаан байна, ажилчидтай муудалцаж байна гэсэн гомдол ирэх бүрт нь амаар сануулга өгч байсан. Би өөрөө энэ хүнийг ажилд авсан учраас энэ талаар сайн мэдэх тул тушаал үндэслэлтэй гарсан. Би энэ хүнийг чи өрх толгойлсон ээж юм байна манайд ажиллачих, манайх цар тахлын үед илүү цагийн хөлсийг нь маш сайн олгож өгнө гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн цагийн бүртгэлийг би өөрөө бүртгэж байсан маш олон удаа чөлөө авдаг, гэнэт хүүхэд өвдчихлөө би очиж чадахгүй нь гэж олон шалтаг хэлдэг байсан гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.У  хариу тайлбарлахдаа: Аж ахуйн хангамж үйлчилгээний албаны ажилчдын хурлын тэмдэглэлд Г.А  ямар зөрчил гаргасныг ярьсан ба нэхэмжлэгч өөрөө хуралд байсан. Үйлчилгээний менежер н.Цэлмэг гэдэг хүн хариуцдаг ба үйлчлэгч Б.А  гүйцэтгэлийн чанар муу, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, утсаар их ярьж зүгээр суудаг, ажлыг цагт нь эхлүүлдэггүй байсан учраас шаардлага тавихад шаардлага хүлээж авдаггүй дуугүй бай, гар би өөрөө мэдэж байна гэх мэтээр үгээр дайрч доромжлон шаардлага хүлээж авдаггүй байсан гэж тэмдэглэсэн байна. Б.А ажил үүргээ гүйцэтгэх явцдаа удирдлагын хууль ёсны тушаал шийдвэрийг мөрдөнө. Ажил үүрэгтэй холбогдсон бүх дүрэм, зааврыг бүрэн хангаж биелүүлж ажиллана гэсэн үүрэг хүлээсэн. Мөн 2021.05.25-ны өдрийн Аж ахуй, хангамж үйлчилгээний хэлтсийн хурал дээр Аж ахуй үйлчилгээний албаны дарга н.М  танилцуулснаар үйлчлэгч Б.А  цэвэрлэгээ үйлчилгээ болон халдвар хамгааллын дэглэмийн талаар шаардлага тавихад үл биелүүлж, шаардлагыг хүлээж авалгүйгээр ёс зүйгүй үйлдэл гаргасан гэсэн Наранхүү эмчийн гомдол ирсэн. Мөн соёл үйлчилгээний албаны менежер н.Э  2021.01.27-ны өдрийн үнэлгээний хуудсаар үйлчлэгч Б.А  нь Б блокийн 5-6 давхарт цэвэрлэгээ хийсэн боловч цэвэрлэгээгээ хангалтгүй хийсэн ба шалны хүрээ арчихаас өөр зүйл хийгээгүй, цэвэрлэгээний алчуур хиртэй, цэвэрлэгээний багаж замбараагүй байсан ба шаардлага тавихад өөрийгөө өмөөрч байсан гэж хурлаар ярилцсан.  Энэ хүн хөдөлмөрийн гэрээнд зааснаар ажил үүргээ биелүүлээгүй байна. Хөдөлмөрийн дотоод журмын 5.3, 5.3.3-т хэрүүл маргаан үүсгэх, цээртэй үгээр доромжилсон, ажилтны үл хүндэтгэсэн хөдөлмөрийн дотод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзээд Хөдөлмөрийн хуулийн 40.1.4-т зааснаар  хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. 2021.06.04-ны өдрийн Б/83 дугаартай ажлаас халах тушаал хуулийн дагуу гарсан, хуулийн заалтыг 40.1.2 гэж техникийн алдаа гаргасан байна. Энэ алдааг Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.3-т зааснаар зассан, иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс 2021.06.07-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2021.06.04-ний өдрийн Б/83 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах тухай тушаал, 2020.12.01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, нууцын баталгаа, иргэний үнэмлэхний хуулбар, 2013.02.10-нд төрсөн хүүхдийн гэрчилгээ /хх-ийн 4-11, 99 дугаар хуудас/,

 

Хариуцагчаас 000216319 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.07.29-ний өдрийн А/119 дугаартай Техникийн алдааг залруулах, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2021.05.25-ний аж ахуй хангамж үйлчилгээний албаны хурлын тэмдэглэл, эмч, үйлчилгээний менежер нарын гомдол, /хх-ийн 15, 24-32 дугаар хуудас/, 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр ЭНЭҮТ хоёрын дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв. 

 

Нэхэмжлэгч Г.А  дараах  үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...өдөр бүр хуваарилсан ажлыг чанартай сайн гүйцэтгэж байсан, 2021.05.27-ны өдрийн хурлаар миний саналыг болон надтай ажилладаг хамт олны саналыг сонсоогүй, бичгээр ирүүлсэн гэх гомдлуудыг танилцуулаагүй, ажлаас халсан асуудлыг зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...ковидын халдварын үед улаан, шар бүсэд ажиллаж байхдаа эмчийн тавьсан халдвар, хамгааллын шаардлагыг огт биелүүлээгүй доромжилсон, үйлчилгээний менежерийн шаардлагыг хүлээн аваагүй, ажлын байранд хэрүүл маргаан үүсгэсэн ноцтой зөрчил гаргасан” гэжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.А  нь 2020.12.01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёрт үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд тус төвийн ерөнхий захирлын 2021.06.04-ний өдрийн Б/83 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах тухай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021.06.04-ний өдрөөс цуцалж, Г.А  ажлаас халсан байна.

 

Ажил олгогч дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт, Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёрын дүрмийн 4.7.6 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 5.3.3 дахь заалтыг тус тус үндэслэсэн байх бөгөөд Г.А эмнэлгийн эмч, ажилчидтай ёс зүйгүй харилцаж, ажлын байранд хэрүүл маргаан үүсгэн хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэжээ.

 

Ажилтанг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь эрх зүйн акт болохын хувьд актад тавигдах шаардлагыг хангасан, үндэслэл болгосон хуулийн зохицуулалт нь тохирсон байхыг шаардах бөгөөд Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёрын ерөнхий захирлын 2021.06.04-ний өдрийн Б/83 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах тухай тушаалыг  хуульд нийцээгүй байна гэж шүүх дүгнэв. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь заалтад ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болохоор заасан байх тул Г.А  ажлаас халсан тушаалын үндэслэл болгосон хуулийн зохицуулалт тохироогүй гэж үзнэ.

 

Мөн тушаалын үндэслэл болох хөдөлмөрийн гэрээний 5.3, 5.3.3 дахь заалтад “...ажлын байранд танхайрах, хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хоргоох, айлган сүрдүүлэх, цээртэй үгээр доромжлох, ажилтнуудыг үл хүндэтгэх, ....” гэх мэт зөрчил гаргасаныг ноцтой гэж үзэхээр заажээ.

 

Хөдөлмөрийн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээндээ нэрлэн заасан байх шаардлагатай.

 

      Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх заалтаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.

 

Гэхдээ хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан, тус тусдаа тогтоогдсон байх бөгөөд давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна.

 

Мөн “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино.

 

 Хэрэгт авагдсан эмч Р.Н  гаргасан гомдолд зөрчил гаргасан огноо тодорхойгүй, үйлчилгээний мененжер С.Ц  өргөдөлд “...үйлдэл нь удаа дараа давтагдсан” талаар тусгасан боловч нотолсон баримтгүй, 2021.05.25-ны өдрийн аж ахуй, хангамж үйлчилгээний албаны хурлын тэмдэглэлээс үзэхэд Г.А хэзээ, ямар сахилгын зөрчил гаргасныг тогтоогоогүй байна.

 

Түүнчлэн Г.А  нь 2018.09.25-нд хүү А.Э төрүүлсэн, хүүхэд 2 нас 9 сартай байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтаар “..., гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглоно” гэснийг зөрчсөн байна.

 

Иймд Г.Ар   Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёрын Аж ахуй, хангамж үйлчилгээний албаны соёл үйлчилгээний ажилтан-үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 7 сарын олговорт 10,229,387 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтад “энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2021.06.04-ний өдрөөс 2022.01.04-ний өдрийг хүртэл буюу 7 сараар тооцож, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг үндэслэн сүүлийн 3 сарын цалингийн дундаж цалин хөлсийг 1,461,341 төгрөгөөр тогтоов.

 

       Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтаар ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул Г.Ариунжаргалын  ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн хийж, баталгаажуулахыг хариуцагч талд даалгаж шийдвэрлэлээ.

 

Энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч Г.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, харин мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар  хариуцагчаас 178,620 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй  болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар Г.А Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёрын Аж ахуй, хангамж үйлчилгээний албаны соёл үйлчилгээний ажилтан-үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёроос ажилтны ажилгүй байсан хугацааны олговорт 10,229,387 төгрөг гаргуулж Г.А  олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 178,620 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ