| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/01046/и |
| Дугаар | 183/ШШ2022/00180 |
| Огноо | 2022-01-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2022/00180
| 2022 оны 01 сарын 18 өдөр | Дугаар 183/ШШ2022/00180 Улаанбаатар хот |
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У.У
Хариуцагч: Н.М
зээлийн гэрээний үүрэгт 10,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, 2018.09.24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г ,
хариуцагч Н.М түүний өмгөөлөгч Б.Э,
нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.У нь хариуцагч Н.М холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр талуудын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Гэрээ байгуулсан хугацаанаас хойш Н.М нь 2.839.000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Зээлийн гэрээний хувьд 1 жилийн 15 хувийн хүүтэй гэрээ байгуулагдсан. 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 24-ний хугацаанд үндсэн төлбөр 10.500.000 төгрөг, хүү 1.575.000 төгрөг, нийт 12.075.000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч Н.М 2.839.000 төгрөг төлсөн үлдэх 9.236.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагад ямар нэгэн байдлаар алданги тооцоогүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: Зээлийн гэрээ нь бодит байдалд нийцээгүй, тухайн өдөр Н.М ямар нэгэн байдлаар 10.500.000 төгрөгийг У.У аваагүй, өөрийн таньдаг нотариат дээр дагуулж очоод бэлдсэн бэлэн гэрээнд гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэгч талаас тухайн мөнгийг хэрхэн зээлсэн талаараа нотлоогүй, зээлийн гэрээг батлахдаа мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс энэхүү зээлийн гэрээ хүчин төгөлдөр болно гэж тусгасан, мөнгийг бодитоор шилжүүлээгүй учраас нотариат ийм заалт оруулсан. Н.М 2017, 2018 онд У.У мөнгө зээлдэг байсан ба зээлэхдээ 1.500.000 төгрөгөөр зээлдэг байсан ба хүү 15 хувийг хасаж 1.350.000 төгрөг өгдөг байсан. Дараа нь мөнгө зээлэхэд өмнөх зээлийн үлдэгдэл гэж хасаж аваад үлдсэн мөнгийг өгдөг байсан. У.У гар дээрээ 2.000.000 төгрөг авсан. 1.500.000 төгрөгөөр 3 удаа зээл авахдаа бэлэн 2.000.000 төгрөг л авсан. У.У уг мөнгийг авахдаа зээлийн гэрээ байгуулж байгаагүй. Зээлсэн мөнгөө төлөхдөө хар дэвтэрт бичсэнээр 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд нийт 2.838.500 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд бэлнээр 2.839.000 төгрөг төлсөн байна. Н.Мөнгөнцэцэгээс нөхөр н.А нь дансанд 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 11.450.000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанп н.А дансанд зээлийн төлбөрт 1.284.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс үзвэл нэхэмжлэгч У.Удвалд төлөх төлбөр байхгүй, харин ч бичгийн хэлцэл хийгээгүй байж маш өндөр хүү тооцож мөнгө төлж байсан байна. У.Удвал, Н.М нарын хооронд ямар ч зээлийн гэрээ хийгдээгүй. ганц зээлийн гэрээ нь өмнөх зээлүүдээ нэгтгэж нэг гэрээ хийсэн. Нэхэмжлэгч талаас өгсөн хар дэвтэрээс үзэхэд 10.500.000 төгрөгийн зээлийн гэрээ хийгдээгүй гэдэг нь нотлогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч 2018.09.24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг түүний өмгөөлөгч Б.Э тайлбарлахдаа: Н.М 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10.500.000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. энэ гэрээ нь хуульд нийцэхгүй, манай үйлчлүүлэгч бодит байдал дээр 10.500.000 төгрөг аваагүй. Мөнгө өгсөн талаараа нэхэмжлэгч тал нотлоогүй. Нотариатын гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар мөнгө өгөөгүй бол гэрээ хүчин төгөлдөр бус гэдгийг нотолж байна. Энэ 10.500.000 төгрөг гэдэг нь хаанаас гарч ирсэн нь тодорхой бус хийсвэр тоо, нэхэмжлэлийн шаардлагадаа хуулийн заалтыг заавал тавих албагүй. Нэхэмжлэгч хуулийн заалтаа тавиагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйл, 57 дугаар зүйлд заасан ялгааг гаргаагүй гээд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож болохгүй, иймд энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн хуулийн үндэслэл байхгүй учраас нэхэмжлэгчийн зүгээс мэтгэлцэх боломжгүй байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн үндэслэл гэдэг нь мөнгийг өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцно гэдэг агуулгыг хууль зөрчсөн гэж байгаа юм байна. Талууд гэрээ байгуулсан, хариуцагч Н.М төлөлтөө хийгээд явж байсан. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь өөр ямар нэгэн хэлцэл хийх ёсгүй этгээдүүдийн хооронд хийсэн хэлцлийг хэлнэ. Өмнө нь зээлийн харилцаа байсан учраас дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхгүй. Өмгөөлөгчийн яриад байгаа зүйл нь зээлдэгч тал зээлийн гэрээнд заасан мөнгөө өгөөгүй учраас зээлийн гэрээнээс татгалзах асуудал яриад байгаа юм уу, өөрийн нь яриад байгаа зүйл нэг өөр, бичээд байгаа зүйл нь нэг өөр байна. Ямар нэгэн байдлаар нотлох баримт олж өгөх шаардлагатай бол энэ эрх нь хаагдаад байна. Хуулийн мэдлэггүй хүн орж ирээд ийм зүйл ярьж байгаа бол нэг өөр хэрэг гэтэл мэргэжлийн өмгөөлөгч орж ирээд ийм зүйл ярьж байгаа нь харамсалтай байна. Өмнө хариуцагч ярихдаа намайг дарамталж байгаад таньдаг хүнийхээ өмнө суулгаж байгаад гэрээ хийсэн гэж ярьсан. Тэгэхээр энэ нь Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлд заасан хэлцэл бол хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Манай эрхийг хүндэтгээд нэмэлт тайлбар хэлэхдээ тодорхой үндэслэл хэлж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс 2018.09.24-ний өдрийн зээлийн гэрээ, хувийн тооцооны 2 ширхэг дэвтэр, гэрлэлтийн гэрчилгээ, хариуцагчаас 2016.12.12-ны, 2016.11.16-ны өдрийн зээлийн гэрээ, хувийн тооцооны 2 ширхэг дэвтэр, 2017, 2018 оны Хаан банкны дансны хуулга, зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн, талуудын хүсэлтээр шүүх дээрх дэвтрүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.У гаргасан үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Н.М хүсэлтээр 2018.09.21-ний өдөр 12,075,000 төгрөгийг жилийн хугацаатай зээлсэн, өдрийн 34,000 төгрөг төлж байхаар, хугацаа хэтэрвэл алданги тооцохоор тохирсон, үүнээс 2,839,000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 9.236,000 төгрөгийг нэхэмжилсэн гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: энэ 10,500,000 төгрөгийн хууль бус гэрээг нэг жилийн дараа нөхөж хийгээд гарын үсэг зуруулсан, У.У 10,500,000 төгрөгийг бэлнээр болон дансаар аваагүй гэжээ.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...өөрийн таньдаг нотариат дээр дагуулж очоод бэлдсэн байсан гэрээнд гарын үсэг зуруулсан, бодитоор мөнгө шилжүүлээгүй тул хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “... зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн, хариуцагч мөнгө төлж байсан, хүчин төгөлдөр бусд тооцох хуулийн үндэслэл тодорхойгүй” гэж няцаасан байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээнүүд, зохигчдын тайлбар, талуудын тооцооны дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулсан 2018.09.24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 10,500,000 төгрөгийг бодитоор шилжүүлээгүй болохыг талууд хүлээн зөвшөөрсөн, харин өмнөх зээлийн тооцооны үлдэгдэл гэж нэхэмжлэгч тал тайлбарласан боловч хэзээ зээлдүүлсэн хэдэн төгрөгний үлдэгдэл нийлээд 10,500,000 төгрөг болсон нь ойлгомжгүй, талуудын хооронд зээлсэн мөнгөний тооцоо нийлсэн баримтгүй, нэхэмжлэгчийн хувийн тооцооны дэвтэрт зөвхөн өөрийн тооцоо, тэмдэглэл бичигдсэн байна.
Харин хариуцагч Н.М нь 2017.12.17-ны өдөр 1,500,000 төгрөг, 2018.01.04-ний өдөр 1,500,000 төгрөг, 2018.02.01-ний өдөр 1,500,000 төгрөгийг тус тус У.Удвалаас зээлж авснаа хариуцагч зөвшөөрсөн, талуудын хооронд 2016 оноос хойш зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, тодорхой хэмжээний мөнгийг зээлдэгч хүлээн авсан, мөн тодорхой хэмжээгээр мөнгийг буцаан төлж байсан байна.
Тухайн үед талуудын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”, 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэсэн заалтад нийцээгүй тул нэхэмжлэгч У.Удвал нь зээлийн хүү болон алданги тооцох үндэслэлгүй болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4-т “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.
Иймд нэхэмжлэгч тал “...2018.09.24-ний өдөр 12,750,000 төгрөг зээлдүүлсэн, үлдэгдэл 10,500,000 төгрөг төлөөгүй” гэх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолж чадаагүй тул У.Удвалын гаргасан үндсэн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.
Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах замаар 2018.09.24-ний өдрийн зээлийн гэрээг шүүхээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн боловч хариуцагч Н.М хүсэл зоригийн илэрхийлэл, хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлийн алинд хамаарах, хариуцагч ямар нөлөөлөлд өртсөн болохыг хариуцагч, түүний өмгөөлөгч нар тайлбарлаж чадаагүй бөгөөд шүүх хуралдааны явцад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэлүүдийн заримыг дурдсан болно.
Харин шүүхээр заавал хүчин төгөлдөр бус гэж тогтоогдох шаардлагагүй, анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцлийг У.У Н.М нар байгуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.2-т зааснаар хариуцагчийн эдийн засгийн боломжийн сул талыг ашиглан дүр үзүүлэн хийсэн 2018.09.24-ний өдрийн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 73 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт зааснаар У.У Н.М нарын хооронд байгуулсан 2018.09.24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсүгэй.
2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Н.М зээлийн гэрээний үүрэгт 10,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн У.У нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 182,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй. нэхэмжлэгчээс 182,950 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ